Лиахона
Бурхан бүх хүүхдэдээ хайртай
2024 оны 11-р сар


9:37

Бурхан бүх хүүхдэдээ хайртай

Есүс Христ үргэлж биднийг дууддаг ба эгэл жирийн үйлчлэгч биднээр Өөрийн хүүхдүүдийг авчруулахаар туслуулдаг.

Тэнгэрлэг Эцэг маань танаас юу хүсдэг вэ? Мөнх бус оршихуйн өмнөх оршихуйд байхад тань Тэнгэрлэг Эцэг таныг энэ дэлхийн амьдралд бэлдэж байсныг та мэдэх үү? Ерөнхийлөгч Нэлсон өсвөр үеийнхэнд хандан хэлсэн үгэндээ “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн” гэж заасан. Энэхүү хожмын өдрүүдийн төлөө биднийг бэлтгэсэн учир Есүс Христийн шавь байхыг суралцах нь бидний хувьд нэн чухал юм.

Их Эзэн Есүс Христ бол сайн хоньчин бөгөөд Өөрийн хоньдыг мэддэг, мөн хоньд нь Хоньчиноо таньдаг учир нь “Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дууд[даг].” Тэр үргэлж биднийг дууддаг ба эгэл жирийн үйлчлэгч биднээр Өөрийн хүүхдүүдийг авчруулахаар туслуулдаг.

Тэртээ нэг өдөр, гадасны ерөнхийлөгч бид хоёр орон нутгийнхаа Сүмийн гишүүдтэй уулзсан юм. Товлосон уулзалтаа дуусгасны дараа гадасны ерөнхийлөгч надаас өөр нэг гэр бүлтэй уулзаж болох уу гэж асуув. Бид тэдэнтэй ярилцах хэрэгтэй гэсэн мэдрэмж түүнд төрсөн байж.

Хаалгыг нь тогшиход нэг эгч онгойлгоод, намайг хараад танихгүй тул учиргүй баярлаж хөөрсөнгүй. Харин нэрээр нь дуудан мэндэлж буй гадасны ерөнхийлөгч рүү намайг заахад тэр эгч харангуутаа бөөн баяр болох нь тэр. Хаалганы дэргэд зогсоод тэр хоёр бие биеэ тэврэн хамтдаа нулимс дуслууллаа. Энэ нь уулзалт хэрхэн өрнөхийг тодорхойлов. Тэр эгч өмнөх өдөр нь химийн эмчилгээ хийлгэснийг бид мэдээгүй байлаа. Тэр насанд хүрсэн хүүгээ харж хандах тэнхэлгүй болсон байв. Тиймээс гадасны ерөнхийлөгч бид хоёр хүүг нь хувцаслаад тэргэнцэр дээр нь суулгалаа. Бид тойргийн нэгэн сайхан эгчийн бэлдсэн хоолыг хүүд нь өгөөд гэрийнх нь бусад ажилд туслаад, явахаасаа өмнө бид тэднийг адисалж билээ.

Энэ уулзалтын үеэр Есүс Христ тэднийг ямар их хайрладаг юм бэ гэсэн бодол санаанаас минь огтхон ч гараагүй. Христ тэднийг ойлгодог ба энэхүү ховор нөхцөл байдлынх нь зовлон шаналлыг мэддэг. Тэр уулзалтын үеэр бид бараг юм яриагүй. Тухайн нөхцөлд бид урт номлол айлдаж, дуртай судраа хуваалцаагүй ч Их Эзэн биднийг Сүнсээрээ харамгүйгээр адисалсан юм.

Тэнгэрлэг Эцэг тань та нарыг яг энэ цаг үед ийшээ илгээсэн шалтгааны нэг бол та нарт чадавхаа бүрэн дүүрэн ашиглах боломж олгох явдал юм. Миний сайн мэдээг номло гарын авлага нь Есүс Христийн шавь нарын хувьд бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаас зайлсхийх хэрэгтэй гэж заадаг. Та нарын сүнслэг чадвар бол онцгой, хувийн чанартай, төрөлхийн бөгөөд Тэнгэрлэг Эцэг үүнийгээ хөгжүүлэхэд тань туслахыг хүсдэг. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалж чадах хэн нэгэн үргэлж байдаг. Та нарын чадавх бол бурханлаг. Хэдийгээр энэ өрсөлдөөнт дэлхийд амжилт олохын тулд өөрсдийгөө зайлшгүй бэлдэх шаардлагатай ч амьдралынхаа туршид гүйцэтгэх хамгийн чухал үүрэг даалгавруудын нэг бол Есүс Христийн шавь болж, Сүнсний өдөөлтүүдийг дагах явдал юм. Үүнийг хийх юм бол Бурхан та нарын амьдралыг, одоогийн болон ирээдүйн гэр бүлийг тань, тантай тааралдах Өөрийн хүүхдүүдийн амьдралыг ч мөн адислах болно.

Бид агуу боломжоор дүүрэн цаг үед амьдарч байна. Хэдийгээр бид олон бэрхшээлтэй тулгардаг ч тэдгээр нь бусдад Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд туслах боломжийг бидэнд олгохын тулд байдгийг би мэднэ. Ерөнхийлөгч Нэлсон “Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно” гэж заасан. Туслах, тэврэх, тайтгарал өгөх эсвэл зүгээр л чимээгүй хань болох хүн хэрэгтэй хүмүүсийг харж хандах аз завшаан бидэнд бий. Хэрэв бид тэдний зовлонг хоромхон төдийд ч гэсэн хөнгөлж чадвал тэдний амьдралд Аврагчийн хүчний агуу илрэлийг харах боломжтой болох юм.

