2018
Та өөрийгөө хангалтгүй гэж бодох үедээ санавал зохих 3 зүйл
2018 оны 12-р сар


Зөвхөн дижитал хэлбэрээр

Та өөрийгөө хангалтгүй гэж бодох үедээ санавал зохих 3 зүйл

Зохиогч нь АНУ-ын Нью Мехикод амьдардаг.

Бид бүгдээрээ арай илүү сайн болохыг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэдэх хэцүү.

Зураг
woman looking out window

Би заримдаа дуулгавартай байх хичээл зүтгэл маань төгс байдлын хүрэх боломжгүй мэт жишигт нийцэж байгаа эсэхэд эргэлздэг. Би судраас уншихад арай илүү цаг зав гаргах юм уу хөлдөөсөн хүнсний хэсэгт мөхөөлдөсний хажуугаар өнгөрөхдөө илүү биеэ барьж сурах зэрэг арай илүү сайн хийж болох зүйлсийн талаар үргэлж боддог.

Эдгээр нь том асуудал биш юм шиг санагдаж болох ч, ялангуяа роки рөүд мөхөөлдөс миний хамгийн том асуудал биш л бол би хэрхэн сайжирч болохоо яаж мэдэж авч болох вэ? Илүү дуулгавартай байх нь миний амьдралд ямар бодит өөрчлөлтийг авчирч чадах вэ?

Есүс Христийг дагах нь үе үе огцом үсэрч, харайхаас илүүтэй өдөр тутам ахиц гаргахыг хэлдэг. Далын ахлагч Ларри Л.Лорэнс: “Бид алхам алхмаар Христэд ариусгагдан эсвэл төгөлдөржих хүртлээ суралцаж, хөгжин дэвжих гэж [дэлхийд] ирсэн. …

… Биднийг энэхүү шулуун бөгөөд нарийн замаар аялах явцад илүү сайн байж, өндөрт гарахад Сүнс байнга уриалан дууддаг”1 хэмээн заасан.

Арай илүү сайн байхын тулд гаргасан бидний хичээл зүтгэл бүр амьдралыг маань сайжруулдаг. Өдөр бүр арай илүү сайн болоход надад тусалсан 3 арга замыг оруулав. Үүнд:

1. Өдөр болгон наманчлах

Аврагч болон Түүний Цагаатгалгүйгээр бид төгс төгөлдөр болж чадахгүйтэй адил, наманчлахгүйгээр дуулгавартай байдлаа сайжруулж чадахгүй. Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стэфэн В.Өүн: “Бид өөрсдөө зан чанараа өөрчлөхийг хичээдэг байж болох ч зөвхөн Аврагч л бидний толбыг арилгаж, ачааг маань хөнгөлж чадах ба дуулгавартай байдлын замыг өөрсдөдөө итгэлтэй, хүч тэнхээтэйгээр дагах боломжийг бидэнд олгодог”2 гэж заасан. Хэрэв та дутагдлаа олж харж, түүнийгээ өөрчлөх хүсэлтэй бол Их Эзэнд үүнийгээ залбирлаараа уламжилна уу.

2. Сүнстэй байж, юунд анхаарлаа эхэлж хандуулахаа олж мэдэх

Бид хаанаас эхлэхээ ихэвчлэн мэддэггүй тул өөрийнхөө дутагдлыг олж тогтооход маш хэцүү байж болно. Яг энэ мөчид бид чухам юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэхээр залбирч болно. Ахлагч Лорэнс: “Ариун Сүнс яг тохирсон зөвлөгөөг өгдөг. Тэр хэзээ ч худал хэлдэггүй, үнэнч хамтрагч учраас өөр хэн ч мэдэхгүй, хэн ч хэлж зүрхлэхгүй, тийм зүйлсийг бидэнд хэлдэг” 3 гэж заасан. Хэдийгээр бид илүү сайн болох хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авахыг хүлээх хэрэггүй ч Сүнс бидэнд юунд анхаарлаа эхэлж хандуулахыг олж мэдэхэд тусалж чадна.

3. Өөрөө өөртөө итгэх сүнслэг байдлыг хөгжүүлэх

Зарлигуудыг сахихыг хичээх тусам Тэнгэрлэг Эцэг намайг хэчнээн их адисалдагт би үргэлж гайхдаг. Би босгоо бага багаар дээшлүүлэх болгондоо амар амгалан болж, өөртөө улам бүр итгэлтэй болж байгаагаа мэдэрдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Таныг үргэлжлүүлэн дуулгавартай байх тусам … эрэлхийлсэн мэдлэг, ойлголт тань танд өгөгдөх болно. Их Эзэний танд зориулсан адислал, тэр байтугай гайхамшгууд хүртэл өгөгдөх болно”4 хэмээн амласан. Илүү дуулгавартай байх нь танд өөртөө болон гаргасан шийдвэрүүддээ сэтгэл хангалуун байхад туслахын зэрэгцээ хүсэн хүлээж байгаагүй арга замаар тань адислах боломжуудыг Их Эзэнд нээж өгөх болно.

Тэнгэрлэг Эцэг бидний зүрх сэтгэлийг мэдэрч, дуулгавартай байхын тулд гаргасан хичээл зүтгэл бүрийг мэддэг. Тэр биднээс маргаашийн дотор төгс болохыг шаарддаггүй. Хөлдөөсөн амттанаас татгалзах юм уу сударт илүү их цаг зарцуулах эсэхээс үл хамааран, өдөр бүр өмнөх өдрөөсөө арай илүү сайн байхыг хичээх нь өсөлтийн хөгжлийн түвшин бүр үнэ цэнтэй төдийгүй үүнд хүрэх боломжтой гэдгийг ухааран ойлгоход бидэнд тусалдаг.

Эшлэлүүд

  1. Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17.

  2. Стэфэн В.Өүн, “Наманчлал үргэлж эерэг үр дагавартай байдаг,” Ensign, Nov. 2017, 48 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52.

  3. Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” 18.

  4. Рассэлл М.Нэлсон, “Сүмд зориулсан мөн бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95–96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120.