Гэр бүлд зориулсан эх сурвалж
4-р хичээл: Гэрлэлтийн асуудлуудад хандах хандлага


“4-р хичээл: Гэрлэлтийн асуудлуудад хандах хандлага,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 16–17

“4-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 16–17

4-р хичээл

Гэрлэлтийн асуудлуудад хандах хандлага

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Доорх унших даалгаварт ахлагч Линн Ж.Роббинс “гай гамшгийн жорыг” тайлбарласан. Энэ хуудсан дээрх түүний тайлбарыг уншина уу. Дараа нь гэр орондоо эв нэгдэлтэй байх жороо гарга. Жорондоо ямар “орц” оруулахаа тодорхойл.

  • Асуудалд уурлахын оронд тэвчээртэй, хайрлаж хандах амлалт өг. Амлалтыг тань байнга сануулах ямар нэгэн зүйлийг сонгож хий. Жишээлбэл, та гутал дотроо зоос эсвэл өөр жижигхэн зүйл хийх юм уу халаасандаа зурвас хийж хадгалж болно.

  • Хэрэв Family Home Evening Resource Book (31106) байгаа бол 240–241-р хуудсан дээрх “Resolving Conflicts in Marriage”-ийг унш. Хэрвээ та гэрлэсэн бол энэ материалыг ханьтайгаа хамт унш.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Сонгох эрх ба уур хилэн

Далын
ахлагч Линн Ж.Роббинс

Сатан гэр бүлүүдийг уур хилэнд өдөөн хатгадаг

“Энд дэлхий дээр надад гэр бүл бий. Тэд намайг их хайрладаг. Манай нэгэн дууллын үгс хүүхэд бүрийн сэтгэлдээ тээдэг энэ итгэл найдварыг илэрхийлсэн байдаг (“Гэр бүл үүрд хамт байх болно,” Хүүхдийн дууны ном, хуудас 90; налуу бичилт нэмэгдсэн).

Бид гэр бүлийн тунхгаас “гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” бөгөөд “эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан, халамжлах” мөн “хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх” нандин үүрэгтэй хэмээн уншдаг (“The Family: A Proclamation to the World,” Ensign, Nov. 1995, 102).

Гэр бүл нь мөн Сатаны гол бай юм. Тэрээр гэр бүлүүдэд хэрүүл маргаан дэгдээдэг. Түүний нууц төлөвлөгөөний нэг бол нарийн бөгөөд зальт аргаар дайсны тулааны шугамыг даван бидний гэр орон, амьдрал руу гэтэж орох явдал юм.

Тэрээр гэр бүлүүдийг ихэвчлэн гэрийнх нь дөрвөн хананы дотор сүйтгэдэг. Түүний хэтийн бодлого бол гэр бүлийн гишүүдийн дунд хэрүүл маргаан өдөөх явдал юм. Сатан “зөрчилдөөний эцэг” бөгөөд “хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29; налуу бичилт нэмэгдэв). Өдөөн хатгах гэдэг үг нь “гай гамшгийн жор мэт сонсогддог. Уур уцаараа дунд зэргийн гал дээр тавиад, хэдхэн жинтэй үг хийгээд буцалган, өтгөртөл хутгана. Дараа нь хөргөж, уур уцаараа намдтал хэд хонуулаад, хүйтнээр нь өгнө. Хоолны үлдэгдэл маш их үлдсэн байх болно.

Бид уурлахгүй байхыг сонгож чадна

[Сатаны] стратегийн зальхай арга мэх бол уур хилэнг сонгох эрхээс салгаж, биднийг барьж хянах боломжгүй сэтгэл хөдлөлийнхөө хохирогчид гэдэгт итгүүлэх явдал юм. “Уураа барьж чадсангүй” гэхийг бид сонсдог. Уураа барьж чадахгүй байна гэдэг нь өнөө үед өргөн хэрэглэгддэг, сонирхолтой үгс юм. “Барьж чадахгүй байна” гэдэг нь “тэгэх гээгүй,” “өөрийн мэдэлгүй,” “санаандгүй,” “өөрөөс шалтгаалахгүй” гэх мэт хайхрамжгүй байдлаас болсон тул “хариуцлага хүлээхгүй” гэсэн утгатай.

