Лиахона
Тэр мутраа сунган бидэнд туслахад бэлэн байдаг
2024 оны 11-р сар


10:13

Тэр мутраа сунган бидэнд туслахад бэлэн байдаг

Бид Есүс Христэд итгэлээр хандвал Тэр үргэлж бидэнд тусална.

Намайг бага байхад манай гэр бүл миний төрөлх нутаг Чилийн эрэг дагуух далайн эрэг рүү амрахаар явсан юм. Би гэр бүлийнхэнтэйгээ зуны өдрүүдийг зугаатай өнгөрүүлнэ гэхээс сэтгэл догдолж байлаа. Бас эцэст нь хоёр ахыгаа усанд хөгжилдөх зүйлс хийхэд нь хамт хийнэ гэж бодож, баярлаж байв.

Нэгэн өдөр ах нар маань өндөр давлагаатай хэсэг рүү тоглохоор явж, би өөрийгөө тэднийг дагаж явахад хангалттай том болсон гэж бодож байлаа. Би тэр хэсэг рүү ойртох үедээ нөгөө давлагаа эргээс харагдаж байснаасаа том болохыг харав. Гэнэт нэг давлагаа хурдтай нөмрөн орж ирж, намайг хөмрөх нь тэр. Би байгалийн хүчинд эзэмдүүлэх шиг болж, далайн гүн рүү чирэгдэж байгаагаа мэдэрлээ. Би ийш тийш шидэгдэх үедээ эргэн тойрондоо баримжаа авах юу ч харж, мэдэрч чадахгүй байлаа. Дэлхий дээрх адал явдал маань ингээд төгсөх нь дээ гэж бодохтой зэрэгцэн нэгэн гар намайг дээш татахыг би мэдрэв. Эцэст нь би нарыг харж, амьсгаагаа дарлаа.

Миний ах Клаудио том хүн шиг байх гэж оролдож буйг минь хараад намайг аврахаар ирсэн байв. Би эргээс холгүй байсан. Ус гүехэн байсан ч би чиг баримжаагаа алдаж, өөрөө өөртөө тусалж чадах байсан гэдгээ мэдээгүй. Клаудио ах надад болгоомжтой байх хэрэгтэй гээд, хэрэв хүсэж байвал заагаад өгье гэж хэллээ. Хэдэн литр ус залгисан ч хамаагүй, том хүү болох гэсэн бардам зан, хүсэл минь улам бадарч, би “тэгье” гэж хариулсан юм.

Клаудио ах надад давлагаа руу дайрах хэрэгтэй гэж хэллээ. Харин би асар том усан хана шиг давлагааны эсрэг тулаанд өөрийгөө лавтайяа ялагдана гэж дотроо бодов.

Нэг шинэ том давлагаа ойртох үед Клаудио ах: “Намайг харж байгаарай, ингэж хийнэ шүү” гэж даруй зааварлаад, ирж буй давлагаа руу гүйн, буухаас нь өмнө дотор нь зүсэн орлоо. Би түүнийг харж гайхширч байгаад дараагийн давлагаа ирж байгааг анзаарсангүй. Тиймээс дахин далайн гүн рүү татагдан орж, байгалийн хүчинд автан шидэгдэв. Хэдэн хормын дараа нэг гар миний гараас татаж, би дахин гадаргуу дээр гарч, амьсгаа авлаа. Бардамналын гал дөл минь унтрав.

Энэ удаа ах минь намайг хамт авч шумбахаар болов. Түүний урилгын дагуу би нэг бүрчлэн зааврыг нь дагаж, бид хамтдаа шумбав. Надад яг л хамгийн хэцүү сорилтыг давчихсан мэт санагдаж байлаа. Мэдээж тийм амархан байгаагүй ч, би ахынхаа үлгэр жишээ, тусламжтайгаар үүнийг хийж чадсандаа талархдаг. Тэр өдөр ах маань намайг хоёр ч удаа аварч, сорилт бэрхшээлүүдээ хэрхэн даван туулж, ялалт байгуулахыг үлгэрлэн заасан юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг селестиел ухаанаар бодогтун хэмээн урьсан ба би түүний зөвлөгөөг дагаж, тэр нэгэн зуны түүхдээ ашиглах гэсэн юм.

Дайсныг давах Аврагчийн хүч

Хэрэв бид селестиел ухаанаар бодвол, амьдралдаа хэр чадлаас маань хэтэрсэн мэт санагдах сорилт бэрхшээлүүдтэй тулгарна гэдгийг ойлгох болно. Мөнх бус амьдралд бид дайсны дайралтад өртөх нь гарцаагүй. Тэр зун би давлагаанд шидэгдсэнтэй адил бид хүчгүй гэдгээ мэдэрч, өөрсдийг маань давсан хүчинд бууж өгөхийг хүсэж болох юм. Тэр “хөнөөлт давлагаанууд” биднийг тал тал тийш шидэлж чадна. Гэхдээ тэр давлагаануудаас, бүр бүх зүйлээс илүү хүчтэй Нэгэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэр бол бидний Аврагч, Есүс Христ юм. Түүнд зовлон зүдгүүр, хэцүү нөхцөл байдал бүрээс гарахад туслах хүч бий. Түүнтэй ойр гэж мэдэрч байгаа эсэхээс маань үл хамааран Тэр бидний байгаа газарт, тухайн нөхцөл байдалд бидэнд тусалж чадна.

