Гэр бүлд зориулсан эх сурвалж
14-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (2-р хэсэг)


“14-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (2-р хэсэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 58–63

“14-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 58–63

14-р хичээл

Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах

2-р хэсэг

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Гэр бүлээрээ хамтдаа үйлчлэх үйл ажиллагаа төлөвлө.

  • Гэр орныхоо ажлыг аль нэгэн хүүхэд, ач зээтэйгээ эсвэл ах дүү нарынхаа болон гэр бүлийн аль нэгэн хүнийхээ хүүхэдтэй хий. Ажлаа хийж байхдаа хүүхэдтэй ярь. Хүүхдийн тус дэм болох гэсэн хичээл зүтгэлийг шүүмжлэлгүйгээр боломжийг ашиглан зааж сурга.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (34285) товхимлын “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл” (11–13-р хуудас), “Хөгжим ба бүжиг” (22–24) болон “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” (35–37-р хуудас) гэсэн хэсгүүдийг унш. Материалыг уншиж дууссаныхаа дараа аль хүүхэдтэйгээ энэ материалыг хамт уншиж, ярилцах нь тустай болохыг тодорхойл.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрвээ та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Хүүхдүүдэд заа

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
ерөнхийлөгч Боид К.Пакэр

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлийг дагалдан ирдэг үнэнүүдийн талаар суралцах асар их хүслийг энд болон бусад газар цугларсан хүмүүсийн тоо хэмжээ харуулж байна.

Та нарын хувьд юу хамгийн хэрэгтэй байж болохыг мэдэхээр залбирч байхад гурван долоо хоногийн дараа би 75 нас буюу өөрийн хэлэх дуртай хижээл насанд хүрэх гэж байгаа маань бодогдлоо.

Би 50 гаруй жил багшилсан. Миний сурч мэдсэн зарим нэгэн зүйл та нарт тус болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Бидний мэдэх шаардлагатай гэдгээ мэдэхгүй байгаа зүйлийг ч гэсэн амьдрал зааж сургана гэдгийг энэ бүх туршлагаас би ухаарсан. Эдгээр олж авсан хүндхэн сургамж нь хамгийн үнэ цэнтэй нь болж ч магад.

Би хижээл насандаа сурч мэдэхтэй холбоотой өөр нэг зүйл сурсан. Энэ яриа эмч, өвчтөн хоёрын хооронд өрнөж байна гэж бод.

Эмч: Би танд юугаар тусалж чадахсан бол? Асуудал юунд байна гэж та бодож байна вэ?

Өвчтөн: Миний ой санамжид асуудал байна, эмч ээ. Би нэг юм уншсан ч санахгүй байна. Би яагаад энэ өрөөнд ирснээ мөн барьсан зүйлээ хаана тавьснаа ч санахгүй байна.

Эмч: Ийм байдалтай болоод та хэр удаж байна вэ?

Өвчтөн: Би ийм байдалтай болоод хэр удсан гэж үү?”

За, хэрэв та үүнд гайхаж байвал та 60 хүрээгүй эсвэл өөрийгөө таниад инээж байгаа байх.

Бага насанд нь хүүхдүүдэд заах

Нас ахихын хэрээр та залуухан байсан шигээ аливаа зүйлийг хурдан сурч, цээжилж чадахгүй. Ийм ч болоод бошиглогч Алма “Насны залууд мэргэн ухаанд суралц; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун”1 хэмээн заасан юм болов уу?

Миний хувьд судрын болон шүлгийн мөрийг цээжлэх маш хэцүү байдаг. Залуу байхдаа би ямар нэгэн зүйлийг ганц хоёр удаа давтаж уншаад л цээжилдэг байсан. Хэрэв олон удаа давтан хэлж, бичиж тэмдэглэсэн бол барагтай л бол мартдаггүй байсан.

Залуу нас бол амархан сурах цаг билээ. Тиймээс хүүхэд, өсвөр үеийнхний багш нар Сүмийн удирдагч бидний анхаарлын төвд эхнээсээ л байсаар ирсэн.

