Гэр бүлд зориулсан эх сурвалж
Оршил


“Оршил,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), v–vi

“Оршил,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, v–vi

Оршил

Энэхүү цуврал хичээлийн зорилго

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа гэсэн энэ цуврал хичээл нь Сүмийн гишүүдэд гэрлэлт, гэр бүлээ хүчирхэгжүүлэх, гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход туслах зорилготой. Энэ нь хоёр хэсэгт хуваагддаг. “Гэрлэлтээ хүчирхэгжүүлэх” гэсэн А хэсэг нь ялангуяа гэрлэсэн хосуудад болон гэрлэхээр зэхэж буй гишүүдэд тус болох юм. “Гэр бүлийг хүчирхэгжүүлэхэд гүйцэтгэдэг эцэг эхийн үүрэг хариуцлага” гэсэн Б хэсэг нь эцэг эх, эмээ өвөө нарт “[хүүхдүүдээ] Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүлэх” (Ефес 6:4)-ээр хичээж чармайхад тусална.

Энэ цуврал хичээл нь судар болон хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн заасан сургаал, зарчмууд дээр үндэслэгдсэн. Энэ нь энэ судлах удирдамжийн iv хуудсан дээрх “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т онцгой анхаарал хандуулдаг.

Энэхүү цуврал хичээлийн тоймыг vii–viii хуудаснаас үзнэ үү. Ойлгож мэдсэн сургаал, зарчмуудаа эргэж харан, дараагийн хичээлдээ бэлдэхийн тулд энэхүү тоймыг байнга уншиж бай.

Цуврал хичээлд өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн суух

Та өөрийн хувийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хичээлд сууж болно. Жишээлбэл, хэрэв та гэрлэсэн ч хүүхэдгүй бол сүүлийн найман хичээлд суулгүй эхний найман хичээлд сууж болно. Хэрэв та ганц бие эцэг эх бол зөвхөн Б хэсгийн хичээлүүдэд сууж болно.

Цуврал хичээлд оролцох

Та энэхүү цуврал хичээлд хамрагдсанаар гэр бүлээ хүчирхэгжүүлэх хүсэлтэй байгаагаа харуулж байгаа юм. Цуврал хичээлийн ашиг тусаас бүрэн хүртэхийн тулд та ангийн ярилцлагад оролцох хэрэгтэй. Сурч мэдсэн сургаал, зарчмуудаа амьдралдаа хэрэгжүүлэхдээ энэ гарын авлагыг ашигла.

Ангид өрнөж буй ярилцлагад оролцох

Та болон бусад оролцогч ангийн ярилцлагад оролцсоноор Ариун Сүнсний нөлөөг урьж, нэг нэгэндээ зааж, урамшуулан дэмжих болно. Их Эзэн: “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (С ба Г 88:122) хэмээн хэлсэн.

Цуврал хичээлд оролцсон бүх хүн гэрлэлтийн эсвэл хүүхэд өсгөх талаар туршлагатай эсэхээс үл хамааран бие биеэсээ суралцах боломжтой. Хичээлтэй холбоотой туршлагаа хуваалцаж, бусдыг мөн хуваалцаж байхад хүндлэн сонсох юм бол ангиас асар их зүйлийг сурч мэдэх болно. Ярилцсан үнэнийхээ талаар гэрчлэх нь таны болон бусдын гэрчлэлийг хүчирхэгжүүлнэ. Гэхдээ ангийн ярилцлагаар тохиромжгүй хувийн, нууцлаг зүйлсээ ярихаас болгоомжил. Та мөн анги нь цагийн хязгаартай гэдгийг санаж, багш, бусад оролцогчийг бодолцох ёстой.

Энэ гарын авлагыг ашиглах

Хичээл бүрийн дараах долоо хоногт энэ гарын авлагыг ашиглан, сурч мэдсэн зүйлээ эргэн харна уу. Гарын авлагад “Хэрэгжүүлэхэд зориулсан санаанууд” орсон бөгөөд эдгээр нь хичээл болгоноос сурч мэдсэн сургаал, зарчмынхаа дагуу амьдрахад тань тусална. Үүнээс гадна, хичээл бүрд Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэг эсвэл хоёр өгүүллийг оруулсан. Хэрэв та гэрлэсэн бол ханьтайгаа хамт өгүүллүүдийг уншиж, ярилцах нь тустай байх болно.

Зарим өгүүлэл нь Ерөнхий чуулган юм уу өөр үйл ажиллагаан дээр хэлсэн үг байхад заримыг нь Сүмийн сэтгүүлд зориулан бичсэн болно. Тэдгээрийг өөр өөр хэвлэлээс авсан тул энэ гарын авлагын бичлэгийн хэвд тааруулах зорилгоор бага зэрэг өөрчилсөн. Жишээлбэл, Ерөнхий чуулганы үгийн зарим оршил хэсгийг хасаж, зарим гарчиг, эшлэлийг өөрчилсөн. Сургаалын хувьд өөрчлөөгүй.

