Гэр бүлд зориулсан эх сурвалж
8-р хичээл: Гэр бүлийн санхүүгээ зохицуулах


“8-р хичээл: Гэр бүлийн санхүүгээ зохицуулах,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 28–32

“8-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 28–32

8-р хичээл

Гэр бүлийн санхүүгээ зохицуулах

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Сүүлд худалдаж авсан зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Шаардлагатай гэсэн зүйлс бүрийнхээ хажууд Ш гэж бич. Харин шаардлагагүй ч хүссэн зүйлсийнхээ хажууд Х гэж бич. Энэ жагсаалтыг ашиглан зарлагынхаа дадал хэвшилд дүгнэлт хий. Хэрэв та шаардлагагүй зүйлсэд хэтэрхий их мөнгө зарцуулж байвал мөнгөө зөв ашиглах арга замын талаар бодож үз.

  • Ханьтайгаа дараагийн нэг эсвэл хоёр долоо хоногийн төсвөө гарга. 32-р хуудсан дээрх жишээг загвар болгон ашиглаж болно. Төлөвлөсөн төсвөө чанд баримтлан амьдрахын тулд хамтдаа ажилла.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Өөрчлөлтийн дунд тогтвортой бай

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
ерөнхийлөгч Н.Элдон Таннэр

Дагаж чадвал санхүүгийн ямар ч нөхцөлд аюулгүй байдал, амар амгаланг авчрах хөдөлшгүй, суурь зарчмын талаарх өөрийн ажигласан зүйлсийг өнөөдөр би та нартай хуваалцах гэсэн юм.

“Эхлээд Бурханы хаанчлалыг хайгтун”

Хамгийн түрүүнд би эдгээр санхүүгийн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх суурийг тавьж, хэтийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.

Ач хүү маань нэг удаа надад “Би таныг болон бусад амжилттай явж буй хүмүүсийг ажигласан бөгөөд амьдралдаа амжилтад хүрэхээр хатуу шийдсэн. Юу тэднийг амжилтад хүргэснийг олж тогтоохын тулд амжилттай явж байгаа аль болох олон хүнтэй ярилцаж үзэхийг хүсэж байна. Өвөө, тиймээс та амьдралаа эргэж харах юм бол амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийг юу гэж бодож байна вэ? гэв.

Би түүнд “Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” ( Матай 6:33) хэмээх өөрийн мэдэх Их Эзэний өгсөн амжилтын хамгийн агуу томьёог өгсөн билээ.

Хүмүүс Бурханы хаант улсыг эрж хайдаггүй ч санхүүгийн амжилтад хүрсэн байдаг гэж зарим нь хэлж болох юм. Энэ бол үнэн. Гэхдээ Бурханы хаант улсыг эрэлхийлсний хариуд Их Эзэн бидэнд зөвхөн материаллаг эд баялаг амлаагүй. Өөрийн туршлагаас харахад ийм байдаггүйг би мэднэ. Хэнрик Ибсэнийн хэлснээр “Мөнгөтэй бол олон зүйлийг шийдвэрлэж болох ч энэ нь амьдралын утга учир биш ээ. Үүгээр хоол хүнс худалдан авч болох ч хоол идэх хүслийг авахгүй, эм танг авч болох ч эрүүл мэндийг авах боломжгүй, танилуудтай болгодог ч найз нөхдийг авчрахгүй, үйлчлүүлэгчдийг авчрах ч үнэнч занг өгөхгүй, зугаа цэнгэлийг авчравч амар амгалан, аз жаргалыг худалдан авах боломжгүй” (The Forbes Scrapbook of Thoughts on the Business of Life [1968], 88).

Зөв арга замаар, зөв зорилгоор олж авах юм бол материаллаг адислал нь сайн мэдээний нэгэн хэсэг болдог. Ерөнхийлөгч Хью Б.Брауны нэгэн туршлагыг би санаж байна. Тэр Дэлхийн I дайны үеэр залуу цэрэг байхдаа нэгэн ахимаг настай найзаа эмнэлэгт байхад нь эргэж очжээ. Наян насыг зооглож буй олон саяын хөрөнгөтэй найз нь үхлийн ирмэг дээр ирсэн байв. Салсан эхнэр, таван хүүхэд нь ч санаа тавьж, эмнэлэгт эргэж ирсэнгүй. Ерөнхийлөгч Браун найзынхаа “мөнгөөр худалдаж авах боломжгүй алдсан зүйлс, эмгэнэлтэй байдал, зовлон гаслангийн хэр хэмжээг” бодов. Хэрэв түүнд дахин амьдрах боломж олдвол амьдралдаа юуг өөрчлөх байсныг тэр найзаасаа асуужээ.

