Христийг дагах нь
Христийн дагалдагчдын хувьд бид өөрсдийн төгс Үлгэр дуурайл болсон Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг. Иймээс зөрчилдөөнөөс татгалзаж, Түүнийг дагацгаая.
“Ирээд, Намайг дага” хэмээх Аврагчийн урилга бүхий сайн мэдээг судлах төлөвлөгөө энэ жил сая сая хүнд сүнслэг урам өгч байна. Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш юм. Энэ бол хэдийд ч хаана ч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм. Есүс Христийн сургаал, үлгэр жишээ шавь бүрийнх нь замыг тодорхой болгож өгдөг. Бүх хүнийг энэ замаар алхахад урьдаг. Учир нь Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм; … мөн Бурханд бүгд адил” хэмээн бүх хүнийг Өөр лүүгээ ирэхэд урьдаг.
I.
Түүний тодорхойлсон “Хуулийн агуу тушаал”-д дуулгавартай байх нь Христийг дагах эхний алхам юм.
“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.
Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.
Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.
“Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба эш үзүүлэгчид тулгуурладаг гэлээ.”
Бурханы зарлигууд амьдрал дээр биднийг чиглүүлж, бидэнд тогтвортой урагшлах хүчийг өгдөг. Мөнх бус амьдралд бидний үзэж туулах зүйлс салхитай өдөр жаахан хүү аавтайгаа хамт цаасан шувуу хөөргөж байгаатай адил. Цаасан шувууг өндөрт хөөргөхөд салхи хүүгийн гарт дахь утсыг угзардаг. Мөнх бус амьдралын салхины хүчийг таньж мэдээгүй хүү цаасан шувууг илүү өндөрт хөөргөхийн тулд утсыг нь тастах санаа гаргав. Ухаант эцэг нь татгалзаж, энэ утас нь мөнх бус амьдралын салхинд цаасан шувууг тогтоон барьж байгаа гэдгийг тайлбарлав. Хэрэв бид утсыг таствал цаасан шувуу илүү өндөрт хөөрөхгүй төдийгүй салхинд туугдан хийсэж, газарт гарцаагүй унах болно.
Энэ чухал утас бол бидний Тэнгэрлэг Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христ хоёрыг бидэнтэй холбож байдаг гэрээнүүдийг төлөөлдөг. Бид Тэдний зарлигуудыг дагаж, гэтэлгэлийн төлөвлөгөөг сахих үед Тэдний амласан адислалууд бидэнд селестиел өндөрлөг өөд хөөрөх боломжийг олгодог.
Мормоны Номд Христ бол “дэлхийн гэрэл” гэдгийг байнга тунхагладаг. Амилсан Их Эзэн нифайчууд дээр зочлох үеэрээ “Би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ.” “Би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—миний үйлдэхийг та нар харсан тэдгээрийг хий” хэмээн энэ сургаалыг тайлбарласан юм. Тэр бол бидний үлгэр дуурайл. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны аминчлан захиснаар бид судруудыг судалж, бошиглолын сургаалуудыг дагаснаар Аврагчийн хэлж, үйлдсэн зүйлсийг ойлгож авдаг. Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолын үеэр бид “үргэлж түүнийг сана[ж], мөн … түүний зарлигуудыг сахих …” болно гэсэн гэрээг байгуулдаг.
II.
Мормоны Номд Их Эзэн бидэнд “Христийн сургаал” хэмээн Өөрийн нэрлэсэн сургаалын суурь зарчмуудыг өгсөн. Эдгээр нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих, бяцхан хүүхэд мэт болох буюу Их Эзэнд найдаж, Түүний биднээс шаардах бүхий л зүйлд хүлцэнгүй хандах зэрэг юм.