Биднийг Түүнд итгэлтэйгээр хандахад Тэр үргэлж хамт байж, Өөрийн цаг хугацаанд бидний гараас атгаж, аюулгүй газар өөд татахад бэлэн байх болно.

Аврагч болон Түүний тохинууллын үлгэр жишээ

Хэрэв бид селестиел ухаанаар бодвол, Есүс Христ бол тохинууллын төгс үлгэр жишээ гэдгийг ухаарах болно. Аврагч болон Түүний шавь нар тусламж, аврал, адислал хэрэгтэй хүмүүст туслахаар гараа сунгадаг байсан нийтлэг загварыг бид судраас олж хардаг. Миний түүхийн хувьд ч бас ах маань дэргэд минь байгаад зогсохгүй, асуудалд орсныг маань мэдээд намайг уснаас татан гаргаж туслахаар ирсэн.

Хааяа бид зөвхөн тусламж хэрэгтэй хүний дэргэд байх хэрэгтэй гэж боддог ч, олон тохиолдолд бидний хийж чадах илүү олон зүйл байдаг. Мөнхийн талаас юмсыг харах нь тусламж хэрэгтэй хүмүүст цаг тухайд нь тусламж санал болгох илчлэлтийг хүлээн авахад бидэнд тусалдаг. Сэтгэл санааг тайтгаруулах, хоол хүнсээр хангах, өдөр тутмын ажилд нь туслах гэх зэрэг түр зуурын тусламж хэрэгтэй юү эсвэл ариун нандин гэрээнүүдэд бэлтгэх, тэдгээрийг байгуулах, хүндэтгэх замд нь тэдэнд туслах сүнсний чиглүүлэг хэрэгтэй юү, ямар төрлийн тусламж хэрэгтэйг ялган танихын тулд бид Ариун Сүнсний чиглүүлэг, сүнслэг нөлөөнд тулгуурлаж болно.

Аврагч биднийг аврахад бэлэн байдаг

Ахлах төлөөлөгч Петр “усан дээгүүр алхлан Есүс уруу ява[хдаа] ширүүн салхи хараад айн живж эх[элсэн] ба Эзэн, намайг авраач гэж орил[сон].” Есүс Петрийг Өөр лүү нь ирэхийн тулд усан дээгүүр алхахдаа итгэлтэй байсныг мэдсэн. Бас түүний айж буйг ч мэдэж байв. Судраас харвал, Есүс “тэр даруй гар сунган түүнийг зуурч Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?” гэж хэлсэн байдаг. Тэр эдгээр үгийг Петрийг зэмлэхийн тулд бус харин Мессиа болох Тэрээр өөртэй нь мөн бусад шавь нартай хамт байсныг сануулахын тулд хэлсэн юм.

Хэрэв бид селестиел ухаанаар бодвол, Есүс Христ бол бидний Аврагч, Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгч, Гэтэлгэгч гэсэн баталгааг зүрх сэтгэлдээ хүлээн авах болно. Бид Түүнд итгэх итгэлээ үйлдэл болгох аваас Тэр биднийг энэ зуурдын амьдралын сорилт бэрхшээл, сул дорой байдал, хэрэгцээнээс гадна унасан байдлаас маань аварч, бидэнд бүх бэлгээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг өгөх болно.

Аврагч биднийг орхидоггүй

Тэр өдөр ах маань намайг орхилгүй, өөрөө хийж суртал минь уйгагүй чиглүүлсэн. Хэдийгээр хоёр ч удаа аврах шаардлага гарсан ч тэр үргэлжлүүлэн тусалсан. Эхэндээ би сурахгүй байсан ч тэр цөхрөлтгүй үргэлжлүүлсээр байсан. Тэр цөхрөлтгүй үргэлжлүүлсэн учраас би сорилтыг даван гарч, амжилтад хүрсэн. Хэрэв бид селестиел ухаанаар бодвол, амьдралдаа жинхэнэ бөгөөд мөнхийн аз жаргалыг авчрах ямар ч зүйлийг сурах, өөрчлөх, даван туулах, аргыг нь олох эсвэл амжилтад хүрэхээр чармайх үедээ Аврагч маань хэчнээн ч удаа тусламж үзүүлэхийн тулд бидэнтэй хамт байна гэдгийг ойлгох болно.

