Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргө
Ариунаас ариуныг Их Эзэнд өргөх нь өдөр тутмын амьдралыг ариун нандин болгодог. Энэ нь биднийг Их Эзэнд болон өөр хооронд маань улам ойртуулж, аз жаргалтай болгодог.
Саяхан болсон манай Гонгийн гэр бүлийн уулзалтаар хөгжилтэй авьяас шоу, аавуудын онигоо ярих тэмцээн болж өнгөрсөн юм.
Гэхдээ энэ тэмцээн өвөрмөц байсан. Нэг багт нь өвөө (би), 12, 11 настай ач зээ хоёр, нөгөө багт нь хиймэл оюун ухааны программ (AI)-д аавуудын онигоог Гэррит В.Гонг шиг ярих заавар өгч буй манай үеэл байв. Гэррит Гонг өвөө АI Гэррит Гонг хоёр хоорондоо үзсэн гэсэн үг.
Ач зээ нартайгаа би эхлэв.
Машинаа мөргөлдүүлсэн үлэг гүрвэлийг юу гэдэг вэ? Тираннозавр Врэкс
AI Гэррит Гонгод Гэррит В.Гонг шиг бодох, яг түүн шиг ярих заавар өгсөн байв.
AI Гэррит Гонг: “Гэррит В.Гонгийн уриалгахан зан, бусдыг бодож, тэдэнд урам зориг өгдгийг бодолцон зохиосон хошигнолоо хэлье: Даруухан мод яагаад хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг вэ? Учир нь уг мод хайран дээр үндэслэж, салаа мөчир нь сайхан сэтгэлээр ургана. Тэр мод шиг бид ч мөн адил үндэснээсээ хүчээ сэлбэж, бусдад сайхан сэтгэлээ түгээн баяр баясгаланг олох боломжтой” гэсэн юм.
За, та нарт инээдтэй байна уу? Ийм учраас л үүнийг аавуудын онигоо гэдэг юм шүү дээ.
Бидний эргэн тойронд инээх, баярлах, талархлын нүдээр харах боломж дүүрэн. Бидний хувьд энэ нь өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг баяр баясгалан, ариун байдлын сайн мэдээ юм. Ариун байдал нь ариун нандин зорилгын үүднээс аливааг ус тос мэт ялган салгадаг. Гэвч ариун байх нь түүнчлэн биднийг өдөр тутмын амьдралаа ариун нандин зүйлээр дүүргэж, энэ дэлхийн өргөс зангуу дунд өдөр бүр хүлээн авдаг талхандаа баярлаж талархахад урьдаг. Их Эзэнтэй хамт алхахын тулд бид ариун болох ёстой. Учир нь Тэр бол ариун бөгөөд ариун болоход маань туслахын тулд Тэрээр биднийг Өөртэй нь хамт алхахад урьдаг.
Хүн нэг бүр өөр өөрийн гэсэн түүхтэй. Сүмийн гишүүд, найз нөхөд та нартайгаа олон газар, нөхцөл байдалд уулзах бүрдээ өдөр бүр ариунаас ариуныг Их Эзэнд өргөдөг түүх тань Гонг эгч бид хоёрт урам зориг өгдөг. Та нар Бурхантай харилцах, бие биеэ хайрлан энэрч, нөхөрлөх, Бурхан, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө үүрэг хүлээж, гэрээ байгуулах, Eсүс Христэд төвлөрөх гэсэн долоон зүйлийн дагуу амьдардаг.
Ерөнхийдөө шашин шүтлэгтэй итгэгчид нь сүнслэг үүрэг хариуцлага үүрдэггүй эсвэл харилцаа холбоогүй хүмүүсээс илүү аз жаргалтай, эрүүл саруул, сэтгэл хангалуун байдгийг тод томруун нотлох баримтууд гарч ирсээр байна. Аз жаргал, сэтгэл хангалуун байдал, оюун санааны болон бие махбодын эрүүл мэнд, ёс зүй, ариун журам, нийгмийн хүрээний ойр дотно харилцаа, бүр санхүүгийн болон материаллаг тогтвортой байдал гэх зэрэг хэмжүүр болгонд шашин шүтлэгтэй хүмүүсийн үзүүлэлт өндөр байдаг.
Хүн ам зүйн үзүүлэлтээр харвал тэд бүх насныхны дунд бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд бусдаас илүү, амьдралдаа маш сэтгэл хангалуун байдаг аж.
