Лиахона
Бурханы хамгийн хайртай хүүхэд
2024 оны 11-р сар


10:31

Бурханы хамгийн хайртай хүүхэд

Бурханы хайраар дүүргэгдсэн байх нь биднийг амьдралын шуурганаас хамгаалах төдийгүй аз жаргалтай мөчүүдийг маань илүү аз жаргалтай болгодог.

Юуны түрүүнд би манай хоёр хүүхэд индэр дээр үг хэлж байхдаа ухаан алдан унаж байсныг та нарт хэлэх нь зүйтэй байх. Яг энэ мөчид би тэдэнд ямар байсныг маш сайн ойлгож байна. Миний толгойд унахаас илүү олон зүйл эргэлдэж байна.

Манай гэр бүл зургаан хүүхэдтэй. Тэд заримдаа өөр өөрсдийгөө хамгийн хайртай хүүхэд нь гэж бие биеэ цаашлуулдаг. Тэдний хүн нэг бүрд нь хамгийн хайртай хүүхэд байх өөр өөр шалтгаан байдаг. Бидний үр хүүхдээ хайрлах хайр цэвэр ариун, бүрэн дүүрэн мөн төгс юм. Бид аль нэг хүүхдээ нөгөөхөөс нь илүү хайрладаггүй. Хүүхэд бүрийг төрөхөд бидний хайр гайхалтайгаар өргөжин тэлдэг. Би хүүхдүүдээ хайрлах хайраар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн намайг хайрлах хайрыг хамгийн сайн ойлгодог.

Хүүхдүүд маань өөрсдийгөө хамгийн их хайрлагдсан хүүхэд гэдгээ нотлох шалтгаануудыг хэлэхэд та манай гэрийг хэзээ ч эмх замбараагүй байдаггүй гэж бодсон байж магадгүй. Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаан дахь сэвтэй мэдрэмжүүд нь хайранд анхаарлаа төвлөрүүлэх үед багасдаг.

Зарим үед гэр бүлийн том маргаан үүсэх гээд байвал би: “За, та хэд намайг бүр ядраачихлаа. Хэн миний хамгийн хайртай хүүхэд гэдгийг та нар мэдэж байгаа. Гэхдээ би үүнийг зарлахгүй” гэж хэлдэг. Миний зорилго бол зургаан хүүхэд маань тус бүрдээ ялсан мэдрэмж авах мөн ядаж дараагийн удааг хүртэл маргааныг нь зогсоох юм.

Иохан сургаалдаа өөрийгөө “Есүсийн хайртай шавь” гэж дүрсэлсэн нь үүнийг илүү онцгой мэт харагдуулдаг. Иохан Есүсийн хайрыг бүрэн дүүрэн мэдэрсэн учраас ингэж хэлсэн байх гэж би боддог. Нифай: “Би өөрийн Есүст баяснам” гэсэн нь бас ижилхэн сэтгэгдэл төрүүлдэг. Аврагч зөвхөн Иоханы аврагч биштэй адил, ганцхан Нифайн аврагч биш нь мэдээж. Гэсэн ч Нифайн Есүстэй харилцах харилцааны хувийн мөн чанар нь түүнийг ийнхүү элэгсгээр дүрслэхэд хүргэжээ.

Бидэнд хувь хүнийхээ хувьд онцгойлон анзаарагдаж, бүрэн дүүрэн хайрлагдсан мэдрэмж авч болох үе байдаг нь гайхалтай биш гэж үү? Нифай Түүнийг “өөрийн” Есүс гэж дууддагтай адил бид ч бас тийн дуудаж чадна. Аврагчийн маань хайр “хамгийн дээд, хамгийн эрхэм ариун, хамгийн хүчтэй хайр” ба Тэрээр биднийг “дүүргэгдэх” хүртэл хайраараа тэтгэж байдаг. Тэнгэрлэг хайр хэзээ ч дундардаггүй ба бидний хүн нэг бүр хамгийн чухал хайрлагдсан хүмүүс юм. Веннийн бүдүүвч зураг дээрх тойргууд давхацдаг шиг Бурханы хайр бидэнд нэг бүрд нь хүрдэг. Бид зарим талаараа ялгаатай байсан ч Түүний хайраар дамжуулан нэгдмэл байдлыг олж авдаг.

