Лиахона
Ай, ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн минь
2024 оны 11-р сар


12:33

Ай, ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн минь

Бурхан гэрээний хүүхдүүд та нарт бүх хүүхдийг нь гэрт нь аюулгүй эргүүлэн авчрах ажилд тусална хэмээн итгэн найддаг.

Ахлагч Стивэнсон, эн бол хэзээ ч мартагдахгүй чуулган.

Манай гэр бүлд Children’s Letters to God [Бурханд хандсан хүүхдүүдийн захидал] нэртэй жижиг номыг унших үргэлж таалагддаг байсан. Энд хэдэн жишээ авч үзье.

“Бурхан минь ээ, хүмүүсийг үхүүлж, шинийг төрүүлэхийн оронд одоо байгаа хэдийгээ үлдээж болохгүй юм уу?”

“Яагаад Танд аравхан зарлиг байхад манай сургууль сая сая дүрэмтэй байгаа юм бэ?”

“Та буцаагаад авах байсан юм бол яагаад бидэнд гүйлсэн булчирхай өгсөн юм бэ?”

Өнөөдөр надад энэ бүх асуултад хариулах цаг байхгүй ч залуучуудын тавьсан өөр нэг асуултын талаар ярья. Монголын Улаанбаатараас авхуулаад Айдахо дахь Томас шиг залуус “Яагаад? Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд бусдаас өөрөөр амьдрах ёстой юм бэ?” гэсэн нэг л асуултыг тавьдаг.

Ялангуяа залуу, дээр нь бусад хүнд таалагдахыг ихэд хүсэж буй тэр цаг үедээ бусдаас өөр байна гэдэг хэцүүг би мэднэ. Бүх хүн хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Энэ хүслийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, кибер дээрэлхэлтээр дүүрэн өнөөгийн цахим ертөнц эрүүл бус хэмжээнд өдөөж байна.

Тиймээс энэ бүх дарамт дунд яагаад хожмын үеийн гэгээнтнүүд бусдаас тэс өөрөөр амьдардаг вэ? Үүнд олон сайхан хариулт бий: Учир нь та нар бол Бурханы хүүхдүүд. Та нарыг эцсийн өдөрт зориулан хадгалсан. Та нар бол Есүс Христийн шавь нар.

Гэхдээ эдгээр хариулт та нарыг бусдаас ялгахгүй. Бүх хүн Бурханы хүүхэд. Одоо дэлхий дээр байгаа бүх хүн эцсийн өдрүүдэд ийш илгээгдсэн. Гэсэн хэдий ч хүн бүр та нарын адил мэргэн ухааны үг, ариун явдлын хуулийн дагуу амьдрах гэж хичээдэггүй. Энэ Сүмийн гишүүн биш Христийн эрэлхэг олон шавь бий. Гэвч тэд та нар шиг номлолд үйлчилж, өвөг дээдсийнхээ өмнөөс Их Эзэний өргөөнд ёслолуудыг гүйцэтгэдэггүй. Өөр олон зүйлийг дурдаж болно л доо.

Гэхдээ өнөөдөр би амьдралд минь чухал байсаар ирсэн өөр нэг шалтгаан дээр төвлөрье. 1988 онд Бригам Янгийн Их Сургууль дээр залуу төлөөлөгч Рассэлл М.Нэлсон “Гэрээнүүдэд талархъя” сэдвээр үг хэлсэн юм. Тухайн үед ахлагч Нэлсон, бид ёс суртахууны сонгох эрхээ ашиглан Бурхантай гэрээ байгуулж, сахих үед өмнөх үеийнхнийхээ эрин үе бүрд байгуулсан Бурханы үүрдийн гэрээний өв залгамжлагчид болдгийг тайлбарласан. Өөрөөр хэлбэл бид “гэрээний хүүхдүүд” болдог. Энэ нь биднийг бусдаас ялгадаг. Мөн энэ нь бидэнд өвөг эцэг, эмгийн маань хүлээн авсантай ижил адислалуудыг, тэр дундаа ууган хүүгийн эрхийг хүлээн авах боломжийг олгодог.

Ууган хүүгийн эрх! Та нар энэ үгийг өмнө нь сонсож байсан байх. Энэ тухай дууллыг хүртэл бид дуулдаг: “Ай, ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн минь, үргэлжлүүл, үргэлжлүүл, үргэлжлүүл!” Энэ бол анхаарал татахуйц үг юм. Гэхдээ энэ юу гэсэн утгатай вэ?