Тэр явдлаас хойш хэдхэн хоногийн дараа амьсгал хураасан настай ноёнтон “Амьдралаа эргэн харахад, минийх байж болох байсан ч олон саяыг хурааж байх явцдаа алдсан хамгийн чухал бөгөөд үнэ цэнтэй эд баялаг бол ээжийн минь Бурханд болон сүнсний үхэшгүй байдалд итгэдэг итгэл байсан юм.

… Чи надаас амьдралын хамгийн чухал зүйл юу болохыг асуулаа. Чиний асуултад нэгэн яруу найрагчийн хэлсэн үг хамгийн сайн хариулах байх” гэжээ. Тэр ерөнхийлөгч Браунаас цүнхнээс нь нэг жижигхэн ном гаргаж өгөхийг хүсээд, “Би харийн хүн” гэсэн шүлгийг уншив.

Ээжийн минь заасан итгэл бишрэлд би харийн хүн,

Ээжийг минь уйлахад сонссон Бурханд би гаднын хүн,

Намайг “Унтахаар хэвтэхэд” тайтгаруулдаг,

Аавыг минь нас барахад тэврэн авсан мутрыг би танихгүй.

Дэлхий над дээр ирж, дуудахад нь би бүхнээ орхин дагасан ба

Сохорсноосоо болж би Түүний мутрыг тавьснаа мэдээгүй.

Алдар нэр хөөс мэт замхран алга болно гэж ч зүүдлээгүй.

Алт мөнгө үнэ цэнгүй гэдгийг бас мэдээгүй. Харин одоо би мэднэ.

Бүх насаараа араас нь хөөцөлдөн байж олж авсан зүйлсээ би дараа нь жигшсэн.

Би олон зүйлийн төлөө тэмцсэн, шан харамжийг нь ч хүртсэн.

Гагцхүү тэдгээрийг дагаж ирсэн бүх алдар суу, эд баялаг, жаргал цэнгэлийг

Ганцхан ээжийг минь итгэлтэй болгосон итгэлийн төлөө би өгөх байсан.

Энэ нь Сүмд төрж өссөн ч холдож хөндийрсөн хүний үхэхдээ хэлсэн гэрчлэл байлаа. Энэ нь мөнгөөр авч болох бүх зүйл байсан ч дэлхийн тэрхүү эд баялгийг хуримтлуулахын тулд хамгийн чухал зүйлээ алдсан ганцаардсан эрийн сэтгэл шимшрүүлэм үгс байв” (Continuing the Quest [1961], 32–35; налуу бичилт нэмэгдсэн).

Бошиглогч Иаков энэ талаар маш чухал зөвлөгөөг Мормоны Номд өгсөн байдаг.

“Харин та нар баялгуудыг эрэлхийлэхийн өмнө, Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар.

Мөн та нар Христэд найдах найдварыг олсныхоо дараа, хэрэв та нар тэдгээрийг эрэлхийлэх аваас, та нар баялгуудыг олох болно; мөн та нар тэдгээрийг сайныг үйлдэх зорилгын төлөө эрэлхийлэх болно—нүцгэнийг хувцаслахад, мөн өлссөнийг хооллоход, бас боолчлогдсоныг чөлөөлөхөд, мөн өвдсөн бас зовсныг халамжлахад буюу” (Иаков 2:18–19: налуу бичилт нэмэгдсэн).

Иймээс тэрхүү суурь, хэтийн төлөвлөгөө бол юуны өмнө Бурханы хаант улсыг эрэлхийлэх, дараа нь ухаалгаар төлөвлөн, ажиллаж хөдөлмөрлөж, мөнгө зарцуулж, дараа нь адислагдсан эд баялгаа Бурханы хаант улсыг барьж босгоход ашиглан туслах явдал юм. Түүний мөнхийн алсын хараагаар удирдуулж, тэрхүү бат бөх суурин дээр барьж босгох юм бол бид өдөр тутмын үүрэг даалгавар мөн ажлаа нягт нямбай төлөвлөж, тууштай хийж чадна гэдэгтээ итгэл төгс байж чадна.