Хүүхэд, өсвөр насныханд сайн мэдээ, амьдралын сургамжийг зааж сургах нь юу юунаас ч илүү чухал юм.

Их Эзэн энэ үүрэг хариуцлагыг эхлээд эцэг эхэд өгөөд, тэдэнд:

“Мөн дахин, Сионд … эцэг эхчүүд хүүхдүүдтэй байхын хэрээр, тэдэнд наманчлалын сургаал, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээхийг, мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг тэд заадаггүй бол, тэднийг найман нас хүрэхэд уг нүгэл эцэг эхчүүдийнх нь толгой дээр байх болно”2 хэмээн сэрэмжлүүлжээ.

Өсвөр үеийнхэнд эхлээд гэр оронд нь, дараа нь сүмд заадаг байх нь энэ Сүмийн үндсэн зорилго мөн.

Мэдлэг хуримтлуулах

Миний сурч мэдсэн өөр нэгэн зүйл бол залуу насандаа сурч мэдсэнээ марталгүй санаж байхтай холбоотой. Залуу хүний оюун санаанд хадгалагдан үлдсэн мэдлэг олон жилийн дараа, яг хэрэгтэй цаг мөчид гарч ирэх үе бий.

Би та нарт үүнийг тайлбарлан харуулъя. Сүмийн зарим гишүүн бишопын өгсөн зөвлөгөөг үл ойшоодог байхад зарим нь эсрэгээрээ түүнд хэт их найддагт миний сэтгэл маш их зовнидог.

Ерөнхий чуулганаар би бишопын талаар үг хэлэхээр шийдсэн юм.

Би залбирч байгаад бэлдсэн бөгөөд 50 жилийн тэртээ өрнөсөн нэг яриа санаанд минь орж ирэх нь тэр. Би багшаар үйлчилж байсан бөгөөд дуудлагаа ч төгс хийж байлаа. Тэр яриагаа би яг Ерөнхий чуулган дээр хэлсэн хэвээр нь энд эш татъя.

“Олон жилийн өмнө би Эмэри Уайттай хамт гадасны дээд зөвлөлд үйлчилж байв. Эмэри 10 жилийн турш хөдөөний Харпэр тойрогт бишопоор үйлчилсэн байлаа. Түүний эхнэр Люсилл манай гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч болов.

Нэг удаа хөрш нь үүдэн дээр нь ирээд, Эмэриг гэртээ байгаа эсэхийг асуусан талаар надад ярьсан юм. Тэр нөхрийгөө газраа хагалахаар гарсныг хэлжээ. Харин хөрш нь ихэд сэтгэл нь зовнисон байдалтай ярив. Өглөө эрт талбайн хажуугаар өнгөрөхдөө тэр Эмэригийн тэргэнд хөллөсөн морьд зогссон, жолоо цулбуур анжисных нь дээр сул хэвтэж байхыг харсан байв. Эмэри өөрөө хаана ч харагдахгүй байж. Хөрш нь тэр үед нэг их юм бодсонгүй. Харин нэлээн хэсэг хугацааны дараа талбайн хажуугаар дахин өнгөрөхөд тэргэнд хөллөсөн морьд нь нөгөө л газраа хөдлөө ч үгүй байгааг анзаарсан байв. Тэр хашааг даван, талбайгаар явсаар морьд дээр очжээ. Эмэри хаана ч харагдахгүй байлаа. Тэр Люсиллд хэлэхээр гэрт нь яаран ирсэн нь тэр байв.

Харин Люсилл тайван гэгч нь ‘Санаа зовох хэрэггүй дээ. Асуудалд орсон нэг нь бишопыг очиж авсан байх’ гэжээ.

Талбайдаа олон цагаар зогссон тэргэнд хөллөсөн морьд бол Сүмийн бишопууд болон тэдний дэргэд зогсох зөвлөхүүдийн итгэл зүтгэлийн дүр зураг юм. Өөрөөр хэлбэл, бишоп, зөвлөх бүр хэн нэгэнд тусламж хэрэгтэй үед хагалж байсан талбай дээрээ тэргэнд хөллөсөн морьдоо орхин явдаг.”3

Би энэ үйл явдлын талаар өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй, бүр бодож ч байсангүй.