Аврагчийн мутар

Судруудад Аврагчийн мутрын бэлгэдэл, ач холбогдлыг мөнхөд заадаг. Цагаатгагч золиослолоороо Тэр загалмай дээр гараа хадуулсан. Тэрээр амилсныхаа дараа Өөрийн шавь нарт төгс биеэрээ үзэгдсэн ч Түүний мутар дахь сорвины мөр бидэнд Түүний хязгааргүй золиослолын сануулга болон үлдсэн. Тэнгэрлэг Эцэг маань Түүнийг бидний Аврагч, бүх хүн төрөлхтний Гэтэлгэгчээр сонгосон учраас хэдийгээр бид эхэндээ Түүний мутрыг харж, мэдэрч чадахгүй ч Тэрээр бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг.

Их Эзэний сунгаастай мутар

Гар хүрэх зайд, Жэй Брайнт Ворд

Их Эзэний аврагч мутар

Бурханы мутар, Ким Юнсун

Хэрэв бид селестиел ухаанаар бодвол, энэ амьдралд ганцаардахгүй гэдгийг би мэднэ. Бид сорилт, бэрхшээлтэй тулгарах ёстой ч гэсэн Тэнгэрлэг Эцэг маань бидний чадавхыг мөн бэрхшээлүүддээ цөхрөлгүйгээр тэдгээрийг даван гарч чадна гэдгийг маань мэддэг. Бид өөрсдийн хийх ёстойг хийж, Түүнд итгэлээр хандах хэрэгтэй. Түүний хайртай Хүү, Есүс Христ, бидний Аврагч бидэнтэй үргэлж хамт байх болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона 2023 оны 11-р сар, 118.

    “Сонголт хийхдээ алсын хараа буюу мөнхийн талаас нь харахад би та нарыг урьж байна. Есүс Христийг нэгт тавь. Учир нь та нарын мөнх амьдрал Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээс тань хамааралтай. …

    Та нар мухардалд орвол селестиел ухаанаар бодогтун! Уруу таталтад орохдоо ч селестиел ухаанаар бодогтун! Амьдрал эсвээс таны хайртай хүмүүс урмыг тань хугалах үед селестиел ухаанаар бодогтун! Хэн нэгэн “зуурдаар” нас барах үед селестиел ухаанаар бод. Хэн нэгэн аймшигт өвчин эмгэгт нэрвэгдсэн үед селестиел ухаанаар бод. Амьдралын ачаа дарамтад нухлуулах үед селестиел ухаанаар бодогтун! Та нар яг одоо над шиг аливаа осол, гэмтлээс эдгэрч байхдаа селестиел ухаанаар бодогтун!”

  2. Марк 4:35–41-ийг үзнэ үү.

  3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрэгтэй үед маань бидэнд туслах чадвартай гэдэгт бид итгэдэг ч Тэдний тусламж үргэлж бидний хүсэн хүлээж байсан арга замаар ирэхгүй байж болно. Тэд биднийг өөрсдөөс маань илүү мэддэг ба бидэнд зөв цагт, хамгийн тохирсон дэмжлэг, тусламжийг үзүүлнэ гэдэгт итгэх нь чухал. “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг мэдэгтүн, хүү минь” (Сургаал ба Гэрээнүүд 122:7).

    Бидэнд тулгарч буй сорилт, асуудал бэрхшээлүүд нь уруу таталтыг эсэргүүцэх, төрөлх чанараа даван гарах хүч чадал, зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг.

  4. Матай 14:31; Марк 1:31; 5:41; 9:27; Үйлс 3:7; 3 Нифай 18:36-г үзнэ үү.

  5. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг илүү шинэ мөн илүү ариун нандин арга замаар (“Тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 100-г үзнэ үү) тохинуулахад урьсан ба энэ шинэ арга нь бидний тухай юм уу бидний юу хийхийг хүсэж байгаа тухай бус, харин бусдад юу хэрэгтэй байгаа тухай гэдгийг ойлгохыг биднээс хүссэн. Есүс Христ бидэнд хөршөө илүү дээр, илүү ариун арга замаар хайрлах (Лук 10:27-г үзнэ үү) боломжийг олгодог.

  6. Матай 14:29-30

  7. Матай 14:31

  8. Аз жаргалыг бодитоор ойлгохын тулд бидний амьдрал дахь адислалуудын үүргийг ойлгох хэрэгтэй. Адислал гэсэн үгний тодорхойлолт нь энэ ойлголтыг тодорхой болгоход тусалдаг. Адислал бол “хүнд бурханлаг ивээл хүртээх гэсэн үг юм. Жинхэнэ аз жаргал, сайн сайхан, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж буй аливаа зүйл нь адислал юм” (Судруудын удирдамж, “Адислах, адислагдсан, адислал,” Gospel Library). Хорвоо ертөнц жинхэнэ аз жаргалыг түр зуурын таашаалтай андуурдаг ба энэ нь богинохон хугацааны “аз жаргал” юм.

  9. Исаиа 49:16-г үзнэ үү.