Би энэ хүрээн дотор эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтвортой зогсоход туслах таван зарчмыг тайлбарлахыг хүсэж байна.

Аравны нэгийг шударгаар төлөх

Тууштай дагавал зохих 1-р зүйл: Аравны нэгээ шударгаар төл. Аравны нэгийг төлөх нь Их Эзэнд болон Сүмд бэлэг өгч байна гэсэн үг биш гэдгээ бид ойлгодог болов уу гэсэн бодол надад байнга орж ирдэг. Аравны нэгийг төлөх нь Их Эзэнд өрөө эргүүлэн төлж байгаа хэрэг юм. Их Эзэн бол амьдрал гээд бүх адислалын маань эх сурвалж мөн.

Аравны нэгийг төлөх нь зарлиг буюу амлалт бүхий зарлиг юм. Хэрэв энэ зарлигийг дуулгавартай дагах юм бол “эх нутагтаа цэцэглэн хөгжинө” хэмээн бидэнд амласан. Ийнхүү цэцэглэн хөгжихөд эд материалаас гадна сайн эрүүл мэнд, саруул ухаан орж болно. Энд мөн гэр бүлийн эв нэгдэл, сүнслэг байдлын өсөлт хөгжил багтдаг. Та нарын дунд аравны нэгээ бүрэн төлдөггүй хүн байвал төлөхийн тулд итгэл, хүч чадлыг эрэлхийлнэ байх хэмээн найдаж байна. Та нар Бүтээгчийнхээ өмнө энэ үүргээ биелүүлэх юм бол зөвхөн энэ зарлигт итгэлтэй байсан хүмүүсийн хүртэх тэрхүү асар их, агуу аз жаргалыг олох болно.

Арвич хямгач амьдрах

Тууштай дагавал зохих 2-р зүйл: Олж байгаагаасаа багыг зарцуул. Та өөрийн зарцуулж болохоос илүү их орлогыг олох боломжгүй гэдгийг би олж мэдсэн. Хувь хүний олсон орлогын хэр хэмжээ биш, харин мөнгөндөө хяналт тавих чадвар сэтгэл санааны амар амгаланг авчирдаг гэдэгт би итгэдэг. Мөнгө дуулгавартай үйлчлэгч байж болох ч яхир хэцүү даамал ч байж болно. Бага ч гэсэн мөнгө үлдээх байдлаар амьдралын жишгээ тогтоож чадсан хүмүүс нөхцөл байдлаа өөрсдөө хянадаг. Олж байгаагаасаа бага ч гэсэн илүү гарган зарцуулдаг хүмүүсийг нөхцөл байдал нь хянадаг. Тэд боолчлолд ордог. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант нэгэн удаа “Хүмүүний зүрх сэтгэл болоод гэр бүлд амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг авчрах ганц зүйл байдаг бол тэр нь орлогынхоо хэмжээнд багтааж амьдрах явдал юм. Харин зовоож, урам хугалж, сэтгэлийн гутралд оруулдаг ганц зүйл байдаг бол тэр нь төлж чадахгүй өр зээл, төлбөртэй байх явдал юм” хэмээн хэлсэн (Gospel Standards, comp. G. Homer Durham [1941], 111).

Орлогоосоо багыг зарцуулахын гол түлхүүр бол маш амархан. Үүнийг сахилга бат гэж нэрлэдэг. Бид амьдралдаа эрт, орой сурсан байхаас үл хамааран хэзээ нэгэн цагт өөрсдийн дур зорго, эдийн засгийн хүслийг сахилгажуулж зайлшгүй сурах шаардлагатай болдог. Орлогоосоо багыг зарцуулж суран, хүнд цагт зориулж цааш нь мөнгө хадгалдаг хүн хэчнээн их адислагдах билээ?

Хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгаж сур.

Тууштай дагавал зохих 3-р зүйл: Хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгаж сур. Хэрэглэгчийн хүсэл бол хүмүүсийн бий болгосон зүйл юм. Бидний өрсөлдөөнтэй, чөлөөт худалдааны систем доор хязгааргүй олон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ гарч ирдэг бөгөөд тэдгээр нь илүү их тав тух, баян тансаг байх хүслийг өдөөдөг. Би энэхүү системийг буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг шүүмжлээгүй. Харин манай хүмүүс худалдан авалт хийхдээ эрүүл ухаанаар шийдвэр гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэгт санаа зовж байна. Золиос бол бидний мөнхийн сахилга батын амин чухал хэсэг гэдгийг ойлгох ёстой.

