Лиахона
Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хай
2024 оны 11-р сар


12:4

Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хай

Хэрэв Их Эзэн Бурхантай ярилцахаар мөн Түүгээр хүчирхэгжихийн тулд нам гүм байх цаг хугацааг эрэлхийлж байсан бол бид ч мөн ингэх нь мэргэн ухаан болой.

Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёр Японы Токио номлолын удирдагчаар үйлчилсэн юм. Тухайн үед ахлагч Рассэлл М.Нэлсоныг манай номлолд айлчлах үеэр нэг номлогч түүнээс хэрэв хэн нэгэн номлогчдыг сонсох ямар ч зав алга гэвэл түүнд юу гэж хариулбал хамгаас зүйтэй вэ гэж асуув. Ахлагч Нэлсон бяцхан тээнэгэлзсэнээ “Би байсан бол тэднээс хоол ч идэх завгүй байсан эсэхийг нь асууна; тэгээд тэдэнд бие, сүнс аль аль нь байдаг, мөн биеэ тэжээхгүй бол үхдэгийн адилаар Бурханы сайн үгээр тэжээхгүй бол сүнс нь ч гэсэн үхнэ гэдгийг тэдэнд заах байсан” гэлээ.

Сонирхуулахад, японоор “завгүй” гэхийг исогаший гэдэг ба энэ нь () хоёр ханзнаас бүтдэг. Зүүн талынх нь “зүрх” эсвэл “сүнс” гэсэн утгатай, баруун талынх нь “үхэл” гэсэн утгатай байгаа нь магадгүй ерөнхийлөгч Нэлсоны зааснаар сүнсээ тэжээх завгүй байх нь сүнслэг байдлаар үхэхэд хүргэж болно гэсэнтэй ойролцоо юм.

Энэхүү хурдацтай хөгжиж буй, анхаарал сарниулах зүйлс болон үймээн самуунаар дүүрэн дэлхийд Их Эзэнд зориулж чанартай цаг гаргах нь өнөө үеийн томоохон сорилт бэрхшээлүүдийн нэг болно гэдгийг Тэр мэдэж байсан. Тэрээр бошиглогч Исаиагийн үгсээр дамжуулан, бидний амьдарч буй хөл үймээнтэй өдрүүдтэй зүйрлэж болох дараах зөвлөгөө, анхааруулгыг өгсөн билээ.

Гэмшил ба амар тайван дунд та нар аврагдах болно. Үнэн итгэл ба чимээгүй байх нь та нарын хүч мөн гэлээ. Гэвч та нар хүсээгүй.

Үгүй, бид мориор зугтана гэж та нар хэлсэн. Тиймээс та нар зугтана. Бид хурдан хүлгээр давхина гэж та нар хэлэв. Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.”

Өөрөөр хэлбэл, бидний аврал Түүнд хандан ойр ойрхон гэмших, дэлхийн зовнилоос амрахаас шалтгаалах хэдий ч бид тэгдэггүй. Мөн бясалгах, тунгаан бодох замаар Их Эзэнтэй цуг суух чимээгүй цаг хугацаанаас үүдэх хүч чадлаар дамжуулан бидний итгэл бий болох хэдий ч бид тэгдэггүй. Яагаад вэ? Яагаад гэвэл, бид өөр бусад зүйлээс болоод завгүй байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, бид морьдоо унан зугтдаг. Тийн бид Бурханаас улам бүр холдох болно; улам хурдан явахыг хүсэх болно; мөн бид хэдий чинээ хурдан явна, Сатан төдий чинээ хурдан араас мөрдөх болно.

Магадгүй ийм учраас ерөнхийлөгч Нэлсон биднээс амьдралдаа өдөр бүр Их Эзэнд зориулан цаг гаргаасай гэж ахин дахин хүсдэг байх. Тэр бидэнд “анир чимээгүй цаг бол ариун нандин цаг бөгөөд хувийн илчлэлтэд тусалж, амар амгалан болгоно” хэмээн сануулдаг. Гэвч Их Эзэний нам гүм дуу хоолойг сонсохын тулд “та бас нам гүм байх хэрэгтэй” хэмээн тэр зөвлөсөн.

