Лиахона
Өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх нь
2024 оны 11-р сар


15:20

Өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх нь

Амьдралдаа Их Эзэний тааллыг дагах нь бидэнд дэлхий дээрх хамгийн үнэт сувд болох тэнгэрийн хаант улсыг олж авах боломжийг олгоно.

Нэгэн удаа Аврагч “сайн сувд” хайгч худалдаачны талаар өгүүлсэн байдаг. Тэрхүү худалдаачин хайж явсаар “их үнэтэй” ширхэг сувд олжээ. Гэсэн ч тэр гайхамшигтай сувдыг авахын тулд өөрт байгаа бүхнээ зарах хэрэг гарсан ба үүнийг ч тэр даруй баяртайяа хийсэн байна.

Энэхүү богино, гүн утгатай сургаалт зүйрлэлээр Аврагч тэнгэрийн хаант улсыг үнэлж баршгүй сувд, үнэнхүү хамгаас илүү хүсүүштэй нандин эрдэнэтэй адилтган оновчтой заасан. Худалдаачин үнэ цэнтэй уг сувдыг авахын тулд бүх хөрөнгөө тэр даруй зарсан явдал нь бид оюун санаа, хүсэл эрмэлзлээ Их Эзэний таалалтай нийцүүлж, мөнх бус аян замынхаа туршид Бурханы хаант улсын мөнхийн адислалуудыг олж авахын төлөө чадах бүхнээ хийхэд бэлэн байх ёстой гэдгийг тодорхой харуулдаг.

Энэ агуу шагналыг хүлээн авахуйц зохистой байхын тулд бид өөр бусад зүйлээс гадна амин хувиа хичээхээ больж, Их Эзэнд болон Түүний илүү ариун, илүү дээд түвшний арга замд өөрийгөө бүрэн дүүрэн зориулахад саад болдог аливаа тотгорыг ардаа орхихын тулд бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй. Төлөөлөгч Паул энэхүү ариусах үйлийг “Христийн оюун ухаан[тай байх]” гэж нэрлэсэн. Есүс Христийн үлгэрлэснээр энэ нь амьдралдаа “үргэлж [Их Эзэнд] тааламжтай зүйлсийг үйлд[эх]” буюу өнөө үед зарим хүний хэлдгээр “Их Эзэний хийх нь зөв гэснийг хийх” гэсэн утгатай.

Сайн мэдээний талаас нь авч үзвэл “үргэлж [Их Эзэнд] тааламжтай зүйлсийг үйлд[эх]” гэдэг нь өөрсдийн хүслийг Түүний таалалд нийцүүлэх гэсэн үг юм. Аврагч шавь нараа сургаж байхдаа энэ зарчмын ач холбогдлыг нухацтай заасан.

“Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн юм.

Надад Түүний өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн.

Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна.”

Аврагч Өөрийн хүслийг Эцэгийн таалалд багтааснаар Эцэгтээ төгс, тэнгэрлэг түвшинд захирагдаж чадсан. Тэрээр: “Намайг Илгээгч нь Надтай байгаа Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учир Тэр Намайг ганцааранг минь орхисонгүй” гэж айлдсан. Аврагч Цагаатгалын зовлон, шаналлын талаар бошиглогч Иосеф Смитэд заахдаа:

“Учир нь болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас зовохгүй байж болохын тулд Бурхан бибээр эдгээр зүйлийг бүхний төлөө тэвчин туулсан билээ;

Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдсөний улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие болон сүнс аль алинаар нь зовоход хүргэсэн тэрхүү зовлонгоор буюу—мөн тэрхүү гашуун аяганаас уухгүй байхыг би хүсэж байсан—

Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” хэмээсэн.

