“Би байгаа юм”
Бурханлаг таалалд туйлын үнэнч байдгаас нь харж болох Христийн энэрэл байсаар ирсэн, цаашид ч байсаар байна.
Өнөөдөр хүндэтгэлийн өдөр бөгөөд бид Христийн тухай, мөн Түүнийг цовдолсон талаар ярихаар цуглаад байна. Би Гэтэлгэгч маань амьдыг мэднэ.
Есүсийн мөнх бус амьдралын сүүлчийн долоо хоногт болж өнгөрсөн дараах үйл явдлыг эргэцүүлэн бодоцгооё. Олон хүн, тэр дундаа илд шийдмээр зэвсэглэсэн Ромын цэргүүд цугласан байв. Гартаа бамбар атгасан ахлах тахилчдын цэргүүдээр удирдуулсан энэ шийдэмгий хүмүүс хотыг эзлэн авахаар яваагүй байв. Энэ орой тэд зэр зэвсэг авч явдаггүй, цэргийн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаагүй, амьдралынхаа туршид зодоон цохионд оролцож ч байгаагүй нэгэн эрийг хайж байлаа.
Цэргүүд дөхөн ирэхэд Есүс шавь нараа хамгаалахаар, урагш гарч ирэн “Та нар хэнийг эрнэ вэ?” гэв. Тэд түүнд—Назарын Есүсийг гэж хариулахад Есүс—Тэр чинь би байгаа юм гэв. … Есүсийг тэдэнд “Тэр чинь Би байгаа юм” гэхэд тэд ухарч газар унацгаав.
Миний бодлоор энэ нь бүхий л судар дахь хамгийн сэтгэл хөдөлгөм хэсгүүдийн нэг юм. Үүнээс гадна энэ нь ямар ч зэр зэвсэг авч явдаггүй Бурханы Хүү, Хуучин Гэрээний Агуу Иехова, Шинэ Гэрээний Сайн Хоньчины оршихуйд нь л байх нь, мөн шуурганаас хоргодох газар, Энхийн Жононгийн дуу хоолойг л сонсох нь дайснуудыг нь мэгдэн сандарч, бүдчин унаж, бүгдэд нь тэр орой гал тогооны ээлжтэй ч байсан болоосой гэж бодоход хүргэдэг байсныг шууд илтгэдэг.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Түүнийг хот руу сүр жавхлантай орж ирэхэд “хотынхон бүгд үймэлдэж, Энэ хэн бэ?” гэцгээж байсныг сударт өгүүлдэг. Тэр сандарсан цэргүүд “Энэ хэн билээ?” хэмээх асуултыг тэр үед тавьсан байх гэж би бодож байна.
Тэрхүү асуултын хариулт нь Түүний зүс царайнд байгаагүй болов уу. Учир нь долоон зууны өмнө Исаиа “Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв” хэмээн бошиглосон байдаг. Түүний гял цал хувцсанд эсвэл асар их эд хөрөнгөнд ч байгаагүй нь тодорхой: Учир нь түүнд тэдгээрийн аль нь ч байгаагүй. Нутгийнхаа синагогт эзэмшсэн ямар нэгэн мэргэжил ч бас байгаагүй байх. Учир нь Тэрээр аль нэгэнд нь сурч байсан гэсэн баримт бидэнд байхгүй. Тэрээр маш сайн бэлтгэгдсэн хуульч, хуулийн багш нарыг хэлэх үггүй болгож, “эрх мэдэлтэй Нэгэний хувьд” сургаалаа заан гайхшируулж байсан.
Ариун сүмд зааж байхаас нь эхлээд Иерусалимд сүр жавхлантай орж ирэх мөч, мөн энэ сүүлчийн, шударга бус баривчилгаа хүртэл Есүс үе үе хэцүү нөхцөл байдалд, голдуу урхи занганд ордог байсан ч Тэрээр үргэлж ялан дийлдэг байсан. Үүнийг Бурханлаг гентэй нь холбож тайлбарлахаас өөр аргагүй.
