Лиахона
Их Эзэний наманчлалын бэлгийг хүлээн ав
2024 оны 11-р сар


11:35

Их Эзэний наманчлалын бэлгийг хүлээн ав

Гэхдээ Бурханд хандахаасаа өмнө нөхцөл байдлыг хүндэртэл хүлээхгүй байцгаая. Мөнх бус амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл чин сэтгэлээсээ наманчлахаа хойшлуулахгүй байцгаая.

Би хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийг гэрчилж байна. 2019 оны 4-р сарын ерөнхий чуулганаар намайг Далын ерөнхий эрх мэдэлтний шинэ үүрэгт ажлаа хүлээн авсны дараахан найрал дуучдын дуулсан “Би гайхширна” дуу миний сэтгэлийг гүнээ хөндсөн юм.

Тэр тэнгэрлэг гэрээсээ ирсэнд би гайхширна.

Бурханы сэнтийгээсээ буусанд нь би гайхширна.

Гэм нүгэлт биднийг хүлээн авч, өмгөөлж, гэтэлгэн,

Гайхам хайраар хайрлан, энэрсэнд нь гайхширна.”

Эдгээр үгийг сонсоод би үнэхээр гайхширсан. Миний дутагдал, сул талыг үл харгалзан Их Эзэн надад “Түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна” гэдгийг мэдүүлэн адисалсан.

Өөрийгөө хангалттай сайн биш, сул дорой, эсвэл бүр зохисгүй гэсэн мэдрэмж заримдаа бидэнд төрдөг. Үе үе надад энэ мэдрэмж төрдөг. Дуудлага авсан тэр өдөр ч надад төрсөн. Би үүнийг олон удаа мэдэрч байсан, та бүхэнд хандан ярих энэ цаг мөчид ч мэдэрч байна. Гэхдээ ганц надад ийм бодол төрдөг биш юм байна гэдгийг би ойлгосон. Үнэндээ ийм бодол төрж байсан хүмүүсийн олон түүх сударт бий. Жишээ нь: Бид Нифайг Их Эзэний итгэлтэй, эрэлхэг үйлчлэгч гэдгээр нь санадаг. Түүнд ч бас өөрийгөө зохисгүй, сул дорой, хангалттай сайн биш гэсэн мэдрэмж төрж байсан.

Тэрээр: “Гэсэн хэдий ч, түүний агуу хийгээд гайхамшигт ажлуудыг надад үзүүлэх Их Эзэний агуу сайн сайхан байлаа ч, зүрх минь хашгирч: Ай золгүй хүн юм би! Тийм ээ зүрх минь махан бодийнхоо учир харуусч; бодгаль минь миний алдсуудын учир гашуудах ажгуу” хэмээн хэлсэн.

Бошиглогч Нифай залуу насны “сул тал болон төгс бусынхаа улмаас” “буруутгагдаж байгаа” гэсэн мэдрэмжийн тухай олонтоо ярьдаг байсан. Гэвч Иосефын өөрийгөө хангалттай сайн биш гэж бодож, үүнд санаа зовж байсан нь түүнийг тунгаан бодох, судлах, суралцах, залбирахад хүргэсэн юм. Та нарын санаж байгаачлан тэр үнэнийг, мөн амар амгалан, өршөөлийг олохын тулд гэрийнхээ ойролцоох төгөлд залбирахаар очиж, Их Эзэн: “Иосеф, хүү минь нүглүүд чинь өршөөгдсөн” хэмээн хэлэхийг тэр сонссон. Өөрийн замаар явахдаа, зарлигуудыг маань сахиж, тушаалуудыг минь дага. Харагтун, би бол алдар суугийн Их Эзэн. Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно” хэмээн хэлсэн юм.

