Гэр бүлд зориулсан эх сурвалж
1-р хичээл: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг’


“1-р хичээл: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг’” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 3–7

“1-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 3–7

1-р хичээл

“Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (iv хуудсыг) унш. Энэхүү бошиглолын зөвлөгөөг илүү сайн дагах шийдвэр төгс бай.

  • Сүмийн хангамжийн төвөөс “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (35602 эсвэл 35538)-ийн зурагт хуудсыг ав. Уг зургийг гэртээ ил газарт байрлуул.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрвээ та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
ахлагч Боид К.Пакэр

Аз жаргалын агуу төлөвлөгөө

Ах, эгч нар аа, судрууд болон төлөөлөгч, бошиглогчдын сургаалууд нь бидэнд мөнх бус байдлын өмнөх амьдралдаа биднийг Бурханы сүнсэн хүүхдүүд, охид хөвгүүд байсныг хэлж өгдөг.1 Хүйсийн асуудал өмнө нь оршиж байсан ба энэ нь мөнх бус амьдралд төрснөөр эхлээгүй юм.2

Тэнгэр дэх агуу зөвлөлд3 Бурханы төлөвлөгөөг4 авралын төлөвлөгөө,5 гэтэлгэлийн төлөвлөгөө,6 аз жаргалын агуу төлөвлөгөө7 хэмээн танилцуулжээ. Төлөвлөгөө нь нотолгоотой тул бүгд сайн муугийн хооронд сонгох ёстой.8 Түүний төлөвлөгөө нь Гэтэлгэл, Цагаатгал, Амилалтыг өгдөг бөгөөд хэрэв бид үүнийг дагавал Бурханы оршихуйд эргэж очих боломжийг олгодог.

Дайсан эсэргүүцэн өөрийн төлөвлөгөөг гаргасан.9 Түүнийг дагасан хүмүүс мөнх бус махбодыг хүлээн авах эрхээ алдсан.10 Бидний энд байгаа нь Эцэгийнхээ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрснийг баталдаг.11

Люсиферийн цорын ганц зорилго бол аз жаргалын агуу төлөвлөгөөг бусниулж, хамгийн ариун нандин, сайн сайхан, сэтгэл татам үйл явдлуудыг буюу хайр дурлал, гэрлэлт, эцэг эх болох явдлыг сүйтгэх явдал юм.12 Уй гашуу, гэм буруугийн13 сүг сүүдрүүд түүнийг дагадаг. Зөвхөн наманчлал түүний учруулсан зовлон шаналлыг эдгээх чадалтай.

Бурханы төлөвлөгөө гэрлэх, гэр бүлтэй байхыг шаарддаг

Аз жаргалын төлөвлөгөө нь эр, эм мөн эхнэр, нөхрийн хооронд зөв шударга харилцаа холбоотой байхыг шаарддаг.14 Сургаал нь бидний биеэ авч явах байдалд хамгийн ихээр нөлөөлдөг төрөлхийн дур хүслээ хэрхэн хянахыг бидэнд заадаг.

Бурханы дүр төрхөөр бүтээсэн бие махбодыг Адамд зориулан бүтээсэн15 ба түүнийг Цэцэрлэгт аваачсан.16 Адам эхэндээ ганцаараа байв. Тэрээр санваар атгадаг байсан17 ч бүтээгдсэн зорилгоо ганцаар гүйцэлдүүлж чадахгүй байлаа.18

Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй байв. Ганцаараа ч, өөр эрэгтэй хүмүүстэй хамт байсан ч Адам өсөж хөгжихгүй байх байсан. Ева ч өөр эмэгтэйтэй хамт байснаар өсөж хөгжихгүй байв. Тэр үед ч ийм байсан, одоо ч гэсэн ийм хэвээр.

Еваг туслагч болгон бүтээсэн. Гэрлэх ёсыг танилцуулж,19 Адамд эхнэртэйгээ (зүгээр аль нэгэн эмэгтэйтэй биш) нэгдэн нийлж, “өөр хэнтэй ч”20 нэгдэн нийлэхгүй байхыг зарлиглажээ.