Тиймээс би Ерөнхий чуулган дээр үг хэлэхийнхээ өмнө дурсамжаа сэргээхээр Эмэри Уайтын охиныг олов. Тэр надтай хуучин гэртээ уулзахаар болж, тэр өдөр аавынхаа хагалахаар явсан талбайг үзүүллээ.

Нэг хүү маань намайг ням гаргийн өглөө эрт тэнд аваачсан юм. Хүү маань хэд хэдэн зураг авав.

Тэр өдөр хаврын налгар сайхан өдөр байлаа. Талбайг яг л олон жилийн өмнөх шиг шинээр хагалж дууссан байв. Цахлай шувуу шинээр хагалсан хөрснөөс хооллож байлаа.

Энэ явдал ой санамжийг минь сэргээж, тэр яриаг санасан нь миний хувьд тохиолдлын зүйл байгаагүйг би мэдсэн юм. Энэ нь судрын үнэнийг, бага залуудаа санамсаргүй цээжилсэн судрыг бататгаж билээ.

“Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно”4 гээд

дараа нь мэдлэгийг үнэлдэг хүмүүст ийнхүү амласан байдаг.

“Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.”5

Энэ нь надад сайхан сургамж болсон ч миний сурах зүйл үүгээр дууссангүй.

Би багадаа зурж, модоор сийлдэг байв. Өөрөө бие дааж сурсан гэж хэлж болно. Хүүхдүүдээ бага байхад би тэдэнд амьдралын талаар мөн хөвгүүн байхдаа сийлбэр, зураг зурах талаар сурч мэдсэн зүйлсээ тэдэнд зааж сургахад цаг заваа зориулдаг байсан.

Тэднийг өсөж том болсны дараа модоор сийлбэр хийх нь өөрийгөө тайвшруулдаг арга зам болсон юм. Би шувуу сийлж, олон цагийг сийлбэрт зарцуулах болсон. Хүмүүс надаас “Үүнийг сийлэхэд та хэдэн цаг зарцуулсан бэ?” гэж асуухад нь би үргэлж “Мэдэхгүй байна. Зарцуулсан цагаа мэдэх юм бол би сийлбэр хийхээ болих байх” гэж хариулдаг байсан.

Гараа ажиллуулах үедээ би бүтээлтийн гайхамшгийн талаар тунгаан боддог байсан ба сүнслэг өдөөлтүүд урсан орж ирдэг байв. Модоор сийлбэр хийж байхдаа би хэлэх үгээ ч хамт бас сийлдэг байсан юм.

Сийлбэр хийхдээ би амардаг байлаа. Заримдаа хэт их хямралд орж, ааш муудах үед эхнэр минь “За, дахиад нэг сийлбэр хийх цаг чинь болж дээ” гэж хэлдэг.

Хэрэв би хижээл насны ой санамжаа илүү их хүчлэх юм бол тэдгээр сийлбэрийн аль нэг рүү заагаад, аль үгийг төлөөлж байгааг нь хэлж чадах байх. Би тэр нам гүм цаг мөчид хоёр зүйлийг нэг зэрэг хийж байгаагаа олж мэдсэн юм.

Зааж сургасныхаа үр шимийг хүртэх

Би одоо сийлбэр хийж чадахаа больсон. Гурван голчтой нүдний шил зүүдэг болж, хурууны маань үе багадаа туссан полиомиелитээс болж уян хатан байдлаа алдсан тул ийн хийх нь миний хувьд хэцүү болсон. Үүнээс гадна дуудлага маань ч цаг их авдаг тул сийлбэр хийх, хэлэх үгээ бэлдэх гэсэн хоёр ажилд зарцуулахад цаг хүрэлцдэггүй.

Сийлбэр хийх ур чадвараа би бараг алдсан ч хүүхдүүд маань алдаагүй. Бид тэдэнд бага байхад нь заасан.