Есүс Христийн шавь нарын хувьд хожмын үеийн гэгээнтнүүд дэлхийд эергээр өөрчилж чадна. Бидний царайнаас гэрэлтэх баяр хөөр, мөн хайрын үг, сайн үйлсээрээ хуваалцдаг тэрхүү баяр баясгаланг бид бусдад өгч чадна. Бүгдээрээ сайн хөрш, сайн ажил олгогч, сайн ажилчин байцгаая. Бүгдээрээ ямар ч үед сайн Христэд итгэгч байцгаая.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Түүнтэй холбодог бүх амлалтыг хүлээн авах боломжийг олгохын тулд Их Эзэн сургаалаа шаардлагатай ёслолуудын хамт сэргээсэн. Бүгдээрээ ах эгч нартаа өдөр тутмын зовлон бэрхшээлд нь тусалж, Тэнгэрлэг Эцэгтээ ариун нандин амлалт өгч, сахихад нь туслахаа санацгаая. Учир нь Тэрээр хариуд нь энэ амьдрал хийгээд мөнх амьдралд хамгийн агуу адислалуудыг амлах юм. Тэдгээр амлалтыг зөвхөн Есүс Христийн сайн мэдээний сэргээлтээр болон Түүний санваарын түлхүүрүүдээр дамжуулан хүлээн авах боломжтой.

Өөрөөр хэлбэл бид бусдад гэрээний зам дээрээ үлдэхэд нь тусалж чадна. Хааяа бидний зарим нь замаасаа хазайдаг ч Тэнгэрлэг Эцэгийн маань хувьд бидэнд Түүнд буцаж очих боломж үргэлж байдаг гэдгийг санавал зохино. Хэдийгээр бидний зам тийм төгс биш ч Аврагч бидэнд “[бид] ойр ойрхон [наманчилж], өршөөлийг үнэн сэтгэлээсээ [эрэлхийлснээр] [уучлагдах болно]“ гэдгийг үргэлж сануулдаг.

Дайсны заль мэхнүүдийн нэг бол бидэнд өөрчлөгдөх ямар ч боломж байхгүй эсвэл итгэл найдвар үлдээгүй хэмээн бодуулж мөн итгүүлэхэд оршдог. Энэ сүйрүүлэгч бодол нь бидний олонхыг хичээхээ болиход хүргэдэг. Харин яг тэр мөчид бидний хайр, урмын үг, цаг зав, тусламж дэмжлэг хэн нэгэнд дахиад нэг хичээгээд үзэх найдварыг өгч чадна.

Магадгүй та ”За тийм байж, тэгвэл надад хэн тохинуулах вэ?” гэж бодож байж болох юм. Явж, ах эгч нарынхаа амьдралыг адисалснаар бид амьдралыг маань Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр дүүргэх гэрчлэлүүдийг олж авах юм. Эдгээр гэрчлэл нь бидэнд дахиад нэг хичээх эрч хүчийг өгнө. Ариун Сүнс биднийг шинээр төрүүлж, шинэчлэгдсэн гэрчлэлтэйгээ бэрхшээл, хувийн сорилтоо даван туулахад тусалдаг. Бид бусдын амьдралыг адислахыг эрэлхийлнэ төдий чинээ Их Эзэн бидэнд нигүүлсэнгүй хандаж, биднийг хүчирхэгжүүлж, амьдралд маань тусалдаг.

Их Эзэн Есүс Христ таны Аврагч ба таныг хувьчлан ойлгодог гэдгийг санаарай. Тэрээр Бурханы хүүхдүүдэд туслахын тулд юуг ардаа орхих хэрэгтэйг, яагаад дуудлагаа биелүүлэх шаардлагатайг мэддэг. Түүнд итгэж, эргэлзэхгүй байвал таныг бүх талаар адислах хүч Түүнд бий.

Хүндэт ах, эгч нар аа, санваарын удирдагч ямар ч төлөвлөгөөгүйгээр ээж, хүү хоёртой уулзах хэрэгтэй гэж мэдэрсэн тэр нэгэн өдөр тэдэнд бид хэрэгтэй байгааг Бурхан мэдсэн гэдгийг би тунхаглаж байна. Эцэст нь тохинууллыг хүлээн авсан хүн нь би өөрөө байсан юм. Тэр өдөр би Аврагчийн биднийг гэх хайрын талаарх хамгийн агуу сургамжуудынхаа нэгийг хүлээн авсан юм.

Есүс Христ бол дэлхийн Аврагч. Тэр амьд. Тэр бас та бидний төлөө амьдарч, амиа өгч мөн бидэнд хөшигний нөгөө талд аль хэдийн очсон хүмүүстэйгээ селестиел хаан улсад баяр хөөртэйгөөр дахин уулзах боломжийг олгохын тулд амилсан гэдгийг би гэрчилж байна. Тэр намайг бас таныг төгс ойлгодог гэдгийг би мэднэ. Тэр хүнд хэцүү цаг мөч бүрийг маань ойлгодог ба хамгийн амаргүй мөчүүдэд маань туслах хүч Түүнд бий. Их Эзэн Есүс Христ, бидний Тэнгэрлэг Эцэг хоёр энэ цаг үед сургаалыг сэргээхээр Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг би мэднэ. Бидний хайрт бошиглогч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Их Эзэний бошиглогч гэдгийг би мэднэ. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.