Их Эзэний зарлигууд нь Христийн сургаал шиг үүрдийн мөн түр зуурынх гэсэн хоёр төрөл байдаг. Түр зуурын зарлиг нь түр зуурын нөхцөл байдалд Их Эзэний Сүмийн эсвэл итгэлтэй хүмүүсийн хэрэгцээг шийдвэрлэхэд нэн чухал байх хэдий ч тухайн хэрэгцээ хангагдах үед хүчингүй болдог. Түр зуурын зарлигийн жишээнд гэгээнтнүүдийг Нью-Йоркоос Огайо, Миссури, Иллиной рүү нүүлгэж, эцэст нь анхдагчдыг Интэрмаунтин Вэст рүү удирдан авч явахад Их Эзэн Сүмийн эрт үеийн удирдагчдыг чиглүүлсэн явдал ордог. Хэдийгээр энэ зарлигууд түр зуурынх байсан ч тухайн үедээ заавал дагаж мөрдөх ёстой зарлигууд байв.
Зарим үүрдийн зарлигийг нийтээр дагаж мөрдөхөд нэлээн хугацааг зарцуулсан байдаг. Жишээ нь: Ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн аравны нэгийн тухай алдартай номлолд энэ нь эрт өгөгдсөнийг онцолдог ч Сүмийн гишүүд тэрхүү зарлигийг нийтээр дагадаггүй байв. Уг зарлигийг Сүмийн болон гишүүдийн туулж байсан тухайн нөхцөл байдалд дахин онцлох шаардлагатай байжээ. Сүм буюу Хожмын үеийн гэгээнтнүүдийн одоогийн нөхцөл байдлын улмаас дахин онцолсон жишээнүүд сүүлийн үед мөн шаардлагатай байсаар ирсэн. Эдгээрт нэгэн үеийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн танилцуулсан гэр бүлийн тунхаг, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны саяхны уриалга болох Сүмийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх илчлэгдсэн нэрээр нь олонд таниулах зэрэг орно.
III.
Аврагчийнхаа өөр нэгэн сургаалыг бидний өнөөдрийн нөхцөл байдалд дахин онцлох шаардлагатай мэт санагдаж байна.
Өнөө цаг үед олон нийтийн харилцаанд, заримдаа бүр бидний гэр бүлд ч хатуу ширүүн, сэтгэл өвтгөх үг хэллэг ашиглагдах болжээ. Олон нийтийн бодлого журамтай холбоотой асуудалд хандах эрс ялгаатай байдал нь олон нийтийн болон хувийн харилцаанд дайсагнал, үзэн ядалт бий болгож байна. Заримдаа энэ зөрчилт нөхцөл байдал нь нийтийн эрх ашгийн төлөө ямар нэг арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэж ихэнх иргэдийн үздэг чухал асуудал дээр хууль боловсруулахад саад учруулдаг.
Ийм хортой харилцааны үед Христийн дагалдагчид юу зааж, юу хийх ёстой вэ? Христ юуг зааж, үлгэрлэж байсан бэ?
Нифайчууд дээр айлчлах үеэрээ Есүсийн заасан анхны зарчмуудын нэг нь зөрчилдөөнөөс зайлсхийх тухай байсан нь чухал ач холбогдолтой. Хэдийгээр Тэр үүнийг шашны сургаалын маргааны хүрээнд зааж байсан ч, Түүний хуваалцсан шалтгаанууд нь улс төр, нийтийн бодлого журам, гэр бүлийн харилцаа, хамааралд тусгалаа олдог. Есүс ийн заасан.
“Зөрчилдөөний хандлагатай тэр нь минийх бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрийнх болой, мөн тэрбээр хүмүүсийн зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг болой.
Болгоогтун, хүмүүсийн зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уурлахаар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлс зогсох ёстой нь миний сургаал бөлгөө.”
Тохинууллынхаа үлдсэн хугацаанд нифайчуудын дунд байхдаа Есүс уг зарчимтай ихээхэн уялдах зөрчилдөөнийг хориглосон зарлигуудын талаар заажээ. Өмнө нь Тэрээр уулан дээрх агуу номлолынхоо үеэр сургаалаа нэг бүрчлэн заасныг библиэс бид мэддэг ч Тэр нифайчуудад яг ижил хэлээр тов тодорхой заасан байдаг. Би Библийн танил хэлээр эш татан ярья.
“Дайснуудаа хайрла, та нарыг зүхэх тэднийг адисал, та нарыг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн та нарыг өшөө хорсолтойгоор ашиглах мөн та нарыг хавчих тэдний төлөө залбир.”
