2018
Аврагчийн амар амгалангийн бэлэг
2018 оны 12-р сар


Аврагчийн амар амгалангийн бэлэг

2015 оны 12-р сарын 6-ны өдөр Чуулганы төвд болсон Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт дээр хэлсэн “Бүү ай” үгнээс авав.

Бидний нөхцөл байдлаас үл хамааран амар амгалан байх аргагүй мэт дэлхийд хүртэл Аврагчийн амар амгалангийн бэлэг зүрх сэтгэлд маань оршиж чадна.

Зураг
Mary holding baby Jesus

ХРИСТИЙН ТӨРӨЛТИЙГ ЗЭСЭН БОЛОН УЛААН ХҮРЭН ӨНГӨӨР ДҮРСЭЛСЭН НЬ, КӨРК РИЧАРДС

Христийн мэндэлсний баярын уянгалаг сайхан хөгжим хийгээд магтуунууд, гэр бүл болон найз нөхдийн Христийн мэндэлсний баярын цугларалт, инээмсэглэсэн царай, хүүхдүүдийн баяр хөөрөөс илүү сайхан зүйл байдаг гэж үү? Христийн мэндэлсний баяр биднийг гэр бүл, найз нөхөдтэйгөө болон нийтээр нь цуглуулах бурханлаг хүчтэй. Бид бэлэг солилцож, баяр ёслолын зоогоо таалан идэхийг тэсэн ядан хүлээдэг.

Английн зохиолч Чарльз Диккенсийн бичсэн Зул сарын магтуу зохиолд Эбинэзэр Скрүүжийн үеэл жилийн энэ нандин цаг үеийн ид шидэд сэтгэл татагддаг. Тэрээр “Би Христийн мэндэлсний баяр болоход … үүнийг үргэлж хамгийн сайхан цаг үе, нинжин сэтгэлтэй, өршөөнгүй, өгөөмөр байх цаг мөч гэж боддог бөгөөд энэ нь бүтэн жилийн туршид эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэл нэгдэж, зүрх сэтгэлээ бусдад чөлөөтэй нээж, [бусад] хүмүүсийн талаар боддог цорын ганц үе юм. Хэдийгээр би халаасандаа алт, мөнгөний үртэс ч хийж үзээгүй ч энэ нь надад сайныг хийсэн мөн сайныг хийх болно гэдэгт итгэдэг. Тиймээс Бурхан адислаг!”1 хэмээн хэлдэг.

Би эцэг эхийн хувьд мөн одоо өвөө эмээгийн хувьд хүүхдүүдээ төдийгүй тэдний хүүхдүүдийг хэрхэн Аврагчийн төрөлтийг тэмдэглэж, гэр бүлээрээ цугласан үедээ бие биетэйгээ цагийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж байгааг харахдаа, энэ нь надад Христийн мэндэлсний баярын ид шидийг сануулдаг. Та ч бас миний адил энэ онцгой баярыг хүүхдүүд хэрхэн баяр хөөр, цагаан цайлган сэтгэлээр тэсэн ядан хүлээж, таашаал авч байгааг анзаарсан гэдэгт би итгэлтэй байна. Тэдний баяр баясгалан бидний хүн нэг бүрд улирч одсон Христийн мэндэлсний баярын баяр баясгалантай цаг үеийг санагдуулдаг. “Заримдаа хүүхэдтэй адил байх сайхан байдаг. Харин агуу Үндэслэгч Өөрөө хүүхэд байсныг тэмдэглэдэг Христийн мэндэлсний баяр бол хүүхэд адил байх хамгийн тохиромжтой цаг үе юм”2 гэдгийг ч бас Диккенс олж харсан юм.

