“Тайзны ард: Чуулганы төвийн тайзны засал,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ерөнхий чуулганы тайзны ард: Чуулганы төвийн тайзны засал
Ерөнхий чуулганы талаар төсөөлөн бодоход бидний санаанд индэр, бадралт баг бишгүүр хөгжмийн хоолойнуудын өмнө байх Сүмийн удирдагчдын суудлууд орж ирдэг байх. Гэхдээ Чуулганы төвийн тайз жилийн турш тэр хэвээр байдаггүй.
Чуулганы төвд өөр өөр зохион байгуулалттай олон ажиллагаа явагддаг бөгөөд Ерөнхий чуулганд зориулан тайзыг (“рострум” гэж албан ёсоор нэрлэдэг) бэлтгэхэд олон цаг зарцуулдаг. 10 хүнтэй баг тайз, хүлээх өрөө болон Чуулганы төвийн бусад байгууламжийг Ерөнхий чуулганы үеэр зочдод цагаа сайхан өнгөрүүлэхэд нь зориулан бэлтгэхэд гурван долоо хоногийг зарцуулдаг.
Зарим сонирхолтой баримтыг дурдъя.
-
1,5-аас 4 тонн жинтэй 18 том сольдог эд анги үндсэн тайзны давхруудыг бүрдүүлдэг.
-
Эдгээр хүнд байгууламжийг агаар шахсан дэрээр хөдөлгөдөг бөгөөд энэ нь тухайн байгууламжийг хөдөлгөх ажлыг харьцангуй амар хялбар болгодог.
-
Түүнчлэн төмөр бариул, хашлага зэрэг 500 орчим жижиг хэсгийг нэмж оруулдаг.
-
24 метр өндөр хаалгыг нээснээр том байгууламжийг зөөж байрлуулах боломжтой болдог.
-
Тайзны заслын багийнхан бас барилга байгууламжийг хамгаалагчид, номлогчид болон зочдыг хүлээж авах ажилчид гээд нийт 600 гаруй ажил үүрэг гүйцэтгэх хүмүүст зориулан бэлддэг.
Тайзны заслын багийн ахлах ажилтан Жөүэл Врайт 50 ерөнхий чуулганд тусалжээ. Тэр багаа гайхалтай хүчин чармайлт гарган ажилладаг “нэргүй баатрууд” гэж нэрлэдэг. “Сандал, ширээ засаж, барилга байгууламжийг янзалж тохижуулах ажил гоё сайхан ажилд тооцогддоггүй л дээ. Гэхдээ тэдэнгүйгээр чуулган ийм сайхан болж өнгөрөхгүй” гэж тэр хэлсэн юм.
Тайзны заслын багийн дарга Брэндон Урри “Их Эзэний хайрыг болон хүн бүртэй хуваалцах хэрэгтэй Түүний үгсийг дамжуулан хүргэх” ажил үүргээ гүйцэтгэхийн тулд “өөр өөр ур чадвар, гарал үүсэлтэй янз бүрийн хүн” ажиллаж хөдөлмөрлөдөг талаар онцолжээ.
Брэндон уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд төрөл бүрийн ур чадвартай хүмүүсийг “нэг зорилгын төлөө хамтдаа цуглуулах” хэрэгтэй гэв. Уг зорилго нь Есүс Христ дээр төвлөрсөн байдаг тул тайз заслын багийнхан Түүний оршихуйг мэдэрч, гайхамшгуудыг нь хардаг.
Тайзны заслын багийн бас нэгэн дарга Робэрт Симпсон: “Манай хуралд Их Эзэний Сүнс … хүрэлцэн ирж, [ажлаа хийж дуусгахад] маань туслахын тулд бидэнтэй хамт байдаг юм шиг надад санагддаг. … Заримдаа бидэнд энэ бүх ажлын цаана яаж гарна даа гэж бодогдох үе ч гардаг. Гэхдээ бид залбирч, Тэнгэрлэг Эцэгээсээ тусламж хүсэн гуйдаг” гэж хэлэв.
Дараа нь Жөүэл: “Тэсвэр хатуужил гарган, цөхрөлтгүй шаргуу ажилласнаар [тайзны заслын ажлыг] бүрэн дуусган, Ерөнхий чуулганы өглөө үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна” гэжээ. Жөүэл гайхамшгууд Есүс Христээр дамжин ирдэг учраас энэ нь “сүнслэгээр өдөөдөг” хэмээв.