Гэр бүлд зориулсан эх сурвалж
15-р хичээл: Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх


“15-р хичээл: Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 64–67

“15-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 64–67

15-р хичээл

Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Доорх унших даалгаварт ахлагч М.Рассэлл Баллард “гэр орондоо итгэлийн цайзыг барьж мөн … өсвөр үеийнхнээ ариун сүмд орохуйц цэвэр, ариун, ариун явдалтай” (60–61-р хуудас) болгоход бидэнд туслах дөрвөн зөвлөгөөг өгсөн. Түүний зөвлөгөөг уншаад, эдгээр зөвлөгөөг гэр орондоо дагах тодорхой төлөвлөгөө гарга.

  • Сургууль, гэр орондоо болон бусад хүрээнд хүүхэд тань тулгарах шийдвэрүүдийн талаар бод. Хүүхэд бүрийг зөв шударга шийдвэр гаргахад бэлтгэхийн тулд та юу хийж болохоо бодож үз.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Унтаршгүй гал мэт

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
ахлагч M.Рассэлл Баллард

Ариун сүмийн гэрлэлтийн баяр баясгалан

Их Эзэний өргөөнд зохистой хос гэрлэж, лацдан холбуулах үед надад заримдаа тэдний ёслолыг ариун сүмд гүйцэтгэх онцгой боломж олддог. Энэ нь гэр бүл, найз нөхдийнх нь хувьд хэзээд онцгой цаг үе байдаг. Энэ өдрийн төлөө сэтгэлийнхээ угаас залбирч байсан эхчүүдийн нулимс цийлгэнэх харцнаас дэлхийн аз жаргал, мөнхийн баяр баясгалангийн аль алиныг харж болдог. Энэ нь бас олон сарын турш бүх зардлыг нь хэрхэн төлөх вэ гэж бодож байсан ч яг тэр мөчид үүнээс өөр зүйл бодож буй эцгийн харцнаас харагддаг. Гэвч хамгийн ихээр энэ бүхэн сайн мэдээний сургаалын дагуу үнэнч шударга амьдарч, дэлхийн уруу таталтаас хол байж чадсан журамт сүйт бүсгүй, сүйт залуугийн харцнаас харагддаг. Цэвэр, ариун, ариун журамтай байж чадсан хүмүүсээс онцгой, үгүйсгэхийн аргагүй мэдрэмж мэдрэгддэг.

Ёс суртахууны жишгүүд өөрчлөгдөшгүй

Дэлхийн хилэнцэт захиас, ёс суртахуунгүй байдал нэвчсэн дарамт шахалтад бууж өгч буй залуу эмэгтэй, эрэгтэй манай залуучуудын дунд олон байна. Люсифер хөгшин, залуу гэлтгүй бодгалийн төлөө ширүүн дайн хийж байгаа бөгөөд энэ дайнд шархадсан хүмүүсийн тоо өссөөр. Дэлхийн жишгүүд элсэн цөлийн шуурганд хийсэж буй элстэй адил өөрчлөгдөж байна. Урьд хожид сонсогдож байгаагүй буюу өмнө нь хүлээн зөвшөөрөгдөж байгаагүй зүйлс одоо ердийн үзэгдэл болжээ. Дэлхийн үзэл бодол огцом өөрчлөгдөж, уламжлалт ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрддөг хүмүүсийг бараг л Бурханы зарлигуудыг дагаж мөрдөх хүслээ зөвтгөх ёстой юм шигээр хачин жигтэй гэж дуудах болжээ.

Гэхдээ нэг л зүйл тодорхой буюу зарлигууд өөрчлөгдөөгүй. Энэ талаар ямар ч алдаа, эндүүрэл гарахгүй байгаасай. Зөв зүйл зөв хэвээр! Хэчнээн хүндлүүштэй, улс төрийн хувьд зөв мэт болгон ухаалгаар нуун далдалсан ч буруу зүйл бол буруу хэвээр. Бид гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохгүй байх мөн гэрлэснийхээ дараа үнэнч байхад итгэдэг. Тэрхүү жишиг бол үнэний хамгийн дээд жишиг юм. Энэ нь олон нийтийн санал асуулга, нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөггүй. Үүнийг болон сайн мэдээний бусад жишгийн талаар мэтгэлцэн ярих хэрэггүй.

