“5-р хичээл: Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хандах,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 18–20
“5-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 18–20
5-р хичээл
Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хандах
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Дараах унших даалгавар дээр ахлагч Жөү Ж.Кристэнсэн “Байнга шүүмжилсэн эсвэл үглэж яншсаны үр дүнд сайжирч өөрчлөгдсөн хүн тийм ч их байдаггүй. Болгоомжтой хандахгүй бол бидний зарим ул суурьтай шүүмжлэл үнэндээ хор хөнөөлтэй байдаг. Зарим зүйлийг хэлэхгүй орхисон нь дээр” болохыг ажиглажээ (19-р хуудсыг үзнэ үү). Ойрын хэдэн долоо хоног бусдын талаар бодож, ярьж хэлэх зүйлээ анхаар. Хэлж ярих бүхнээ эелдэг, сургамжтай байлгахыг хичээ.
-
Ханийнхаа хүндлүүштэй зан чанарыг олж хар. Тэдгээр зан чанарыг жагсааж бичээд, ханьтайгаа хуваалц.
Унших даалгавар
Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.
Гэрлэлт ба аз жаргалын агуу төлөвлөгөө
Далын ахлагч Жөү Ж.Кристэнсэн
Барбара бид хоёр зургаан хүүхдээр адислагдсан. Хэдэн жилийн өмнө бид бүх хүүхдээ аваад эмээ өвөөгийнд нь зочилсон юм. Аав маань надад “Жөү, Барбара та хоёр зогсоож чадахгүй нэг зүйл эхлүүлсэн бололтой” гэсэн юм.
Христийн амилсны энэхүү баяраар Есүс бол Христ мөн Түүний ариун санваар болон уг санваарын лацдан холбох хүч, гэрлэлт, гэр бүлд эцэс төгсгөл үгүй гэдгийг дэлхийн бүх хүнд хандан тунхагладаг.
Өнөөдөр би та бүхэнтэй гэрлэлтийн талаар ярихыг хүсэж байна. Бидний гэрлэлтийг одоо болон ирээдүйд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой найман зөвлөгөөг хуваалцъя.
Гэрлэлтийн ач холбогдлыг сана
1. Гэрлэлтийнхээ гол ач холбогдлыг сана. Гэрлэлт нь бидний Тэнгэр дэх Эцэгийн “аз жаргалын агуу төлөвлөгөө[нд]” (Алма 42:8) ямар чухал үүрэг гүйцэтгэдэг талаар ахлагч Брүс Р.Макконкийн хэлсэн үгийг сонсоно уу.
“Мөнх бус амьдралд төрөхөөс эхлэн ариун сүмд гэрлэх цаг мөчийг хүртэл, сайн мэдээний систем дотор бидэнд байгаа бүх зүйл биднийг энэ болон ирэх амьдралд эхнэр, нөхөр болгодог гэрлэлтийн ариун нандин ёс жаягт ороход бэлдэж, шаардлагыг хангахад оршдог. …
Гэр бүлийн нэгжийг үүсгэж, төгөлдөржүүлэхээс өөр чухал зүйл энэ дэлхийд үгүй” (“Salvation Is a Family Affair,” Improvement Era, June 1970, 43–44).
Гэрлэлтээ амжилттай байлгахын төлөө залбир
2. Гэрлэлтээ амжилттай байлгахын төлөө залбир. Олон жилийн өмнө Тэргүүн Зөвлөлийнхөн номлолуудаар аялж, бүх номлогчтой ярилцлага хийх нь энгийн зүйл байсан үед тухайн үед Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан ахлагч Спэнсэр В.Кимбалл удахгүй номлолоосоо буух гэж байгаа ахлагчтай уулзжээ.
“Ахлагч аа, номлолоос буусныхаа дараа чи юу хийхээр төлөвлөж байна?” гэж тэр асуусан байв.
Тэр “Аан, би коллеждоо эргэж орохоор төлөвлөж байгаа” гээд, “дараа нь би хайрлаж дурлан, гэрлэнэ гэж найдаж байна” хэмээн инээмсэглэсээр хэлжээ.
Ахлагч Кимбалл түүнд “Зөвхөн хайрладаг нэгэнтэйгээ гэрлэхийн төлөө бүү залбир. Үүний оронд гэрлэх нэгнээ хайрлахын төлөө залбир” хэмээн ухаалаг зөвлөжээ.
Бид илүү сайхан сэтгэлтэй, халамжтай, даруухан, тэвчээртэй, уучламтгай, ялангуяа амин хувиа бага хичээхийн төлөө залбирах ёстой.