Хуучин Гэрээний үед эцэг нь нас барвал ууган хүү нь эхээ болон эгч, дүүсээ асрах үүрэгтэй байж. Эрэгтэй дүү нар нь өв хөрөнгөө аваад, өөрсдийн замаар амьдралаа хөөн явах боловч ууган хүү нь гэртээ үлддэг байлаа. Тэр гэрлэж, гэр бүлтэй болох ч эцсийн амьсгалаа хураатал эцгийнхээ эдлэн газрыг эзэмшиж, ажил хэргийг нь явуулдаг байжээ. Ийн нэмэлт хариуцлага үүрдэг учир түүнд бусдаас илүү өвийг үлдээдэг байж. Бусдыг удирдан залж, асарч халамжлах нь хүнд үүрэг байсан гэж үү? Илүү авсан өв хөрөнгийн хажууд энэ нь хүнд биш юм.

Өнөөдөр бид дэлхийн гэр бүлд төрсөн дарааллын тань эсвэл Хуучин Гэрээний үед амьдарч байсан хүмүүсийн хүйсийн үүргийг яриагүй. Христтэй, мөн Тэнгэр дэх Эцэгтэйгээ гэрээт харилцаанд орох гэрээ байгуулсан тул би та нарын Христийн хамтран залгамжлагчдын хувьд хүлээн авах өвийн талаар ярьж байна. Бурхан бусад хүүхдийг нь илүү сайн удирдаж, тэдэнд үйлчлээсэй гэсэндээ та нараас бусдаас өөрөөр амьдрахыг хүссэн нь тийм бэрх зүйл гэж үү? Та нарын хүлээн авсан материаллаг болон сүнслэг адислалуудтай харьцуулбал энэ нь хүнд бэрх биш юм.

Ууган хүүгийн эрхтэй тул та нар бусдаас илүү гэсэн үг үү? Үгүй ээ, харин энэ нь та нараас бусдад илүү сайн болоход нь туслахыг хүсдэг гэсэн үг юм. Ууган хүүгийн эрхтэй тул та нар сонгогдсон нэгэн гэсэн үг үү? Тийм ээ, гэхдээ бусдыг захирахаар бус бусдадаа үйлчлэхийн тулд та нар сонгогдсон. Ууган хүүгийн эрх нь Бурханы та нарыг гэх хайрын нотолгоо юу? Тийм ээ, гэхдээ үүнээс чухал нь энэ бол Түүний танд итгэж найддагийн нотолгоо юм.

Хайрлуулах нь нэг хэрэг, итгэл даах нь өөр хэрэг юм. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө хөтчөөс ийн уншиж болно: “Тэнгэр дэх Эцэг тань та нарт итгэдэг. Тэрээр Өөртэй нь холбогдох мөн та нарын амьдралд Өөрийнх нь хүчийг авчрах сайн мэдээний бүрэн байдал, ариун нандин ёслол, гэрээнүүд зэрэг агуу адислалуудыг өгсөн билээ. Эдгээр адислалын хамт үүрэг хариуцлага ирдэг. Тэр та нарыг дэлхийд өөрчлөлт гаргаж чадна гэдгийг мэддэг бөгөөд энэ нь олон тохиолдолд дэлхийгээс өөр байхыг шаарддаг.”

Бидний мөнх бус амьдралын туршлагыг Бурхан бүх хүүхдээ суулгаад нэг эргээс нөгөө эрэг рүү явуулж буй аяллын хөлөг онгоцтой зүйрлэж болно. Энэ аялал сурах, өсөж хөгжих, аз жаргалтай байх, ахиж дэвших олон боломжоос гадна аюулаар дүүрэн. Бурхан Өөрийн бүх хүүхдэд хайртай бөгөөд хүн бүрийн сайн сайхны төлөө санаа тавьдаг. Тэр нэг ч хүүхдээ алдахыг хүсдэггүй учир үйлчлэхэд бэлэн хүмүүсийг буюу та нарыг Түүний багийн гишүүн болоход урьдаг. Та нар гэрээ байгуулж, сахих сонголт хийсэн учир Тэр та нарт итгэж найддаг. Тэрээр та нарыг өөр, өвөрмөц, бусдаас ялгагдахаар хүмүүс байна гэдэгт итгэж найддаг. Учир нь та нараар хийлгэх чухал ажил Түүнд бий.

Бодоод үз дээ! — Бурхан дэлхий дээрх бүх хүний дундаас гэрээний хүүхдүүд, багийнх нь гишүүд болох та нарт бүх хүүхдийг нь гэрт нь аюулгүй эргүүлэн авчрах ажилд тусална хэмээн итгэн найддаг. Ерөнхийлөгч Бригам Янг “Тэнгэр дэх бүх элч гарын алганд багтах энэ хэдхэн хүнийг харсаар байна” гэж хэлсэнд гайхах хэрэггүй биз ээ.