Наманчилж, бодгалийнхаа авралыг эрэлхийлэх гэсэн чин хүсэл нь түүнд Есүс Христэд ирж, гэм нүглийнхээ өршөөлийг хүлээн авахад тусалсан. Энэ шургуу хичээл зүтгэл нь үргэлжлэн явагдаж буй Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн үүд хаалгыг нээсэн юм.

Бошиглогч Иосеф Смитийн энэхүү гайхалтай туршлага өөрийгөө сул дорой, хангалттай сайн биш гэсэн мэдрэмж нь хэрхэн бидэнд мөн чанарын хувьд унасан байдалд байгаагаа таньж мэдэхэд тусалж болохыг харуулдаг. Хэрэв даруу байх юм бол энэ нь бидэнд Есүс Христээс хамааралтай гэдгээ ухаарахад тусалж, Аврагчид хандаж, нүглээ наманчлах чин хүслийг зүрх сэтгэлд маань өдөөж чадна.

Найзууд минь, наманчлал бол баяр баясгалан юм! Их Эзэн бидэнд Түүний сургаалыг амьдралынхаа төвд тавьж амьдрахыг шат шатаар, дүрэм дүрмээр заадаг бөгөөд бал мэт амтат наманчлал бол уг өдөр тутмын үйл явцын нэг хэсэг нь юм. Иосеф, Нифай хоёрын нэгэн адил бид “нигүүлслийн тулд [Бурханаас] гуй[ж чадна], учир нь тэр аврах хүчтэй билээ.” Тэрээр аливаа зөвт хүсэл, зорилгыг биелүүлж, амьдралын маань аливаа шархыг эдгээж чадна.

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээнээс бид чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан Есүс Христэд хэрхэн ирэхийг сурсан олон хүний тухай олж уншдаг.

Би та бүхэнтэй өөрийн эрхэм гэр болох Пүэрто Рико аралд тохиосон нэгэн явдлыг ярьж Их Эзэний нигүүлслийн жишээг хуваалцъя.

Миний төрөлх хот Понсэд Сэлиа Крүз гэдэг нэгэн үлгэр жишээ эгч Мормоны Номыг найздаа өгөхөөр шийдсэн юм. Тэр очир алмаас, бадмааргаас ч үнэтэй бэлгээ боож баглан, хүргэж өгөхөөр явлаа. Очих замд нь хулгайч түүн рүү дайрч онцгой бэлгээ хийсэн цүнхийг нь шүүрч аваад зугтжээ.

Түүнийг энэ түүхээ сүм дээр ярихад найз нь “Хэн мэдлээ? Энэ нь сайн мэдээг хуваалцах боломж ч байсан юм билүү!” гэжээ.

Харин хэдэн өдрийн дараа юу болсон гээч? Сэлиа нэгэн захидал авчээ. Би өнөөдөр тэр захидлыг гартаа барьж байна. Захидалд:

”Хатагтай Крүз:

“Намайг уучилж өршөөгөөрэй. Тан руу дайрсандаа ямар их харамсаж байгааг маань та төсөөлөхгүй байх. Гэхдээ үүний улмаас миний амьдрал өөрчлөгдсөн, цаашид ч өөрчлөгдөнө.

Тэр ном [Мормоны Ном] миний амьдралд тусалсан шүү. Бурханы хүний тэр зүүд намайг ухаарахад хүргэсэн. … Би таны таван долларыг үрж чадахгүй тул буцаан өгч байна. Та надад цаанаасаа л гэрэлтэж байх шиг санагдсан гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэр гэрэл намайг [тан руу дайрахаас хамгаалж] болиулах шиг болсон тул би зугтсан юм.

Мөн тантай дахин уулзана гэдгээ хэлэх гэсэн юм. Гэхдээ дараа нь уулзахдаа та намайг танихгүй, учир нь би таны ах болсон байна. … Би амьдарч байгаа газраа Их Эзэнийг олж, харьяалагддаг сүмд тань явах хэрэгтэй байна.