Биднийг гэрлэлтдээ илүү сайн хамтрагч болоход саад болдог хувийн асуудал, сул талаа олж харахын тулд Их Эзэнд залбирч хандан, Мормоны Номын: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. … ; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээсэн энэхүү амлалтын ач тусыг хүртэх хэрэгтэй.
Тиймээс залбирах хэрэгтэй. Хосууд өдөр бүр залбирч байгаа тохиолдолд гэрлэлтийн ноцтой асуудал гарч байхыг хараагүйгээ Сүмийн олон удирдагч, гэрлэлтийн асуудал хариуцсан зөвлөхүүд цохон тэмдэглэсэн. Асуудал үүсэж, гэрлэлтэд аюул учрах үед хосын хувьд залбирах нь хамгийн чухал эм тан байж болох юм.
Ханиа сонс
3. Сонс. Цаг гарган, ханиа сонс. Тэр ч байтугай тогтмол ярилцах хуваарь гарга. Бие биетэйгээ нүүр тулан ярилцаж, хамтрагчийн хувьд ямар байгаагаа дүгнэ.
Брэнт Барлөү ах хэдэн санваартан ахаас “Та нарын дунд илчлэлт авах хүсэлтэй хүн хэд байна?” гэж асуужээ. Бүгд гараа өргөв. Үүний дараа гэртээ хариад, нөхрийн хувьд юун дээрээ ажиллах хэрэгтэй вэ гэдгийг эхнэрээсээ асуухыг тэдэнд санал болгожээ. Тэр бас “Би өөрийн өгсөн зөвлөгөөг дагаж, тэр өдөр [өөрийн эхнэр] Сьюзантай цагийн турш маш сургамжтай ярилцлага хийсэн!” гэж хэлсэн юм. (“To Build a Better Marriage,” Ensign, Sept. 1992, 7). Ийн ярилцсанаар бид илчлэлт хүлээн авч болох юм.
Ах нар аа, саяхан эхнэрийн маань “Жөү, чи ер нь намайг сонсож байна уу?” гэж асуусантай адил зүйлийг та нар эхнэрээсээ сонсож байсан уу? Намайг сонсож байгаа эсэхийг гайхширан асуусан цорын ганц хүн тэр байгаагүй. Нэг өдөр намайг зүүрмэглэж байхад бяцхан ач охин Аллисон маань ирж, миний нэг нүдний зовхийг нээгээд, “Өвөө, та энд байна уу?” гэж асууж билээ. Би хань ижлийнхээ “энд байж” хариулах хэрэгтэй.
Байнга өө сэв хайдгаа боль
4. Байнга өө сэв хайдгаа боль. Бие биеийнхээ алдаанд хэтэрхий шүүмжлэлтэй бүү ханд. Бидний хэн нь ч төгс биш гэдгийг ухааран ойлго. Бид удирдагчдынхаа биднээс хүссэнчлэн Христтэй адил болохын тулд урт замыг туулах ёстой.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлснээр “байнга өө сэв хайх нь” бараг бүх гэрлэлтийг хагаралдуулж болно (“Marriage and Divorce,” 1976 Devotional Speeches of the Year [1977], 148). Ер нь бидний хүн нэг бүр сул талаа яс махандаа мэдэртлээ маш сайн мэддэг бөгөөд үүнийг бидэнд байнга сануулаад байх хэрэггүй. Байнга шүүмжилсэн эсвэл үглэж яншсаны үр дүнд сайжирч өөрчлөгдсөн хүн тийм ч их байдаггүй. Хэрэв болгоомжилж хандахгүй л бол бидний хэлсэн зарим ул суурьтай шүүмжлэл үнэн хэрэг дээрээ хор хөнөөлтэй байх нь олонтоо.
Зарим зүйлийг хэлэхгүй орхисон нь дээр. Гэрлэсэн шинэхэн хос байхдаа Лола Волтэр эгч нэгэн сэтгүүл дээр гэрлэлтээ бэхжүүлэхийн тулд хосууд байнга, ний нуугүй бүх зүйлээ ярилцаж, яршигтай санагддаг ямар нэгэн зан байдлаа жагсааж бичих хэрэгтэй гэсэн байхыг уншсан байна. Тэр ийн бичжээ.