Евад өөр сонголт бараг байгаагүй гэж хэлж болох юм.21 Гэвч түүний гаргасан шийдвэрт талархах ёстой. Учир нь “Адам хүмүүн байж болохын тулд унасан.”22

Ахлагч Орсон Ф.Витний Уналт нь “урагшаа ахисан, доош унасан гэсэн хоёр талтай. Энэ нь хүмүүнийг дэлхийд авчран, түүний хөлийг хөгжил дэвшлийн хурдны зам дээр тавьсан юм”23 хэмээн тайлбарлажээ.

Бурхан Адам, Ева хоёрыг адислан, “Үржиж, олширцгоог!”24 хэмээв. Ийнхүү гэр бүл үүссэн.

Бурханы өмнө эрэгтэй, эмэгтэй хүн эн тэнцүү үнэ цэнтэй

Бурханы мэлмийн өмнө эмэгтэй хүн байснаас эрэгтэй хүн байх нь дээр эсвэл Тэрээр хөвгүүдээ охидоосоо илүү үнэлдэг гэсэн ямар ч мэдээлэл илчлэлтэд байдаггүй.

Судруудад бичигдсэн хайр, баяр баясгалан, амар амгалан, бурханлаг байдал, ач ивээл гэх мэт ариун журмыг эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хуваалцдаг25 ба мөнх бус амьдралын хамгийн дээд түвшний санваарын ёслолыг эрэгтэй, эмэгтэй хүн зөвхөн хамтдаа байж хүртдэг.26

Уналтын дараа мөнх бус төрөлт байгалийн хуулинд захирагдах болсон. Ерөнхийлөгч Бага Рубэн Ж.Кларк янз бүрийн гажиг, согог, доголдлыг байгалийн “доог тохуу”27 хэмээн нэрлэсэн байдаг. Хүмүүний оюун ухаанд эдгээр нь шударга бус санагдаж болох ч энэ нь хүн төрөлхтнийг сорих гэсэн Их Эзэний зорилготой ямар ч байсан нийцдэг.

Зохистой зөн совин бүрээ дагах, зөв шударга өдөөлт бүрд хариулах, өргөмжлөлд хүргэх хүмүүний бүхий л харилцаанд орох нь Есүс Христийн сайн мэдээний сургаалд зориулагдан, үүгээр зөвшөөрөгдсөн бөгөөд Түүний Сүмд илчлэгдсэн зарлигуудаар хамгаалагдсан байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг

Адам, Ева хоёр зөвхөн байгалиас заяагдсан шинж чанараараа өөр өөр байж л өсөн үржиж, дэлхийг дүүргэх байсан.28 Нэг нэгнийхээ дутууг нөхдөг ялгаатай байдал нь авралын төлөвлөгөөний гол түлхүүр юм.

Зарим үүрэг нь эр хүйстэнд илүү тохирч байхад зарим нь эм хүйстэнд илүү тохирдог. Судруудад болон байгалийн жам ёсонд эрэгтэй хүнийг хамгаалагч, тэжээгчээр тодорхойлсон байдаг.29

Сүмийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой санваарын үүрэг хариуцлага нь гэрээс гадуур хийх шаардлагатай ажил юм. Тэнгэрлэг дуудлагын дагуу тэдгээрийг эрэгтэйчүүдэд хариуцуулан өгсөн. Эхлэлээс авахуулан ийм байсаар ирсэн бөгөөд Их Эзэний илчилснээр “санваарын энэ дэг жаягийг эцгээс хүүд уламжлуулан өгөгдөхөөр баталсан байна. … Энэхүү жаяг нь Адамын өдрүүдэд үндэслэгдэн бий болжээ.”30

Өргөмжлөл хүртэхэд санваар атгах нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс илүү давуу эрхийг олгодоггүй. Эмэгтэй хүн нь мөн байгалиасаа Бурханы хамтран бүтээгч байдаг бөгөөд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гол үүрэгтэй. Төгөлдөржиж, өргөмжлөгдөхөд хамаатай шинж төрх, зан чанарууд нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан байдаг ба гэрлэж, эх хүн болсноор улам бүр хөгждөг.

Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөнд нийцүүлэхийн тулд санваарт зөвхөн зохистой эрчүүдийг томилдог. Байгалийн хууль, Бурханы илчилсэн үгс хоёр нь харилцан уялдаа холбоотой ажилладаг бөгөөд энгийнээр хэлэхэд хамгийн тохирох арга зам юм.

Санваарыг дагалдаж гайхамшигт үүрэг хариуцлага ирдэг. “Хүч буюу нөлөө нь санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах буюу байх ёстой ажгуу.”31

Хүмүүн нь ямар нэгэн байдлаар “хянах, эзэгнэх, эсвээс албадах [үед] …”32 тэрээр “санваарт хамаарагддаг тангараг хийгээд гэрээ[гээ]”33 зөрчиж байгаа хэрэг. Тиймээс “тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой.”34 Наманчлахгүй л бол тэрээр адислалуудаа алдах болно.

Хэдийгээр өргөмжлөгдсөн селестиел тунхаглалуудад эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөр үүрэг даалган өгсөн байдаг ч тэдгээрийг гэр бүлийн амьдралын бодит, жирийн, энгийн туршлагаас олж харах боломжтой.

Саяхан ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн нэг хүн ач, зээ нар нь яагаад дандаа өвөөгийндөө гэхгүй, эмээгийндээ очно гэж ярьдгийг ойлгохгүй байгаагаа гомдоллон ярихыг би сонссон. Би “Өвөө нар бялуу хийдэггүй шүү дээ” хэмээн үүний нууцыг түүнд тайлж өгсөн юм.

Байгалийн болон сүнслэг хуулиуд мөнхийн болой

“Амьдралыг захиран удирддаг байгалийн болон сүнслэг хуулиуд нь дэлхийн үүслээс өмнө тогтоогдсон байсан юм.35 Энэ нь тэдгээрийг дуулгавартай дагах эсвэл дуулгавартай дагахгүй байхаас ирдэг үр дагавруудын адил мөнхийн юм. Тэдгээр нь нийгмийн эсвэл улс төрийн санал бодол дээр тулгуурладаггүй. Тэдгээр нь өөрчлөгддөггүй. Ямар ч дарамт шахалт, эсэргүүцэл, хууль журам тэдгээрийг өөрчилж чадахгүй.

Олон жилийн өмнө би индианчуудын семинарыг хариуцан ажилладаг байв. Альбукерке дахь сургуульд айлчлан очиход сургуулийн захирал нь надад нэгдүгээр ангийнхны дунд болсон үйл явдлын талаар ярьсан юм.

Хичээлийн үеэр муурын зулзага ангид орж ирэн, хүүхдүүдийн анхаарлыг сарниулжээ. Уг зулзагыг бүгдэд харуулахаар ангийн өмнө авчирсан байна.

Нэг хүүхэд “Наад муурын зулзага чинь охин юм уу хүү юм уу?” гэж асуусан аж.

Багш нь яриа ийн өрнөхөд бэлтгэлгүй байсан тул “Ямар байх нь хамаагүй. Зүгээр л муурын зулзага шүү дээ” гэжээ.

Харин хүүхдүүд зөрүүдэлж, нэг хүү “Охин уу, хүү юү гэдгийг нь бид яаж мэдэхийг би мэднэ” гэв.

Шалаанд орсон багш нь “За, тэгвэл энэ муурын зулзага охин уу эсвэл хүү юү гэдгийг нь яаж мэдэж болохыг чи бидэнд хэл” гэжээ.

Гэтэл тэр хүү “Бид энэ талаар санал хурааж болно” гэсэн байна.

Зарим зүйл өөрчлөгддөггүй. Сургаалыг өөрчлөх боломжгүй.

Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф “хүмүүний үр хүүхдийн аврал, өргөмжлөлийн зарчмуудыг хэзээ ч устгаж, үгүй хийж чадахгүй. Эдгээр зарчмыг ямар ч эрэгтэйчүүд [эсвэл эмэгтэйчүүд] нэгдэн нийлснээр устгаж чадахгүй. Эдгээр нь хэзээ ч устаж үгүй болохгүй зарчим юм. Эдгээр нь хүмүүний гарт баригдаж, устгагдах боломжгүй. Дэлхийнхэн бүгдээрээ нэгдэн нийлсэн ч эдгээр зарчмыг устгахад чадал нь хүрэлцэхгүй. Эдгээр зарчмын өчүүхэн, жижигхэн хэсэг ч хэзээ ч устахгүй.”36

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр эрчүүдийг дайн тулаанд дуудаж байсан. Дэлхий даяар онцгой байдлын улмаас эхнэр, ээжүүдийг түүхэнд урьд хожид байгаагүй олноор нь ажилд татаж байлаа. Дайнд хамгийн хүнд нэрвэгдсэн хэсэг бол гэр бүл байв. Үүний үр дүнг одоо ч мэдэрч болно.

