Лиахона
“Та нар миний найз нар билээ”
2024 оны 11-р сар


10:49

“Та нар миний найз нар билээ”

“Та нар миний найз нар билээ” хэмээх Аврагчийн тунхаглал нь Бурханы хүүхдүүдийн дунд илүү дээр мөн илүү ариун харилцаа холбоог байгуулах бүрээн дуу юм.

Иргэний үгээ хэлэх нь шүүмжлэл, зэвүүцлээр солигдож, нөхөрлөл нь -изм, -чууд буюу үзэл бодол, бүлгүүдээр тодорхойлогддог, зөрчилдөөн, хуваагдлаар дүүрэн дэлхийд нэгдмэл байдал, хайр, нэгэн хэсэг нь байх талаар бидний сурч болох цэвэр, энгийн бөгөөд бурханлаг жишээ байдгийг би мэдэж авсан юм. Тэрхүү жишээ бол Есүс Христ юм. Тэр бол агуу нэгтгэгч гэдгийг би гэрчилж байна.

Бид бол Түүний найз нар

1832 оны 12-р сард Охайогийн Көртландад Сүмийн байгууллага буюу хожмын үеийн гэгээнтэн удирдагчид нэгэн чуулганд цугларсан тэр цагаас хойш “улсуудын хоорондох зөрчилдөөнт байдал” хэзээ хэзээнээс ч “илүү илэрхий” болжээ. Тэднийг хүнд гай зовлонгийн үеэр энэ итгэлтэй гишүүдийн залбирсныг хүлээн зөвшөөрч, “Их Эзэнд хандан Өөрийнхөө хүслийг [тэдэнд] илчлээсэй хэмээн тус тусдаа чангаар” залбирахад Их Эзэн гэгээнтнүүдийг тайтгаруулж, “миний найз нар” хэмээх хүчирхэг үгсээр гурвантаа дуудаж ханджээ.

Есүс Христ итгэлтэй дагагчдаа Өөрийнх нь найз нар хэмээн удаан хугацааны турш нэрлэсэн. Аврагч ариун нандин, эрхэм харилцааг тодорхойлохдоо Сургаал ба Гэрээнүүдэд найз гэсэн хэллэгийг 14 удаа ашигласан байдаг. Би найз гэдэг энэ үгийг дэлхийн тодорхойлдог буюу олон нийтийн сүлжээнд байдаг лайк эсвэл дагагчид гэдэг утгаар яриагүй байна. Энэ нь ямар нэгэн платформ эсвэл Инстаграм дээрх тоо эсвэл хаштагаар тодорхойлогдох аргагүй.

Үнэнийг хэлэхэд би өсвөр насанд байхдаа “Хоёулаа зүгээр л найзууд байж болох уу?” эсвэл “Найзын хүрээндээ л үлдье” гэх сэтгэл өвтгөм үгтэй санаа зовмоор харилцан ярианууд болдог байсныг санаж байна л даа. Ариун бичээсний хаана нь ч бид Түүнийг “Та нар зүгээр л миний найз нар билээ” гэж хэлж байхыг сонсоогүй. Харин Тэрээр “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй,” мөн “та нар бол Эцэгийн минь надад өгсөн тэд юм; та нар миний найз нар билээ” хэмээн заасан.

Утга нь тодорхой: Аврагч бидний хүн нэг бүрийг тоолж, мөн харж хандаж байдаг. Энэ анхаарал халамж нь өчүүхэн, жижиг зүйл биш юм. Харин энэ нь өргөмжилдөг, сэтгэл өргөдөг, мөнхийн зүйл юм. “Та нар миний найз нар билээ” хэмээх Аврагчийн тунхаглалыг би Бурханы хүүхдүүдийн дунд илүү дээр мөн илүү ариун харилцаа холбоог “бид нэг байж болохын тулд” байгуулах бүрээн дуу гэж ойлгодог. Бид нэгдэх, мөн бүх хүний хувьд нэгэн хэсэг нь байх мэдрэмж авах гэсэн хоёр боломжийг эрэлхийлэхээр хамтдаа нэгдэн цугларч, үүнийг хэрэгжүүлж чадна.

Бид Түүн дотор нэг байдаг

Аврагч “Ирээд, Намайг дага” хэмээх Өөрийн дуудлагаар үүнийг гайхалтай харуулсан. Тэрээр хувь хүний зан чанар, бэлгүүдээрээ ялгаатай бүлэг дагагчдыг цуглуулж, Өөрийн дагалдагчдаар дуудсан. Тэрээр загасчид, зеалотууд, аянга шиг догшин зан араншинтай гэдгээрээ танигдсан ах дүүс, мөн татвар хураагч нарыг дуудсан. Аврагчид итгэх тэдний итгэл үнэмшил, Түүнд ойртох хүсэл нь тэднийг нэгтгэсэн. Тэд Түүн рүү хараад, Түүгээр дамжуулан Бурханыг харсан ба “тэр даруй тороо орхиж, Түүнийг дагасан.”