“Бид яршигтай санагддаг таван зүйлээ хэлэх ёстой байв. Би тоочиж эхэллээ. … Үзмэн жүржийг иддэг байдал нь надад таалагддаггүйг би хэлэв. Тэр хальслаад, яг бэрсүүт жүржийг иддэгтэй адилхан иддэг байлаа! Миний мэддэг хүмүүсийн дунд өөр хэн ч тэгж иддэггүй байв. Ямар бүсгүй үзмэн жүржийг бэрсүүт жүрж шиг иддэг нөхөртэй энэ болон мөнх амьдралыг барах билээ дээ? …
Намайг [таван зүйлээ] хэлж дууссаны дараа миний талаар өөрт нь таалагддаггүй таван зүйлийг хэлэх түүний ээлж боллоо. [Тэр] ‘Үнэндээ, хайр аа, би чиний надад таалагддаггүй зүйлийг бодоод бодоод олохгүй юм байна’ гэж хэлсэн юм.
Амьсгал минь давхцаж билээ.
Нүдэнд цийлэгнэж, хацар даган урсах нулимсаа хэрхэн тайлбарлахаа би мэдэхгүй байсан тул хурдхан шиг нүүрээ буруулсан юм.
Гэрлэсэн хосуудыг хоорондоо таарч тохирохгүй байна гэхийг сонсох болгондоо би тэднийг өөрийн нэрлэсэн ‘Үзмэн жүржийн синдромоор’ өвчилсөн юм болов уу гэж боддог” хэмээн Волтэр эгч бичсэн юм (“The Grapefruit Syndrome,” Ensign, Apr. 1993, 13).
Тийм ээ, зарим зүйлийг хэлэхгүй орхисон нь дээр.
Болзож байсан үеэ хэвээр нь хадгалж үлд
5. Болзож байсан үеэ хэвээр нь хадгалж үлд. Аливаа зүйлийг зөвхөн хоёулхнаа хийх цаг гарга. Гэр бүлийн хувьд хүүхдүүдтэйгээ хамт байх чухал ч гэлээ долоо хоног бүр хоёулхнаа байх цаг та хоёрт бас хэрэгтэй. Үүнийг төлөвлөх нь гэрлэлтдээ анхаарал халамж тавихад чухал юм байна гэдгийг хүүхдүүдэд тань мэдүүлэх болно. Үүнийг дагана гэсэн амлалтаа биелүүлж, төлөвлөж, хуваарьтаа оруул.
Үүнд мөнгө төгрөг зарцуулах хэрэггүй. Хамгийн чухал нь хамтдаа цаг хугацааг өнгөрүүлэх явдал юм.
Нэг удаа өдрийн хоолны дараа талбай дээр ажиллахаар хадам аавыг гэрээсээ гарч явахад хадам ээж “Албэрт, чи яг одоо эргэж ирээд, надад хайртай гэж хэл” гэв. Тэр инээмсэглэн, “Элзий, гэрлэхдээ би чамд хайртай гэдгээ хэлсэн шүү дээ. Энэ нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх юм бол би чамд хэлнэ” гэж тоглоом наадам болгон хариулж билээ. “Би чамд хайртай” гэдэг үг хэтэрнэ гэж бараг байхгүй. Өдөр бүр хэлж бай.
“Уучлаарай” гэж хэлэхдээ хурдан бай
6. “Уучлаарай” гэж хэлэхдээ хурдан бай. Ам эвлэрч өгөхгүй бас та ганцаараа буруутан биш байсан ч гэлээ “Уучлаарай. Намайг өршөө” гэж хурдан хэлдэг бай. Жинхэнэ хайр өөрийн алдаа, зөрчлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн хүмүүсийн хооронд цэцэглэдэг.
Хоорондын үзэл бодлын ялгаа гарлаа гэхэд үүнийг ярилцаж, шийдвэрлэх нь чухал ч гэлээ, заримдаа чимээгүй өнгөрөөх нь хамгийн сайн арга байдаг. Амаа барьж, арав, бүр зуу хүртэл тоолох нь чухал. Хааяа уураа барин, нар жаргахыг хүлээж, маргааш өглөө нь тайвширч, тархи толгой тань сэргэсэн үед асуудлаа эргэж нэг харах нь асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Бид заримдаа “Яалаа гэж, бид гэрлээд тавин жил болж байна. Бид хэзээ ч санал зөрж байгаагүй” гэж ярихыг сонсож байсан байх. Үнэхээр тийм байсан бол хосуудын нэг нь нөгөөгөө дарангуйлдаг буюу хэн нэгний хэлснээр энэ нь үнэнээс хол зүйл байж таарна. Ямар ч ухаалаг хосын дунд үзэл бодлын зөрчилдөөн гарна. Бидний гол асуудал бол тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхийг олж мэдэх явдал юм. Энэ бол сайн сайхан гэрлэлтийг улам сайжруулах үйл явцын нэг хэсэг мөн.