Өсөн нэмэгдэж, газар дэлхийг дүүргэ

1942 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар Тэргүүн Зөвлөл “бүх газар нутаг, дэвсгэр дэх гэгээнтнүүдэд” хандан захиас хүргэсэн. Уг захиастаа тэд “Сүмийн Тэргүүн Зөвлөлийн хувьд бид өөрт байгаа эрх мэдлийнхээ ачаар өөрсдийн хүмүүст ийн сэрэмжлүүлж байна” гээд,

“Адам, Ева хоёрт хамгийн эхэнд өгсөн зарлигуудынхаа нэгэнд Их Эзэн “Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэ[цгээг]” хэмээсэн байдаг. Тэрээр өнөө үед уг зарлигаа ахин өгсөн. Тэрбээр үүгээр дамжуулан энэхүү, эцсийн эрин үедээ гэрлэлтийн гэрээний мөнхийн зарчмыг дахин нэг удаа илчилсэн.

Их Эзэн бидэнд эхнэр, нөхөр бүрийн эрхэм үүрэг бол Адамд өгсөн өсөн үржиж, дэлхийг дүүргэх зарлигийг дагах явдал бөгөөд ийн дагаснаар махбодын асраа хүлээж буй тоймгүй олон сонгогдсон сүнс энд ирж, Бурханы агуу загварын дагуу төгс төгөлдөржсөн бодгаль болохоор урагш явах боломжтой. Учир нь тэрхүү махбодын асаргүйгээр тэд Бурханы төлөвлөсөн хувь заяандаа хүрч чадахгүй билээ. Тиймээс, эхнэр, нөхөр бүр ариун бөгөөд мөнхийн гэрээн доор төрөх хүүхдүүдийн Израил дахь эцэг, эх болох ёстой.

Эдгээр сонгогдсон сүнсийг газар дэлхийд авчрах Их Эзэний олгосон боломжийг ашигласнаар эцэг, эх бүр махбодын асартай болсон сүнсний мөн Түүний өмнө хамгийн эрхэм нандин үүрэг хүлээдэг. Учир нь уг сүнсэнд эцэг, эхийнх нь үзүүлсэн хайр халамж, заасан сургаал, өгсөн хүмүүжлээс түүний мөнхийн хувь заяа, энэ амьдралын дараа хүлээн авах адислал буюу шийтгэл ихээхэн хамаардаг билээ.

Ямар ч эцэг, эх тэрхүү үүрэг, хариуцлагаас зайлсхийж чадахгүй бөгөөд үүргийг зохих ёсоор биелүүлэхийн тулд Их Эзэн бидэнтэй хатуу тооцоо хийх болно. Мөнх бус хүмүүнд үүнээс өөр эрхэм дээд үүрэг гэж үгүй” гэжээ.

Эх байх нь ариун нандин дуудлага мөн

Эхчүүдийн тухайд Тэргүүн Зөвлөл: “Эх байх нь ийнхүү ариун нандин дуудлага, Их Эзэний төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхэм үүрэг мөн анхны байдлаа хадгалж үлдэн, ‘Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харах[аар]’ (Абрахам 3:25) энэ дэлхий рүү илгээн, хоёр дахь байдлаа хадгалж үлдэх гэсэн тэдгээрийг тээж, өсгөж торниулж, бие махбод, оюун санаа, сүнсийг нь тэжээж тэтгэхэд үнэнчээр үйлчлэх өргөмжлөл юм. Хоёр дахь байдлаа хэрхэн хадгалж үлдэхийг зааж сургах нь эх хүний ажил үүрэг бөгөөд ‘хоёр дахь байдлыг хадгалдаг тэдний тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно’ (эш татав) [Aбрахам 3:26].