Манай болон бусад олон улс оронд Дэлхийн II дайны дараа төрсөн олон эцэг эх, үр хүүхэд зөвхөн элбэг дэлбэг, хангалуун амьдралыг мэднэ. Олон хүн хүссэн зүйлээ шууд авч сурчээ. Ажиллаж чадах л юм бол ажиллах боломж бололцоо хангалттай байх болсон. Өмнө нь тансаг байсан зүйлс өнөө үед ердийн хэрэглээ болжээ.

Үүнийг дөнгөж гэрлэнгүүтээ л бүрэн тавилгатай гэр оронтой болж, эцэг эхийнхээ олон жил зовж, золиосолж байж олж авсан тансаг зүйлсээр амьдралаа дутаахгүй байхыг хүсдэг залуучуудаас харж болно. Залуу хосууд хэт эрт, хэт ихийг хүсэж, хялбар олдох зээл авснаар өр ширэнд орох аюултай. Энэ нь аюулгүй байдлыг нь хангахад туслах хүнсний агуулах гэх мэт Сүмийн зөвлөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн чадвартай болоход нь саад болно.

Хэтрүүлэн ашиглах, мөнгөө буруу зохицуулах зэрэг нь гэрлэлтийн харилцаанд хурцадмал байдал үүсгэдэг. Гэрлэлтийн ихэнх асуудал санхүүгийн асуудлаас үүдэлтэй буюу нэг бол гэр бүлээ тэжээж тэтгэх хангалттай орлогогүйгээс эсвэл олсон орлогоо буруу зарцуулдгаас болдог юм шиг санагддаг.

Нэгэн залуухан аав санхүүгийн зөвлөгөө авахаар бишоп дээрээ ирээд, “Бишоп оо, би сайн инженер болж чадсан ба сайн ч цалин авдаг. Сургуульд байх хугацаанд мөнгө хэрхэн олох талаар надад заасан ч мөнгөө хэрхэн зохицуулах талаар хэн ч заагаагүй” хэмээн танил түүх хуваалцжээ.

Хэдийгээр оюутан бүр хэрэглэгчийн боловсрол олгох хичээлд суух нь зөв зүйтэй гэж бид үздэг ч суурь бэлтгэлийг эцэг эх нь тавих ёстой гэдэгт бид итгэдэг. Эцэг эхчүүд энэхүү амин чухал сургалтыг хийх үүрэг хариуцлагаа аз завшаанд найдан орхих эсвэл улсын дунд болон дээд сургуульд хүлээлгэн өгч болохгүй.

Энэхүү сургалтынхаа хүрээнд өр зээлийн талаар тайлбарлавал зохино. Бидний ихэнх нь хэрэглээний мөн хөрөнгө оруулалт буюу бизнесийн гэсэн хоёр төрлийн өртэй байдаг. Хэрэглээний зээл нь өдөр тутмын хэрэглээний зүйлээ зээлээр авахыг хэлнэ. Жишээлбэл, хэсэгчилсэн төлбөрөөр хувцас, хэрэгсэл, тавилга гэх мэтийг худалдаж авах юм. Хэрэглээний зээлийг ирээдүйд орж ирэх орлогоо барьцаалж авдаг. Энэ аюултай байж болно. Хэрэв бид ажлаас халагдах, бэртэж гэмтэх эсвэл гэнэтийн хүнд асуудалд орох юм бол зээлээ төлж чадахгүй байдалд орно. Хэсэгчилсэн төлбөрөөр худалдан авалт хийх нь хамгийн үнэтэй худалдан авалт юм. Худалдаж авах эд зүйлсийн тань үнэ дээр өндөр хүү, үйлчилгээний төлбөр нэмэгддэг.

Залуухан гэр бүл заримдаа зээлээр худалдан авалт хийх шаардлагатай гэж үздэгийг би ойлгож байна. Гэхдээ үнэхээр шаардлагатай зүйлээс хэтрүүлэхээс зайлсхийж, аль болох хурдан төлж дуусгаарай. Мөнгө муутай үед хүүний нэмэлт төлбөрийн дарамтад орохоос зайлсхий.