Би АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хотын ойролцоо жүржийн ойгоор хүрээлэгдсэн гэрт өссөн. Христийн мэндэлсний баяр болгоны нэгэн үдэш эцэг эх маань гэр бүлийнхэн, найз нөхөд болон хөршүүдээ Христийн мэндэлсний баярын магтууг дуулан, зууш идэж, хөгжилдөн өнгөрүүлэхээр гэртээ урьдаг байлаа. Энэ нь бидний хувьд гайхалтай сайхан уламжлал байсан бөгөөд зогсолтгүй үргэлжлүүлэн дуулсаар байгаа мэт санагддаг байв. Хүүхдүүд бид дуулах ёстой гэж бодсон хэсгээ дуулчихаад, жүржийн төгөл рүү орж тоглохоор сэмхэн явдаг байлаа.

Мөн би эхнэр Катитайгаа хамт гэр бүлээ далайн эрэгтэй харьцангуй ойрхон байдаг Өмнөд Калифорнид өсгөсөн. Энд Христийн мэндэлсний баярыг салхинд найгаж буй дал модоор онцолж болно. Жил бүр хүүхдүүд маань доошоо боомт руу явж, Христийн мэндэлсний баярын завины жагсаалыг үзэхийг хүсэн хүлээдэг байв. Олон зуун үзэсгэлэнтэй дарвуулт онгоцнууд, бүхий л өнгийн гэрлэн цацраг боомтыг тойрон хөвөхийг харах үнэхээр гайхалтай.

Одоо бид АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид амьдардаг бөгөөд эхнэр бид хоёр хүүхдүүд болон ач хүүхдүүдээ аван Зул сарын магтуу орон нутгийн тоглолтыг үзэх уламжлалтай болсон. Скрүүж хатуу сэтгэлтэй зожиг хүн байснаа Христийн мэндэлсний баярын баяр хөөрөөр дүүрэн аз жаргалтай хөрш болж гайхамшигтайгаар өөрчлөгдөхийг бид жил бүр харснаар өөрсдийн доторх Скрүүжийг тавьж явуул гэхийг мэдэрдэг. Бид Аврагчийн энэрлийн үлгэр жишээг илүү сайн дага гэсэн сүнслэг өдөөлтийг мөн мэдэрдэг.

Есүс Христийн Гэтэлгэгч хүч

Христийн мэндэлсний баярын өдрүүдийн өөрчлөн шинэчлэгч сүнс бидний амьдралыг сайжруулан өөрчлөх Есүс Христийн гэтэлгэгч хүчин дээр суурилдаг юм. Бетлехемд 2000 жилийн тэртээ Бурханы Хүү төрсөн тухай бидний дуртай түүх Лукийн номон дээр ийнхүү цэдэглэгдсэн байдаг.

“Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. …

Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.

Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу

хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.

Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,

Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож, тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.

Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

Тэнгэр элч тэдэнд—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.

Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.

Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—

Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:1, 3–14).

Бүү ай

Зураг
shepherds abiding in the field

ХОНЬЧИД, КӨРК РИЧАРДСЫН ХИЛИЙН ЧАНАДАД ТАНИГДСАН БҮТЭЭЛ

Тэнгэр элч хоньчдод үзэгдэхдээ айдсыг нь мэдрээд, тэдэнд “бүү ай” гэж хэлсэн. Гэнэт ирсэн тэнгэрийн элчээс цацрах Бурханы гайхам алдар суу тэдний зүрх сэтгэлд үнэхээр айдас төрүүлжээ. Харин тэнгэр элчийн хуваалцах гэж ирсэн мэдээ аймшигтай байсангүй. Тэр гайхамшгийг зарлаж, туйлын сайн мэдээг авчирч, хүн төрөлхтний гэтэлгэл улиран тохиолдсоныг тунхаглахаар ирсэн билээ. Өөр ямар ч элч үүнээс өмнө нь ч, үүнээс хожим нь ч ийм аз жаргалын мэндчилгээг авчирч байсангүй.

Эцэгийн Заяасан Ганц мөнх бус оршихуйд хийх Өөрийн аяллыг эхлүүлж байв. “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Эдгээр нь үнэхээр үлэмж баярлуулах сайн мэдээ байсан.