Талбайд үлдсэн тэргэнд хөллөсөн морьдын дүр зураг надтай хамт үлдсэн юм. Надад жолоо цулбуур нь анжисныхаа дээр сул хэвтсэн, бишопын талбайд үлдээсэн тэргэнд хөллөсөн морьдын зургийг зурдаг ч юм билүү гэж бодогдсон.

Зураг зураагүй есөн жил болсон тул би тээнэгэлзэж байлаа. Ер бусын авьяаслаг, сүнслэг хоёр найз минь надад бишопын тэргэнд хөллөсөн морьдын зургийг зурахад туслахаар болж, бас долоодугаар сард аялахгүй амрах тул би зурж эхлэв.

Би тэр хоёр найзаасаа олон зүйл сурсан бөгөөд үнэндээ тэд миний зурганд шингэсэн байгаа. Гэхдээ би хоёр хүүгээсээ бүр их тусламж авсан. Би аливаа зүйлийг модоор сийлж, зотон даавуун дээр зурж эсвэл үгээр илэрхийлэхдээ үргэлж аль болох үнэн зөв дүрслэн гаргахыг хичээдэг тул нэг хүү маань хагалсан талбайн зургуудыг авч надад өгч билээ.

Энэ бол бас нэгэн сургамж байсан юм. Хүүхдүүдийн маань багадаа сурч мэдсэн зүйл одоо надад эргээд туслах болсон.

Нөгөө хүү маань миний зурагтай хослуулан бишопын тэргэнд хөллөсөн морьдыг дүрсэлсэн баримал хийн, хүрлээр цутгахаар шийдэж билээ. Бид нэг нэгэндээ тусалж, олон цагийг үр дүнтэй өнгөрүүлсэн.

Хүү минь 50 гаруй жил гар хүрэлгүй өлгөөтэй байсан морины хэдэн тоногийг манай амбаараас гаргаж, тоосыг нь сэгсэрч, гэртээ авч явав. Нэг тоногийг тэр маш номхон уналгын мориндоо зөв тохон янзалж, нарийн нямбай таталбар хийх үед морь нь дуу ч гаргалгүй зогсож байлаа.

Хөрш нь хуучны анжис цуглуулдаг байсан юм. Тэдгээрийн дунд яг тэр үеийн хуучны анжис байсан тул хүү минь бас анжисны таталбар хийв.

Ийм маягаар хөвгүүддээ бага насанд нь өгсөн зүйл надад эргэн ирж билээ. Бусад хүүхдийн адил тэд эцэг эхийн хувьд бидний хар багаас нь зааж сургасан зүйлс дээр ажиллаж, улам сайжруулсан байлаа. Хэрэв дэлхий дээр өнгөрүүлэх бидний өдрүүд Эзэний авралаар уртасгагдах юм бол бид ач, зээ нараа буюу хоёр дахь, магадгүй ачинцар, зээнцэр гээд гурав дахь ургацаа ч хурааж болох юм.

Нойрсож буй авьяасаа сэргээх

Би бас өөр нэгэн авьяасаа сэргээсэн юм. Өмнө нь би жаахан хөвгүүн байхдаа сонсож байсан түүхээр өдөөгдөн нэгэн зураг зурж байсан. Энэ нь Виллард оргилыг дүрсэлсэн зураг байв. Хижээл насны хүмүүс тэдгээр оргилыг Ерөнхийлөгчийн зөвлөл гэж дуудаж байхыг нь би сонссон. Тэнгэр өөд сүндэрлэн зогсох тэр асар өндөр гурван оргил Сүмийн удирдагчдыг төлөөлж байлаа.

Тэр зургийг би есөн жилийн өмнө зурж байсан юм. Хүү минь намайг Ютагийн Виллардад авчраад, оргилуудын гэрэл зургийг буулган авч билээ. Би илүү их сүүдэр туссан, дүрс сайн ялгарч гарах үед нь дахин нэг удаа эргэж очив.

Ийнхүү олон жилийн дараа би унтаа байсан авьяасаа сэрээх хэрэгтэй болсон юм. Эхлээд маш хэцүү байлаа. Би хэд хэдэн удаа больё гэж бодсон. Нэг найз маань “Тэг ээ, тэг! Хийж чадалгүй дундаас нь орхисон хүмүүс зөндөө л байдаг шүү дээ” гэж хэлж билээ.

