“10-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэний амьд бошиглогчийг дагах нь,” Сэргээлтийн үндэс Багшийн материал (2019)
“10-р хичээлийн бэлтгэх материал,” Сэргээлтийн үндэс Багшийн материал
10-р хичээл Хичээлд бэлтгэх материал
Их Эзэний бошиглогчдыг дагах нь
Амьд бошиглогчийн нөлөө, сургаалгүйгээр таны амьдрал ямар байх байсныг бод. Та суралцаж байхдаа, Их Эзэний бошиглогчдыг дагах нь таны амьдралд хэрхэн илүү их удирдамж, адислал авчрахыг эргэцүүлэн бод.
1-р хэсэг
Их Эзэний бошиглогчдыг дагахыг сонгосноор миний амьдрал хэрхэн адислагдах вэ?
Есүс Христийн Сүм зохион байгуулагдсан өдөр Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг “үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч мөн сүмийн ахлагч хэмээн дуудагдах болно” (Сургаал ба Гэрээ 21:1) хэмээн илчилсэн.
Их Эзэн дараа нь Түүний бошиглогчийг дагах тухай зарлиглаж, бошиглогчийг дагавал ирэх адислалуудыг гэгээнтнүүдэд тайлбарласан.
Дараа жил нь Их Эзэн Түүний болон бошиглогчдын дуу хоолой хоёрын хоорондын уялдаа холбооны талаар ахин давтан хэлжээ. Сүүлд нь Сургаал ба Гэрээ болсон Зарлигуудын номын оршил болох илчлэлтэд Их Эзэн “тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 1:38) хэмээн дахин заасан.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн гэрчилжээ.
Бошиглогчтой байх нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн мөн чанарыг Тэдний хүмүүст мэдүүлдэг. …
[Их Эзэний бошиглогчдыг] дагаснаар бидний амьдрал илүү аз жаргалтай, төвөг багатай, бэрхшээл, асуудлууд маань туулахад амар хялбар болж, энэ өдрүүдэд бидэн рүү довтлох дайсны дайралтуудаас хамгаалах сүнслэг хуяг дуулгыг бий болгодог. (Үлиссэс Соарэс, “Бошиглогчид Ариун Сүнсний хүчээр ярьдаг,” Ensign, May 2018, 99 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124)
2-р хэсэг
Их Эзэний бошиглогчдын үгсийг хэрхэн “тэвчээр хийгээд итгэлд” (Сургаал ба Гэрээ 21:5) хүлээн авч болох вэ?
Заримдаа Их Эзэний бошиглогчдын зөвлөгөө, сургаалыг дагаж мөрдөхөд танд хэцүү байж болно. Энэ нь тэдний хэлсэн үгийн шалтгааныг бүрэн ойлгоогүй тохиолдолд ийм байж болох юм. Эсвэл тэдний сургаал нийгмийн түгээмэл үзэл бодол, зан үйлтэй эсвэл таны хувийн үзэл бодол, гэр бүлийн уламжлалтай зөрчилдсөн тохиолдолд хэцүү болж болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн дараах зөвлөгөө, амлалтыг өгчээ.
Заримдаа та нарын үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалуудтай эхэндээ бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайх. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч билээ. Бид цаг хугацаа өнгөрөх тусам Тэнгэрлэг Эцэгээс илүү сүнслэг тодорхой байдлыг хүлээн авна гэдгийг ойлгон, Бурханд найдаж, итгэлтэйгээр урагшилдаг. …
… Бурханы бошиглогчийн үгийг залбирч судлан, түүний сүнслэг өдөөлтөөр ирсэн сургаалтай өөрийн хүслийг анхааралтай, тэвчээртэй, сүнслэгээр нийцүүлэх юм бол Их Эзэн Есүс Христэд итгэх бидний итгэл үргэлж өсдөг гэдгийг би амьдралаасаа олж мэдсэн билээ. Хэрэв бид түүний зөвлөгөөг үл тоомсорлож, өөрсдийгөө илүү дээр мэдлэгтэй гэж бодвол итгэл маань шаналж, мөнхийн хэтийн төлөв маань тодорхой бус болно. Та нар бошиглогчийг дагах шийдвэр төгс хэвээр байснаар Аврагчид итгэх та нарын итгэл өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна. (Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” Ensign, May 2018, 26–27 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 30–31)
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр ажиллаж байсан ахлагч Кэрол Ф.Макконки ийн заасан.