Тэр номон дээр бичсэн таны захиасыг уншаад нүднээс минь нулимс урссан. Лхагва гаргийн оройноос хойш би номоо тавихгүй уншсаар байна. Би залбирч, Бурханаас намайг уучлаач гэж гуйсан. Би [бас] намайг уучлаач гэж танаас гуйж байна. … Боодолтой бэлгийг тань зарж болох зүйл байна гэж би бодсон. [Харин] энэ бэлэг надад амьдралаа шинээр эхлүүлэх хүслийг төрүүлсэн. Намайг уучлаарай! Намайг уучлахыг би танаас гуйж байна.

Таны үл таних найз” гэсэн байлаа.

Ах, эгч нар аа, Аврагчийн гэрэл ямар ч нөхцөл байдалд орсон байсан бидэнд хүрч чадна. Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд: “Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү” хэмээн хэлсэн.

Сэлиагийн санамсаргүй бэлэг болох Мормоны Номыг хүлээн авсан энэ ах Их Эзэний нигүүлслийн жишээг үргэлжлүүлэн харсан юм. Хэдийгээр тэр ахад өөрийгөө уучлахад багагүй цаг хугацаа шаардагдсан ч тэр наманчлалаас баяр баясгаланг олсон. Ямар сайхан гайхамшиг вэ! Нэгэн итгэлтэй эгч, нэг Мормоны Ном, чин сэтгэлийн наманчлал болон Аврагчийн хүч нь нэг гэр бүлийг Их Эзэний өргөөн дэх ариун гэрээнүүд болон сайн мэдээний бүрэн адислалыг хүртэхэд хөтөлжээ. Гэр бүлийн бусад гишүүд нь мөн дагаж, бүрэн цагийн номлол зэрэг Их Эзэний усан үзмийн талбай дахь ариун үүрэг хариуцлагыг хүлээн авчээ.

Биднийг Есүс Христэд ирэх үед чин сэтгэлийн наманчлалын зам маань эцэстээ Аврагчийн ариун сүм рүү хөтөлнө.

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүүгийн ариун сүмийн гэрээнүүдээр дамжуулан боломжтой болгосон адислалуудын бүрэн байдлыг хүртэх зохистой, цэвэр ариун байх нь юутай сайхан зөв шударга хүсэл вэ! Их Эзэний өргөөнд тогтмол үйлчилж, тэнд байгуулсан ариун гэрээнүүдээ сахихыг хичээх нь Аврагчтай илүү адилхан болоход шаардлагатай зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаан, бодгалийн өөрчлөлтийг мэдрэх бидний хүсэл, чадварыг нэмэгдүүлнэ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Ариун сүмд шүтэн бишрэхээс өөр] тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй!” хэмээн гэрчилсэн.

Хайрт найз нар аа, та нар өөрсдийгөө хангалттай сайн биш гэж бодож байна уу? Зохисгүй гэж бодож байна уу? Та өөрөө өөртөө эргэлзэж байна уу? Магадгүй та санаа зовж, “Би шаардлагад нийцэж байгаа болов уу? Миний хувьд хэтэрхий оройтсон болов уу? Хамгийн сайнаараа хичээсэн ч би яагаад чадахгүй байна вэ?” гэж асууж байж ч болох юм.

Ах, эгч нар аа, бид амьдралынхаа явцад алдаа гаргах нь гарцаагүй. Гэхдээ ахлагч Гэррит В.Гонгийн заасанчлан “Бидний Аврагчийн Цагаатгал хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх юм. Бидний хүн нэг бүр төөрөлдөн, бүтэлгүйтдэг. Бид хэсэг хугацаанд замаасаа төөрч ч магадгүй. Бурхан бидний хаана байгаа, юу хийсэн зэргээс үл хамааран эргэж ирэхгүй байх шалтгаан байхгүй гэж биднийг хайрлангуйгаар хэлдэг. Тэрээр биднийг тэврэн авахад бэлэн хүлээж байдаг.”

