Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар
Санваарын ёслолууд, гэрээний амлалтууд хэрхэн Бурханы хүчийг та нарын амьдралд урсан орох боломжтой болгодгийг ойлгоорой.
Саяхан миний нөхөр Грэг хүнд хагалгаанд орж, хэдэн сараар химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчнөөр оношлогдсон юм. Ийм нөхцөл байдалд орж байсан та нарын олонхын адилаар бид тэнгэрлэг тусламж, Бурханы хүчийг гуйн нэн даруй залбирч эхэлсэн. Грэгийн хагалгааны дараах өдөр нь, ням гарагт бидний байсан эмнэлгийн өрөөнд ариун ёслолыг хүргэж ирэв.
Тэр үед ариун ёслолоос хүртсэн хүн нь ганцхан би байсан юм. Нэг хэсэгхэн талх. Нэг аяга ус. Сүм дээр байхад миний оюун санаа ихэвчлэн ариун ёслолыг бэлтгэх, адислах, түгээх гэсэн хүргэлтийн систем дээр төвлөрдөг. Гэтэл тэр өдөр би тэрхүү хэсэгхэн талх, тэрхүү аяга уснаас хүртэхдээ байгуулж байсан гэрээний амлалт, ариун нандин ариун ёслолоор дамжуулан боломжтой болдог Бурханы хүчний бэлгийн талаар тунгаан бодсон юм. Тэр үед надад тэнгэрийн хүч хэрэгтэй байв. Зүрх сэтгэлдээ өчнөөн их зовж шаналсан, ядарч цөхөрсөн, амьдрал бүрхэг тэр үедээ би өөртөө туйлын их хэрэгтэй байсан Түүнээс ирэх хүчийг амьдралдаа ашиглах боломж олгодог энэхүү бэлгийн талаар бодож байв. Ариун ёслолоос хүртэх нь Их Эзэний Сүнстэй хамт байх нөхөрлөлийг маань нэмэгдүүлж, Бурханы хүчний бэлгийг ашиглах боломж олгодог ба үүнд тэнгэр элч нарын тохинуулал, зовлон бэрхшээлээ даван туулах Аврагчийн боломж олгогч хүч мөн ордог.
Энэ нь зөвхөн хэн ёслолыг гүйцэтгэж байна гэдгээс илүүтэй ёслол, бидний гэрээний амлалт нь юуг нээж байна гэдэгт бид анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна гэдгийг өмнө би хэзээ ч ийм тодорхой ухаарч байгаагүй байх. Санваарын ёслолууд, гэрээний амлалтууд нь Бурханд биднийг ариусгаж, амьдралд маань гайхамшиг тохиолгох боломж олгодог. Гэхдээ яаж ийм зүйл тохиодог юм бол?
Нэгт, ёслол нь Бурханы хүч амьдралд маань илэрхийлэгддэг байхын тулд Бурханы Хүүгийн эрх мэдлээр гүйцэтгэгдсэн байх ёстой. Хүргэлтийн систем чухал. Эцэг санваарын ёслолуудынхаа хүргэлтэд хяналт тавих эрх мэдэл, түлхүүрүүдийг Есүс Христэд итгэмжилсэн. Түүний удирдлага доор Түүний санваарын дэг жаягийн хүрээнд Бурханы хөвгүүд Бурханы Хүүгийн оронд зогсохоор томилогдсон.
Хоёрт, бид зүгээр л гэрээний амлалт өгдөггүй. Бид амлалтаа биелүүлэх ёстой. Сайн мэдээний олон ёслолд бид Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг; Тэрээр биднийг тэдгээр гэрээгээ сахих үед адисална хэмээн амладаг. Санваарын ёслолууд, гэрээний амлалтуудаа биелүүлэх хоёр хоёулаа бидэнд Бурханы хүчийг хүлээн авах боломж олгодог гэдгийг бид ухаардаг болов уу?
Тэрхүү өдөр Бурханы гэрээт охин би санваарын ёслолуудаар дамжуулан Бурханы хүчний бэлгийг хэрхэн хүлээн авдгийг бүрэн ойлгосон эсэхээ, Бурханы хүч хэрхэн миний дотор ажилладгийг үнэхээр таньж мэддэг эсэхээ эргэцүүлэн бодлоо.
2019 онд Аврагчийн хүчийг амьдралдаа хэрхэн татан оруулах талаар заасан бошиглолын урилгыг Сүмийн эмэгтэйчүүдэд өгсөн билээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Пеннсильваний Хармонид байхад нь Эмма Смитэд өгөгдсөн илчлэлт буюу Сургаал ба Гэрээнүүд 25-ыг судлахад урьсан. Энэхүү урилгыг хүлээн авсан минь миний амьдралыг өөрчилсөн.