Энэ бол Христийн хамгийн их танигдсан, өөрчлөлтийг шаардсан, дагахад хамгийн хэцүү зарлигуудын нэг юм. Гэсэн хэдий ч энэ бол Өөрийг нь дагах бүх хүнд хандсан урилгынх нь суурь зарчим юм. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй заахдаа: “Өөрсдийн нөхдөд амь биеэ үл хайрлан хайрладгаа харуулахаас илүүтэй Бурханыг хайрладгаа харуулах илүү дээр арга зам гэж үгүй” гэжээ.
Бидний үлгэр дуурайл болох Түүний заасан бас нэгэн үндсэн сургаалд: “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” гэж заасан.
Амар тайвныг тогтоогсод! Хэрэв Христийн дагалдагчид бүхий л харилцаандаа хатуу ширүүн, сэтгэл өвтгөм үгсийг ашиглахаа боливол хувийн харилцаанд нь ямар их өөрчлөлт гарах бол?
Өнгөрсөн жилийн Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд дараах уриалгыг өгсөн юм. Тэрээр:
“Есүс Христийн жинхэнэ дагалдагчийг хамгийн амархан тодорхойлж болох нэг арга зам бол тухайн хүн бусдыг хэрхэн өрөвдөн хайрлаж байгааг олж харах явдал юм.
Есүс Христийн жинхэнэ шавь нар амар тайвныг тогтоогчид байдаг.
… Аврагчид хүндлэл үзүүлэх хамгийн шилдэг арга замын нэг бол амар тайвныг тогтоогчид болох явдал юм. …
Сонгохгүй байх нь ч гэсэн сонголт юм. Амар тайвныг тогтоох ч гэсэн сонголт. Та зөрчилдөөн, эвлэрэл хоёрын аль нэгийг сонгох эрхтэй. Би та нарыг одоо бас үргэлж амар тайвныг тогтоогч байхыг сонгоорой хэмээн уриалж байна.”
Хэлэлцүүлгийн үеэр талууд бүх хүний хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмыг гаргаж тавьснаар эхлүүлэх ёстой байдаг.
Бид өөрсдийн төгс Үлгэр дуурайл болсон Түүнийг болон бошиглогчийг нь дагахдаа олонд танигдсан Алтан дүрэм болох “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд бүхий л зүйл дээр тийнхүү ханд. Үүнд л хууль ба эш үзүүлэгчид буй” гэдгийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид бүх хүнийг хайрлаж, тэдэнд сайныг үйлдэх хэрэгтэй. Бид зөрчилдөөнөөс зайлсхийж, бүх харилцаандаа амар тайвныг тогтоогчид байх ёстой. Энэ нь бид өөрсдийн зарчим, үнэт зүйлсийг үл хайхарна гэсэн үг бус харин бусдын зарчим, үнэт зүйлс рүү хатуу ширүүн дайрахаа болино гэсэн үг юм. Бидний төгс Үлгэр дуурайл болсон Тэрээр тохинууллынхаа үеэр ийн үйлджээ. Энэ бол Намайг дага хэмээн биднийг урихдаа Түүний үзүүлсэн үлгэр жишээ юм.
Дөрвөн жилийн өмнө энэхүү чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон бидний өнөөгийн өдөрт зориулсан дараах бошиглолын уриалгыг бидэнд өгсөн билээ.
“Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломжийг олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү?”
Христийн дагалдагчдын хувьд бид өөрсдийн төгс Үлгэр дуурайл болсон Есүс Христийн тухай зааж, гэрчилдэг. Иймээс зөрчилдөөнөөс татгалзаж, Түүнийг дагацгаая. Өөрсдийн хүсэж буй бодлого журмыг олон нийтэд илэрхийлэхдээ амар тайвныг тогтоогчдын үг хэллэг, арга замыг ашиглан, Түүний адислалуудыг хүртэхэд тэнцэхүйц болцгооё. Гэр бүлийн болон бусад хувийн харилцаандаа хатуу ширүүн, үзэн ядсан хандлага гаргахаас зайлсхийцгээе. Аврагчийнхаа адил ариун байхыг эрэлхийлцгээе. Мөн гэгээнтэн болоход бидэнд туслах Түүний адислалын төлөө тусламж хүсэн, Түүний нэрээр гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.