Мөнх бус амьдралд хормын төдий хугацааг өнгөрүүлэхдээ бид Тэнгэрлэг Эцэг үнэндээ юу мэдэх вэ, мөнхийн талаас нь харвал юу хамгийн зөв бэ, Түүний төлөвлөгөөний дагуу хүүхдүүдэд нь юу хамгийн сайн тохирох вэ гэдгийг ойлгохын оронд ихэвчлэн өөрсдийн мэддэг, хамгийн сайн гэж боддог, өөрсдөд нь юу тохирдог гэсэн төсөөлөлтэйгөө зууралдан тэмцэлдсээр байдаг. Бидний цаг үед зориулан өгөгдсөн судрын бошиглолд өгүүлснээр “эцсийн өдрүүдэд … мэдэж ав. Хүмүүс аминч, … Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно” гэдгийг авч үзвэл энэ агуу тэмцэл тун амаргүй байж болох юм.

Энэхүү бошиглол гүйцэлдэж байгааг илэрхийлэх нэг тэмдэг бол орчин үед маш олон хүн өөрөөсөө өөрийг бодохоо больж, “Юу ч болж байсан, би өөрийн үнэн гэж боддог замаар амьдарч, өөрийн зөв гэж боддог зүйлийг хийхээ” байнга зарлан тунхаглах чиг хандлага газар авч байгаа явдал юм. Төлөөлөгч Паулын хэлснээр тэд “Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг.” Ийм үзэл бодлыг ихэвчлэн амин хувиа хичээж, хувийн эрх ашгаа боддог эсвэл Бурханы хайраар дүүрэн төлөвлөгөө, өөрсдийг нь гэсэн Түүний таалалд ихэвчлэн нийцдэггүй зарим зан авираа зөвтгөхийг эрмэлздэг хүмүүс “зөв” гэж үздэг. Хэрэв бид оюун санаа, зүрх сэтгэлдээ ийм бодлыг тээх аваас Бурханы хүүхдүүддээ зориулан хайраар бэлдсэн мөнх амьдрал хэмээх үнэлж баршгүй сувдыг олж авах өөрсдийн замд асар том тээглэх чулууг бий болгох юм.

Хэдийгээр шавийн хувьд хүн нэг бүр зүрх сэтгэл, оюун санаагаа Есүс Христ дээр төвлөрүүлэхийг хичээж, гэрээний зам дээрх аян зам маань өөр өөрийнхөөрөө өвөрмөц байх нь үнэн ч бид ийм төрлийн дэлхийн үзэл санааг амьдралдаа оруулж ирэх уруу таталтад автахгүй байхын тулд байнга болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.. Ахлагч Квинтин Л.Күк: “Чин сэтгэлээсээ Христтэй адилхан байна гэдэг нь өөртөө үнэнч байхаас хавьгүй чухал зорилго юм” гэж хэлсэн.

Хайрт найзууд аа, бид хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавихын оронд Бурханыг амьдралынхаа хамгийн хүчирхэг нөлөөлөл болгохыг сонгосноор шавийн хувьд өсөж хөгжин, оюун санаа, зүрх сэтгэлээ Аврагчтай нэгтгэх чадвараа нэмэгдүүлнэ. Нөгөөтээгүүр, амьдралдаа Бурханы арга замыг ялуулах сонголтыг хийхгүй байх аваас бид Их Эзэний сүнслэг удирдамжгүй, орь ганцаар хоцрох бөгөөд өөрсдийн хийдэг, хийдэггүй бараг бүхнийг зөвтгөнө. Мөн бид аливааг өөрийнхөөрөө хийж, үүнийгээ “Би зүгээр л өөрийнхөөрөө хийж байна” гэж зөвтгөж болох юм.