Хамгийн агуу тушаалууд нь Бурханаа хайрла мөн хөршөө хайрла гэсэнд гайхах зүйл байгаа гэж үү? Би хүмүүсийг бие биеэ Христийнхтэй адил хайраар хайрлаж байгааг харах үедээ энэ нь зөвхөн тэдний хайраас илүүтэй мөн Бурханы хайрыг агуулж байгаа мэт санагддаг. Биднийг нэг нэгнээ чадах чинээгээрээ бүрэн дүүрэн, төгс хайрлахад тэнгэрийн нөлөө бас орж ирдэг.

Хэрвээ бидний хайртай хэн нэгэн тэнгэрлэг хайрын мэдрэмжээс холдсон мэт санагдвал дараах арга замыг дагаж болно. Эхлээд биднийг Бурхантай илүү ойртуулдаг зүйлсийг хийгээд, дараа нь биднийг тэдэнтэй ойртуулах зүйлсийг хийх буюу Христэд ирэхийг чимээгүйхэн урьж болно.

Би та бүхэнтэй хамт суугаад, та ямар нөхцөл байдалд байхдаа, ямар үйлчлэл хийхдээ, эсвэл судрын ямар хэсгээс Бурханы хайрыг мэдэрдэг вэ? Ямар газар байх үед, ямар хөгжим сонсоход, эсвэл хэнтэй хамт байхдаа Бурханы хайрыг мэдэрдэг вэ? гэж асууж чаддаг ч байсан болоосой. Ерөнхий чуулган бол тэнгэрийн хайртай холбогдох талаар суралцах баялаг газар юм.

Магадгүй танд Бурханы хайраас хол байгаа мэт санагддаг уу? Магад таны таны санааг зовоох урам хугаралт, цөхрөлийн дуу хоолой цуурайтаж байна уу? Тэнгэрлэг хайрыг ямар нэгэн жинхэнэ арга замаар мэдрэхэд хэтэрхий төөрч будилсан, шархалсан, сул дорой, үл тоомсорлогдсон, огт өөр юм уу зүг чигээ алдсан гэж хэлж буй зурвас байна уу? Хэрвээ энэ бодлууд толгойд тань эргэлдэж байвал миний хэлэхийг сонс, тэдгээр дуу хоолой үнэн биш шүү. “Бидний төлөө зовон [мөн] шаналахыг” сонгосон бидний хайрт төгс Аврагчийг сануулдаг дууллыг дуулах бүрд, эмтэлсэн талхнаас хүртэх бүрдээ бид тэнгэрлэг хайраас биднийг холдуулдаг аливаа эмтэрсэн сэтгэгдлийг үл ойшоож чадна. Есүс эмтэрсэн тэдний бүх ичгүүрийг арилгадаг. Тэр эмтэрч төгс болсон бөгөөд биднийг эмтэрхий байдлаас үл хамааран төгс болгож чадна. Тэр эмтэрсэн, ганцаардсан, шархадсан мөн зовсон. Бид ч бас тийм мэдрэмж авч болно. Харин бид Бурханы хайраас тусгаарлагдсан уу гэвэл үгүй. “Эмтэрсэн хүмүүс; төгс хайр” гэж дуулдагчлан,

таныг хайрлагдахааргүй хүн болгодог мэт санагддаг ямар нэгэн нууцаа та мэдэж болох юм. Таны өөрийнхөө талаар мэдэж байгаа зүйл зөв байж болох ч та өөрийгөө Бурханы хайр хүрэхээргүй газар очсон гэж бодох нь харин буруу юм. Бид заримдаа өөр хэнд тэгж хандахаа төсөөлөх ч үгүй байдлаар өөрсдөдөө хамгийн хатуу бас тэвчээргүй ханддаг. Энэ амьдралд бидэнд хийх зүйл маш их байна, харин өөрийгөө үзэн ядаж ичгүүртэйгээр буруутгах бол бидний хийх зүйл биш юм. Бид өөрсдийгөө алдаа дутагдалтай гэж бодож болох ч Түүний мутар бидэнд хүрч чадахааргүй богино биш. Үгүй. Түүний мутар үргэлж “бидэнд хүрэхүйц” урт байдаг ба бид бүгдийг хайраараа хүлээж авдаг.