Гэхдээ нам гүм байх нь зүгээр л Их Эзэнд цаг гаргахаас илүүг шаарддаг буюу энэ нь эргэлзээ, айдас бүхий бодлоо орхиж, зүрх сэтгэл, оюун ухаанаа Түүнд төвлөрүүлэхийг шаарддаг. Ахлагч Дэвид А.Бэднарын зааснаар “Их Эзэний ‘тэмцэлдэхээ боль’ гэсэн зөвлөгөө … зүгээр л ярихгүй байх эсвэл хөдлөхгүй байхаас хавь илүү зүйлийг шаардаж” байдаг. “Тэмцэлдэхээ болих нь … Аврагч дээр зогсолтгүй анхаарлаа төвлөрүүлэхийг сануулах арга зам байж болох юм” хэмээн тэр заасан.

Нам гүм байх нь итгэлийн үйлдэл бөгөөд үүнд хичээл зүтгэл шаардлагатай. Lectures on Faith номд “Хүн итгэлээр ажиллах үедээ оюун санаагаараа илүү идэвх зүтгэл гарган ажилладаг” гэсэн байдаг. Ерөнхийлөгч Нэлсон: “Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм” хэмээн тунхагласан. Анхаарлаа төвлөрүүлэх энэхүү хэрэгцээний талаар ерөнхийлөгч Дэвид О.Маккэй: “Бид бясалгал буюу өөрийгөө зориулах зарчимд маш бага ач холбогдол өгдөг гэж би боддог. … Бясалгал бол Их Эзэний оршихуйд очихын тулд нэвтэрдэг … хамгийн нандин хаалгануудын нэг юм” хэмээсэн.

Япон хэлэнд муи гэдэг үг байдаг ба миний хувьд энэ үг бол нам гүм байхын утга учрыг илүү итгэл дүүрэн, эргэцүүлэн бодох мэдрэмжээр илэрхийлсэн санагддаг. Энэ үг хоёр ханзнаас (無為) бүтдэг. Зүүн талынх нь “оргүй” эсвэл “хоосон” гэсэн утгатай. Харин баруун талынх нь “хийх” гэсэн утгатай. Энэ хоёр хамтдаа “юу ч хийхгүй” гэсэн утгатай. “Нам гүм байх” нь “ярихгүй эсвэл хөдлөхгүй байх” гэж буруу ойлгогддогтой адилаар шууд утгаар нь ойлговол энэ үг нь “юу ч хийхгүй” гэсэн буруу утгаар ойлгогдож магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ үг “нам гүм байх” гэсэн үгтэй адил гүн утгатай төдийгүй миний хувьд удааширч, илүү сүнслэг ухамсартай амьдрахыг сануулдаг.

Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд ахлагч Такаши Вадатай үйлчилж байхдаа би түүний эхнэр Наоми Вада эгчийг Японы авьяаслаг уран бичигч гэдгийг нь мэдсэн юм. Би Вада эгчээс муи гэх үгийг японоор уран гоё бичиж өгч болох уу гэж гуйв. Би нам гүм байж Аврагчид төвлөрөхийн сануулга болгон уран гоё уг бичгийг ханандаа өлгөхийг хүссэн. Энгийн мэт санагдах энэ хүсэлтийг шууд зөвшөөрөөгүйд нь би гайхав.

Дараа өдөр нь намайг түүний тээнэгэлзсэн байдлыг буруу ойлгосон гэж мэдээд, ахлагч Вада тэр үгсийг бичихэд онцгой хичээл зүтгэл шаардлагатай байдгийг тайлбарлав. Вада эгч утга санаа, үсгүүдийг нь тунгааж, бясалгаж, улмаар учрыг нь бодгальдаа гүн гүнзгий ойлгосон үедээ чин сэтгэлдээ төрсөн сэтгэгдлээ зурлага бүрээр илэрхийлэх боломжтой болдог байна. Би ийм өндөр шаардлага тавигддаг зүйлийг түүнээс дэндүү хайнга гуйсандаа ичиж байлаа. Би гаргасан тоомжиргүй байдалдаа уучлал гуйж, хүсэлтээ буцааж байгааг минь дамжуулж өгөөч гэж түүнээс хүсэв.

Бишоп Бажийн ажлын өрөөн дэх Япон ханзнууд

Намайг Японоос явах үед Вада эгч өөрийн санаачилгаар муи гэх үгийг японоор маш уран гоё бичиж бэлэглэсэн ба миний ямар их гайхаж, баярлаж байсныг та нар төсөөлж байгаа байх. Энэ нь одоо миний оффисын хананд байдаг ба надад нам гүм байж, бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан, хүч чадлаараа Их Эзэнийг өдөр бүр эрэлхийлэхийг сануулдаг. Тэр энэхүү аминч бус үйлдлээрээ муи буюу нам гүм байдлын утга учрыг ямар ч үгээс илүүтэй илэрхийлсэн байлаа. Тэрээр үсгүүдийг хайхрамжгүйгээр, үүрэг биелүүлэх байдлаар бичихийн оронд уран бичлэгтээ зүрх сэтгэлээсээ дүүрэн зорилготой хандсан.