Тэнгэр элчийн амласан агуу баяр баясгалан бодит бус, хол мэт санагдах үе бидний хүн нэг бүрийн амьдралд тохиолдож байсан. Бид бүгдээрээ өвчин зовлон, бүтэлгүйтэл, бэрхшээл, урам хугаралт, эцэст нь үхэл зэрэг амьдралын сул тал болон зовлон бэрхшээлд өртдөг. Өнөөдөр олон хүн биеийн хувьд аюулгүй орчинд амьдрах боломжоор адислагдсан байхад заримд нь ийм боломж байдаггүй. Олон хүн амьдралынхаа хэрэгцээг хангаж чаддаггүй бөгөөд эдгээр хэрэгцээ шаардлага нь тэднийг биеийн болон сэтгэл санааны дарамтад оруулдаг.

Гэхдээ амьдралын зовлон бэрхшээлийг үл харгалзан, 2000 жилийн тэртээ хоньчдод өгсөн “Бүү ай” гэх Их Эзэний захиас өнөөдөр ч бидний хүн нэг бүрийн хувьд хэвээр. Христийн мэндэлсний баярын анхны шөнө хоньчдын айдсыг дарж, тайвшруулах гэж хэлсэн тэнгэр элчийн үгс өнөөгийн бидэнд илүү ач холбогдолтой байж болох юм. Тэр бас Аврагч байгаа учраас айдас хэзээ ч ялан дийлэхгүй гэдгийг бидэнд ойлгуулахын тулд хэлсэн байж болох уу? Уг айдас хэзээ ч зөвтгөгдөхгүй, дэлхийн ямар ч асуудал үүрд байх шаардлагагүй, мөн бидний дунд гэтэлгэгдэхгүй хүн гэж байхгүй гэсэн бодит үнэнийг бататгах гэсэн юм болов уу?

Христийн мэндэлсний баярын хамгийн тансаг бэлэг бол үргэлж Аврагчийн Өөрийн биеэр өгсөн “Түүний төгс амар амгалан” байх болно. Тэрээр: “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн хэлсэн.

Бидний нөхцөл байдлаас үл хамааран амар амгалан байхын аргагүй дэлхийд хүртэл Аврагчийн амар амгалангийн бэлэг зүрх сэтгэлд маань оршиж чадна. Хэрэв бид Аврагчийн Өөрийг нь дага гэсэн урилгыг хүлээн авбал айдас тань үүрд алга болно. Бид ирээдүйдээ санаа зовох хэрэггүй. Эдгээр нь “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ” юм.

“Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална” (Исаиа 41:10) хэмээн бошиглогч Исаиа бидэнд сануулсан.

Аврагчид найдах нь

Аврагч 2000 жилийн өмнө Бетлехемд төрсөн учир итгэл найдвар төдийгүй үүнээс ч олон зүйл боломжтой болсон билээ. Гэтэлгэл, чөлөөлөлт, ялалт мөн ялалтын баяр хөөр бий. “Буруутангууд унаж, зөвтөнгүүд давамгайлна.”3

Тэнгэр элч Аврагчийн төрснийг зарласны дараа тэнгэр элчүүд гэнэт гарч ирэн, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” хэмээн хоршин дуу алдсанд гайхах хэрэггүй биз ээ. Үүнээс илүү урам өгсөн захиас байхгүй л болов уу. Өөр ямар ч захиас хүмүүнийг илүү сайнаар ингэтлээ дүүргэхгүй.

“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ [бидний] төлөө мэндэл[сэн]” тул энэ баярын өдрүүд амар амгалан болон баяр хөөрөөр дүүрэн байх болтугай.

Эшлэлүүд

  1. Чарльз Диккенс, Зул сарын магтуу (1858), 5–6.

  2. Зул сарын магтуу, 67.

  3. “I Heard the Bells on Christmas Day,” Hymns, no. 214.