Би илүү ариун, илүү дээр харилцааг бий болгох нь хэрхэн биднийг нэгдмэл болгодгийг мөн харж байсан. Миний эхнэр Жэннифэр бид хоёр таван хүүхдээ Нью-Йорк хотод өсгөх боломжоор адислагдсан юм. Тэр хөл хөдөлгөөнтэй их хотод амьдарч байхдаа бид хөршүүд, сургуулийн найзууд, бизнесийн харилцагчид, шашны удирдагчид, итгэл нэгт гэгээнтнүүдтэйгээ үнэ цэнтэй бас ариун нандин харилцааг бий болгосон юм.

2020 оны 5-р сард дэлхий даяараа цар тахлын тархалттай тэмцэж байх үед Шашны удирдагчдын Нью-Йорк хотын зөвлөлийн гишүүдийн хурал гэнэт зарлагдаж, зайнаас уулзалдсан юм. Тэнд хурлын хөтөлбөр байгаагүй. Онцгой зочин ч байсангүй. Зөвхөн шашны удирдагчдын хувиар хамтдаа цуглаад, бүгдэд нь тулгарч буй бэрхшээлүүдээ ярилцах хүсэлт л байсан юм. Өвчний Хяналтын Төв Газраас манай хотыг Нэгдсэн Улс дахь ковид-19 цар тахлын голомт хэмээн дөнгөж зарласан байв. Энэ нь ямар ч цугларалт зохион байгуулах боломжгүй гэсэн үг байлаа. Дахиж хамтдаа цуглахгүй.

Тухайн шашны удирдагчдын хувьд хувийн тохинуулал, шашны цуглаан, долоо хоног тутмын сүсэг бишрэлийг цуцлах гэдэг нь маш хүнд цохилт байсан. Кардинал, санваартан, рабби, имам, пастор, сүмийн удирдагч, ахлагчаас бүрдсэн манай жижиг бүлэг нэг нэгнээ сонсож, тайвшруулан дэмжиж байсан. Бид ялгаатай байдлууд дээрээ төвлөрөхөөс илүү бидэнд юу нийтлэг байгааг мэдэж авч байсан. Бид боломжуудын талаар дараа нь магадлалуудын талаар ярилцсан. Бид хуралдаж, итгэл үнэмшил, ирээдүйн талаарх асуултуудад хариулж байв. Тэгээд бид залбирсан. Хэчнээн их залбирсан гээч.

Сөргөлдөөнтэй соёл, ээдрээтэй асуудлуудаар дүүрэн, олон янзын байдал бүхий хотод бид нэг дуу хоолой, нэг зорилго, нэг залбирлаар найз нөхдийн хувиар хамтдаа урагшлахдаа бидний ялгаатай байдал замхран арилж байгааг харсан билээ.

Бид ширээний эсрэг талаас нэг нэгэн рүүгээ биш харин хамтдаа тэнгэр өөд чиглэн харж байлаа. Бид дараалсан уулзалт бүрийн дараа илүү нэгдмэл болж, “хүрзээ” аваад, ажилдаа ороход бэлэн болдог байв. Үр дүнд хүрсэн энэхүү хамтын ажиллагаа, хэдэн зуун мянган нью-йоркчуудад үзүүлсэн үйлчлэл нь хуваагдал, алслагдмал байдал, холбоо хамааралгүй байдал руу уриалдаг дэлхийд биднийг хуваахаас илүү нэгтгэх зүйлс үргэлж байдаг гэдгийг надад заасан юм. Аврагч “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” хэмээн гуйсан.

Ах, эгч нар аа, бид хуваагдах шалтгаан хайхаа зогсоож, оронд нь “нэг байх” боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Тэр биднийг хувийн өсөлт хөгжил, бие биеэсээ суралцах сэдлийг төрүүлэм онцгой бэлгүүд, зан чанаруудаар адисалсан. Би их сургуулийн оюутнууддаа хэрэв та нар миний хийдэг зүйлийг хийдэг, би та нарын хийдэг зүйлийг хийдэг байвал бид бие биедээ хэрэггүй гэж үргэлж хэлдэг байсан. Гэхдээ та нар миний хийдгийг хийдэггүй, би та нарын хийдгийг хийдэггүй учраас бид нэг нэгэндээ хэрэгтэй шүү. Тэр хэрэгцээ л биднийг холбодог. Хуваан бутаргах, байлдан дагуулах нь нөхөрлөл, гэр бүл, итгэл бишрэлийг устгах дайсны төлөвлөгөө юм. Аврагч харин нэгтгэдэг.

Бид Түүнд харьяалагддаг.

“Нэг болох”-ын амлагдсан адислалуудын нэг нь би харьяалагддаг гэсэн хүчтэй мэдрэмжийг авах явдал юм. Ахлагч Квинтин Л.Күк “Үнэхээр нэгэн хэсэг нь байхын мөн чанар бол Христтэй нэг байх явдал юм” гэж заасан.