Үүнтэй адилаар, Бурхан биднийг Түүнтэй хамт өнгөрүүлэх цагаа яг ижил чин сэтгэлээр зориулаасай гэж хүсдэг. Ингэх үед бидний шүтлэг бишрэл Түүнийг гэсэн хайрын илэрхийлэл болдог.

Тэр биднийг Өөртэй нь ярилцаасай гэж хүсдэг. Нэг удаа Тэргүүн зөвлөлтэй хийсэн хурал дээр нээлтийн залбирлыг хэлсний дараа ерөнхийлөгч Нэлсон над руу хандан “Биднийг завгүй хуваариасаа цаг гарган Бурханд талархах үед Тэр ямар их баярладаг бол оо гэж би чамайг залбирч байх хооронд бодлоо” гэж билээ. Энэ бол биднийг түр амсхийн Тэнгэрлэг Эцэгтэй ярилцах үед энэ нь Түүнд ямар их утга учиртай байдгийг сануулсан энгийн хэрнээ хүчирхэг сануулга байсан юм.

Тэр биднээс анхаарлаа хандуулахыг хэчнээн хүссэн ч биднийг Өөр дээр нь ирэхийг хүчлэхгүй. Амилсан Их Эзэн нифайчуудад хандан, “Эм тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг би та нарыг хэчнээн удаа цуглуулах байсан билээ мөн та нар цуглахыг хүссэнгүй” гэж хэлсэн. Тэрээр дараа нь: “Хэрэв та нар наманчилж мөн зүрх сэтгэлийн бүрэн шийдмэг байдлаар надад эргэж ирэх аваас, эм тахиа далавчин доороо дэгдээхэйнүүдээ цуглуулдаг шиг хэчнээн удаа би та нарыг цуглуулах билээ” хэмээн өнөөдөр бидэнд ч хамаатай, найдвар өгсөн урилгыг өгсөн.

Есүс Христийн сайн мэдээ бидэнд Түүн рүү эргэн очих боломжуудыг олгодог. Эдгээр боломж нь өдөр бүр залбирах, судар судлах болон ариун ёслол, хүндэтгэлийн өдөр, ариун сүмд шүтэн бишрэх зэрэг юм. Хэрэв бид эдгээр ариун нандин боломжийг “хийх” зүйлсийн жагсаалтаасаа хасаад, “юу ч хийхгүй” байх жагсаалтдаа оруулах буюу Вада эгч уран бичлэгтээ ханддаг шиг ухамсартайгаар, төвлөрч хандвал яах вэ?

Та “надад тэгэх цаг байхгүй” хэмээн бодож байж магадгүй. Би ч мөн заримдаа тэгж боддог. Гэвч Бурханд нэгэнтээ зарцуулж буй цаг илүү их байх нь чухал биш, харин Түүнийг илүү их ухамсарлаж, Түүнд илүү их анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй болов уу гэж би зөвлөж байна.

Жишээлбэл: Бид залбирах үедээ ярихад бага цаг зарцуулан, Бурхантай зүгээр л хамт байхад илүү цаг зарцуулж; мөн ярих үедээ талархал, хайраа илүү чин сэтгэлээсээ тодорхой илэрхийлбэл яах вэ?

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд судруудыг зүгээр нэг унших биш, шимтэн уншихыг зөвлөсөн. Хэрэв бид бага уншиж, илүү шимтвэл ямар өөрчлөлт гарах вэ?

Хэрэв бид ариун ёслолоос хүртэхдээ оюун санаагаа илүү бэлтгэн, энэхүү нандин ёслолын үеэр Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг баяр хөөртэй тунгаан бодвол яах вэ?

Еврей хэлнээ “амралт” гэсэн утгатай байдаг хүндэтгэлийн өдөр бид өөр бусад санаа зовнилоосоо амарч, Их Эзэнийг хүндлэн бишрэх үүргээ биелүүлэхийн тулд Түүнтэй цуг чимээгүй суух цаг гаргавал яах вэ?