Биднийг тэнгэрлэг хайрын халуун дулааныг мэдрэхгүй байх үед ч энэ нь алга болдоггүй. Бурхан өөрөө “Уулс ганхаж, толгод доргивч, [Түүний] Энэрэл хайр [биднээс] салахгүй” хэмээсэн. Тэгэхээр Бурхан хайрлахаа больсон гэсэн санаа нь амьдралдаа тайлбарыг нь авч чаддаггүй зүйлсийн жагсаалтын хамгийн сүүлд буюу уулс ганхаж, толгод доргихын дараа байх юм шүү!

Бурханы хайрын баталгааг уулаар бэлгэдэж дүрсэлсэн нь надад маш их таалагддаг. Энэхүү хүчирхэг бэлгэдэл нь илчлэл авахаар уул өөд явдаг хүмүүсийн түүхээс мөн “Эзэний өргөөний уул нь” “толгодын дээгүүр өргөгдөнө” гэсэн Исаиагийн дүрслэлээс харагддаг. Их Эзэний өргөө бол бидний хамгийн эрхэм нандин гэрээнүүдийн гэр бөгөөд бидний аюулгүй байж Эцэгийнхээ хайрын нотолгоонд умбах газар юм. Баптисмынхаа гэрээг илүү сайнаар дагахыг хичээн, уй гашуу, урам хугаралдаа шаналах хэн нэгнийг олж, тэдэнд хэцүү мэдрэмжүүдээ тэсэж даван гарахад нь туслахыг хичээх үедээ би зүрх сэтгэл маань тайвшрахыг мэдрэх дуртай. Эдгээр нь еврей хэлээр хэсэд гэж нэрлэгддэг эрхэм нандин гэрээний хайранд илүү умбах арга замууд уу?

Хэрвээ Бурхан биднийг хайрлахаа больдоггүй юм бол яагаад бид үүнийг дандаа мэдэрдэггүй вэ? Та нарыг хэт ихийг хүсэн хүлээлгэхгүй байлгахын тулд би мэдэхгүй гэдгээ хэлье. Гэхдээ хайрлагдсан байх гэдэг нь хайр мэдрэх гэдгээс эрс ялгаатай зүйл бөгөөд энэхүү асуултын хариултыг хайхад тань тусалж болох хэдэн зүйлийг би хуваалцъя.

Магадгүй та Бурханы таныг хайрлах хайрыг мэдрэхэд саад болох уй гашуу, сэтгэл хямрал, урвалт, ганцаардал, урам хугаралт эсвэл өөр ямар нэгэн хүчтэй саадтай тэмцэж байж болох юм. Хэрэв тийм бол, тэдгээр нь бидний мэдрэх чадварыг бууруулж эсвэл зогсоож болно. Магадгүй та нэг хэсэгтээ Түүний хайрыг мэдэрч чадахгүй байж болох ч хангалттай мэдлэг танд байх болно. Гэхдээ би та бүхнийг тэнгэрлэг хайрыг илэрхийлэх мөн хүлээн авах өөр өөр арга замуудыг тэвчээртэйгээр хэрэгжүүлж чадах болов уу гэж найдаж байна. Та юмсыг илүү өргөн цар хүрээгээр харахын тулд оддыг хараад Түүний бүтээсэн тоо томшгүй олон дэлхийг санасан учир “селестиел ухаанаар бодох” хүртлээ урдаа байгаа зүйлээс нэг алхам холдож, шаардлагатай бол дахин нэг нэг алхам холдож чадах уу?