Судлаачдын “шашны бүтцийн олгодог тогтвортой байдал” гэж нэрлэдэг тэр зүйл нь амьдралын шуурган дунд тодорхой байдал, зорилго, урам зориг өгдөг. Итгэлтэй гэр бүл, гэгээнтэн хүмүүс салан тусгаарлалт, ганцаардсан нийгмийн эсрэг тэмцдэг. Ариунаас ариуныг Их Эзэнд өргөх гэдэг нь бүдүүлэг үг хэллэг, бусдыг гутаан доромжлох, мөнгөний төлөө нийгмийг турхирч, талцуулах явдлыг хүлцдэггүй. Ариунаас ариуныг Их Эзэнд өргөснөөр бид ариун нандин, хүндлэл хүлээсэн зүйлсийг хүлээн зөвшөөрч, Түүнийг итгэлтэйгээр дагаснаар хамгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай, жинхэнэ төрхөөрөө, байж болох хамгийн сайн хүн болох үүдээ нээдэг.
Өдөр бүр ариунаас ариуныг Их Эзэнд өргөх гэдэг нь ямар байхыг хэлдэг вэ?
Сайн мэдээний гэрээнүүд, золиослол, үйлчлэлээ чин сэтгэлээсээ, сайнтай муутай нь үүрэлцэж буй, гэрлээд жил болсон, итгэлтэй залуусын хувьд өдөр бүр амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргөхөд ямар байдаг тухай ярья.
Эхнэр нь: “Ахлах сургуульд байхдаа би харанхуйд байсан. Намайг гэсэн Бурхан байхгүй мэт санагдаж байсан. Нэгэн шөнө би найзаасаа ‘Хөөе, чи Алма 36-г уншиж байсан уу?’ гэсэн мессеж авсан юм.
Уншиж эхлэхэд л надад амар амгалан, хайр мэдрэгдэж билээ. Намайг хэн нэгэн чанга гэгч нь тэвэрч байгаа юм шиг санагдсан. Харин Алма 36:12-ыг уншихдаа би Тэнгэрлэг Эцэг намайг харж ханддаг, надад яг ямар байгааг маань мэддэг гэдгийг мэдсэн.”
Тэр үргэлжлүүлэн, “Гэрлэхээсээ өмнө би аравны нэгийнхээ талаар тийм ч сайн гэрчлэлгүй гэдгээ сүйт залуудаа нуулгүй хэлсэн. Бусдад илүүчлэх хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс байхад Бурхан яагаад биднээс мөнгө өгөхийг шаарддаг юм бэ? Сүйт залуу маань учир нь мөнгөндөө биш харин биднийг дага хэмээн хүссэн зарлигт оршиж байгааг тайлбарлан намайг аравны нэгээ төлж эхлээрэй гэж уриалж билээ.
Үнэхээр гэрчлэл минь өсөж байгааг би өөрөө харсан. Заримдаа мөнгө маань арай гэж хүрдэг байсан ч бид маш олон адислалыг олж харж, цалин маань ямар нэгэн байдлаар амьдралд маань хүрдэг байлаа.
Би бас сувилахуйн сургуулийнхаа цорын ганц Сүмийн гишүүн, цорын ганц гэрлэсэн хүн нь байсан. Ангийнхан маань намайг онцолж, миний итгэл үнэмшил, ариун сүмийн өмсгөл өмсдөгийг маань эсвэл залуухан байж гэрлэсэн талаар сөргөөр ярьдаг байсан учраас би олон удаа сэтгэлээр унаж, нулимс тээн ангиасаа гардаг байсан.
Өнгөрсөн хичээлийн улиралд би итгэл үнэмшлээ хэрхэн илүү сайн илэрхийлж, сайн мэдээний сайн үлгэр жишээ байж болох талаар сурсан. Итгэдэг зүйлийнхээ төлөө ганцаар зогсож, гуйвшгүй байх чадвар маань соригдсон учраас миний мэдлэг, гэрчлэл ч өссөн” гэсэн юм.
Харин залуу нөхөр нь үүн дээр нэмж “Номлолд явахын өмнө надад коллежид бейсбол тоглох олон санал орж ирсэн. Хэцүү шийдвэрийг гаргаж, би тэр саналуудыг хойш тавьж, Их Эзэнд үйлчлэхээр явсан юм. Би энэ хоёр жилийг юугаар ч солихгүй.
Гэртээ ирээд би формоо алдсан байх гэж бодож байсан ч илүү хүчтэй, хурдтай, эрүүл чийрэг болсон байсан. Би өмнө байснаасаа илүү хүчтэй шидэж байлаа. Надад бүр олон сургуулиас, тэр тусмаа мөрөөдлийн сургуулиас маань тоглох санал ирсэн. Хамгийн чухал нь би өмнөхөөсөө ч илүү Их Эзэнд найддаг болсон.
Би номлогч байхдаа Тэнгэрлэг Эцэгийн залбиралд маань хүч чадал өгнө хэмээн амласныг заадаг байсан ч заримдаа өөрөө үүнийгээ мартчихдаг” гэж хэлсэн юм.