Ариун сүмд шүтэн бишрэх үедээ бид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд илүү сахилга баттай чармайлт гаргавал эсвэл селестиел өрөөнд чимээгүйхэн эргэцүүлэн арай удаан суувал яах вэ?

Бидний анхаарал хийх дээр бага төвлөрч, харин Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй холбогдсон гэрээт холбоогоо бэхжүүлэхэд илүү төвлөрвөл эдгээр ариун нандин мөч бүхэн баялаг болж, бид хувийн амьдралдаа хэрэгтэй удирдамжийг хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна. Бид Лук номон дээр гардаг Марта шиг үргэлж олон юманд анхаарал тавьж, санаа зовдог. Гэсэн хэдий ч биднийг өдөр бүр Их Эзэнтэй ярилцах үед Тэр бидэнд юу хамгийн их хэрэгтэй гэдгийг мэдэхэд туслах болно.

Аврагч хүртэл тохинуулахаа азнан, нам гүм байх цаг гаргадаг байсан. Их Эзэн уул, хээр, элсэн цөл, ганцаар байх газарт очиж эсвэл “бага зэрэг холдоод,” Эцэгт хандан залбирсан жишээ сударт зөндөө байдаг. Хэрэв Их Эзэн Бурхантай ярилцахаар мөн Түүгээр хүчирхэгжихийн тулд нам гүм байх цаг хугацааг эрэлхийлж байсан бол бид ч мөн ингэх нь мэргэн ухаан болой.

Бид Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд зүрх сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлж, Ариун Сүнсний намуухан зөөлөн дуу хоолойг сонсох үедээ юу хамгаас хэрэгтэйг илүү тодорхой ойлгож, илүү нинжин сэтгэлийг олж авч, Түүнээс амралт хийгээд хүч чадлыг олох болно. Хачирхалтай нь, Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг яаравчлуулахад Түүнд туслахын тулд бид удаашрах шаардлагатай байж магадгүй. Үргэлж “хөдөлгөөнтэй” байх нь бидний амьдралд “үймээн самуун” нэмж, бидний эрэлхийлдэг амар амгаланг биднээс булааж ч магадгүй юм.

Бид зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд ойр ойрхон эргэн очих үедээ чимээгүй, үнэнч итгэлтэйгээр Түүнийг таньж, Түүний биднийг гэх хязгааргүй гэрээний хайрыг мэдрэх болно гэдгийг би гэрчилж байна.

Их Эзэн ийн амласан.

“Надад ойрт, мөн би та нарт ойртох болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно.”

“Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” хэмээн Их Эзэн амласан.

Би энэ амлалт үнэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ифер 2:14–15-ыг үзнэ үү.

  2. Исаиа 30:15–16; тодотгол нэмсэн.

  3. 2 Нифай 10:24 биднийг Их Эзэний таалалтай өөрсдийн тааллыг нийцүүлэхэд (re-con-cile) урьдаг. “Re” гэдэг нь ахиад гэсэн утгатай, “con” гэдэг нь хамт гэсэн утгатай, “cile” гэдэг нь сандал эсвэл сэнтий гэсэн утгатай. Өөрийн тааллыг Их Эзэнийхтэй нийцүүлэх гэдэг нь шууд утгаараа Бурхантай ахиад хамт суух гэсэн утгатай байж болно.

  4. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” 2021 оны 10-р сарын ерөнхий чуулган

  5. Рассэлл М.Нэлсон, “Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  6. Рассэлл М.Нэлсон, “Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” х. 77-г үзнэ үү.

  7. Дэвид А.Бэднар, “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд,” Лиахона, 2024 оны 5-р сар, 28.

  8. Еврей 11:6-г үзнэ үү.

  9. Lectures on Faith (1985), 72

  10. Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  11. David O. McKay, “Consciousness of God: Supreme Goal of Life,” Improvement Era, June 1967, 80–82.

  12. Сургаал ба Гэрээнүүд 4:2-ыг үзнэ үү.

  13. Мозая 7:33; Ифер 2:14-ийг үзнэ үү.

  14. “Эрүүл, хэвийн ажиллагаатай зүрх нь бидний хүн нэг бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын гол түлхүүр билээ. Гэсэн хэдий ч Есүс Христийн үйлчлэгч, гэрчийн хувьд миний сурсан зүйл бол эрүүл бие махбодын зүрх нь бидний сорилтуудын зөвхөн тал нь юм. Би Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла гэсэн зарлигийг нухацтай авч үздэг, учир нь Түүнийг хайрлах нь биднийг эрч хүчтэй байлгадаг” (Russell M. Nelson, The Heart of the Matter: What 100 Years of Living Have Taught Me [2023], 8; тодотгол нэмсэн).