Өнгөрсөн сард надад Хармонид айлчлах санаанд оромгүй боломж гарсан юм. Тэнд агч моддын доор Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваар сэргээгдсэн. Иосеф, Эмма Смит хоёрын байшингийн урд хаалга тэр моддын ойролцоо байдаг. Байшингийн задгай зуухны эсрэг талд нэг цонх бий. Би тэр цонхоор хараад зогсож байхдаа Эммаг тэрхүү модод руу хараад юу боддог байсан бол доо гэж бодов.
1830 оны 7-р сард Эмма 26 настай; цэл залуухан байжээ. Тэрээр гэрлээд, гурван жил зургаан сар болсон байлаа. Анхны нярай хүүгээ алдчихсан байсан ба бяцхан булш нь гэрээс нь жимээр яваад л хүрэх ойрхон байлаа. Цонхны дэргэд зогсоход, түүний бодол юугаар дүүрсэн байж болохыг төсөөлөхөд надад хэцүү биш байв. Тэрээр өөрсдийн санхүүгийн талаар, аюулгүй байдалд нь заналхийлсэн хавчлага ихсэж буйд мөн өөрсдийн ирээдүйн талаар санаа зовж байсан нь гарцаагүй. Гэсэн хэдий ч түүний эргэн тойронд хаа сайгүй Бурханы ажил өрнөж байв. Тэрээр Бурханы мэлмий дэх өөрийн чадавх, Түүний хаант улс дахь өөрийнх нь зорилго, төлөвлөгөөн дэх байр сууриа мөн бодож байсан болов уу?
Тэр эдгээрийг бодож байсан байх.
Замын ердөө л эсрэг талд Бурханы санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийн бэлэг энэ дэлхийд сэргээгдсэн байсан. Тэр үед Эммад тэнгэрийн хүч үнэхээр хэрэгтэй байсан. Зүрх сэтгэлдээ өчнөөн их зовж шаналсан, ядарч цөхөрсөн, амьдрал нь бүрхэг ийм үедээ Эмма өөрт нь туйлын их хэрэгтэй байсан Бурханаас ирэх хүчийг нээж чадах Түүний санваарын бэлгийн талаар бодож байсан гэдгийг би төсөөлж байна.
Гэхдээ Эмма зөвхөн цонхны дэргэд бодолд автаж зогсоогүй.
Бошиглогч Иосеф Смитийг түлхүүр, алба, ёслолуудын талаар мөн санваарын үйлчлэлд хэрхэн туслах тухайд сургагдаж байхад Их Эзэн Өөрөө бошиглогчоороо дамжуулан Эммад илчлэл өгчээ. Энэхүү илчлэл Науву дахь Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Эммад биш, Хармонид суугаа 26 настай Эммад өгөгджээ. Илчлэлээр дамжуулан Эмма дотоод ариуслын талаар мөн тэдгээр санваарын ёслол амьдралд нь ажиллах боломжийг нэмэгдүүлэх гэрээтэй холбогдох холбооны талаар ойлгож авчээ.
Нэгт, Их Эзэн Өөрийн төлөвлөгөөнд эзлэх Эммагийн байр суурийг, тухайлбал: Өөрийнх нь хэн бэ, хэнийх вэ гэдгийг нь буюу Бурханы хаант улсын охин гэдгийг нь сануулсан. Эммаг гэрээнүүдээсээ зууран барьсаар байвал Бурханы хүчийг нээх ёслолууд бүхий замаар буюу “ариун журмын замаар алхах”-ад урьжээ.
Хоёрт, Эммаг асар их уй гашууд автсан үед Их Эзэн түүнд зорилгыг нь өгчээ. Эмма зөвхөн Сэргээлтийн урд эгнээний үзэгч байгаагүй; харин өрнөж буй ажлын чухал оролцогч байсан. Тэрээр “судруудыг тайлбарлах, мөн сүмийнхэнд ухуулах”-аар онцгойлон адислагдсан. Түүний цаг хугацаа “бичихэд болон ихийг сурахад зориулагдах ёстой” цаг байв. Эммад гэгээнтнүүдийг шүтэн бишрэхэд нь бэлдэхэд туслах ариун нандин үүрэг өгөгджээ. Их Эзэнд хандсан тэдний дуу залбирал гэж хүлээн авагдсан бөгөөд “тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдсан.”
Хамгийн сүүлд нь хэлэхэд, Их Эзэн Эммаг өргөмжлөлд бэлтгэх дотоод ариуслын замыг тоймлож өгчээ. Их Эзэн түүнд “Мөн үүнийг үйлдэхээс бусдаар, миний байгаа энд чи ирж чадах нь үгүй” хэмээн тайлбарласан.