Аврагчийг сургаалаа тунхаглаж байхад нэг удаа хэдэн хүн, ялангуяа өөрсдийгөө зөвт хүмүүс хэмээгч фарисайчууд Түүний захиасыг эсэргүүцэж, тэд Абрахамын удам учраас энэхүү гарал угсаа нь тэдэнд Бурханы мэлмийн өмнө давуу эрх олгоно гэж зоригтой хэлжээ. Энэ сэтгэхүй нь тэднийг өөрсдийн ойлголтод түшиглэж, Аврагчийн зааж буй сургаалд үл итгэхэд хүргэсэн юм. Есүсийн эсрэг гаргасан фарисайчуудын үйлдлээс харахад тэдний бардам зан зүрх сэтгэлд нь Аврагчийн үгс ба Бурханы арга зам орох зай үлдээгээгүй гэдгийн илэрхий нотолгоо байв. Хариуд нь Есүс хэрэв тэд үнэхээр Абрахамын гэрээний хүүхдүүд юм бол, ялангуяа тэдний өмнө “Абрахамын Бурхан” зогсоод, үнэнийг зааж байгаа тэр цаг мөчид Абрахамын үйлдсэнийг үйлдэх байсныг мэргэн ухаанаар, зоригтой тунхагласан.

Ах, эгч нар аа, та бүхний харж байгаагаар “өөрийн зөв гэж бодож байгаа зүйлийг” хийх үү эсвэл “үргэлж Их Эзэний таалалд нийцсэн зүйлийг” хийх үү гэдгийг тархиа гашилган бодох нь зөвхөн бидний цаг үед гарсан шинэ хандлага биш юм. Энэ нь олон зууныг дамжин ирсэн хуучны сэтгэлгээ бөгөөд ихэвчлэн өөрийнхөө нүдэнд мэргэн тэднийг харалган болгож, Бурханы олон хүүхдийг төөрөгдүүлж, зовоодог. Үнэндээ энэ сэтгэлгээ нь чөтгөрийн хуучирсан заль мэх ба үнэн бөгөөд жинхэнэ гэрээний замаас Бурханы хүүхдүүдийг аажим аажмаар там руу хөтөлдөг хуурмаг зам юм. Хэдийгээр удамшил, газарзүй, бие махбод, оюун санааны сорилтууд бидний аян замд нөлөөлдөг ч үнэхээр чухал гэх зүйлийн хувьд бид Их Эзэний амьдралд маань зориулан бэлтгэсэн загварыг дагах эсэхээ чөлөөтэй сонгох орон зай бидний дотор бий. Үнэхээр “[гэрэлт] зам руу Есүс чиглүүлж, Бүх алхмыг зааж өг[сөн].

Христийн шавь нарын хувьд бид Түүний мөнх бус тохинууллынхаа үеэр тавьсан замаар алхахыг хүсдэг. Бид Түүний таалалд нийцсэн, Түүнд тааламжит бүхнийг хийхийг хүсдэг төдийгүй мөн Түүнийг үлгэрлэн дуурайхыг эрэлхийлдэг. Бид байгуулсан гэрээ бүрдээ үнэнч байж, “Бурханы амнаас гарах үг бүрээр” амьдрахыг хичээвэл хамгийн үнэтэй сувдаас биднийг холдуулан хөтлөх алдаатай гүн ухааны ойлголт, хуурамч сургаал гэх зэрэг дэлхийн нүгэл, гажуудлын эсрэг дархлаатай байх болно.

Хувь хүний хувьд би Христэд итгэлтэй шавь нар Бурханы мэлмийд тааламжит, нийцэхүйц зүйлсийг хийхийг сонгож, Түүнд ийнхүү сүнслэг байдлаар захирагдсанаар амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг харж, үүнээс урам зориг авч байсан. Номлолд явах эсэхээ шийдэж чадахгүй байсан нэгэн залуу Сүмийн ахмад удирдагч нь номлогчоор үйлчилсэн ариун нандин туршлага, хувийн гэрчлэлээ хуваалцахыг сонсоод номлолд явж, Их Эзэнд үйлчлэх сүнслэг нөлөө мэдэрснийг би мэднэ.

Одоо номлолоосоо буцаж ирсэн тэр залуу: “Би Аврагч Есүс Христийн төлөөлөгчийн гэрчлэлийг сонсоод, Бурханы намайг гэх хайрыг мэдэрч, тэр хайрыг бусадтай хуваалцахыг хүссэн. Яг тэр мөчид би айдас, эргэлзээ, түгшүүрээ ардаа орхиж, номлолд үйлчлэх хэрэгтэй гэдгээ мэдсэн. Би Бурханы хүүхдүүддээ өгөх адислал, амлалтад бүрэн итгэсэн. Одоо би шинэ хүн болсон, энэ сайн мэдээ үнэн, Есүс Христийн Сүм дэлхий дээр сэргээгдсэн гэдэг гэрчлэл надад бий” гэж хуваалцсан. Энэ залуу Их Эзэний замыг сонгож, бүхий л талаар жинхэнэ шавийн үлгэр жишээ болсон юм.