Миний хайрт эхнэр Кари Лү ч бас бид бүгд өдөр бүр наманчилж, дахин эхэлж, цагийн зүүг тэг рүү эргүүлэх хэрэгтэй гэдгийг надад заасан.

Зовлон бэрхшээл ирнэ. Гэхдээ Бурханд хандахаасаа өмнө нөхцөл байдлыг хүндэртэл хүлээхгүй байцгаая. Мөнх бус амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл чин сэтгэлээсээ наманчлахаа хойшлуулахгүй байцгаая. Үүний оронд гэрээний замынхаа аль хэсэгт явж байгаагаас үл хамааран Есүс Христийн гэтэлгэгч хүч, биднийг Өөрт нь эргэж ирээсэй хэмээх Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд анхаарлаа төвлөрүүлцгээе.

Их Эзэний өргөө, Түүний ариун судрууд, Түүний ариун бошиглогч, төлөөлөгчид биднийг Христийн сургаалаар дамжуулан хувийн ариуслыг эрэлхийлэхэд нөлөөлдөг.

Нифай: “Мөн эдүгээ, болгоогтун, хайрт ах дүү нар минь, зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь Христийн сургаал мөн төгсгөлгүй нэг Бурхан болох Эцэгийн болон Хүүгийн, мөн Ариун Сүнсний үнэн бөгөөд цорын ганц сургаал болой” хэмээн хэлсэн.

Бурхантай “нэг болох” үйл явц нь бидэнд хэцүү бэрх санагдаж болно. Гэхдээ та бид түр зогсож, тайван байж, Аврагч руу харж, биднээс юугаа өөрчлөхийг Тэр хүсэж байгааг олж харж, үйлдэхийг эрэлхийлж чадна. Хэрэв бид үүнийг шийдвэр төгс хийж чадвал Түүний эдгээх хүчийг болгоох болно. Мөн биднийг Их Эзэний наманчлалын бэлгийг хүлээн авахад үр удам маань хэрхэн адислагдахыг бодоорой!

Тэргүүн ваарчин биднийг хэцүү ч гэсэн хэлбэрт оруулж, сайжруулна гэж аав минь заасан юм. Гэсэн ч Тэргүүн Анагаагч биднийг мөн цэвэршүүлнэ. Би тэр эдгээх хүчийг мэдэрсэн, одоо ч мэдэрсэн хэвээр байна. Энэ нь Есүс Христэд итгэх итгэл, өдөр тутмын наманчлалаар дамжин ирдгийг би гэрчилж байна.

Өө, намайг хайрлаж тэр, цусаа урсган зовоод

Амиа өргөөд хальсан!”

Бурханы хайр, Түүний Хүүгийн Цагаатгалын хязгааргүй хүчийг би гэрчилж байна. Бид чин сэтгэлээсээ, бүх сэтгэл зүрхээрээ наманчлах үедээ үүнийг гүн гүнзгий мэдрэх боломжтой.

Найзууд аа, сайн мэдээний сүр жавхлант Сэргээлт бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн, Аврагч Өөрийн бошиглогч, үгийг дамжуулагч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор энэ цаг үед бурханлаг удирдамж өгүүлдэг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ амьд, бидний сэтгэл зүрхний Эдгээгч гэдгийг би мэднэ. Энэ бүгдийг үнэн гэдгийг би мэдэх ба үүний үнэнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. “Би гайхширна,” Дуулал, дугаар 98.

  2. Алма 26:12

  3. 2 Нифай 4:17; мөн 18–19-р шүлгүүдийг үзнэ үү.

  4. Иосеф Смит—Түүх 1:29

  5. Joseph Smith, “History, circa Summer 1832,” 3, josephsmithpapers.org; spelling and punctuation standardized.

  6. Мозая 4:11–12-ыг үзнэ үү.