Хэрэв бид 25-р хэсэг-ийг анхааралтай уншвал өрнөж буй нэгэн чухал өсөлт хөгжлийг мэдэж авдаг. Эмма хаант улс дахь охиноос “сонгомол эмэгтэй”, хатан болсон. Эммагийн гэрээний амлалтуудаа биелүүлсэнтэй зэрэгцэн Аароны болон Мелкизедек санваарын ёслолууд түүнийг амьдралаа тэнгэрлэг удирдамжаар чиглүүлэхэд хүчирхэгжүүлэн, Сүнс, тэнгэр элч нарын нөхөрлөлтэй байх боломжийг нэмэгдүүлсэн. Бурхан тэнгэрлэг хүчээрээ дамжуулан түүний зүрх сэтгэлийг эдгээж, чадавхыг нь тэлж, Өөрийн мэддэг Эмма болж чадах хувилбар луу нь өөрчилсөн. Мелкизедик санваарын ёслолуудаар дамжуулан түүний амьдралд “бурханлаг чанарын хүч илэрхийлэгд[сэн]” бөгөөд Их Эзэн түүнийг Өөрөөс нь ойлголт хүлээн авч болохын тулд хөшгийг нээсэн юм. Энэ бол Бурханы хүч хэрхэн бидний дотор ажилладгийг харуулж буй хэрэг юм.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
“Энэ газарт болсон бүхэн та нарын амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Санваарын сэргээлт Их Эзэний Эммад өгсөн зөвлөгөөтэй хамт та нарын хүн нэг бүрийг удирдаж, адисална. …
… Өөрсдийн амьдралд Бурханы хүчийг ашиглахын тулд Их Эзэний Эммад болон [бидний] хүн нэг бүрд зааварласан яг тэр зүйлс шаардлагатай.”
Эдгээр нь Хармони дахь тэрхүү цонхны наана, цаана хоёр талд тохиосон чухал үйл явдлууд бөгөөд Их Эзэний дуудсан сонгомол эмэгтэйд өгсөн илчлэл буюу Бурханы охин Эмма Смитийг хүчирхэгжүүлсэн, урам зориг өгсөн, зааварласан илчлэл байсан.
Манай зээ охин Изабэллэд нэр, адислал өгөх үед аав нь түүнийг санваарын тухай ойлголтыг авч, амьдралд нь өгөгдөх адислалын талаар суралцаж, үргэлжлүүлэн өсөж хөгжих болно; мөн ойлголтдоо үргэлжлүүлэн өсөж хөгжихийн хэрээр санваарт итгэх итгэл нь өсөх болно хэмээн адисалсан юм.
Эдгээр санваарын ёслол болон гэрээний амлалтууд Бурханы хүчийг ашиглахад нь хэрхэн туслах талаар суралцаж, санваарыг ойлгохоор бяцхан охинд адислал өгөх нь элбэг биш тохиолдол. Гэхдээ би Эммаг санаад, яагаад болохгүй гэж хэмээн дотроо бодож билээ. Тэрхүү бяцхан охинд Түүний хаант улс дахь сонгомол эмэгтэй, яваандаа хатан болох чадавх бий. Бурханы санваарын ёслолуудаар дамжуулан, гэрээний амлалтаа биелүүлснээр Түүний хүч бяцхан охины дотор ажиллах бөгөөд тэр охиноор дамжуулан амьдралд тохиолдох юуг ч даван туулах, Бурханы мэддэг эмэгтэй болоход нь туслах болно. Энэ бол хаант улс дахь охин болгоныг ойлгоосой хэмээн миний хүсдэг зүйл юм.
“Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар.”
Санваарын ёслолууд, гэрээний амлалтууд нь та нарын дотор та нараар дамжуулан бүрэн зорилго, чадавхдаа хүрэхэд тань та нарыг хүчирхэгжүүлж, чадавхжуулах замаар хэрхэн та нарын амьдралд Бурханы хүчийг агуу нөлөөтэйгөөр урсан орох боломж олгодгийг сураарай.
Аароны болон Мелкизедик санваарын ёслолуудыг, тухайн санваар бүрээр бидний байгуулдаг гэрээний амлалтуудыг мөн эдгээр ёслолоор дамжуулан амьдралдаа бидний ашигладаг Бурханы хүчийг анхааралтай судалж, тунгаан бодоорой.
Энэ нь зөвхөн хэн ёслолд ажилладаг нь хамаатай бус гэдгийг мөн ёслол, та нарын гэрээний амлалт та нарт юуг нээж өгдөг, юун дээр та нар анхаарлаа төвлөрүүлэх ёстойг санаарай.
Талх, уснаас хүртэх нь зовлон бэрхшээлээ даван туулахад тань туслахаар Түүний хүч таны дотор ажиллаж буйн долоо хоног тутмын сануулга юм. Ариун санваарын өмсгөлийг өмсөх нь таны ямар хүн болох тал дээр туслах Түүний хүчний бэлэг таны дотор ажиллаж буйн өдөр тутмын сануулга юм.
Бид бүгдээрээ Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.
Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.
Бид ариун сүмийн босгыг давах болгондоо Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.
Энэ бол хүндэтгэлийн өдрийн минь хамгийн сайхан цаг мөч байдаг. Энэ бол ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ нандигнадгийн минь шалтгаан.
“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.”
Энэхүү бэлгийн тухай гэрчлэлээ би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.