Асуулт, хариулт
“Би Аврагчийн хайрыг хүртэх эрхгүй мэт надад санагддаг. Би хэрхэн энэ мэдрэмжээсээ салж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч болох вэ?”
Түүний хайрыг мэдрэхийн төлөө залбир
Бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд. Түүний биднийг гэсэн хайр хэмжээлшгүй. Хэрэв бидэнд Бурханы хайраас хүртэх эрхгүй гэсэн мэдрэмж төрвөл Түүнд хандан залбирах ёстой. Түүний хайрыг мэдрэхийн төлөө залбир. Бурханы хайраас хүртэх зохистой гэдгээ мэдрэхийн тулд мөн өөрийгөө Түүний мэлмийгээр харахын төлөө залбир. Тэрээр бидний залбиралд Өөрийн цаг хугацаа болон арга замаар, төгс хайраа батлан үргэлж хариулах болно. Сэтгэл санаагаар унах юм уу ганцаардах болгондоо Түүний хайраас хүртэхийн төлөө залбирах нь сэтгэлийг минь үргэлж сэргээдэг.
Жулиа М., 16 настай, АНУ-ын Виржиниа
Аврагчид илүү ойрт
Саяхан, номлолд бэлтгэх ангид бид Бурханы биднийг гэсэн хайрыг олж харахын тулд хэрхэн нүдээ нээж болох талаар ярилцсан. Өөрсдийн үнэ цэнийг илүү сайн мэдрэхэд туслах янз бүрийн зүйлсийн талаар бид ярилцсан юм. Тэдгээрийн зарим нь хөршдөө үйлчлэх, өөрт хамаатай зүйлдээ тусламж хүсэн залбирах, судраас суралцах, номлогч байх зэрэг сэдэв байв. Энэ бүх зүйл биднийг Есүс Христэд илүү ойртуулан, Түүнтэй адилхан болох чадвартай гэдгээ олж мэдэхэд чиглүүлсэн.
Сантиаго З., 17 настай, АНУ-ын Аризона
Зарлигуудыг сахь
Заримдаа надад Их Эзэний зарлигуудыг бүрэн дуулгавартай дагадаггүй тул Аврагчийн хайраас хүртэх эрхгүй юм шиг санагддаг. Би эдгээр мэдрэмжийг наманчилснаар, заримдаа Их Эзэн Өөрийн бүх хүүхдэд хайртай гэдгийг заадаг бишопынхоо тусламжтайгаар даван гарч чадна.
Жак Д., 15 настай, Кот-Дивуарын Абиджан
Наманчлал бол түлхүүр
Бид бүгд нүгэл үйлддэг бөгөөд үүнээсээ болж Аврагчийн хайрыг хүртэх эрхгүй гэдгээ мэдэрдэг. Гэвч Тэр Өөрийн амийг бидний төлөө өгсөн буюу бидний төлөө золиослол хийсэн. Тэрээр хайртай болохоор амь бие үл хайрлан энэ үйлдлийг хийсэн юм. Түүний хайрыг хүртэх эрхтэйгээ мэдрэхийн тулд бидний хийж болох цорын ганц зүйл бол гэм нүглээ наманчлан, Түүний Цагаатгалын хүчийг ашиглах явдал. Наманчлал бол зохистой гэдгээ болон Аврагчийн хайрыг хүлээн зөвшөөрөх түлхүүр билээ.
Кустан эгч, 23 настай, Филиппинийн Себу номлол
Бусдыг хайрла
Өөрсдийн үнэ цэнийг мэдэх нэг арга зам бол эргэн тойрон дахь хүмүүсийнхээ үнэ цэнийг ойлгох явдал юм. Бусдыг өргөн дэмжихийн тулд тэдэнд анхаарлаа төвлөрүүлэх нь бидэнд өөрсдийгөө сайн талаас нь харахад тусалдаг. Ингэснээр хоёр тал хоёулаа хожно! Миний өөртөө итгэх итгэл гуйваад ирмэгц би эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд үйлчлэхээр шийддэг. Би хэцүү нөхцөлд байгаа найздаа бүтэн сарын турш өдөр бүр магтаалын үг хэлсэн. Бусдад анхаарлаа төвлөрүүлэх нь надад өөрийгөө зохистой бөгөөд бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэхэд тусалсан. Бусдыг байгаагаар нь хайрлахыг хичээх үед Бурхан бидэнд хэчнээн их хайртай болохыг илүү амархан олж хардаг. Хайрлуулах эрхтэй гэдгээ мэдрэхэд нь бусдад туслах нь өөрсдийгөө хайрлуулах эрхтэй гэдгээ мэдрэхэд тусалдаг.
Жэйми В., 15 настай, АНУ-ын Mиннесота
Та юу гэж бодож байна вэ?
“Би номлолд үйлчлэх шийдвэрээ хэрхэн гаргах вэ?”
Хэрэв хүсвэл хариултаа өндөр нягтралтай зургийн хамт liahona.lds.org хаягаар (“Submit an Article or Feedback” дээр дар) 2019 оны 1-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Хариултын хэмжээг тохируулах эсвэл тодорхой болгохын тулд хянан засварлаж магадгүй.