Лиахона
Салхи үлээхээ огт болиогүй
2024 оны 11-р сар


9:46

Салхи үлээхээ огт болиогүй

Бид бусдад Бурханы адислалуудыг хүлээн авах аян замдаа өсөж хөгжихөд нь тусалж чадна.

2015 онд Бразил улсын Пэрнамбуко мужид Ж.Рүбэн Кларкийн хуулийн нийгэмлэгийн 62 гишүүн мужийн прокурорын газартай хамтран дөрвөн өөр асрамжийн газрын оршин суугчид үүссэн хуулийн асуудал дээр хяналт шалгалт явуулсан юм. Нэгэн бямба гарагт өмгөөлөгчид нийгэмдээ мартагдсан 200 гаруй оршин суугчтай таван цагийн турш нэг бүрчлэн ярилцжээ.

Тэд ярилцах үеэрээ ахмад настнууд мартагдаж орхигдсон байдалтай байдаг, тэдэнтэй хүндэтгэлгүй харьцдаг, тэдний мөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулдаг зэрэг хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй тохиолдлуудыг илрүүлсэн юм. Уг хуулийн нийгэмлэгийн үндсэн зарчим бол ядуус болон гачигдагсдад санаа тавих явдал байдаг. Ердөө хоёрхон сарын дараа прокурор холбогдох талуудын эсрэг амжилттай хэрэг үүсгэжээ.

Тэдний энэ тус Бенжамин хааны “та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” гэсэн сургаалын төгс жишээ болсон юм.

Энэхүү ашгийн бус төслийн ажлын үеэр би 93 настай Лүсиа гэдэг сайхан сэтгэлтэй нэгэн эмэгтэйтэй ярилцсан. Бидний үйлчлэлд талархсан тэрээр над руу “Надтай гэрлээч!” гэж хошигнон уулга алдав.

Гайхсан би: “Тэнд байгаа үзэсгэлэнтэй бүсгүйг хар даа! Миний эхнэр байгаа юм. Эхнэр минь мужийн прокурор” гэж хариулав.

Тэр эмэгтэй: “Тэгээд юу гэж? Эхнэр чинь залуу бас хөөрхөн юм чинь дахиад амархан гэрлэчихнэ. Харин надад чамаас өөр хэн ч алга!” гэж билээ.

Тэнд байсан гайхалтай оршин суугчдын бүх асуудал тэр өдрөө шийдэгдээгүй. Амлагдсан нутаг руу очих бэрхшээлт аяндаа усан онгоцоороо “дээр[ээс нь] буух уулс мэт давлагаанууд[аас] … болж … далайн гүнд олонтоо живсэн” жаредчуудын адил тэд цагаас цагт хэцүү зүйлсийг үргэлжлүүлэн туулсан нь гарцаагүй.

Тэрхүү бямба гарагт, асрамжийн газрын оршин суугчдыг нийгэмд мартагдсан гэдгээс нь үл хамааран бүр хамгийн эгэл жирийн залбиралд ч хариулдаг Нэгэн болох хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг хувьчлан мэдэж байсан билээ.

Эздийн Эзэн жаредчуудыг амласан адислалууд руу нь туух “ширүүн салхи” дэгдээсэн юм. Үүнтэй адилаар, бид өөрсдөө Их Эзэний мутарт даруухнаар үлээх салхи болж үйлчлэх шийдвэрийг гаргаж болно. Жаредчуудыг амлагдсан нутаг тийш “үлээхээ огт болиогүй [салхины]” адилаар бид бусдад Бурханы адислалуудыг хүлээн авах аян замдаа урагшлахад нь тусалж чадна.

Хэдэн жилийн өмнө миний хайрт эхнэр Крис бид хоёр бишопын дуудлагын ярилцлагад орсон бөгөөд манай гадасны ерөнхийлөгч надаас өөрийн зөвлөх болгох хүмүүсийг залбирч байгаад бодож үзэхийг хүссэн юм. Миний санал болгосон хүмүүсийн нэрсийг сонсоод гадасны ерөнхийлөгч маань надад тухайн ах нарын нэгийнх нь талаар зарим нэг зүйлийг мэдэх хэрэгтэй гэж хэлэв.

Нэгдүгээрт, тухайн ах уншиж чаддаггүй байсан. Хоёрдугаарт, тэр ах гишүүдийнхээр айлчлахаар явахдаа унах машингүй байсан. Гуравдугаарт, сүм дээр тэр үргэлж нарны шил зүүдэг байсан. Ерөнхийлөгч чин үнэнээсээ санаа зовж байсан ч би тэр ахыг өөрийн зөвлөхөөр сонгох саналыг оруулах нь зөв гэсэн хүчтэй мэдрэмжийг авсан ба гадасны ерөнхийлөгч ч саналыг минь дэмжсэн.

Ариун ёслолын цуглаан дээр зөвлөхүүдийнхээ хамт дэмжин батлуулсан тэр ням гарагт гишүүдийн царайд гайхширал тодорч буй нь илт байв. Мөнөөх ахыг индэр лүү удаан гэгч алхан гарахад түүний дээр туссан гэрэл нарны шилийг нь гялбуулж байлаа.