Гэр орондоо итгэлийн цайзыг байгуулах

Гэхдээ өсвөр үеийнхэнд маань сайн мэдээний жишгийг ойлгуулан, хайрлаж, үнэлж, дагахыг заахад эцэг эх, удирдагч, багш нарын тусламж юу юунаас илүү хэрэгтэй байна. Энэхүү ухаалаг, зальтай дайснаас хамгаалахын тулд эцэг эх, өсвөр үеийнхэн хамтдаа байх ёстой. Дайсан сайн мэдээг болон биднийг устгахын тул хүчин чармайлт гаргадаг шиг бид ч гэсэн сайн мэдээг дагахдаа итгэлтэй, үр бүтээлтэй, шийдэмгий байх ёстой.

Бидний өмнө асар их саад бэрхшээл бий. Бидний хайрладаг хүмүүсийн бодгаль эрсдэлд ороод байна. Гэр орондоо итгэлийн цайзыг барьж, ялангуяа өсвөр үеийнхнээ ариун сүмд орохуйц цэвэр, ариун, ариун журамтай байлгахад туслах дөрвөн зөвлөгөөг би өгмөөр байна.

Хүүхдүүдэд сайн мэдээг заа

Нэгдүгээрт, сайн мэдээ бол мэдээлэл юм. Бид үнэхээр Бурхан Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг мэдэх нь миний мэдэх хамгийн чухал, амьдралыг өөрчлөх хүчтэй мэдээлэл юм. Энэ нь сургаалын хувьд зөв байхын зэрэгцээ сүнслэг байдлын хувьд амин чухал. Аврагч Өөрийн хүчирхэг зуучлагч залбиралдаа “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) хэмээсэн. Тэнгэрлэг Эцэгийг таньж мэдэн, бидний Эцэг болон Бурханы хувьд бид Түүнтэй ямар харилцаатай вэ гэдгээ ойлгох нь энэ амьдралынхаа утга учрыг ухааран ойлгож, ирэх амьдралд итгэх итгэл найдварыг олж байна гэсэн үг юм. Бурхан амьд, үнэндээ бид Түүний охид, хөвгүүд бөгөөд Түүнд байгаа бүхнийг эдүгээ болон мөнхөд өвлөн авах болно гэдгийг манай гэр бүлүүд мэдэх хэрэгтэй. Энэ мэдлэгийг баттай мэддэг бол гэр бүлийн гишүүд чөтгөрийн анхаарлыг сарниулах зүйлс рүү харахын оронд Бурхан өөд харж, амьдрах юм (Тоолол 21:8-ыг үзнэ үү).

Тав тухтай байдалдаа захирагдахын оронд гэрээний дагуу амьдар

Бид ямар нэгэн байдлаар анхдагч өвөг дээдсийнхээ адил Есүс Христийн сайн мэдээний талаарх хүчирхэг гэрчлэлийг зүрх сэтгэлдээ суулгах хэрэгтэй. 1846 оны 9-р сард Науву хот сүйрэх үеэр хоол хүнс ч үгүй хуарангуудад гэгээнтнүүд ямар хүнд нөхцөлд байсныг санацгаа. Энэ талаар Винтер Квотерст дуулдахад Бригам Янг шууд ах нарыг дуудан цуглуулжээ. Нөхцөл байдлыг тайлбарлаж, Наувугийн ариун сүмд байгуулсан гэрээг нь сануулсныхаа дараа хэчнээн ядуу ч байсан гэлээ ирэх хүсэлтэй бүх хүнийг үлдээлгүй авчирна гэдгээ хэлээд дараах гайхамшигтай үүргийг хүлээлгэн өгсөн юм.

Тэрээр: “Эдүгээ хөдөлмөрлөх цаг ирлээ. Их Эзэний өргөөнд байгуулсан гэрээний тань дөл зүрх сэтгэлд тань унтаршгүй гал мэт дүрэлзэн асаг” хэмээн хэлсэн (1846 оны 9-р сарын 27-нд Каунсил Пойнтод Тэргүүн Зөвлөлд хандан хэлсэн үг, Brigham Young Papers, Historical Department Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1; налуу бичилт нэмэгдсэн). Винтер Квотерст нөхцөл байдал үнэхээр хүнд байсан ч хэдхэн өдрийн дотор тэд морин тэргүүд хөллөн дорно зүг рүү, Миссиссиппи мөрний дагуу хуаранд хоол хүнсгүй үлдсэн гэгээнтнүүдийг аврахаар гарчээ.