Номлогчийн хувьд бидний Их Эзэнд ариунаас ариуныг өргөх адислалуудын сан баялаг бөгөөд дүүрэн. Санхүү, цаг хугацаа болон бусад нөхцөл байдлыг өөр хооронд нь зохицуулах нь ихэвчлэн амаргүй байдаг. Харин бүхий л насны, янз бүрийн гарал үүсэлтэй номлогчид ариунаас ариуныг Их Эзэнд өргөх үед бүх зүйл Их Эзэний цаг хугацаа, арга замаар гүйцэлддэг.
Өдгөө 48 жилийн нүүрийг үзсэн нэгэн ахлах номлогч: “Аав маань намайг номлолд явахын оронд коллежид орж, боловсрол эзэмшихийг хүссэн. Үүний дараахан тэрээр зүрхний шигдээсээр дөчин долоохон насандаа нас барсан юм. Надад буруу зүйл хийсэн мэт санагдах болж, аав бид хоёрын хоорондох энэ асуудлыг яаж зохицуулах вэ гэж би бодож билээ.
Номлолд үйлчлэхээр шийдсэнийхээ дараа би аавыгаа зүүдэндээ харсан юм. Тэр амар амгалан, сэтгэл хангалуун байсан бөгөөд үйлчлэх гэж байгаад маань баярлаж байсан” гэжээ.
Тэр ахлах номлогч цааш нь “Сургаал ба Гэрээнүүд 138-р хэсэг-т заасны дагуу аав маань сүнсний дэлхийд номлогчоор үйлчилж болох юм гэдэгт би итгэдэг. Би аавыгаа 17 насандаа Германыг орхин гарч, гэр бүлийнхнээсээ холбоо тасарсан элэнц өвөөд минь тусалж байгаагаар хардаг” гэж билээ.
Түүний эхнэр: “Манай нөхрийн гэр бүлийн ах дүү таваас номлолд явсан дөрөв нь дээд боловсролтой болсон” гэж нэмж хэлсэн юм.
Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргөх нь Бурханыг амьдралдаа ялуулж сурсан буцаж ирсэн залуу номлогчийн хувьд ямар байдгийг ярья. Номлогч байхад нь хүнд өвчтөнийг адислахыг хүсэхэд тэр “Би итгэлтэй байна. Түүнийг эдгээхийн төлөө би адисалъя” гэж хэлдэг байж. Харин буцаж ирсэн тэр номлогч: “Яг тэр мөчид би хүссэн зүйлийнхээ төлөө биш, харин Их Эзэний тухайн хүнд хэрэгтэй гэж бодож байгаа зүйлийн төлөө залбирч сурсан. Би тэр ахыг амар амгалан, тайтгарлаар адисалсан бөгөөд дараа нь тэр амар тайван хорвоог орхисон” гэсэн юм.
Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргөх нь хөшигний хоёр талыг холбодог, тайтгаруулдаг, бэхжүүлдэг гэрэлт очтой адил. Томоохон их сургуулийн дарга зөвхөн ажлын шугамаар мэддэг хүмүүс өөрийнх нь төлөө залбирч байгааг мэдэрдэг гэжээ. Тэр хүмүүс сургуульдаа бүхий л амьдралаа зориулж, сургуулийнхаа эрхэм зорилго, оюутнууддаа одоо ч санаа тавьдаг.
Нэгэн эгч нөхөр нь өөрт нь болон үр хүүхдүүддээ үнэнч бусаа харуулсан ч өдөр бүр чадлаараа хичээдэг. Би түүнийг болон түүнтэй адил хүмүүсийг гүнээ хүндэлдэг. Нэг өдөр түүнийг угаасан хувцсаа эвхэж байхдаа хураасан гармэнт дээрээ гараа тавин, “Ингэх нь ямар хэрэгтэй юм бэ?” гээд санаа алдахад нь нэгэн эелдэг дуу хоолой “Чи надтай гэрээ байгуулсан шүү дээ” гэж түүнийг тайтгаруулахыг мэдэрчээ.
Өөр нэгэн эгч 50 жилийн турш аавтайгаа сайхан харилцаатай болохыг ихэд хүсдэг байж. Тэр “Бага байхад нэг талд аав, ах дүү нар минь байхад, нөгөө талд айлын ганц охин би ганцаараа байдаг байсан. Миний цорын ганц хүсэл бол аавдаа “тоогдох” байлаа.
Тэгтэл ээж маань ч өөд болов. Тэрээр аав бид хоёрыг холбодог цорын ганц гүүр байсан юм.