Гол нь эхнэр маань надад болихыг зөвшөөрөөгүй тул би болиогүй. Одоо би тэр үед болиогүйдээ баярладаг. Нэгэнт зураад эхэлсэн тул юмыг яаж мэдэх вэ, дахин нэгэн зураг зурах ч юм бил үү?

Зурах чадвараа сэргээхийг хичээх нь олон жил Сүмд идэвхгүй байсан хүн сүрэгтээ дахин нэгдэхээр шийдэхтэй адилхан гэж би боддог. Нойрсож байгаа ч бүрмөсөн алга болоогүй зүйлийг дахин гартаа оруулах нэг хэсэгтээ л хэцүү байна. Мөн найз нөхөдтэй байх нь тус болдог.

Энэ нь сурч мэдэхтэй холбоотой өөр нэгэн зарчим—ердийн амьдралын үйл явдлаас сургамж авах явдал юм.

Бишопын тэргэнд хөллөсөн морьд зургаа би удахгүй зурж дуусгана. Хүүгийн маань баримлыг цутгамлын цехэд хүрлээр цутгаж байгаа.

Дашрамд хэлэхэд, түүний баримал миний зургаас хавьгүй дээр болсон. Тийм ч байх ёстой. Залуу хүний гар хуруу, оюун ухаан минийхийг бодвол хурдан, эвлэгхэн байх нь гарцаагүй.

Бид хижээл насанд хүрэхдээ хөгшин хүний яс тийм ч амархан нугарч, үе мөч нь тийм ч амар хөдөлдөггүй болохыг мэддэг. 65 нас хэвийхэд шал яагаад ч юм доошилсон мэт санагддаг тул гутлынхаа үдээсийг уяхад ч амаргүй болж ирдэг.

Дахиад л “Насны залууд мэргэн ухаанд суралц; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун.”6

“Бурханы алдар суу бол оюун билиг, эсвээс, өөрөөр хэлбэл, гэрэл ба үнэн юм.”7

“Харин хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ”8 гэсэн сургамжийн үгс орж ирнэ.

Эрхэм дээд Ариун Сүнсний бэлгийг хүүхдүүдийг найман нас хүрэхэд өгдөг.

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.”9

Заах, сануулах гэсэн үгсийг анхаар.

Бид хүүхдүүдэд зааснаар өвөрмөц бэлэг хүлээн авдаг. Та зааж сургаснаар хүүхдүүдийнхээ сурч мэдсэнээс илүү ихийг сурч мэддэг гэдгээ мэдэх үү?

Сүнслэг дурсамжууддаа тулгуурлах

Мөнх бус амьдралын мэдлэгийг олж авах, сүнслэг мэдлэгийг олж авах хоёр хоорондоо ялгаатай. Суралцагчид үүнийг шалгалтын өдөр олж мэддэг. Өмнө нь сурч мэдээгүй зүйлээ санах хэцүү.

Мөнх бус амьдрал дахь мэдлэгийн хувьд энэ нь үнэн боловч, сүнслэг мэдлэгийн хувьд бид төрөхөөс өмнөх үеийн дурсамждаа тулгуурлаж болно. Бид бага насандаа ойлгомжгүй зүйлсийг мэдрэх нарийн торгон мэдрэмжийг хөгжүүлэх боломжтой.

Яруу найрагч Вөрдсвөрт мөнх бус оршихуйн өмнөх амьдралын талаар юу мэдэрснээ ийн бичжээ.

Бидний төрөлт унтаж, мартахын адил юм.

Бидэнтэй босдог Бодгаль, амьдралын маань Од мичид

Хаа нэгтээ байж байгаад,

Харийн газраас ирдэг

Бүх зүйлээ марталгүй,

Бас нүцгэн биеэрээ ч биш,

Харин алдар суугийн үүлэнд дайгдан

Орон гэр маань болох Бурханаас ирдэг.10

Коллежид сурч байхдаа би англи хэлний хичээл дээр цээжилсэн эдгээр шүлгийн мөрийг санаж байгаагаараа эш татлаа.