Түүнийг миний хажууд суухад би түүнээс “Ах аа, та харааны бэрхшээлтэй юу?” гэж асуув.

Тэр “Үгүй ээ” гэж хариулав.

“Тэгвэл сүм дээр та яагаад нарны шил зүүдэг юм бэ?” гэж би асуугаад, “Найз минь, гишүүд нүдийг чинь харах хэрэгтэй, бас та тэднийг илүү сайн харах хэрэгтэй шүү” гэж хэлэв.

Тухайн мөчид тэр нарны шилээ авч, сүм дээр дахин хэзээ ч зүүгээгүй.

Тэр хайр татам ах намайг бишопын дуудлагаасаа чөлөөлөгдөх хүртэл надтай хамт мөр зэрэгцэн үйлчилсэн. Өнөөдөр тэр Сүмд итгэлтэйгээр үйлчилсэн хэвээр бөгөөд Их Эзэн Есүс Христэд үнэнч, бүхнээ зориулахын үлгэр жишээг үзүүлсээр байна. Гэхдээ тэрээр олон жилийн өмнө, цуглааны танхимын сандал дээр сууж байдаг ч мартагдсан, нарны шил зүүсэн, хэн ч үл мэдэх нэгэн байсан. Өнөөдөр бидний дунд байгаа үгүй нь мартагдсан хэчнээн олон итгэлтэй ах, эгч сууж байгаа бол? гэж би байнга боддог.

Бидний мартагдсан, мартагдаагүйгээс үл хамааран сорилт бэрхшээл бидний хүн нэг бүр дээр гарцаагүй ирнэ. Биднийг Аврагчид хандах үед Тэр “зүдгүүрүүдийг [маань] [бидний] ашиг тусын тул ариулан адислах” бөгөөд сорилт бэрхшээлүүддээ сүнслэг хөгжил дэвшлээ ахиулах арга замаар хандахад маань бидэнд туслах болно. Асрамжийн газрын оршин суугч эсвэл дутуу үнэлэгдсэн Сүмийн гишүүн гээд хэн бүхний төлөө бид найдвар бэлэглэх мөн гэрээний зам руу чиглүүлэх “үлээхээ огт бол[ихгүй] [салхи]” байж чадна.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өсвөр үеийнхэнд сэтгэл хөдөлгөсөн, сүнслэг урам бүхий дараах урилгыг өгсөн. “Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. … Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм.”

Өдөр бүр мянга мянган залуу эрэгтэй, эмэгтэй Их Эзэний бошиглолын дуудлагад хариулж номлогчоор үйлчилж байна. Та нар гайхалтай, ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн “урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд нөлөөлөх … чадвартай!” Мэдээж энэ нь та нар номлогчийг бэлтгэх төвд хөл тавих мөчдөө өөрийнхөө хязгаарт тулчихна гэсэн үг биш.

Харин та нар Нифайтай адил ийм мэдрэмж авч болох юм. “[Та нар] хийвэл зохих зүйлсээ урьдаас мэдэхгүй байсны улмаас Сүнсээр удирдуулж байсан болой. Гэсэн хэдий ч [та нар] урагшлан явав.”

Та нар Иеремиа шиг өөрийгөө голж, “би бага залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй” гэж хэлэхийг хүсэж байж магадгүй.

Бүр өөрийнхөө алдаа дутагдлуудад эмзэглэж, Мосе шиг “Эзэн минь …би … уран үгтэй байгаагүй … : Учир нь би үг ярианд удаан, ам эвлэдэггүй хүн” гэж дуу алдахыг хүсэж байж ч болно.

Хайрлагдсан, хүчирхэг залуу эрэгтэй, эмэгтэй та нарын хэн нэгэнд яг одоо ийм бодол төрж байгаа бол “Би бага залуу гэж бүү хэл. Чамайг илгээх газар бүрд минь чи яв” гэж Их Эзэний хэлснийг санаарай. Мөн Тэр “Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана” хэмээн амласан.

Өдөр бүрийн наманчлал, итгэл, яг таг дуулгавартай байдал, “хөрвөгчдийг тогтмол олох, тэдэнд наманчлалыг заах, баптисм хүртээх” шаргуу хичээл зүтгэлээр дамжуулан номлолын талбарт Есүс Христэд үйлчлэхээр чин сэтгэлээсээ хичээх үед эгэл хүмүүнээс сүнслэг нэгэн болох шилжилт “шат шатаар, дүрэм дүрмээр” та нарт тохиох болно.

Та нар нэрийн тэмдэг зүүж байгаа хэдий ч заримдаа хүмүүс та нарыг танихгүй байгаа мэт эсвэл мартагдсан мэт санагдаж болно. Гэхдээ та нар өөрсдийг чинь хувь хүний чинь хувиар мэддэг төгс төгөлдөр Тэнгэрлэг Эцэг мөн та нарыг хайрладаг Аврагч байгаа гэдгийг мэддэг байх нь зүйтэй. Өөрсдөө төгс бус хэдий ч, хувийн хөрвөлтийн аян замын чинь туршид та нарыг чиглүүлэхээр “үлээхээ огт [болиогүй] [салхи]” мэт үйлчлэх номлолын удирдагчид та нарт байх болно.