Шувуудын жиргээ, нарны элч, сэвшээ салхи, бороон дуслыг мэдэрч, байгаль дэлхийгээс Бурханы гайхамшгийг мэдрэх нь тэнгэрлэг холбооны минь нэгэн хэсэг болдог. Магадгүй итгэлтэй найзуудын тайтгаруулал тусалж болох юм. Магадгүй хөгжим ч юм уу? Эсвэл үйлчлэл үү? Бурхантай харилцах холбоо чинь илүү тодорхой байсан үеэ та бичиж тэмдэглэж байсан уу? Та тайтгарал болон ойлголтыг эрэлхийлэх үедээ итгэж найддаг хүмүүсээ тэнгэрлэг харилцаа холбооныхоо эх сурвалжийг хуваалцахад урьж болох юм?

Хэрэв Есүс танд Түүнтэй уулзаж болох, зөвхөн Түүн дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой газрыг сонгож өгөх хэрэгтэй байсан бол Тэр танаас өөр хэн ч очиж чадахгүй хамгийн их хэрэгцээтэй газар буюу хувийн зовлон шаналлын газрыг чинь сонгох байсан болов уу? Таны хамгийн их ганцаарддаг, цор ганцаараа мэт санагддаг ч хараахан үгүй тэр газрыг, магадгүй зөвхөн Түүний очиж байсан, тэгээд үнэндээ таны ирэхийг хүлээн уулзахаар бэлдсэн байсан тэр газрыг сонгох байсан байх. Хэрвээ та Түүний ирэхийг хүлээж байгаа бол Тэр аль хэдийн тэнд таны хүрч болохоор газарт очсон байгаа юм биш биз?

Хэрвээ та амьдралынхаа энэ цаг мөчид Бурханы хайраар дүүргэгдсэн байгаа бол энэ хайраа бүх хүнтэй шүүрэн шанаганд ус хийсэн мэт чөлөөтэй хуваалцаарай. Хаа явсан газартаа цацруулаарай. Тэнгэрлэг эдийн засгийн нэгэн гайхамшигтай хууль нь биднийг Есүсийн хайрыг хуваалцах үед “хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно” гэсэн зарчмын дагуу бид Есүсийн хайраар дүүргэгддэг.

Бурханы хайраар дүүргэгдсэн байх нь биднийг амьдралын шуурганаас хамгаалах төдийгүй аз жаргалтай мөчүүдийг маань илүү аз жаргалтай болгодог. Сэтгэлд нар гийж байгаа үед тэнгэрт нар мандсан баяртай өдрүүд маань илүү баяр баясалтай болдог.

Өөрсдийн Есүст болон Түүний хайранд “нутаглаж, үндэслэгдэн суурилагд[ацгаая].” Түүний хайр, хүч чадлыг мэдрэх туршлагуудыг эрж хайж, нандигнан хадгалцгаая. Сайн мэдээний баяр баясал зөвхөн аз жаргалтай эсвэл уй гашуутай хүмүүст биш, хүн бүхэнд боломжтой. Баяр баясгалан бол бидний нөхцөл байдлын бэлэг биш, бидний зорилго. Бидэнд “баясаж мөн Бурханд болон бүх хүнд хандсан хайраар дүүргэгдэх” бүх сайн шалтгаан бий. Хайраар дүүргэгдэцгээе. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Иохан 21:20; мөн John 13:23; 19:26; 20:2; 21:7-г үзнэ үү.

  2. 2 Нифай 33:6; тодотгол нэмсэн.

  3. Судруудын удирдамж, “Энэрэл”

  4. Ариун газарт: Матай 14:15–20. Америкт: 3 Нифай 27:16.

  5. Матай 22:35–40-ийг үзнэ үү.

  6. 1 Иохан 4:12-ыг үзнэ үү.

  7. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч нь биднийг бусдад “Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь тэдэнд туслахыг” хүсдэг.

  8. “Назарын Есүс, Аврагч Хаан,” Дуулал, д. 92 мөн Исаиа 53:5; Матай 26:26-г үзнэ үү.

