Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ
Одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна.
Хайрт ах, эгч нар аа, Их Эзэн намайг та бүхэнд хандан ярих боломжоор адисалсанд би баяртай байна.
Энэ чуулганаар Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан бидэнд хандан ярилаа. Тэдний захиасыг судлахад би та бүхнийг уриалж байна. Дараагийн зургаан сард тэдгээрийг ашиглан юу үнэн, юу худал болохыг ялган таниарай.
Солт Лэйк ариун сүм болон Ариун сүмийн талбайн бусад хэсгийг арчилж хамгаалах, шинэчлэх ажил бараг таван жил үргэлжилж байна. Одоогийн төлөвлөлтөөс харахад, энэ ажил 2026 оны эцэс гэхэд дуусна. Энэ том төсөл дээр ажиллаж байгаа бүх хүнд бид талархаж байна.
Сүүлийн зургаан сарын хугацаанд бид таван улсад есөн ариун сүмийг шинээр болон дахин онцгойлон адисалсан. Одоогоос энэ оны эцэс хүртэл бид тавыг нэмж онцгойлон адисална.
Өнөөдөр бид 17 шинэ ариун сүмийг барихаар төлөвлөснөө зарлах гэж байгаадаа таатай байна. Байршлыг зарлаж байхад хүндэтгэлтэйгээр сонсоно уу.
-
Мексикийн Жүчитан дэ Зарагоза
-
Эль Сальвадорын Санта Ана
-
Колумбийн Мэдэллин
-
Доминиканы Сантиаго
-
Чилийн Пүэрто Монтт
-
Ирландын Даблин
-
Италийн Милан
-
Нигерийн Абужа
-
Угандагийн Кампала
-
Мозамбикийн Мапуто
-
Айдахогийн Коэр Далийн
-
Аризонагийн Квин Крийк
-
Тэксасийн Эл Пасо
-
Алабамагийн Хантсвилл
-
Висконсиний Милвоки
-
Ниү Жэрсигийн Саммит
-
Ютагийн Прайс
Хайрт ах, эгч нар аа, бидний мэлмийн өмнө юу өрнөж байгааг та нар харж байна уу? Энэ цаг мөчийн сүр жавхланг бид олж харахын төлөө би залбирч байна! Их Эзэн үнэхээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна.
Бид яагаад ариун сүмүүдийг урьд өмнө байгаагүй хурдацтайгаар барьж байна вэ? Яагаад? Учир нь Их Эзэн бидэнд ийн үйлдэхийг зааварласан. Ариун сүмийн адислалууд хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад тусалдаг. Эдгээр адислал нь мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах хүмүүсийг бэлдэхэд тусалдаг!
Бошиглогч Исаиагийн бошиглосноор мөн Хандэлын Мессиа дээр дурсагдсанаар, Есүс Христийг эргэн ирэхэд “Эзэний цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно.”
Тэр өдөр “Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт, Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.”
Есүс Христ хуучин Иерусалимаас ч мөн “Америк тивд байгуулагдсан” Шинэ Иерусалимаас ч удирдах болно. Энэ хоёр төвөөс Тэрээр Сүмийнхээ ажил хэргийг удирдан явуулна.
Тэр өдөр Их Эзэнийг “Хаадын Хаан, эздийн Эзэн” гэдгээр нь мэдэх болно. Түүнтэй хамт байгчдыг “дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс” гэж нэрлэнэ.
Ах, эгч нар аа, одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна. Яг одоо шавь байхаа нэн тэргүүнд тавих цаг маань болж байна. Анхаарлыг маань сарниулах толгой эргэм олон зүйлээр дүүрэн ертөнцөд бид хэрхэн ийн үйлдэж чадах вэ?
Ариун сүмд байнга шүтэн бишрэх нь бидэнд тусална. Их Эзэний өргөөнд бид Есүс Христэд төвлөрдөг. Бид Түүнээс суралцаж, Түүнтэй гэрээ байгуулж, Түүнийг таньж мэддэг. Бид ариун сүмийн гэрээгээ сахиснаар Их Эзэний хүчирхэгжүүлэгч хүчийг илүү их хүлээн авдаг. Ариун сүмд бид дэлхийн тамлалаас хамгаалалт хүлээн авч, Есүс Христийн болон Тэнгэрлэг Эцэгийнхээ цэвэр хайрыг үлэмж ихээр хүртэж, дэлхий үймээн самуунтай байхад амар амгалан, сүнслэг баталгааг мэдэрнэ.
Би та нарт дараах зүйлсийг амлая. Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр Түүнийг ариун сүмд олох болно. Та нар Түүний хайрыг мэдэрч, сэтгэлийг тань хамгийн их шаналгаж байгаа асуултууддаа хариулт авч, Түүний сайн мэдээний баяр баясгаланг илүү сайн ойлгох болно.
“Би хэнд эсвэл юунд амьдралаа зориулах вэ?” гэдэг нь бидний хүн нэг бүрийн хариулах ёстой хамгийн чухал асуулт гэдгийг би мэдэж авсан.