Баруун Африкийн нэгэн орон болох Ганад гэр бүлээрээ саяхан зочлон очоод тухайн нутгийн ёс заншилд нь би үнэхээр дурласан. Сүм дээр болон гэртээ ирэх бүрд “Тавтай морилно уу” гэсэн мэндчилгээ биднийг угтаж байсан. Хоол зооглох бүрд гэрийн эзэн “Та уригдсан” гэж зарладаг байсан. Ийм энгийн мэндчилгээнүүдийг зориуд, сэтгэлээсээ хүргэж байсан. Тавтай морил. Та уригдсан.

Бид үүнтэй төстэй ариун нандин тунхаглалыг цуглааны байрныхаа хаалган дээр байршуулдаг. Гэвч Зочдод нээлттэй гэсэн тэмдэг тавих нь хангалттай биш юм. Бид хаалгаар орж ирж байгаа бүх хүнийг халуун дулаан сэтгэлээр угтдаг уу? Ах, эгч нар аа, сүмийнхээ сандал дээр суугаад байж байх нь хангалттай биш юм. Бид Бурханы бүх хүүхэдтэй илүү дээр, илүү ариун харилцааг байгуулах Аврагчийн дуудлагад хариу өгөх хэрэгтэй байна. Бид итгэлийнхээ дагуу амьдрах ёстой! Автомашины гарааш дотор унтлаа гээд машинтай болдоггүйтэй адил ням гарагт сүмийн сандал дээр суулаа гээд сайн Христийн шашинтан болохгүй гэж аав минь надад үргэлж сануулдаг байсан.

Дэлхий биднийг хардаг биш биднээр дамжуулан Түүнийг олж хардаг байхын тулд бид тийнхүү амьдрах хэрэгтэй байна. Энэ зөвхөн ням гарагт тохиолддог зүйл биш юм. Энэ нь хүнсний дэлгүүр, шатахуун түгээх газар, сургуулийн хурал, хөршүүдийн уулзалтаар мөн гэр бүлийн маань баптисм хүртсэн, хүртээгүй бүх гишүүний ажиллаж, амьдардаг бүх газарт өрнөдөг.

Бид бүгд бие биедээ хэрэгтэй, бид бүгдэд Их Эзэн хэрэгтэй гэдгийг санахын тулд би ням гаргийн өдөр шүтэн биширдэг. Шашнаас ангид дэлхийд биднийг ялгаатай болгодог онцгой бэлэг, авьяас чадвар маань биднийг ариун газруудад нэгтгэдэг. Аврагч биднийг нэг нэгэндээ тусалж, нэг нэгнээ өргөж, гэгээрүүлээсэй хэмээн дуудсан. Тэрээр цусны өвчтэй эмэгтэйг эдгээж, Түүний нигүүлслийг гуйсан уяман өвчтэй нэгнийг цэвэршүүлж, дахиад юу хийж болох талаар асуусан залуу ханхүүд зөвлөж, итгэлдээ эргэлзсэн гэдгээ мэдэж авсан Никодемыг хайрлан,, ёс заншилдаа гадуурхагддаг байсан худаг дээрх эмэгтэйн дэргэд сууж, Өөрийг нь Мессиа гэдгийг илтгэх номлолыг тунхагласан зэргээр үйлдлээрээ үүнийг харуулсан билээ. Энэ нь миний хувьд сүм буюу—цугларах мөн эдгэрэх, засах мөн дахин төвлөрөх газар юм. Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсоны зааснаар “Сайн мэдээний сүлжээ бол дэлхий дээрх хамгийн том сүлжээ юм. Бурхан … бүх хүнийг Өөр дээр нь ирээрэй гэж урьсан. Хүн бүрд багтах орон зай бий.”

Зарим нэгэнд нь та энд харьяалагддаггүй гэж мэдрүүлдэг тохиолдол гарсан байх. Аврагчийн танд болон надад өгөх захиас нь яг адил. “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” Есүс Христийн сайн мэдээ бол бидэнд зориулсан төгс газар юм. Сүмд очих нь илүү сайхан цаг ирнэ гэсэн найдвар, та ганцаараа биш гэсэн амлалт, нэг нэгэндээ хэрэгтэй байгаа гэр бүлийг өгдөг. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Эцэг, Хүү, Ариун Сүнстэй нэг байх нь нэг хэсэг нь байх мэдрэмжийн оргил цэг гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэж захисан. Сүмээс холдоод, буцаж ирэх боломж хайж байгаа хүмүүст хандан би та нарт “Та бол бидний нэг” хэмээх мөнхийн үнэнийг ба урилгыг санал болгож байна. Буцаад ир. Цаг нь болсон.

Зөрчилдөөнтэй, хуваагдсан дэлхийд Аврагч, Есүс Христ бол агуу нэгтгэгч гэдгийг би гэрчилж байна. Би хүн нэг бүрийг “Нэг бай” гэсэн Аврагчийн урилгад зохистой байж, “Та нар миний найз нар билээ” хэмээн Түүний тунхагласны адил зоригтой тунхаглаасай хэмээн урьж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.