Ойлгож мэдсэн сургаал, зарчмуудаа амьдралд хэрэгжүүлэх

Сайн мэдээнээс зөвхөн суралцах нь хангалтгүй. Сайн мэдээг амьдралдаа үр дүнтэй байлгахын тулд бид сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрах ёстой. Сүмийн 11 дэх ерөнхийлөгч Харолд Б.Лий ийн зөвлөсөн.

“Сайн мэдээний бүх зарчим, ёслол нь нэг талаараа сайн мэдээний сургаалыг амьдралд хэрэгжүүлэх замаар сурч мэдэх урилга юм. Хэн ч аравны нэгийг төлөх хүртлээ аравны нэгийн зарчмыг мэдэхгүй. Хэн ч мэргэн ухааны үгийг сахихгүйгээр мэргэн ухааны зарчмын талаар олж мэдэхгүй. Аравны нэг, мэргэн ухааны үг, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих эсвэл залбирах гэсэн зарчмуудын талаар хэн нэгний ярихыг сонсоод хүүхдүүд, бүр томчууд ч гэсэн үүнд хөрвөгдөх боломжгүй юм. Бид сайн мэдээний дагуу амьдарсан үед л үүнийг мэдэж авдаг. …

… Бид үнэндээ зарчим бүрийн дагуу амьдарснаар ирэх адислалуудыг мэдрэх хүртлээ сайн мэдээний сургаалын талаар сурч мэдэх нь үгүй” (Stand Ye in Holy Places [1974], 215).

Нэмэлт эх сурвалж

Сүмээс хэвлэгдэн гарсан дараах материалууд нь энэ цуврал хичээлээр яригдсан сэдвүүдийн талаар нэмэлт мэдээлэл өгөх болно. Эдгээрийг Сүмийн хангамжийн төвөөс авах боломжтой. Та эдгээр материалыг авч, гэртээ ашиглах хэрэгтэй.

  • Гэр бүлийн удирдамж (31180). Энэ удирдамж нь гэр бүлийн зохион байгуулалтыг тайлбарлаж, сайн мэдээг гэр орондоо заах талаар мэдээлэл өгч, санваарын ёслол, адислалуудын үйл явцыг тоймлон тайлбарладаг.

  • Сүмийн сэтгүүл дээрх гэрлэлт, гэр бүлийн тухай өгүүллүүд

  • Family Home Evening Resource Book (31106). Энэ ном нь гэр бүлийн үдшийн хичээлийг бэлтгэхэд эцэг эх, хүүхдүүдэд тусалдаг (3–160, 173–232-р хуудас). Энд гэр бүлийн үдшээ амжилттай хийх (163–170-р хуудас) санаанууд орсон байдаг бөгөөд хүүхдүүддээ тодорхой зарчим, үүрэг хариуцлагыг заах зөвлөмжүүд орсон (235–262-р хуудас). Энд мөн гэр бүлийн үйл ажиллагааны санаанууд орсон (265–340-р хуудас).

  • Teaching, No Greater Call (36123). Энэ материалд Сүмийн гишүүдийг сайн мэдээний багшийн хувьд өсөж хөгжихөд туслах зарчим, практик зөвлөмжүүд орсон. Part D, “Teaching in the Home” (125–148-р хуудас) нь нэн ялангуяа эцэг эхчүүдэд тустай.

  • Teaching Guidebook (34595). Энэ удирдамж нь сайн мэдээг заах, сурах үйл явцаа сайжруулахад зориулсан зөвлөмжийг өгдөг.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (34285). Энэ товхимолд болзоо, хувцаслалт, гадаад төрх байдал, нөхөрлөл, үнэнч шударга байдал, үг яриа, мэдээллийн хэрэгсэл, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд, дуу хөгжим, бүжиг, бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, ням гарагт баримтлах зүйлс, наманчлал, зохистой байдал ба үйлчлэлийн талаарх Сүмийн жишгүүдийн тойм орсон.

  • A Parent’s Guide (31125). Энэ гарын авлагад биеийн дотно харьцааны тухай хүүхдүүддээ заахад эцэг эхчүүдэд туслах зөвлөмж бий.

  • Guidebook for Parents and Guardians of Handicapped Children (31123). Энэ удирдамжид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан зөвлөмж байгаа. Энд бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахад нь эцэг эхчүүдэд болон бусдад тусалдаг, Сүмийн хэвлэн гаргасан материалуудын талаарх мэдээлэл орсон.

  • Cornerstones of a Happy Home (33108). Энэ товхимолд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байхдаа хэлсэн үгийг оруулсан.

  • Being a Righteous Husband and Father (35402). Энэ товхимолд Сүмийн 14 дэх ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн үг орсон.

  • One for the Money: Guide to Family Finance (33293). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны гэр бүлийн төсвөө зохицуулах практик зөвлөмж энэ товхимолд багтсан.

Хэвлэх