Бид бошиглогчийн үгэнд анхаарлаа хандуулж, түүнийг дэмжин баталснаар Их Эзэний таалал, мэргэн ухаанд, мөн Түүний цаг хугацаанд даруухнаар захирагдах итгэлтэй байх болно гэдгээ илэрхийлдэг.
Бошиглогчийн үг үндэслэл муутай, яршигтай, биелүүлэхэд хэцүү юм шиг санагдсан үед ч гэсэн бид үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дэлхийн жишгээр бол, бошиглогчийг дагах нь нийтэд өргөн дэлгэрээгүй бөгөөд улс төрийн хувьд буруу эсвэл нийгмээр хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Гэвч бошиглогчийг дагах нь үргэлж зөв байдаг. …
Бошиглогчдын үгсийг анхаарч үзвэл, бид өөрсдийн гэр орон, амьдралыг мөнхийн бат бэх суурь буюу “Бидний Гэтэлгэгчийн хадан дээр болох Христ, Бурханы Хүү” дээр барьдаг [Хиламан 5:12]. (Кэрол Ф.Макконки, “Бошиглогчдын үгсийг дагаж, амьдарцгаая,” Ensign, Nov. 2014, 77, 79 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87, 89)
Сүмийн түүхийн дараах жишээ нь Их Эзэний амьд бошиглогчдын үгсийг тэвчээртэй, итгэлтэйгээр хүлээж авах нь ямар утгатай болохыг харуулахад тусална. Одоо Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн байгаа алдар суугийн хаант улсын талаарх үзэгдлийн тухай (мөн “Үзэгдэл (С&ба Г 76),” ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү) ерөнхийлөгч Бригам Янг ийн хэлжээ.
Бурхан хүмүүсийн хүлээн авсан гэрлээр нь болон нүгэл хилэнцийг няцааж, сайныг үйлдсэнээр нь бүгдэд зориулан бэлтгэсэн тийм газар байгаа гэдгийг Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт илчлэхэд, энэ нь олон хүнд асар хэцүү сорилт болсон ба Бурхан Өөрийг нь мэддэггүй хүмүүсийг болон нярай хүүхдүүдийг үүрдийн шийтгэл рүү илгээхгүй, харин ч тогтоосон цагт бүгдэд зориулсан авралын газартай байж мөн тэднийг хэзээ нэгэн цагт сүмд харьяалагддаг байсан эсэхээсээ үл хамааран үнэнч, ариун журамтай, шударга байвал адислагдах болно гэснээс болж зарим нь урвасан юм. Энэ бол энэ үеийнхэнд шинэ сургаал байсан бөгөөд олонх нь үүнд бүдэрчээ. (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 292)
Бригам Янгийн хувьд эхэндээ энэ сургаалыг хүлээн авахад хэцүү байв. Тэрбээр “Миний уламжлал ийм байсан тул анх Үзэгдлийг үзэхэд энэ нь миний өмнө олж авсан боловсролтой эрс нийцэхгүй, эсрэг зүйл байсан юм. Би түр хүлээгээч гэж хэлж билээ. Би татгалзаагүй ч ойлгохгүй байв. … Би үүнийг өөрөө бүрэн ойлгож, мэдэж автлаа тунгаан бодож, залбирч, уншиж, эргэцүүлэх хэрэгтэй байв” гэж хэлжээ (Journal of Discourses, 6:281).
3-р хэсэг
Надад үнэн сургаалыг заахад бошиглогчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Сүмийн түүхийн эхэн үед Иосеф Смит хуурамч сургаалд хууртагдсан Сүмийн гишүүдийн талаар Их Эзэнээс тусламж хүсэв.
[Сүмийг зохион байгуулснаас хойш хэдэн сарын дараа Иосеф Смит] [Мормоны Номын] найман гэрчийн нэг, Аароны санваарын багш Хайрам Пейж өөрийнхөө үзэл бодлоор үзмэрч чулуугаар дамжуулан Сүмийн өмнөөс илчлэлт эрэлхийлж эхэлснийг мэджээ. Эдгээр илчлэлт Бурханаас ирсэн гэдэгт олон гэгээнтэн итгэсэн байв.