Боломж бололцоондоо тааруулан амьдар
7. Боломж бололцоондоо тааруулан амьдар. Гэрлэлтэд гардаг хамгийн том асуудлын зарим нь санхүүгээс үүдэлтэй байдаг. “Америкийн Хуульчдын Холбоо … бүх гэр бүл салалтын 89 хувь нь мөнгөтэй холбоотой хэрүүл маргаан, хэргээс үүдэлтэй байдгийг цохон тэмдэглэжээ” (Marvin J. Ashton, “One for the Money,” Ensign, July 1975, 72). Төсөвтөө багтаадаг байхын тулд зарим худалдан авалтаас татгалзаж, хойшлуулахад бэлэн бай. Эхлээд аравны нэгээ төлж, зээлээс аль болох хол бай. Орлогоосоо сар бүр 50-аар бага доллар зарцуулах нь аз жаргалтай, харин 50-аар их доллар зарцуулах нь зовлонтой тэнцэнэ гэдгийг сана. Хайч, зээлийн карт зэргээ гаргаад, ахлагч Жэффри Р.Холландын нэрлэснээр “гоо сайхны мэс засал” хийх цаг болжээ (“Things We Have Learned—Together,” Ensign, June 1986, 30).
Гэрийн болон гэр бүлийн үүргээ хамтарч хүлээ
8. Гэрийн болон гэр бүлийн үүрэг хүлээхдээ жинхэнэ хамтрагчийн хувиар оролц. Өөрт нь үйлчлэхийг хүлээн, мөнгө авч ирэх нь л өөрийнх нь үүрэг, харин эхнэр ганцаараа гэр орны ажлаа хийж, үр хүүхдүүдээ харж халамжлах үүрэгтэй гэж боддог нөхөр байж болохгүй. Гэр орон, үр хүүхдээ авч явах нь ганц хүний үүрэг биш юм.
Та хоёр хамтрагчид гэдгээ бүү март. Барбара бид хоёр өглөө 1 минут ч хүрэхгүй хугацаанд ороо хураагаад, бүтэн өдөржингөө энэ талаар бодох хэрэггүй гэдгээ олж мэдсэн. Өдрийн туршид өөртөө сэтгэл хангалуун байхад маань туслахын тулд надаар ийн хийлгэдэг гэж эхнэр минь хэлдэг. Тэр нь ч үнэн байх.
Цаг гарган хамтдаа судраас суралцаж, ерөнхийлөгч Кимбаллын өгсөн дараах ухаалаг зөвлөгөөг дага. Тэрээр “Эхнэр, нөхөр хоёр ариун сүм рүү байнга хамт явж, гэр бүлтэйгээ хамт гэр орондоо байнга өвдөг сөгдөн залбирч, шашны цуглаандаа гар гараасаа хөтлөлцөн явж, амьдралаа бүхэлд нь оюун ухаан, бие махбодын хувьд цэвэр ариун байлгаж, … Бурханы хаант улсыг барьж босгохын тулд хоёулаа ажиллах юм бол аз жаргалын дээдийг амсах болно” хэмээн хэлсэн (Marriage and Divorce [1976], 24).
Дүгнэлт:
-
Гэрлэлтийнхээ гол ач холбогдлыг сана.
-
Амжилтын төлөө залбир.
-
Сонс.
-
“Байнга өө сэв хайдгаа” боль.
-
Болзож байсан үеэ хэвээр нь хадгалж үлд.
-
“Уучлаарай” гэж хэлэхдээ хурдан бай.
-
Боломж бололцоондоо тааруулан амьдар.
-
Гэрийн болон гэр бүлийн үүрэг хүлээхдээ жинхэнэ хамтрагчийн хувиар оролц.
Би Есүс бол Христ гэдгийг мөн булш гурав дахь өдөр хоосон байсан, “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно” (1 Коринт 15:22) гэдгийг гэрчилж байна. Иймд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний лацдан холбох хүчинд талархаж, бид нэгэн яруу найрагчийн хэлснээр “Үхсэнийхээ дараа ч би чамайгаа илүү ихээр хайрлах болно” хэмээн итгэлтэй хэлж чадна (Elizabeth Barrett Browning, Sonnets from the Portuguese, no. 43, line 14).