Нэг өдөр би “Аавыгаа урь. Түүнийг ариун сүм рүү дагуулж яв” хэмээх нэгэн дуу хоолойг сонсож билээ. Энэ нь аавтайгаа хамт Их Эзэний өргөөнд сард хоёр удаа ордог болзоонуудын маань эхлэл байсан юм. Би аавдаа хайртай гэдгээ хэлж, аав ч бас надад хайртай гэдгээ хэлсэн.
Их Эзэний өргөөнд цагийг хамтдаа өнгөрүүлсэн маань биднийг эдгээж билээ. Ээж минь амьдадаа бидэнд тусалж чадаагүй ч хөшигний нөгөө талд очоод гомдсон сэтгэлийг эдгээхэд тусалсан юм. Харин ариун сүм нь бүрэн бүтэн байдлаараа мөнхийн гэр бүл болох бидний аян замын маань сүүлийн алхам байв.
Аав маань “Ариун сүмийг онцгойлон адислах үйл ажиллагаа надад болон ганц охины маань хувьд маш сайхан сүнслэг үйл явдал байв. Одоо бид хамтдаа тэнд орж, бидний хайр хүчирхэгжиж байгааг мэдэрдэг” гэсэн юм.
Өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргөхөд хайртай хүмүүсээ өөд болоход нь үдэж гаргадаг цаг мөч бас багтдаг. Оны эхээр миний хайрт ээж Жийн Гонг 98 нас сүүдэр зооглохоосоо хэдхэн хоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Хэрэв та ээжээс минь “Та бүхэл шоколадтай зайрмаг авах уу аль эсвэл цагаан шоколад, гаатай эсвэл гүзээлзгэнэтэй зайрмаг авах уу?” гэж асуувал ээж: “Бүгдийг нь амсаж болох уу?” гэж хариулах байсан. Амьдралын бүх л амтанд дуртай ээжид минь хэн ч болохгүй гэж хэлж зүрхлэх билээ дээ.
Би нэг удаа ээжээсээ ямар шийдвэр амьдралыг нь хамгийн ихээр өөрчилсөн болохыг асуусан юм.
Тэр: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж баптисм хүртэж, Хавайгаас эх газар луу нүүж ирээд аавтай чинь уулзсан явдал” гэж хариулж билээ.
Арван тавхан насандаа баптисм хүртэж, өнөр өтгөн гэр бүлээсээ манай Сүмд нэгдсэн цорын ганц гишүүн нь байсан миний ээж Их Эзэнтэй гэрээ байгуулж, итгэж найдсан нь түүний амьдралыг болон манай гэр бүлийг үр удмаар нь адисалсан. Та гэр бүлийнхээ гишүүдийг санадаг шиг би ч бас ээжийгээ санаж байна. Гэхдээ ээж минь орхиж яваагүй гэдгийг би мэднэ. Тэр зүгээр л одоо энд байхгүй байгаа юм. Би өдөр бүр ариунаас ариуныг Их Эзэнд өргөхийн эрэлхэг жишээ болсон түүнийг болон өөд болсон бүх хүнийг магтан дуулж байна.
Мэдээж өдөр тутмын амьдралдаа ариунаас ариуныг Их Эзэнд өргөхөд Их Эзэний ариун өргөөнд байнга орох явдал багтдаг. Сүмийн гишүүн ч бай, энгийн нэг найз нөхөд ч бай ариун сүмд ариун нандин мэдрэмжийг бид хүлээн авдаг.
Гурван найз Тайландын Бангкок ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт иржээ.
Нэг нь “Энэ үнэхээр сэтгэлийн шархыг эдгээх газар юм аа” гэж хэлэв.
Баптисмын санд ирээд нөгөөх нь “Энд байх үед надад усанд орж цэвэршин, дахин хэзээ ч нүгэл үйлдэхгүй байх хүсэл төрж байна” гэв.
Харин гурав дахь нь “Чи сүнслэг хүчийг мэдэрч байна уу?” гэж асуужээ.
Манай ариун сүмүүд долоон үгээр бусдыг урьж,
“Ариунаас ариуныг Их Эзэнд.
Их Эзэний өргөө” хэмээн тунхагладаг.
Ариунаас ариуныг Их Эзэнд өргөх нь өдөр тутмын амьдралыг ариун нандин болгодог. Энэ нь биднийг Их Эзэнд болон өөр хооронд маань улам ойртуулан, илүү аз жаргалтай болгож, Бурхан Эцэг, Есүс Христ, хайртай хүмүүстэйгээ амьдрахад бэлтгэдэг.
Найзын маань адил та ч бас Тэнгэрлэг Эцэг тань танд хайртай эсэх талаар боддог байж болох юм. Хариулт нь мэдээж тийм! Бид өдөр бүр Их Эзэнд ариунаас ариуныг өргөснөөр Түүний хайрыг мэдэрч, үүрд аз жаргалтай байж чадна. Бид тийн үйлдээсэй хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.