Эхэн үеийн тэрхүү гэгээнтнүүдийн зовлон зүдгүүр, золиосын талаар бид үргэлж сонсдог бөгөөд өөрсдөөсөө “Тэд яаж давж гарч чадсан байна аа?,” “Юу тэдэнд тийм их хүч чадал өгч байсан юм бол?” гэж асуудаг. Зарим хариултаа ерөнхийлөгч Бригам Янгийн хүчирхэг үгнээс олж болно. Сүмийн эхэн үеийн тэрхүү гэгээнтнүүд Бурхантай гэрээ байгуулсан байсан ба тэдгээр гэрээ зүрх сэтгэлд нь унтаршгүй гал мэт асаж байсан юм.

Заримдаа бид гэрээндээ биш, тав тухтай байдалдаа өөрсдийн амьдралыг захируулдаг. Сайн мэдээний жишгийн дагуу амьдарч, үнэний төлөө зогсож, Сэргээлтийн талаар гэрчлэх нь тэр болгон таатай байдаггүй. Ихэвчлэн бусадтай сайн мэдээг хуваалцах нь тийм ч амар хялбар байдаггүй. Сүмийн дуудлагыг, ялангуяа хүний чадварыг сорьсон дуудлагыг хүлээж авах нь үргэлж таатай сайхан байдаггүй. Байгуулсан гэрээнийхээ дагуу утга учир бүхий арга замаар бусдад үйлчлэх боломж яг таарч тохирсон үед гарч ирэх нь ховор. Гэвч тав тухаа бодож амьдрах нь сүнслэг хүчийг авчирдаггүй. Бид гэрээгээ сахиснаар л тэрхүү хүчийг хүлээн авдаг. Эхэн үеийн тэдгээр гэгээнтний амьдралыг харах юм бол тэдний гэрээ амьдралынх нь гол хүч байсныг харж болно. Тэдний үлгэр жишээ, гэрчлэл олон үе өнгөрсөн ч гэсэн үр удамд нь нөлөөлөхүйц хүчтэй байсан.

Ёс суртахууны талаар хүүхдүүдэд заа

Хүүхдүүд маань өсөж томрох үед тэдэнд юу нь зохистой мөн юу нь зохисгүй болохыг эцэг эх нь шууд бөгөөд ойлгомжтой заах хэрэгтэй. Эцэг эх нь порнограф бүхий зураг, ном зохиолоос ямар ч үед зайлсхийхийг заах үүрэгтэй. Бүхий л төрлийн порнограф нь чөтгөрийн зэмсэг бөгөөд түүгээр тоглох нь ямар ч хүнийг донтуулж, мунхруулан, тэр ч бүү хэл сүнсийг нь устгаж үгүй хийх чадалтай гэдгийг хүүхэд, өсвөр үеийнхэн эцэг эхээсээ олж мэдэх хэрэгтэй. Муу муухай үг хэллэг, Их Эзэний нэрийг дэмий хоосноор хэрэглэх ёсгүй гэдгийг тэдэнд заа. Бүдүүлэг байдлаар тоглоом тохуу хийсэн бол дахин тийн үйлдэхгүй байхыг заа. Гэр бүлийн гишүүддээ тачаангүй байдлыг бахдан дуулсан дуу хөгжмийг сонсохгүй байхыг заа. Бэлгийн харьцааны тухай мөн ариун явдлын талаар сайн мэдээнд юу гэж заадгийг тэдэнтэй илэн далангүй ярилц. Эдгээр мэдээллийг эцэг эх нь гэртээ зөв арга замаар өгөх ёстой. Гэр бүлийн бүх гишүүн дүрмийг мэддэг байх ёстой бөгөөд сүнслэг байдлын хувьд хүчирхэгжихийн тулд тэдгээрийг сахидаг байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол тэд Их Эзэн Есүс Христийн гайхамшигт Цагаатгалыг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгснээр заримдаа хүнд хэцүү ч тэд бүрэн дүүрэн наманчилснаар өршөөл, ирээдүйдээ итгэх итгэл найдварыг олж авч чадна. Бид мөнх амьдралыг олж авах өөрсдийн болон гэр бүлийнхээ эрэл хайгуулыг хэзээ ч зогсоож болохгүй.

Харамсалтай нь, өнөө үед дэлхий дээрх олон эцэг эх энэхүү үнэт зүйлс, Сүмийн бусад сургаалыг гэр бүлийнхэндээ заах үүрэг хариуцлагаа умартан, үүнийг найз нөхөд, сургууль, Сүмийн удирдагч, багш нар, тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийнхнийг өмнөөсөө заана гэдэгт итгэх болжээ. Хүүхдүүд маань өдөр болгон суралцаж, хувь хүний үнэт зүйлсэд нь гүн гүнзгий нөлөөлдөг туршлага, үзэл бодол оюун ухаан, зүрх сэтгэлийг нь дүүргэдэг.