Нэгэн итгэлтэй бүсгүйгээс ажилладаг загварын компанийнхаа бизнесийн хэлтсийн хувцаслалтад нийцүүлэн даруу бус хувцаслахыг хүсэхэд тэр өөрийн жишгийг зөрчихгүй байхаар шийджээ. Бие махбод нь Тэнгэрлэг Эцэгийн өгсөн ариун нандин бэлэг бөгөөд Сүнс оршдог газар гэдгийг мэдэж байсан учраас тэр дэлхийнхээс илүү өндөр жишгээр амьдрахыг сонгосон. Тэрээр Есүс Христийн сайн мэдээний үнэний дагуу амьдарч байгааг нь харсан хүмүүсийн итгэлийг олоод зогсохгүй алдаж болох байсан ажлын байраа авч үлдэж чадсан юм. Дэлхийнхэнд бус Их Эзэний мэлмийд тааламжит зүйлийг хийх гэсэн түүний хүсэл нь түүнд хэцүү сонголт дунд гэрээгээ сахиснаар ирдэг итгэлийг өгсөн.

Ах, эгч нар аа, бид өдөр тутмын аян замдаа байнга үүнтэй төстэй шийдвэртэй тулгардаг. Түр зогсон, шударгаар мөн даруухнаар өөрөө өөрийгөө дүгнэж, Бурханд өөрсдийгөө захируулахад махан биеийн сул талууд саад болж болохыг хүлээн зөвшөөрч, эцэст нь өөрсдийнхөө бус Түүний замыг дагахаар шийдэх нь хүмүүнээс зоригтой, хүсэл эрмэлзэлтэй байхыг шаарддаг. Шавь байхын хамгийн том шалгуур бол өмнө нь ямар хүн байснаа ардаа орхиж, Бурханы тааллыг өөрийн болгохын тулд зүрх сэтгэл, бүхий л бодгалиа Түүнд захируулахад бэлэн байх явдал юм.

Мөнх бус амьдралын хамгийн гайхамшигт цаг мөчүүдийн нэг бол бидний үргэлж “хийх нь зөв гэж бодож байгаа зүйлс,” “Их Эзэнд тааламжит, нийцэхүйц зүйлстэй” нэгдэн нэг зүйл болох үед мэдрэгддэг баяр баясгаланг олж нээх үе билээ. Их Эзэний тааллыг шийдвэр төгс, эргэлзэхгүйгээр өөрийн болгох нь биднээс гайхамшигтай, баатарлаг шавь байхыг шаарддаг! Тэр гайхалтай мөчид бид Их Эзэнээр ариусгагдаж, бүх хүслээ Түүнд бүрэн даатгадаг. Ийм сүнслэг хүлцэнгүй байдал нь үнэхээр сайхан, хүчтэй, бас өөрчлөлт авчрахуйц байдаг.

Амьдралдаа Их Эзэний тааллыг дагах нь бидэнд дэлхий дээрх хамгийн үнэт сувд болох тэнгэрийн хаант улсыг олж авах боломжийг олгоно гэдгийг би та бүхэнд гэрчилж байна. Бидний хүн нэг бүр өөрийн цаг хугацаанд мөн ээлж нь ирэхэд Тэнгэрлэг Эцэгтээ мөн Аврагч Есүс Христэд хандан “Таны таалал бол минийх” хэмээн гэрээнийхээ дагуу итгэлтэйгээр тунхаглах болтугай хэмээн би залбирч байна. Би энэ бүхнийг Аврагч Есүс Христийн ариун нэрээр хэлж байна, амен.