Хамгийн чухал сургамжийг амьдралд тохиолдох энгийн үйл явдлуудаас авдаг.

Зарим нь гэрчлэлийг нь батлах хүчирхэг сүнслэг туршлагыг хүлээдэг. Гэтэл бодит амьдралд ийм байдаггүй. Чимээгүй өдөөлт, энгийн зүйлсийн талаар төрсөн сэтгэгдэл нь Бурханы хүүхэд гэсэн мөн чанарын маань талаар бидэнд баталдаг. Бид гайхамшигт үйл явдлын тэмдэг эрэлхийлж, “зорилгоос алсуур хайж”11 харснаар өгөгдсөн онцгой эрхээ эдлэлгүй доогуур амьдардаг.

Мөнх бус амьдралын өмнөх оршихуйд Бурхантай хамт амьдарч байсан тул бид Түүний хүүхдүүд юм. Үе үе тэрхүү хөшиг сөхөгддөг. Бидэнд өөрсдийн хэн болох тухай мөн мөнхийн дүр зурагт ямар байр суурь эзэлдэг талаарх мэдээлэл ирдэг билээ. Тэдгээрийг дурсамж гэнэ үү, сүнслэг ойлголт гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн байлаа гэсэн энэ нь Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг гэрчилдэг. Ийм илчлэлтийг зааж байхдаа бид хүлээн авдаг.

Ерөнхийлөгч Марион Ж.Ромни (1897–1988): “Би Ариун Сүнсний нөлөөллөөр ярьж байгаагаа үргэлж мэддэг. Учир нь би хэлсэн үгнээсээ үргэлж суралцаж байдаг” хэмээн хэлэхийг би сонсож байсан.

Их Эзэн ахлагчдад хандан:

“Та нар заагдахаар бус, харин та нарын гар дээр миний тавьсан тэдгээр зүйлүүдийг миний Сүнсний хүчээр хүмүүний үрст заахаар урагш илгээгддэг буюу;

Мөн та нар тэнгэрээс заагддаг байх ёстой. Өөрсдийгөө ариусга мөн та нар бүр миний хэлсний адилаар зааж болохын тулд та нар тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх болно”12 хэмээн айлджээ.

Хэдийгээр номлогчдын хувьд хөрвөгчдийн ургац нь өчүүхэн тарчиг байж болох ч тэд заахдаа сурч мэдэж байдаг тул сүнсний хүч тэдэнд болон Сүмд ирдэг.

Диконы чуулгын ерөнхийлөгч зөвлөлийн хуралд сууж, бусад дикондоо заах ёстой.13 Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч гэрээний дагуу чуулгынхаа гишүүдэд заах ёстой.14

Паул Тимотид: “Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга”15 хэмээн хэлсэн байдаг.

Заах нь хэрхэн өөрөө шагнал болохыг хэдхэн үгээр тэр:

Тэгвэл бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? Хулгай бүү хий гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?

Бүү завхайр гэж яриад та завхайрдаг уу? Шүтээнүүдийг жигшдэг та өөрөө сүмүүдийг тонодог уу?”16 гэж тайлбарлажээ.

Сурч мэдэх хүсэлтэй суралцагч байх

Би нэг өдөр өмнө нь олон удаа авч байсны адил уучлал хүссэн захиа хүлээн авсан юм. Уг захидал танихгүй хүнээс ирсэн байлаа. Тэр гишүүн захиандаа миний хэлсэн үгээс болж удаан хугацаанд хэрхэн дургүй нь хүрч, уурлаж байснаа бичжээ. Энэ нь уучлалт хүссэн захиа байсан юм.

Би ч хурдан уучилдаг л даа. Намайг зөвхөн үг хэлэх, уучлах гэсэн хоёр зүйлийг төлөөлж хийдэг хүн гэж хэлж болно.

Израилчууд болон нифайчуудын хувьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг дагах ямар “хүнд”17 байсан талаар судруудад олонтоо дурдсан байдаг. Сургаалыг хүлээж авахгүй, заасан хүнд нь дургүйцэх амархан. Эхнээсээ л олон бошиглогч, төлөөлөгчийн хувьд ийм л байсан.

