2024
Ерөнхийлөгч Нэлсон 100 насны ойгоо тэмдэглэв
2024 оны 11-р сар


“Ерөнхийлөгч Нэлсон 100 насны ойгоо тэмдэглэв,” Лиахона, 2024 оны 11-р сар.

Сүмийн мэдээ

Ерөнхийлөгч Нэлсон 100 насны ойгоо тэмдэглэв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчид 2024 оны 9-р сарын 9-нд Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсоны 100 насны ойгоор гэр бүл, найз нөхөдтэй нь хамтдаа хүндэтгэл үзүүлэв.

Уг үйл ажиллагаа Солт Лэйк Ситид болж, дэлхий даяар дамжууллаа. Үйл ажиллагаагаар амьд дуу хөгжмийн үзүүлбэр болон шашны янз бүрийн удирдагчийн видеог үзүүлж, Сүмийн удирдагчид болон ерөнхийлөгч Нэлсоны гэр бүлийн гишүүд үг хэлснээс гадна хэн нэг хүнд хэрхэн үйлчилсэн талаар өгүүлсэн Сүмийн гишүүдийн видеонуудыг үзүүлсэн байна.

Ерөнхийлөгч Нэлсон гэр бүл, найз нөхдөдөө болон хожмын үеийн гэгээнтнүүдэд сайхан сэтгэл, дэмжлэг тусламжид нь талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр төрсөн өдрийн мэнд хүргэсэн тоо томшгүй олон мессежинд мөн “бидний дунд байгаа алдагдсан эсвэл ганцаардсан ‘хэн нэг хүнд’ туслахыг” (Facebook, June 1, 2024, facebook.com/russell.m.nelson) уриалсан “99+1” урилгыг нь дэлхий даяар хүлээн авсанд баярлан талархаж байгаагаа хуваалцав.

Бошиглогч итгэлийн ач холбогдлыг мөн амьдралыг мөнхийн талаас харах болон Есүс Христийн цагаатгагч золиослолын ач холбогдлыг онцолсон. Ерөнхийлөгч Нэлсон: “Хайрт ах, эгч нар аа, та нарын амьдарсан цаг хугацаа хэрхэн амьдарснаас тань илүү чухал биш юм. Бидний хүн нэг бүрийн хувьд, бүр 100 настай нэгний хувьд ч амьдрал хурдан өнгөрдөг. Та нар амьдралдаа Бурханыг ялуулах болтугай хэмээн би залбирч байна. Түүнтэй гэрээ байгуулж, гэрээний зам дээрээ үлдэн, Түүнтэй дахин хамт амьдрахаар эргэн очиход бэлтгэцгээ” гэж хэлэв.

Тэргүүн зөвлөлд ерөнхийлөгч Нэлсоны зөвлөхөөр үйлчилдэг ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Хэнри Б.Айринг хоёр нь бошиглогчтой зургаан жил хагас мөр зэрэгцэн ажиллахдаа анзаарсан зүйлсээ хуваалцлаа. Тэд ерөнхийлөгч Нэлсоны эелдэг найрсаг зан, бусдыг хүндэтгэдэг байдал, Христийнхтэй адил зан чанарыг онцолсон юм.

Ерөнхийлөгч Өүкс: “Ерөнхийлөгч Нэлсонтой хамт нэг өрөөнд эсвэл нэг хурал цуглаан, ярилцлагад оролцох нь Аврагчтай хамт байхад ямар байх байсныг мэдэх боломжийг олгодог. Тэр бол Аврагчийн төлөөлөгч, бидний үлгэр дуурайл” гэж хэлэв.