Дэлхий хэмээх энэ аяллын хөлөг онгоцыг тойруулан харвал та нар зарим нь тухтай сандал дээр суугаад архи ууж, казинод мөрийтэй тоглож, хэт задгай хувцас өмсөн, гар утсаа эцэс төгсгөлгүй ухаж, цахим тоглоом тоглоход хэтэрхий их цаг зарцуулж буйг олж харж магад. Гэхдээ “Би яагаад тэдэн шиг байж болохгүй гэж?” хэмээн бодохын оронд өөрийгөө энгийн зорчигч биш гэдгийг санаарай. Та нар багийн гишүүд шүү дээ! Зорчигчдод байхгүй үүрэг хариуцлага та нарт бий. Ардэт Капп эгчийн хэлснээр “Та далайн эрэг дээрх бүх сэлэгчээс ялгарахгүй бол аврагч байж чадахгүй.”

Нэмэлт үүрэг хариуцлагаас болж шантрахаасаа өмнө багийн гишүүд л зорчигчдын авдаггүй цалин, шан харамж авдаг гэдгийг санаарай. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Зөв шударга хүмүүст нөхөн олгодог сүнслэг хүч гэж бий” бөгөөд үүнд “илүү агуу баталгаа, нотолгоо, болон илүү агуу итгэлтэй байдал” багтдаг гэж хэлсэн. Эрт цагийн Абрахамын адил та нар илүү их аз жаргал, амар амгалан, зөв шударга байдал, мэдлэгийг хүлээн авдаг. Таны шагнал зүгээр нэг тэнгэр дэх орд харш, алтаар хучсан гудамж биш юм. Тэнгэрлэг Эцэгт Өөрт байгаа бүхнээ өгөх амархан. Тэр та нарыг бүхий л талаараа Өөр шигээ болгохыг хүсдэг. Тиймээс үүрэг амлалт тань та нараас ихийг шаарддаг учраас ийм арга замаар Бурхан та нарт чадавхаа бүрэн дүүрэн ашиглахад тусалдаг.

Үүнийг “хэн нэгнээс гуйхад хэцүү ч та нар зүгээр л хэн нэгэн биш юм!” Та нар ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн билээ. Та нарын Бурхан, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээт харилцаа бол хайр, итгэл найдварын харилцаа бөгөөд үүгээр та Тэдний ач ивээл, тэнгэрлэг тусламж, хүч чадлын хишиг, боломж олгогч хүчийг илүү ихээр хүртэх боломжтой. Энэ хүч нь хоосон мөрөөдөл, аз дуудагч, бодлын хүч биш юм. Энэ бол бодит зүйл юм.

Ууган хүүгийн үүргээ биелүүлснээр та хэзээ ч ганцаардахгүй. Жимсний талбайн Эзэн тантай хамт, мөр зэрэгцэн хөдөлмөрлөдөг. Шинэ гэрээ бүрээр, Түүнтэй харилцах харилцаа тань гүнзгийрэхийн хэрээр та хоёр гар гараасаа бат атгалцсаар эцэст нь салшгүй бат барилдлагатай болох болно. Түүний ач ивээлийн тэрхүү ариун бэлгэдлээс та дэлхийнхнээс өөрөөр амьдарч байсан Аврагчтай яг адил амьдрах хүслийг ч, хүч чадлыг ч олох болно. Есүс Христ тантай хамт байх тул та энэ бүхнийг хийж чадна!

2 Нифай 2:6-д “Иймийн тул, гэтэлгэл нь Ариун Мессиагийн улмаас мөн Түүгээр дамжуулагдан ирэх болой; учир нь тэрээр ач ивээл болон үнэнээр дүүрэн” хэмээн бичсэнийг уншиж болно. Тэр үнэнээр дүүрэн учир та нарыг алдаа дутагдал, сул тал, харуусал гээд бүгдтэй нь яг байгаагаар тань хардаг. Тэр ач ивээлээр дүүрэн учир та нарыг хэн болж чадахаар тань хардаг. Тэрээр байгаа газар тань бууж уулзан, наманчилж, өсөж хөгжин, ялан дийлж, өөрчлөгдөхөд тань тусалдаг.

“Ай, ууган хүүгийн эрхтэй эрхэм өсвөр үеийнхэн минь, үргэлжлүүл, үргэлжлүүл, үргэлжлүүл!” Тэр өнөөдөр ч, 20 жилийн дараа ч, үүрд мөнхөд таныг хайрлаж, танд итгэж найдсаар байх болно гэдгийг би гэрчилж байна. Ууган хүүгийн эрхээ аяга шөлөөр бүү худалд. Байгаа бүхнээ үнэгүй бүү өг. Дэлхийг өөрчлөх гэж төрсөн атлаа дэлхий таныг өөрчлөхийг бүү зөвшөөр. Есүс Христийн нэрээр, амен.