Иосеф хямралтай тулгарч байгаагаа мэдэж байлаа. Хайрамын илчлэлтүүд судрын хэллэгийг дуурайсан байв. Тэдгээр нь Сионыг байгуулах болон Сүмийн зохион байгуулалтын талаар ярьдаг байсан ба зарим үед Шинэ Гэрээтэй болон Их Эзэний Иосефоор дамжуулан илчилсэн үнэнүүдтэй зөрчилдөж байлаа.
Юу хийхээ мэдэхгүй байсан Иосеф нэг шөнө залбирч, удирдамж хүсжээ. (Гэгээнтнүүд: Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р хэсэг, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 97)
Иосеф Смитийн залбирлын хариуд Их Эзэн Сургаал ба Гэрээ 28-д цэдэглэсэн илчлэлтийг өгсөн ба энэ нь Иосефын Сүмийн бошиглогчийн өвөрмөц үүргийг тодотгодог.
Их Эзэн мөн Хайрам Пейжийн бичсэн зүйлс Бурханаас ирээгүй гэдгийг тунхагласан (Сургаал ба Гэрээ 28:11-ийг үзнэ үү). Энэхүү илчлэлтийг өгсний дараахан “гэгээнтнүүд Хайрамын илчлэлтээс татгалзаж, Иосефыг Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авах цорын ганц хүн хэмээн дэмжиж баталжээ” (Гэгээнтнүүд, 1:98).
Их Эзэний амьд бошиглогчид Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авах түлхүүрийг атгадаг тул мөн Сүмийн гишүүдэд сургаалыг зааж, тодруулах үүрэгтэй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Сүмд өнөөдөр яг л эрт үеийнхтэй адил, Христийн сургаалыг тодотгох эсвэл сургаалын зөрчилтэй байдлыг залруулах явдал нь төлөөлөгчийн эрх мэдлийг Их Эзэнээс хүлээн авсан хүмүүст ирдэг бурханлаг илчлэлтүүдээр шийдэгддэг. …
Тэдэнд Бурханы оюун ухаан болон тааллыг хүмүүст нь заах эрх мэдэл, хүч байдаг бөгөөд тэд Сүмийн ерөнхийлөгчийн бүхий л хүч, эрх мэдэлд харьяалагддаг. …
Аврагч Өөрийн хүсэл, сургаалыг бошиглогч, үзмэрч, илчлэгчдэд хэрхэн харуулдаг вэ? Тэрээр элчээр дамжуулах юм уу Өөрөө хүрч ирж ч болдог. Есүс Өөрийн эсвэл Ариун Сүнсний дуу хоолойгоор ярьж болно … (1 Нифай 17:45; Сургаал ба Гэрээ 9:8-ыг үзнэ үү). Тэр Өөрийн үйлчлэгчидтэй ганцаарчлан эсвэл хоорондоо зөвлөлдөж байхад нь ярьж болдог (3 Нифай 27:1–8-ыг үзнэ үү). …
… Сүмийн өнгөрсөн болон орчин үеийн удирдагчийн хэлсэн үг болгоныг сургаал гэж үзэх ёстой биш гэдгийг бас санах хэрэгтэй. Нэгэн удирдагчийн нэг удаа хэлсэн үг өөрийнх нь хувийн, тунгаан бодсон үзэл бодлыг нь л илэрхийлдэг болохоос, бүхэл Сүмийн хувьд албан ёсны зүйл биш гэдгийг Сүмийн гишүүд ойлгодог. (Д.Тодд Кристоффэрсон, “Христийн сургаал,” Ensign, May 2012, 86–88 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93–97)
Ахлагч Андэрсэн үнэн сургаалыг Их Эзэнээс сонгогдсон, амьд бошиглогчид үргэлж зааж сургадаг болохыг ийн тайлбарласан.
Хэдэн арван жилийн өмнө Сүмийн нэг удирдагчийн хэлсэн үг манай Сүмийн сургаалтай нийцэхгүй байгаа юм шиг санагдсан үед цөөхөн хүн өөрсдийн итгэлд эргэлзсэн явдал бий. Сүмийн сургаалд удирдлага болгодог нэг чухал зарчим байдаг. Аль нэг сургаалыг Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын 15 гишүүн бүгд адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй. Үнэн зарчмуудыг олон удаа, олон хүн заадаг. Бидний сургаалыг олоход хэцүү биш. (Нийл Л.Андэрсэн, “Итгэлийн тань сорилт,” Ensign, Nov. 2012, 41 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49)