  7. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!” “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  8. 2 Нифай 28:30

  9. Алма 34:18

  10. “Ах, эгч нар аа, Мормоны Ном та нарт хэр үнэ цэнтэй вэ? Хэрэв та нарт алмаз, бадмаараг эсвэл Мормоны Ном өгвөл та нар алиныг нь сонгох вэ? Шулуухан хэлэхэд, та нарын хувьд аль нь илүү агуу үнэ цэнтэй вэ?” гэж асуусан. (Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

  11. In F. Burton Howard, “Missionary Moments: ‘My Life Has Changed,’” Church News, Jan. 6, 1996, thechurchnews.com; see also Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 4, Sounded in Every Ear, 1955–2020 (2024), 472–74, 477–79.

  12. Жэффри Р.Холланд, “Талбайд хөдөлмөрлөгсөд.” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  13. Бид ганцхан секунд зогсоод хойч үеийнхээ тухай бодож болох уу? Харалган байдлаасаа болж бид үүнийг одоо харж чадахгүй. Харин бүх зүрх сэтгэлээрээ Их Эзэнд хандах, өөрчлөгдөх, наманчилж, Есүс Христийн Сайн мэдээг хүлээн авах хүсэл маань бидний үр удамд нөлөөлнө! Хамгийн таагүй нөхцөл байдалд орсон байсан ч нэг бодгалийн даруу, номхон дөлгөөн байдал, Есүс Христэд итгэх итгэлээс урган дэлбээлэх нэмэлт адислалуудыг төсөөлөөд үз дээ!

  14. Сэлиа Крүз эгч 2024 оны 9-р сарын 10-нд ахлагч Хорхэ М.Алварадотой өрнүүлсэн хувийн яриандаа энэ талаар дэлгэрэнгүй ярьсан.

  15. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс”, Лиахона, 2024 оны 5-р сар.

  16. Ийм асуултуудыг тавьж байгаагаа анзаарвал төлөөлөгч Паулын хэлсэн үгийг санах нь чухал:

    “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?

    Харин биднийг хайрладаг Түүгээр дамжуулан эдгээр асуудлын хувьд бид ялан дийлэгчид юм.

    Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,

    өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн, Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна” (Ром 8:35, 37–39).

  17. Гэррит В.Гонг, “Итгэлийн маань түүдэг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47.

  18. Үүний сайн жишээ бол Нифай юм. Тэр тайлбарлахдаа:

    “Бодгаль минь, сэр! Дахин битгий нүгэлд гудай. Баяс, Ай зүрх сэтгэл минь, мөн бодгалийн минь дайсанд дахин битгий зай тавь.

    Ай Их Эзэн, та сүнсийг минь гэтэлгэнэ үү? Та дайснуудын минь гараас намайг чөлөөлнө үү? Та намайг нүглийг хараад чичрэх нэгэн болгоно уу?” (2 Нифай 4:28, 31).

  19. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “‘Хүн [наманчлал] хэмээх үйл явцыг дайрч өнгөрөх үед Аврагч түүнийг нүглээс цэвэршүүлэхээс гадна илүү их зүйлийг хийдэг. Тэрээр мөн тэр хүнд шинэ хүч чадал өгдөг. Ингэж хүчирхэгжих нь цэвэршүүлэхийн зорилгыг ойлгоход бидэнд чухал бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход нэн шаардлагатай байдаг. Түүний оршихуйд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бид илүү цэвэр байх ёстой. Бид нүгэл үйлддэг ёс суртахууны хувьд сул дорой хүнээс Бурханы оршихуйд оршихуйц сүнслэг байдлын хувьд хүчтэй хүн болж өөрчлөгдөх ёстой” (“The Atonement and Faith,” Ensign, Apr. 2010, 33–34).

  20. 2 Нифай 31:21

  21. Бид наманчлалыг хүлээн авч, сайхан амьдрах гэж хичээснээр гэр бүлээ болон Тэнгэрлэг Эцэгээ хүндэлдэг.

  22. Дуулал, хуу. 193