Эх байх энэхүү тэнгэрлэг үйлчлэлийг зөвхөн эхчүүд л үзүүлж чадна. Үүнийг бусдад хүлээлгэн өгөх боломжгүй. Асрагчид үүнийг хийж чадахгүй. Улсын хүүхэд асрах газрууд ч үүнийг хийж өгөх ёсгүй. Хөлсөлсөн хүн ч үүнийг хийж чадахгүй. Зөвхөн эцэг болон ах, эгчийнх нь халуун дулаан гарын тусламжтайгаар эх хүн хайр халамжийг бүрэн дүүрэн үзүүлэх боломжтой” хэмээсэн.

Тэргүүн Зөвлөл “алт мөнгө, алдар нэр эсвэл нийгмийн ажил үйлчлэлийн төлөө эх хүний ажлаа хийлгүй үр хүүхдүүдээ бусдын халамжид итгэж үлдээдэг эх хүн ‘зөнгөөр өссөн хүүхэд эхийгээ гутаана’ (Сургаалт үгс 29:15) гэдгийг санавал зохихыг зөвлөсөн. Бидний цаг үед эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ Сүмийн сургаалыг заахгүй аваас ‘нүгэл эцэг эхчүүдийн толгой дээр буух болно’ (С ба Г 68:25) хэмээн Их Эзэн хэлжээ.

Эх байх нь бурханлаг байдалтай ойролцоо юм. Энэ бол хүн төрөлхтний хүлээн авч болох хамгийн дээд, ариун нандин үүрэг юм. Энэхүү ариун нандин үүргээ эрхэмлэн хүндэлдэг хүмүүсийг тэнгэр элч нартай эн зэрэгцүүлж тавьдаг”37 хэмээн зөвлөсөн.

Тэргүүн Зөвлөлөөс өгсөн энэхүү захиас, сэрэмжлүүлэг нь өгөгдөж байсан үетэйгээ адил өнөө үед ч хэрэгтэй хэвээр байна. Сүмийн аль ч үе шатны ямар ч байгууллагын дуу хоолой Тэргүүн Зөвлөлийн дуу хоолойтой эн зэрэгцэхгүй.38

Төрөлхийн асуудал эсвэл нөхцөл байдлаас болж гэрлэж, эцэг эх болох адислалаас хүртэж чадаагүй эсвэл өөрийн буруугаас бус ганцаар хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, тэтгэн тэжээхээр ажиллахаас өөр аргагүй болсон ямар ч бодгаль зарлигуудыг сахидаг л бол бүх адислалыг мөнх оршихуйд хүлээн авах болно.39 Ерөнхийлөгч Лорэнзо Снөү “Энэ бол баттай бөгөөд тодорхой зүйл юм”40 хэмээн амласан.

Эрдэнэс ба түлхүүрийн тухай сургаалт зүйрлэл

Би нэгэн сургаалт зүйрлэлээр үгээ дуусгая.

Эрт цагт нэгэн эр хоёр түлхүүр өвлөн авчээ. Эхний түлхүүр нь бүхий л чадлаараа хамгаалах ёстой агуулахыг нээх байж. Хоёр дахь нь үнэлж баршгүй эрдэнэсийг хадгалсан авдрын түлхүүр байлаа. Тэр тэрхүү авдрыг нээж, дотор нь хадгалагдсан эрдэнэсийг чөлөөтэй ашиглах ёстой байв. Мөн олон хүн өв хөрөнгийг нь хулгайлах гэж оролдохыг түүнд хэлжээ. Хэрэв тэр эрдэнэсийг зохистой хэрэглэх юм бол эргэн нөхөгдөж, үүрд мөнхөд хэрэглэсэн ч дундрахгүй хэмээн амласан аж. Түүнийг сорих ёстой байв. Хэрэв тэр бусдын ашиг тусын төлөө өв хөрөнгөө ашиглавал адислал, баяр баясгалан нь өсөн нэмэгдэх байлаа.