Гэсэн хэдий ч түүхэд олон хүн Түүний дүр төрхийн төсөөлөл, Түүний хэн байсан талаарх мэдлэгийг маань ерөнхийлж, бүр дорд үзсээр ирсэн. Түүний зөвт байдлыг хэтэрхий явцуу, шударга байдлыг нь зүгээр л нэг хилэгнэл, нигүүлслийг нь хүлцэнгүй байдал гэж ач холбогдлыг нь бууруулж байсан. Таагүй санагддаг сургаалаа үл ойшоон Түүнийг хэт хялбарчлан танилцуулсан хувилбаруудад бид буруутай байж болохгүй. Энэ “ерөнхийлөх” үзэгдэл нь ялангуяа Түүнийг тодорхойлдог гол зан чанар болох хайрыг ч мөн адил хөндсөн юм.
Мөнх бус номлолынхоо үеэр Есүс хоёр агуу зарлиг байдаг хэмээн заасан. “Бурхан Эзэнээ хайрла [мөн] хөршөө өөрийн адил хайрла” гэсэн хоёр агуу тушаал энэ чуулганаар заагдсан бөгөөд үүрд мөнхөд заагдах болно. Хэрэв бид энэ амин чухал, салшгүй холбоотой хоёр тушаалыг Аврагчид итгэн дагах гэж байгаа юм бол Түүний хэлсэн үнэн бодит зүйлийг хатуу чанд баримтлах ёстой. Харин Түүний хэлсэн үнэн бодит тэр зүйл бол “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” хэмээх зарлиг юм. Яг тэр оройдоо Есүс: “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун” хэмээн захисан.
Тэдгээр сударт жинхэнэ, Христийнхтэй адил хайрыг заримдаа энэрэл гэх үгээр тодотгон тодорхойлсон байдаг нь нэн чухал юм.
Тэдгээр нь юуг тодорхойлдог вэ? Есүс хэрхэн хайрласан бэ?
Нэгдүгээрт, Тэр “бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа” хайрласнаар хамгийн хүнд өвчин шаналлыг анагаах, хамгийн хатуу үнэн бодит байдлыг тунхаглах чадварыг олж авсан. Товчхондоо Тэр бол нэгэн зэрэг ач ивээлийг хүртээж, үнэнийг шаардаж чадах цорын ганц хүн юм. Лихай өөрийн хүү Иаковыг адислахдаа “гэтэлгэл нь Ариун Мессиагийн улмаас мөн Түүгээр дамжуулагдан ирэх болой; учир нь тэрээр ач ивээл болон үнэнээр дүүрэн буюу” хэмээсэн. Түүний хайр тусламж хэрэгтэй үед маань урам зориг өгөх тэврэлтийг мэдрэх, хүртэх ёстой үед гашуун аяганаас хүртэх боломжийг олгодог. Тиймээс бид бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан, хүч чадлаараа хайрлахыг хичээдэг. Учир нь Тэр биднийг ийн хайрладаг.
Христийн бурханлаг энэрлийн хоёр дахь шинж чанар бол Тэр Бурханы амнаас урагш гарах үг бүрийг дагаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ таалалтай Өөрийн хүслийг үргэлж нийцүүлдэг байсан явдал юм.
Христ Амилалтынхаа дараа дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст ирэхдээ нифайчуудад: “Болгоогтун: Би бол … Есүс Христ. Би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, мөн эхлэлээс бүх зүйлд Эцэгийн тааллыг хүлцсэн билээ” хэмээн айлдсан.
Түүнд хамгийн хэрэгтэй байсан цаг мөчид Эцэгтээ бүрэн хаягдсан мэт санагдсан ч гэсэн өөрийгөө танилцуулж болох байсан олон арга замын дундаас Эцэгийнхээ таалалд дуулгавартай байгаагаа тунхаглаж өөрийгөө танилцуулсан юм. Бурханлаг таалалд туйлын үнэнч байгаагаас нь харагддаг Христийн энэрэл энгийн, сайхан өдрүүдэд ч мөн хамгийн хар бараан, хүнд хэцүү өдрүүдэд ч хэвээр байсан, байсаар ч байна.
Есүс бол “зовлон шаналлын хүн“ хэмээн сударт гардаг. Тэрээр уйтгар гуниг, урам хугарал, ганцаардлыг туулсан юм. Өнөөгийн болон бүх цаг үед Есүсийн ч, Түүний Эцэгийн ч хайр бөхөөгүй. Үлгэрлэж, хүчирхэгжүүлж, хуваалцдаг—ийм төлөвшсөн хайр байхад бидний хайр ч бас бөхөхгүй.