Ёс бусын эсрэг бие биенээ хүчирхэгжүүл

Ах, эгч нар аа, бид нэг нэгэндээ зааж сурган, нүгэл хилэнц улам бүр өсөн нэмэгдэж буй энэ дэлхийд зарлигуудаа зоригтой сахих гүн гүнзгий итгэлийг зүрх сэтгэлдээ суулгах хэрэгтэй болоод байна. Гэрээнийхээ дөлийг зүрх сэтгэлдээ унтаршгүй гал мэт дүрэлзүүлэн асаахын тулд бид Христийн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдсөн байх ёстой. Ийм итгэлтэй байсан цагт бид үнэнч, зохистой хэвээр байхын тулд шаардлагатай бүхнийг хийх болно.

Хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж бай

Хоёрдугаарх нь харилцаа юм. Гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа илэн далангүй, элэгсэг найрсаг, чин сэтгэлийнх байхаас илүү чухал зүйл үгүй. Энэ нь ялангуяа хүүхдүүддээ сайн мэдээний зарчим, жишгүүдийг заахыг хичээж буй эцэг эхчүүдийн хувьд нэн чухал юм. Өсвөр үеийнхэнтэй зөвлөлдөх чадвартай байх, тэр дундаа тэдний сэтгэлийг зовоож буй асуудлыг чин сэтгэлээсээ сонсох нь сайн харилцааны үндэс суурь юм. Ихэвчлэн харцнаас нь харагддаг, зүрх сэтгэлд маань мэдрэгддэг зүйлс сонссон, хэлснээс илүү их мэдээллийг бидэнд өгдөг. Хүүхдүүдэд хандан хэлэх үг бол эцэг эхээ үргэлж хүндэлж бай. Та нар ялангуяа ээж, аавынхаа зөвлөгөөг мөн Сүнсний ѳдөөлтийг сонсож сурах ёстой. Гэр бүлийнхний дунд үргэлж гарч ирдэг зааж сургах онцгой боломжуудыг олж харан, тэдгээрийг ашигла. Бид мөн даваа гаргийн орой бүр гэр бүлийн үдэш хийж хэвших хэрэгтэй.

Гэр бүлээрээ тогтмол залбирч, судраас суралцах нь хоорондоо харилцах гайхамшигт цаг мөчийг гаргаж өгдөг. Судрууд нь гэр бүлийн үнэт зүйлс, зорилгыг тодорхойлоход тусалдаг бөгөөд тэдгээрийн талаар хамтдаа ярилцах нь гэр бүлийн гишүүдэд хувь хүнийхээ хувьд итгэлтэй, сүнслэг байдлын хувьд хүчтэй, бие даасан байхад туслах болно. Үүнд цаг хугацаа шаардагдах тул бид гэртээ хэдэн цагийг зурагт, кино, видео, тоглоом, интернэтэд зарцуулахаа мөн хэдэн цагийг гэрээс гадуурх үйл ажиллагаанд зарцуулахаа хамтдаа зөвлөлдөх ёстой.

Эцэг эх, удирдагчид хөндлөнгөөс оролцвол зохино

Гуравдугаарт, хөндлөнгийн оролцоо. Эцэг эхчүүд буруу сонголт хийж байгааг нь харсан л бол хөндлөнгөөс оролцох үүрэгтэй. Энэ нь эцэг эх нь хүүхдүүдээсээ үнэ цэнтэй бэлгийг нь буюу сонгох эрхийг нь булаан авч байгаа хэрэг биш юм. Сонгох эрх нь Бурханаас өгөгдсөн бэлэг учраас эцсийн эцэст юу хийх, биеэ хэрхэн авч явах, юунд итгэхийг сонгох нь ямагт тэдний өөрсдийн шийдвэр байх болно. Гэвч эцэг эхийн хувьд бид биеэ хэрхэн зохистой авч явахыг мөн буруу замаар орохын үр дагаврыг тэдэнд ойлгуулахад анхаарах хэрэгтэй. Хууль бусаар хянаж цагдах мэтийн зүйл гэр оронд байдаггүйг санагтун. Кино, сэтгүүл, телевиз, видео, бусад мэдээллийн хэрэгсэл гаднын зочидтой адил байх ёстой бөгөөд эдгээрийг гагцхүү гэр бүлийн зохих хэрэглээнд ашиглахдаа хүлээн авбал зохино. Гэр орноо амар амгалан, зөв шударга байдлын газар болго. Хилэнцэт нөлөөнд онцгой сүнслэг орчныг тань бохирдуулах боломж бүү олго. Нинжин сэтгэлтэй, ухаалаг, зөөлөн байж, хэлэх үгээ болон бие биедээ хандах хандлагаа сайтар бод. Тэгвэл сайн мэдээний жишгүүд дээр тулгуурласан гэр бүлийн зорилго тань сайн шийдвэр гаргах явдлыг амар хялбар болгоно.