“Тэр намайг галзууртал уурлуулсан.” Энэ бол хянах эсвэл сонгох боломж байгаагүй гэсэн утгыг илэрхийлсэн бидэнд сонсогддог өөр нэг хэллэг юм. Энэ бол толгойноосоо авч хаях ёстой буруу ойлголт. Хэн ч биднийг галзууртал уурлуулж чадахгүй. Хүмүүс биднийг уурлуулдаггүй. Үүнд ямар нэгэн хүчин оролцдоггүй. Уурлах нь ухамсарт сонголт, шийдвэр учраас бид уурлахгүй байх сонголтыг хийж чадна. Бид сонголтоо хийдэг!

“Гэхдээ л би өөрийгөө барьж чаддаггүй” гэж хэлдэг хүмүүст хандан, зохиолч Виллиам Вилбанкс “Утгагүй үг.

Түрэмгийлэл, … уур уцаараа дарах, үүний талаар ярих, орилох, хашхирах зэрэг нь бүгд уурыг шийдвэрлэх сурсан арга зам юм. Бид өөрсдөдөө үр дүнтэй байсан нэгийг нь л сонгодог. Даргыгаа бухимдахаар зүйл үйлдэхэд бид биеэ сайн барьдаг хэрнээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэр их уураа гаргадгаа анзаарч байсан уу?” хэмээн хэлсэн. (“The New Obscenity,” Reader’s Digest, Dec. 1988, 24; налуу бичилт нэмэгдсэн).

Вилбанкс ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа сагсан бөмбөгийн багт шалгуулж тэнцжээ. Дасгал сургуулилтын эхний өдөр дасгалжуулагч нь түүнийг нэг тоглогчийн эсрэг тоглуулж, бусад нь харах болов. Тэр гоол амархан оруулж чадаагүйдээ уурлаж, хөлөө дэвслэн, бархирч байв. Дасгалжуулагч нь түүнд дөхөж ирээд, “Дахиж ийм зан гаргах юм бол чи хэзээ ч манай багт тоглохгүй шүү” гэв. Дараагийн гурван жилийн турш тэр сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чадсан юм. Олон жилийн дараа тэрхүү үйл явдлыг эргэн дурсахдаа, дасгалжуулагч нь “уур уцаарыг хянаж болдог” (“The New Obscenity,” 24-ийг үзнэ үү) хэмээх амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн нэгэн зарчмыг заасныг ухааран ойлгосон гэдэг.

Их Эзэний сургаал

Ефес 4:26-ийн Иосеф Смитийн Орчуулгад Паул “Уурласан үедээ нүгэл үйлдэхгүй байж чадах уу?” гэсэн нэгэн асуултыг тавьсан байдаг. Их Эзэн энэ асуултад тодорхой хариулжээ.

“Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг.

Болгоогтун, хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” (3 Нифай 11:29–30).

Их Эзэний энэ сургаал буюу зарлиг сонгох эрхийн талаар өгүүлж байгаа бөгөөд эрүүл ухаанаар шийдвэр гаргахад уриалдаг. Биднийг уурлахгүй байх сонголтыг хийнэ гэдэгт Их Эзэн итгэдэг.