Тэр эр ганцаар агуулах руу очив. Эхний түлхүүрээр тэр хаалгыг онгойлголоо. Харин тэр нөгөө түлхүүрээрээ эрдэнэсийг нээх гэж үзсэн ч нээгдсэнгүй. Учир нь авдар нь хоёр цоожтой байсан тул түүний түлхүүр дан ганцаар нээж чадахгүй байлаа. Тэр хэчнээн их оролдсон ч нээж чадсангүй. Үүнд тэр балмагдав. Түүнд түлхүүрүүд өгснийг мөн хууль ёсоор бол эрдэнэс түүнийх гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр зааврыг дагасан ч авдрыг нээж чадсангүй.

Хэсэг хугацааны дараа агуулахад нэгэн эмэгтэй орж иржээ. Тэр гартаа нэг түлхүүр атгасан байж. Түлхүүр нь түүнийхээс өөр байгаа нь илт байлаа. Харин түүний түлхүүр нөгөө цоожинд нь таарав. Тэр эмэгтэйгүйгээр хууль ёсоор өвлөн авсан хөрөнгөө авч чадахгүй байснаа олж мэдсэн явдал түүнийг даруусгажээ.

Тэд хоёулаа эрдэнэсийг нээж, зааврын дагуу эрэгтэй нь агуулахыг, харин эмэгтэй нь эрдэнэсийг нь харж хамгаалахаар гэрээлэв. Агуулахын хамгаалагчийн хувьд эрэгтэйд нь хоёр түлхүүр байгаад эмэгтэй нь санаа зовсонгүй. Учир нь хоёулангийнх нь хувьд хамгийн үнэ цэнтэй зүйлийг эмэгтэй нь харж хамгаалж байх үед түүний аюулгүй байдлыг хамгаалах явдал эрэгтэйгийнх нь зорилго байлаа. Тэр хоёр хамтдаа авдрыг онгойлгож, өв хөрөнгөөсөө хүртсэн аж. Амласнаар эрдэнэс нь ч нөхөгдөж, тэд ч бөөн баяр болжээ.

Эрдэнэсээ үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээж, хүүхдүүд нь хамгийн сүүлчийн үр удам хүртлээ нэг бүрчлэн нэг ч зоос дутаалгүй, бүрэн бүтэн хүлээн авна гэдгийг мэдээд маш их баярлав.

Үе удмынх нь заримд нь таарах түлхүүрийг эзэмшдэг эсвэл зохистой бөгөөд эрдэнэстэй холбоотой гэрээг сахих хүсэлтэй хамтрагч олдохгүй байж болох юм. Гэсэн ч хэрэв тэд зарлигуудыг сахих юм бол өчүүхэн жижиг ч гэсэн бүх адислалаас хүртэх байлаа.

Зарим хүн эрдэнэсээ буруугаар ашиглахад тэднийг уруу татаж байсан тул тэд түлхүүр, гэрээний талаар хүүхдүүддээ заахад анхаарчээ.

Цаг нь болоход үр удмынх нь дунд заль мэхэнд автсан мөн заримд нь хоёр түлхүүр байхад заримд нь нэгийг өгсөнд атаархаж, амиа хичээх болсон цөөн хэдэн хүн гарч ирэв. Амин хувиа хичээсэн нэг нь “Би яагаад эрдэнэсийг өөрийн хүслээр ганцаараа хэрэглэж болохгүй гэж?” хэмээн бодож байлаа.

Зарим нь бүр авсан түлхүүрээ өөр түлхүүрийн хэлбэртэй ижилхэн болгох гэж үзэж байв. Хоёр цоожинд хоёуланд нь таарч магадгүй гэж бодсон байх л даа. Тиймээс тэд авдраа ч нээж чадсангүй. Өөрчилсөн түлхүүр нь юунд ч таараагүй ба тэд өв хөрөнгөө алдсан аж.

Эрдэнэсийг авсандаа талархаж, үүнтэй холбоотой зарлигуудыг дуулгавартай дагасан хүмүүс энэ цаг үед болон үүрд мөнхөд хэмжээлшгүй их баяр баясгаланг мэдэрчээ.

Би Эцэгийнхээ аз жаргалын төлөвлөгөөний тухай гэрчилж, Цагаатгалыг авчирсан Түүний нэрээр гэрчлэлээ хуваалцаж байна.