Дээрх зарчим нь тантай адил гэр бүлд туслах үүрэгтэй бишоп, багш болон Сүмийн бусад удирдагчид мөн адил хамаатай. Өөрийн хариуцсан хүнийг ёс суртахууны хувьд буруу сонголт хийж байхыг та зүгээр л хараад суух хэрэггүй. Өсвөр насны нэг хүүхэд амьдралдаа ёс суртахууны хувьд буруу сонголт хийх гэж байвал хайраар, эелдэг найрсаг байдлаар хөндлөнгөөс оролцох, туслах чадалтай эцэг эх, удирдагч, багш үргэлж хаа нэгтээ байх болно.

Хүүхдүүддээ сайн үлгэр дуурайл үзүүл

Дөрөвдүгээрт, үлгэр жишээ бол. Эцэж туйлдсан далайчин луужингүйгээр эцэс төгсгөл нь харагдахгүй далай тэнгисийг туулж чадахгүйтэй адил хүүхэд, өсвөр үеийнхэн маань удирдан залах гэрэл, сайн үлгэр дуурайлгүйгээр амьдралын далай тэнгисийг туулж чадахгүй. Эцэг эх нь зарчмаа баримталдаггүй, сайн мэдээний дагуу амьдардаггүй бол тэднээс зохисгүй зүйлээс хол байна гэж хүсэн хүлээх хэрэггүй.

Эцэг эх, багш, удирдагч бид зөв шударга хүч чадал, эр зориг, золиос, амин хувиа умартан үйлчлэх, өөрийгөө хянахын хувийн хүчирхэг үлгэр жишээ үзүүлэх эрхэм үүрэгтэй. Эдгээр нь өсвөр үеийнхэнд сайн мэдээний төмөр бариулаас зууран барьж, шулуун бөгөөд давчуу зам дээр үлдэхэд туслах зан чанар юм.

Сайн мэдээний дагуу амьдрах нь алдаа хийхээс зайлсхийхэд тусалдаг

Мэдээлэл өгөх, харилцах, хөндлөнгөөс оролцох, үлгэр дуурайл болох дээр анхаарлаа хандуулах юм бол сайн мэдээний жишгээс хэзээ ч холдохгүй төгс хүүхдүүдтэй, төгс гэр бүлтэй болно гэж хэлж болдог ч болоосой. Харамсалтай нь энэ нь боломжгүй юм. Харин миний мэдэхээс сайн мэдээний зарчим, жишгийн дагуу амьдардаг гэр бүл ноцтой асуудлаас өөрсдийгөө хамгаалж гарах магадлал өндөртэй байдаг. Эерэг харилцаа, итгэлийн үлгэр дуурайлын загварыг урт удаан хугацаанд дагаж чадах юм бол хувийнхаа асуудлын талаар хамтдаа ярилцаж, гэр бүлийн гишүүн бүрийг адислахад шаардлагатай өөрчлөлтийг хийхэд хамаагүй амархан байдаг.

Бенжамин хааны өгсөн чухал зөвлөгөөг сонсоно уу. Тэрээр:

“Мөн эцэст нь, та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө.

Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн” (Мозая 29–30) хэмээн хэлсэн.

Ах, эгч нар аа, Бурхан бидний хүн нэг бүрийг адисалж, гэрээний маань дөлийг зүрх сэтгэлд маань унтаршгүй гал мэт дүрэлзэн асаах болтугай. Бид ариун ёслолоос долоо хоног бүр хүртэхдээ сүнслэг байдлаараа ариун нандин гэрээгээ шинэчлэхэд бэлэн байх болтугай. Мөн бид Их Эзэнийг эрхэмлэн дээдэлж, гэр бүлээ хүчирхэгжүүлэх замаар Түүний Сүмийг энэхүү хамгийн баясгалант, агуу өдрүүдэд барьж байгуулахад өөрсдийн хувь нэмрийг дуртайяа оруулаасай хэмээн би даруухнаар залбирч байна.