  15. Дуулал 14:2; Илчлэл 3:20-ийг үзнэ үү.

  16. 3 Нифай 10:5; тодотгол нэмсэн.

  17. Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Зан авираа өөрчилж, ‘зөв зам’ дээр буцаж ирэх нь наманчлалын нэг хэсэг бөгөөд зөвхөн нэгээхэн л хэсэг нь юм. Жинхэнэ наманчлал бол бас зүрх сэтгэлээ болон хүслээ Бурхан руу хандуулж мөн нүглээ хаях явдал юм” хэмээн заасан (“Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121; тодотгол нэмсэн).

  18. 3 Нифай 10:6; тодотгол нэмсэн.

  19. Ахлагч Нийл А.Максвэлл: “Бүхнээ зориулах байдлаа нэмэгдүүлэх нь Сүмийн ажлыг олон цагаар хийхийг шаардахаас илүүтэй, энэ хэний ажил болохыг илүү сайн ойлгох явдал юм!” хэмээн заажээ. (“Settle This in Your Hearts,” Ensign, Nov. 1992, 67).

  20. Дэсмонд Туту өөрийнх нь залбирал цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн тухай “Би одоо зүгээр л тэнд байж сурч байна гэж бодож байна. Өвөл галын дэргэд та сууж байгаатай адил та галын өмнө байна. Тэдгээр нь заавал их том эсвэл сүр жавхлантай байх албагүй. Гал чамайг дулаацуулна” гэсэн байдаг (“Desmond Tutu, Insisting We Are ‘Made for Goodness’” [NPR interview by Renee Montagne, Mar. 11, 2010], npr.org).

  21. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона 2023 оны 11-р сар, 117.

  22. Russell M. Nelson, “Living by Scriptural Guidance,” Liahona, Nov. 2001, 19-22; мөн Рассэлл М.Нэлсон, “Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг,” Лиахона, 2023 оны 5-р сар, 127–128-ыг үзнэ үү.

  23. 3 Нифай 17:3-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй заахдаа:

    “Ариун ёслолыг түгээх богино хугацаа нь ийм бясалгалын хувьд бидэнд олдох хамгийн чухал боломжуудын нэг бөгөөд тэр ариун нандин хугацаанд бидний анхаарлыг энэ ёслолын зорилгоос холдуулах зүйл байх ёсгүй гэж би боддог. …

    Энэхүү ариун ёслолыг илүү хүндэтгэлтэй, төгс жаягаар байлгахыг би ихэд уриалж байна; Бурханы өргөөнд ирсэн хүн бүр Бурханы сайн сайхны төлөө талархаж байгаагаа эргэцүүлэн, чимээгүй, залбиралтайгаар илэрхийлж болох буюу. … Ариун ёслолын цаг бол шүтэн биширч буй хүн Бурхантайгаа ярилцах боломжтой гэдгээ ядаж дотроо ойлгохыг хичээдэг уг өдрийн туршлага байг” хэмээн тунхагласан (“Consciousness of God: Supreme Goal of Life,” Improvement Era, June 1967, 80–81).

  24. Сургаал ба Гэрээнүүд 59:10-ыг үзнэ үү.

  25. “Их Эзэний суралцахуйн өргөөнд ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй, харууссан зүрх, эрэлхийлэгч оюунтайгаар ирэх үед Тэр та нарт заах болно” (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар).

  26. Хэрэв та нар амьдралдаа өдөр бүр Түүнд зориулан цаг гаргавал Тэр та нарыг хувийн амьдралд тань удирдан чиглүүлэх болно” (Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” Лиахона, 2021 оны 11-р сар, 121).

  27. Лук 10:40–42-ыг үзнэ үү.

  28. 3 Нифай 19:19; мөн Иосеф Смитийн орчуулга, Матай 4:1 (Матай 4:1, зүүлт тайлбар a); Матай 5:1; 14:13, 23; Марк 1:35; 6:46; Лук 5:16; 6:12.

  29. 3 Нифай 21:29-ийг үзнэ үү.

  30. Сургаал ба Гэрээнүүд 88:63

  31. Иеремиа 29:13; мөн Еврей 3:25-ийг үзнэ үү.