  9. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан. “Цовдлуулахынхаа өмнөхөн Тэрээр ‘Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ’ (Лук 13:32) хэмээн хэлсэн. Үүнийг бодоод үз дээ! Бидний мөнх бус байдлын жишгийн дагуу аль хэдийн төгс, гэм нүгэл, алдаагүй их Эзэн өөрийнхөө төгс төгөлдөржилтийг арай болоогүй ирээдүйд болно гэж зарлажээ. Түүний мөнхийн төгс төгөлдөржилт түүний амилалт болон ‘Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг’ хүлээн авснаар үргэлжилдэг (Матай 28:18; Сургаал ба Гэрээ 93:2–23-ыг мөн үзнэ үү)” (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 87). Бошиглогч Моронай бүгдийг “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттай, тиймээс түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Moронай 10:32) хэмээн урьсан.

  10. “Бодгалийн маань Аврагч” 2024 оны өсвөр үеийнхний цомог, ChurchofJesusChrist.org.

  11. Исаиа 59:1-ийг үзнэ үү.

  12. “Хаана амар тайван байна?,” Дуулал, д. 62.

  13. Исаиа 54:10

  14. Жишээ нь: Нифай (1 Нифай 17:7-г үзнэ үү), Мосе (Гэтлэл 19:3-ыг үзнэ үү), Арван нэгэн шавь (Матай 28:16-г үзнэ үү), Аврагч (Матай 14:23-ыг үзнэ үү), Дуулал 24:3.

  15. Исаиа 2:2; мөн 7-р шүлгийг үзнэ үү. Энэ бэлгэдэл нь намайг дэлхий даяарх хүүхдүүддээ зуу зуун ариун сүмийг өгөх Их Эзэний зорилгын талаар бодоход хүргэсэн.

  16. Ариун сүмийн гэрээнүүд дотроо амьдрах нь хамгийн аюулгүй газар гэдэг ерөнхийлөгч Нэлсоны амлалтыг би өөрийн туршлагаар гэрчилнэ (“Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 96).

  17. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд ийн баталж хэлсэн:

    Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь танд селестиел ухаанаар бодож, өөрийгөө жинхэнээсээ хэн болохыг, хэн болж чадахыг, ямархуу амьдралаар мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална. Ариун сүмд тогтмол очиж шүтэн биширснээр та өөрийгөө илүү сайн ойлгож, хэрхэн Бурханы агуу төлөвлөгөөний нэг хэсэг болдгоо мэдэх болно. Би танд үүнийг амлаж байна. …

    “…Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй!” (“Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” Лиахона, 2024 оны 5-р сар.)

  18. Moзая 18:8–10, 13-ыг үзнэ үү. “Баптисмын гэрээ нь Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дагаж мөн Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахад бэлэн байна гэдэг гурван амлалтыг Тэнгэрлэг Эцэгтээ олонд нээлттэй гэрчилж байгаа хэрэг юм. Баптисмын гэрээтэй тогтмол холбогддог өөр нэг зүйл нь—бид ‘нэг нэгнийхээ ачааг үүрч,’ ‘гашуудах тэдний хамт гашуудаж,’ мөн ‘тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах’ (Мозая 18:8–9) явдал байдаг бөгөөд эдгээр нь яг гэрээний нэг хэсэг гэхээсээ илүү гэрээ байгуулсны үр жимс болдог. Эдгээр зүйл чухал байдгийн шалтгаан нь тэдгээр нь хөрвөгдсөн зүрх сэтгэлийн өөрөө хийх зүйлс юм”(Dale G. Renlund, “Stronger and Closer Connection to God through Multiple Covenants” [Brigham Young University devotional, Mar. 5, 2024], speeches.byu.edu).

  19. Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” Лиахона, 2022 оны 11-р сар, х. 95-ыг үзнэ үү.

  20. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона 2023 оны 11-р сар, 117.

  21. Матай 16:25

  22. Eфес 3:17

  23. 2 Нифай 2:25; Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71–75-ыг үзнэ үү.

  24. Мозая 2:4

  25. Моронай 7:48-ыг үзнэ үү.