Тиймээс заримдаа хичээхийн хэрээр улам л хүнд хэцүү болж байгаа мэт санагддаг. Алдаа дутагдал, сул тал дээрээ ажиллаж эхэлмэгц итгэлийг тань сорих хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гарч ирдэг. Үнэнчээр ажиллаж хөдөлмөрлөх үед айдаст автах үе ч бий. Гэхдээ ийм зүйл эрин үе болгонд амьдарч байсан хамгийн итгэлтэй мөн гайхамшигтай хүмүүст ч тохиолддог байсныг бүү март. Мөн таны хийхийг зорьж буй бүх сайн сайхан зүйлийн эсрэг зогсдог хүч энэ ертөнцөд байдаг гэдгийг санаарай.
Тиймээс элбэг дэлбэг амьдрал, ядуурал хоосрол дундуур, магтаал сайшаал, олны өмнөх шүүмжлэл дундуур, бурханлагаар өгөгдсөн Сэргээлтийн бүрэлдэхүүн хэсэг, үүний салшгүй нэгэн хэсэг болох хүмүүний сул тал дундуур бид Христийн үнэн Сүмтэй эцсээ хүртэл үргэлжлүүлэн хамтдаа явдаг. Яагаад? Учир нь бид эхний богино сорил өгөөд дуусгахаар биш, харин Гэтэлгэгчийнхээ адил төгсөлтийн шалгалтаа өгтлөө бүтэн улирлын хичээлдээ суухаар бүртгүүлсэн. Хамгийн гоё нь Сургуулийн захирал маань бидэнд хичээл эхлэхээс өмнө бүх хариултыг нь өгсөн. Үүнээс гадна, замын туршид байх зогсоолуудад хариултыг нь байнга сануулж зааварлах багш нар бидэнд бий. Гэсэн ч хичээлээ таслаад байвал энэ бүхэн үр дүнгээ өгөхгүй нь мэдээж.
“Та нар хэнийг хайгаа вэ?” Бид бүх зүрх сэтгэлээрээ “Назарын Есүс” гэж хариулна. Түүнийг “Би байгаа юм” гэхэд бид өвдөг сөгдөн, Тэр бол ганцаараа бидний нүглийг цагаатгасан мөн хаягдсан байх гэж бодогдох үедээ ч биднийг үүрэн явж байсан амьд Христ мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Бид Түүний өмнө зогсож, гар, хөлөн дэх шархыг нь харахдаа бидний гэм нүглийг үүрч, зовлон шаналлыг мэдрэн, Эцэгийнхээ таалалд бүрэн дуулгавартай байх нь Түүний хувьд ямар утга учиртай байсныг, Тэрээр энэ бүхнийг биднийг хайрлах цэвэр хайраар үйлдсэнийг ухааран ойлгож эхэлнэ. Итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг, Их Эзэний өргөөнд хүлээн авах адислалуудыг бусдад заахад эдгээр суурь “зарчмууд болон ёслолууд” нь эцсийн дүндээ бидний Бурханаа болон хөршөө хайрлах хайрыг илэрхийлж мөн Христийн үнэн Сүмийг баяртайгаар тодорхойлдог.
Ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол биднийг өргөмжлөгдөхөд зориулан Бурханы өгсөн унаа юм гэдгийг би гэрчилж байна. Энд заадаг сайн мэдээ бол үнэн, үүнийг бататгадаг санваар нь улбаалан гарч ирсэн зүйл биш юм. Рассэлл М.Нэлсон бол өмнө нь үйлчилж байсан мөн дараа нь үйлчлэх бошиглогчидтой адил Бурханы бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Нэг л өдөр тэрхүү бошиглолын удирдамж заавар нэгэн үеийнхнийг Авралын Элчийг маань “зүүн зүгээс цахилж” бууж ирэхийг харан “Назарын Есүс” хэмээн дуу алдахад удирдах болно. Тэр гараа мөнхөд сунгаж, жинхэнэ хайраар “Би байгаа юм” хэмээн хариулах болно. Үүнийг би төлөөлөгчийн хүч, эрх мэдлээр Түүний ариун нэр, бүр Есүс Христийн нэрээр амлаж байна, амен.