Харин уурлахыг Тэр зөвтгөхгүй. Матай 5-ын 22-р шүлэгт Их Эзэн: “Харин Би та нарт хэлье, ах дүүдээ [учир шалтгаангүй] хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай” (Матай 5:22; налуу бичилт нэмэв) хэмээн айлджээ. “Учир шалтгаангүй” гэсэн үг Иосеф Смитийн сүнсээр өдөөгдсөн орчуулга (Матай 5:24-ийг үзнэ үү) болон 3 Нифай 12:22-ын аль алин дээр байдаггүй. Их Эзэн “учир шалтгаангүй” гэсэн үгийг хассанаар бидэнд өөрийгөө зөвтгөх ямар ч орон зай үлдээгээгүй. “Харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” (3 Нифай 11:30). Тэрээр бидэнд зааж, зарлигласан тул бид уур уцаараа “зайлуулж” болно.

Уурлаж хилэгнэх нь Сатаны нөлөөнд автаж байгаа хэрэг

Уурлах бол өөрийгөө хянах чадвараа алдсанаар Сатаны нөлөөнд автаж байгаа хэрэг юм. Энэ нь дайсагнах мэдрэмж, үйлдэлд хүргэдэг нүгэлт бодол юм. Энэ нь мөн хурдны зам дээрх бүдүүлэг авир, спортын дэвжээн дээрх зодоон цохион, гэр оронд болдог хүчирхийлэл юм.

Хяналтдаа байлгахгүй л бол уур уцаар нь өр нимгэн, зөөлөн нэгний сэтгэл зүрхийг зүсэх хорон муухай үгс болон урсан гарч, сэтгэл санааны өөр бусад хүчирхийллийн очийг асаадаг. Аврагч “Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана” (Матай 15:11) хэмээн айлдсан.

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Эхнэр, нөхөр хоёр гэр нь шатаагүй л бол хэзээ ч бие биеийнхээ өмнөөс дуугаа өндөрсгөж ярьж болохгүй” гэж хэлсэн (Stepping Stones to an Abundant Life, comp. Llewelyn R. McKay [1971], 294).

Биеийн хүчирхийлэл бол галзууралд хүрсэн уур хилэн бөгөөд энэ нь хэзээ ч зөвтгөгдөхгүй, үргэлж зөвт бус байсаар байх болно.

Уур уцаар нь нөгөө хүнээ буруутгах гэсэн эсвэл хэрцгий байдлаар тэднийг засаж залруулах гэсэн оролдлого юм. Үүнийг ихэвчлэн “хүмүүжүүлэх арга” хэмээн буруугаар нэрлэдэг ч хэзээ ч үр дүнд хүргэдэггүй. Тиймээс л “Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх” мөн “Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул” (Колоссай 3:19, 21) гэж сүнслэгээр сэрэмжлүүлсэн байдаг билээ.

“Би дахиад хэзээ ч уурлахгүй”

Cонголт, хариуцлага хоёр нь салшгүй хоёр зарчим юм. Уур уцаарыг сонгодог тул “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг” тунхагт хатуу сануулсан байдаг.

Сонгох эрх, уур уцаар хоёрын холбоог ойлгох нь амьдралаасаа уур уцаарыг үгүй хийх анхны алхам юм. Бид уурлахгүй байхыг сонгож чадна. Тиймээс “Би дахиад хэзээ ч уурлахгүй” гэсэн сонголтыг бид өнөөдөр, яг одоо хийж чадна. Энэ шийдлийг сайтар тунгаан бод.

Сургаал ба Гэрээний 121-р хэсэг бол удирдлагын зөв зарчмуудад суралцах хамгийн сайн эх сурвалж юм. 121-р хэсгийг эхнэр нөхөр, эцэг эхчүүд хамгийн сайн хэрэгжүүлбэл зохино. Бид гэр бүлээ сэнхрүүлж, тэсвэр тэвчээр гаргаж, эелдэг зөөлөн, номхон дөлгөөн байж, чин сэтгэлийн хайраар удирдан хөтлөх ёстой (С ба Г 121:41–42-ыг үзнэ үү).

Энэ дэлхий дээр өөрт нь сайн ханддаг гэр бүлтэй болох хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелэх болтугай.