“Сүү зөгийн балаар бялхсан тэр газарт” та нар номлолд үйлчлэх бөгөөд Есүс Христ рүү ойртох үедээ сүнсээр дахин төрж, Түүний насан туршийн шавь болох болно. Та нар огтхон ч мартагдаагүй гэдгээ мэдэж чадна.

Одоохондоо туслах “хүн бай[хгүйн]” улмаас зарим нь тайтгарахаар “удаан хугацаагаар” хүлээж байж болох ч Их Эзэн Есүс Христ бидэнд хэнийг ч мартдаггүй гэдгээ заасан билээ. Эсрэгээрээ, Тэрээр мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа хором бүрд мартагдсан хэн нэгнийг эрж хайхын төгс үлгэр дуурайл байсан юм.

Бидний хүн нэг бүр болон эргэн тойронд байх хүмүүс нөмрөн ирэх дайсны шуурга, сорилт бэрхшээлийн давлагаатай өдөр бүр нүүр тулдаг. Гэвч “салхи амлагдсан нутаг тийш үлээхээ огт бол[ихгүй] … ; мөн [бид] салхины өмнө тийн урагш туугд[ах] авай.”

Бидний хүн нэг бүр аян замынх нь турш жаредчуудыг адисалсан тэр салхины нэг хэсэг байж болох ба тэрхүү салхи бидний хувь нэмрээр бусдын таниагүй, мартагдсан хүмүүсийг өөрсдийнх нь амлагдсан нутагт хүрэхээр адислах болно.

Есүс Христ бол Эцэгийн өмнө зогсох бидний Өмгөөлөгч гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд Бурхан бөгөөд гэрээний зам дээр биднийг байнга чиглүүлэх хүчит салхи билээ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ж.Рүбэн Кларкийн хуулийн нийгэмлэг бол хуульчид болон хуулийн оюутнуудын үүсгэн байгуулсан ашгийн бус холбоо бөгөөд дэлхий даяар 100 гаруй салбартай. Уг нийгэмлэгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлд олон жилийн турш зөвлөхөөр үйлчилсэн бага Ж.Рүбэн Кларкийг хүндэтгэн түүний нэрээр нэрлэжээ.

  2. Мозая 2:17

  3. Pro bono (ашгийн бус) гэдэг үг нь латин хэлээр pro bono publico буюу “олон нийтийн сайн сайхны төлөө” мөн “олон нийтийн ашиг тусын тулд” гэсэн хэллэгийн товчилсон хэлбэр юм. Уламжлалт сайн дурын ажлаас ялгаатай нь, энэ төрлийн сайн дурын ажил үнэ төлбөргүй хэдий ч мэргэжлийн ур чадвар шаарддаг.

  4. Ифер 6:6

  5. Ифер 6:5

  6. 2 Нифай 2:14, 16-г үзнэ үү.

  7. Ифер 6:8

  8. Сургаал ба Гэрээнүүд 84:106-г үзнэ үү.

  9. Абрахам 3:25-ыг үзнэ үү.

  10. 2 Нифай 2:2; мөн Сургаал ба Гэрээнүүд 122:7-г үзнэ үү.

  11. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  12. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.

  13. 1 Нифай 4:6–7

  14. Иеремиа 1:6

  15. Гэтлэл 4:10

  16. Иеремиа 1:7

  17. Гэтлэл 4:12

  18. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  19. 2 Нифай 28:30

  20. Алма 26:22-ыг үзнэ үү.

  21. Neil L. Andersen, “The Faith to Find and Baptize Converts” (address given at the seminar for new mission presidents, June 25, 2016), 6.

  22. Дэд хууль 11:8–9-ийг үзнэ үү.

  23. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж, “Есүс Христийн насан туршийн шавь болох,” (2023), 79–104-ийг үзнэ үү.

  24. Иохан 5:6-7

  25. Лук 10:29-ийг үзнэ үү.

  26. Ифер 6:8

  27. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Солт Лэйк Ситид байрлах Сүмийн удирдлагын байрны өрөөнийхөө хананд байдаг Мэйнард Диксоны Мартагдсан хүн зургийн талаар ийнхүү ярьсан юм. Тэрээр: “Та нар түүний толгой дээр нар ээж байгааг харж байгаа байх. Түүний Тэнгэрлэг Эцэг өөрийг нь оршин байгааг мэдэж байдаг. Хажуугаар өнгөрөх олон түмэн түүнийг мартсан байж болох ч бэрхшээл дунд нь Тэнгэрлэг Эцэг нь түүнийг мартаагүй. … Энэ зураг надтай бараг 40 жил болсон бөгөөд надад хандан ярьж, миний санах ёстой зүйлсийг сануулдаг юм” гэсэн байдаг (in Sarah Jane Weaver, “What I Learned from President Oaks about the ‘Forgotten Man,’” Church News, Sept. 18, 2022, thechurchnews.com).