Ерөөлүүдийн нэгэнд:

“Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ!

Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа мөн хөөрөн баясацгаа. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм”18 хэмээн заадаг.

Ихэвчлэн уучлалт хүссэн захиануудад “Та яагаад намайг эвгүй байдалд оруулж, буруутан мэт мэдрэмж төрүүлэх хэрэгтэй юм бэ гэдгийг би ойлгохгүй байсан” гэж бичсэн байдаг. Харин энэ байдлаа даван гарч ирсний дараа учир шалтгаан, үр дагаврын талаарх ухаарал, сүнсний удирдамж, ойлголт орж ирдэг. Эцэст нь тэд сайн мэдээ яагаад ийм байгааг харж, ойлгодог.

Би олон түүхээс нэгийг нь өгүүлье. Бид яагаад эх хүн хүүхдүүдтэйгээ хамт гэртээ үлдэхийн ач холбогдлыг онцолдог талаар нэг эгч хэзээ нэгэн цагт ойлгож болох юм. Эх байж, амь биеэ хайрлалгүй зүтгэснээр хүлээн авах өсөлт хөгжилтэй эн тэнцэх өөр ямар ч үйлчлэл байхгүй гэдгийг тэр ойлгодог. Тэр мөн оюун ухаан, соёл урлаг, нийгмийн хүрээнд өсөж хөгжихөөсөө татгалзах шаардлагагүй гэдгээ бас ойлгодог. Учир нь эдгээр нь хүүхдүүдэд зааж сургаснаар хүлээн авдаг мөнхийн ариун журамтай холбоотой байдаг тул зохих цагт нь өгөгддөг.

Эх хүний үр хүүхдэдээ зааж сургахаас өөр юу ч үүнтэй эн тэнцэж, сүнслэг байдлын хувьд илүү их үр шимтэй байдалд буюу өргөмжлөлд хүргэдэггүй. Эх хүн гэр бүлийнхэндээ зааж сурган завгүй байсан тул өөрийгөө судрын мэдлэгээр тийм ч сайнгүй гэж бодож байж болох юм. Ийм байлаа гээд түүний хүлээн авах шагнал бага байхгүй.

Ерөнхийлөгч Грант Бангэртэр тухайн үед Бразил дахь номлолоор аялж явсан ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смиттэй сургаалын талаар яриа өрнүүлжээ. Бангэртэр эгч яриаг нь сонсож сууснаа, эцэст нь “Ерөнхийлөгч Смит ээ, би хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд, нөхөр шигээ судрын өргөн мэдлэгтэй болох цаг зав гараагүй. Би Гранттай хамт селестиел хаант улсад орж чадах болов уу?” гэж асуужээ.

Ерөнхийлөгч Смит хэсэг хугацаанд дотроо чимээгүй бодож сууснаа “Түүнд бялуу жигнэж өгөх юм бол орох байх даа” гэж хариулсан гэдэг.

Үр хүүхдүүддээ зааж сургах явцад хуримтлуулсан эхнэрийнхээ сүнслэг өсөлт хөгжлийн түвшинд эр хүн эн зэрэгцэж очихын тул нэлээн их хөдөлмөрлөх шаардлагатай. Хэрэв тэр сайн мэдээг ойлгодог л юм бол эхнэр нь байхгүй бол өргөмжлөгдөхгүй гэдгээ ойлгодог.19 Үр хүүхдүүддээ зааж сургах явцад эр хүн анхаарал халамжтай, хариуцлагатай хамтрагчийн хувьд удирдан чиглүүлнэ байх гэж найдах л үлдэнэ.

Багш нарт зориулсан адислалууд

Одоо дараах амлалтыг бодож үзнэ үү.

“Та нар [багш, эцэг, эх], зарчимд, номлолд, сайн мэдээний хуулинд, та нарын [эцэг, эх] ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүх зүйл илүү төгс зааварлагдаж болохын тулд хичээнгүйлэн заагтун, та нар [багш], мөн миний ач ивээл та нартай байх болно.”20

Суралцагчдад биш, харин багшид энэ амлалтыг өгсөн байгааг анхаарна уу.

“Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай [хүүхдүүдэд тань эсвэл Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, санваар, семинар, Халамжийн нийгэмлэгт заадаг хүмүүс] байх болно,” тэгвэл та нар дараах зүйлийг мэдэх болно.

“Тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн дэлхийн доорх зүйлүүдийн тухай; байсаар ирсэн зүйлүүд, байгаа зүйлүүд, удахгүй тохиох зүйлүүд; гэрт байгаа зүйлүүд, хол байгаа зүйлүүд; дайнууд болон үндэстнүүдийн ээдрээтэй байдал, мөн уг нутаг дээрх шүүлтүүд; мөн тэрчлэн улс орнуудын тухай хийгээд хаант улсуудын тухай мэдлэг буюу—

Та нарыг бибээр дуудсан тэрхүү дуудлагыг, би та нарт [заадаг хүмүүс] итгэмжилсэн тэрхүү үүрэг даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгүүлэхээр би та нарыг дахин илгээхэд та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу.”21

Паул залуу Тимотид: “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав”22 хэмээн бошиглосон. Тэр “Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна”23 хэмээн хэлжээ.

Гэсэн ч бид аюулаас хол байж чадна. Бидний аюулгүй байдал:

“Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй”24 байхыг үр хүүхдүүддээ заахад оршино.

Паул Тимотид:

“Харин чи юу сурсан, юунд итгэсэндээ бай. Чи хэнээс сурснаа мэдэх бөгөөд

Христ Есүс дэх итгэлээр авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүдийг чи хүүхэд байхаасаа мэдсэн”25 хэмээн зөвлөжээ.

Энэ бол Есүс Христийн Сүм. Энэ бол Түүний Сүм. Тэр бол бидний Үлгэр жишээ, бидний Гэтэлгэгч мөн. Бидэнд “Түүний адил”26 байхыг зарлигласан.

Тэрээр хүүхдүүдийн багш нь байсан. Есүс Иерусалимын шавь нартаа “Хүүхдүүдэд зөвшөөр. Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал нь эдний адил хүмүүсийнх юм”27 хэмээн зарлиглажээ.

Аврагчийн нифайчуудын дунд хийсэн тохинууллын тухай түүхээс бид Түүний бодгалийг өөр бусад газраас илүү гүн гүнзгий харах боломжтой:

“Мөнхүү улиран тохиох дор тэрбээр тэдний бяцхан хүүхдүүд авчрагдахыг зарлиг болгов.

Иймээс тэд бяцхан хүүхдүүдээ авчирч мөн тэднийг түүний эргэн тойронд газарт доош тавив, мөн Есүс голд нь зогсов; мөн цугласан олон тэднийг түүнд бүгдийг нь авчрах хүртэл зай тавьж өгөв. …

… [Мөн] тэрээр уйлж, мөн олон түмэн үүнийг гэрчлэв, мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.

Мөн тэр үүнийг хийгээд тэрээр дахин уйлав;

Мөн тэр олон түмэнд хандан ярьж, Бяцхан үрсээ болгоогтун хэмээн хэлэв.

Мөн тэд болгоохоор харахдаа харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн тэд тэнгэр нээгдэхийг үзэв, мөн тэд тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирэхийг үзэв; мөн тэд доош ирж мөн багачуудыг эргэн тойрон хүрээлж, мөн тэд галаар эргэн тойрондоо хүрээлэгдсэн байв; мөн тэнгэр элч нар тэдэнд тохинуулав.

Мөн цугласан олон үзэж мөн сонсож мөн гэрчлэв; мөн тэд өөрсдийнх нь цэдэг үнэнийг мэддэг, учир нь тэд бүгд өөрийн биеэр үзэж мөн сонссон болой.”28

Энэ цэдэг үнэн гэдгийг би мэднэ. Би Түүний талаар гэрчилж, Түүний нэрээр хүүхдүүдэд заадаг та бүхнийг адисалж байна.