Есүс Христийг дагахаар шийдсэн маань миний гаргаж байсан хамгийн чухал шийдвэр юм. Анагаах ухааны сургуульд байхдаа би Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын бурханлаг байдлын талаар гэрчлэлтэй болсон. Тэр цагаас хойш Аврагч маань амьдралаа барьж босгосон хад минь байсан юм. Тэр сонголт бүх зүйлийг өөрчилсөн. Энэ нь мөн өөр олон шийдвэрийг амархан болгосон юм. Тэр шийдвэр надад зорилго, чиглэл өгч, амьдралын хүнд сорилт бэрхшээлийг даван туулахад тусалсан. Би хоёр жишээ хуваалцъя.
Нэг дэх нь, эхнэр Данцэлыгаа гэнэтийн байдлаар нас барахад би хүүхдүүдийнхээ алинтай нь ч холбоо барьж чадахгүй байв. Би тэнд ганцаархнаа, цочирдон гашуудаж, тусламж хүсэн уйлж байсан. Аз болоход Их Эзэн Сүнсээрээ дамжуулан надад яагаад хайрт Данцэлыг маань надаас аван одсон тухай заасан. Тэр ойлголтыг хүлээн аваад би тайтгарсан юм. Цаг хугацаа өнгөрч, энэ нь надад уй гашуугаа тайлахад тусалсан. Дараа нь би хайрт эхнэр Вэндитэйгээ гэрлэсэн. Тэр миний хоёр дахь жишээний гол хүн.
Вэнди бид хоёрыг хол газар ажлаар явж байхад зэвсэглэсэн дээрэмчид миний толгойд буу тулган, гохоо дарсан ч буу нь буудаагүй. Уг үйл явдлын үеэр бид хоёрын амь хутганы ирэн дээр байв. Гэсэн ч Вэнди бид хоёр няцаашгүй амар амгаланг мэдэрч байлаа. Энэ нь “бүх оюун ухааныг давах” амар тайван мэдрэмж байсан юм.
Ах, эгч нар аа, Их Эзэн та нарыг ч мөн адил тайтгаруулна! Тэр та нарыг хүчирхэгжүүлж, үймээн самуун дунд ч амар амгалангаар адисална.
Есүс Христийн та нарт өгсөн энэ амлалтыг сонс доо. “Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элч нар та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.”
Та нарт туслах Аврагчийн хүчин чадалд хэмжээ хязгаар гэж үгүй. Түүний Гетсеманид болон Калварид үүрсэн төсөөлөхийн аргагүй зовлон шаналал та нарын төлөө байсан юм шүү! Хязгааргүй Цагаатгал нь ч та нарын төлөө байсан!
Би та нарыг амьдралынхаа туршид долоо хоног бүр Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд зориулан цаг гаргахад уриалж байна. Нүгэлд унаж, хэрхэн гарахаа мэдэхгүй байгаа хүмүүсийн төлөө зүрх минь өвдөн шаналдаг. Сүнслэг байдлын хувьд асуудалтай, Есүс Христ өөрсдийнх нь төлөө юу хийснийг ойлгохгүй байгаагаасаа болж хүнд ачааг ганцаараа үүрч яваа хүмүүсийн төлөө би гашуудан уйлдаг.
Есүс Христ таны нүглийг, таны өвчнийг, таны зовлонг, таны сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Та тэр бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй! Таныг наманчлах үед Тэр уучилна. Тэр мөн хэрэгтэй бүхнээр тань адисалж, эмтэрсэн зүрхийг тань анагаах болно. Түүний буулгыг үүрснээр ачаа тань хөнгөрнө. Хэрэв та Есүс Христийг дагах гэрээ байгуулж, гэрээгээ сахих юм бол амьдралын тань зовлон зүдгүүр зуурдынх гэдгийг олж мэдэх болно. Зовлон зүдгүүр тань “Христийн баясалд автагд[ана].”
Таны хувьд Есүс Христийн шавь болоход хэт эртэднэ эсвэл хэт оройтно гэсэн ойлголт байхгүй. Та шавь болж байж л Түүний Цагаатгалын адислалуудыг бүрэн утгаар нь мэдрэх болно. Түүнчлэн та Израилыг цуглуулахад илүү үр дүнтэй тусална.
Хайрт ах, эгч нар аа, ирэх өдрүүдэд Есүс Христ мянган жил захирах Мессиагийн хувиар эргэн ирнэ. Тиймээс өнөөдөр би та бүхнийг амьдралаа Есүс Христэд дахин онцгойлон зориулахыг уриалж байна. Та нарыг тараагдсан Израилыг цуглуулж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслахыг уриалж байна. Би та нарыг Христийн тухай ярьж, Христийн талаар гэрчилж, Христэд итгэж, Христэд баясахыг уриалж байна!
Христэд ирж, “өөрийн бүхэл сүнсийг түүнд өргөл болгон өгөгтүн. Энэ бол баяр баясгалант амьдралын нууц юм.
Хайрт ах, эгч нар аа, Аврагч эргэн ирж байгаа тул, Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа тул хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй! Биднийг зүрх сэтгэл болон амьдралаа Есүс Христэд бүрэн зориулахад хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй ээ.
Би Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг баттай гэрчилж байна. Би бол Түүний шавь. Түүний үйлчлэгч байх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Хоёр дахь ирэлтийнх нь үеэр “Их Эзэний цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно.” Тэр өдөр зөв шударга хүмүүсийн хувьд баяр баясгалангаар дүүрэн байх болно.
Надад буй ариун санваарын түлхүүрийн хүчээр би энэ үнэнийг танд болон дэлхийн бүх хүнд тунхаглаж байна! Есүс Христийн нэрээр, амен.