Хөрөнгө оруулалтын зээлийг гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган, эрсдэлийг бүрэн тооцоолон авах ёстой. Эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулалт бүү хий. Эрсдэлийг даган ирж болох асар их ашигт хөтлөгдөх нь аюултай. Байгаадаа ханалгүй улам бүр өсгөх гэсэн хязгааргүй шуналаасаа болж асар их хөрөнгө мөнгөө алдсан хүн олон бий. Өнгөрсөн зовлонгоосоо суралцаж, материаллаг эд зүйлс хуримтлуулах ханаж цаддаггүй шуналын боол болж, эдгээрийг цаг хугацаа, эрч хүч, эрүүл мэндээрээ төлөхөөс зайлсхий.

Ерөнхийлөгч Cпэнсэр В.Кимбалл хүн бүрийн бодвол зохих нэгэн зөвлөгөөг өгсөн.

“Их Эзэн хүмүүн биднийг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй ихээр адисалсан. Бидний гарт өгсөн эх сурвалжууд сайн сайхан бөгөөд дэлхий дээрх ажилд маань нэн шаардлагатай. Гэхдээ бидний олонх нь сүрэг, мал, эдлэн газар, амбаар, эд баялагтаа цадан, тэдгээрийг хуурамч бурхад шиг шүтэж эхэлсэн тул тэдгээрт захирагдах болсонд би эмээж байна. Бидний итгэл эдгээр сайхан эд зүйлд автахгүй бат бөх үү? Олон хүн хангалттай хэмжээний мөнгө төгрөг, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын портфель, үл хөдлөх хөрөнгө, зээлийн карт, тавилга, автомашин гэх мэт өөрийн гаднах төрх дээрээ олон цаг зарцуулан ажиллаж, махбодын аюулгүй байдлаа бүхий л талаар хангах нь урт удаан, аз жаргалтай амьдралын баталгаа гэдэгт итгэдэг. Энэ их эх сурвалжийг бид Бурханы хаант улсыг барьж босгоход зориулан зарцуулах ёстойгоо манай гэр бүл, чуулгууд мартдаг” (“The False Gods We Worship,” Ensign, June 1976, 4).

Би өөрийн гэрчлэлээр дамжуулан ерөнхийлөгч Кимбаллын мэдэгдэл дээр дараах зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна. Гэр бүлийн зохих хүсэл, хэрэгцээнээс хальсан эд хөрөнгө цуглуулах нь аз жаргал, сэтгэлийн амар амгаланг өсгөн нэмэгдүүлж байсан тохиолдлыг би мэдэхгүй.

Ухаалгаар төсөвлөх

Тууштай дагавал зохих 4-р зүйл: Төсөв боловсруулж, үүндээ багтааж амьдар. Нэг найзын маань охин БЯИС-ын гадаадад суралцах хөтөлбөрт хамрагдан нэг семестр суралцахаар гадагшаа явсан юм. Тэр гэр лүүгээ байнга мөнгө явуул хэмээн захидал бичиж байлаа. Санаа нь зовсондоо тэр улс хоорондын утсаар охинтойгоо ярьж, яагаад дахиад мөнгө хэрэгтэй болсныг асуусан байна. Ярьж байх явцад охин нь “Гэхдээ, аав аа, таны явуулсан мөнгө бүрийг юунд хэрэглэснээ би хэлж чадна шүү дээ” гэжээ.

Тэр хариуд нь “Чи миний үгийг нэг л сайн ойлгохгүй байх шиг байна. Би мөнгөө юунд зарцуулснаа бичсэн өдөр тутмын тэмдэглэлийг чинь биш, харин юунд зарцуулахаар төлөвлөсөн төсвийг чинь сонирхож байна л даа” гэжээ.

Магадгүй хүү нь гэр лүүгээ “Мөнгө байхгүй. Зугаа цэнгэл байхгүй, Хүү чинь” гэж бичсэн нэгэн коллежийн оюутан хүүгийн эцэг эх шиг байх хэрэгтэй байх. Аав нь “Муу зүйл болж. Харамсаж байна, Аав чинь” гэж бичжээ.

Олон жилийн туршид олон ч хүнтэй хийсэн ярилцлагаасаа ажиглахад ихэнх хүнд бодит сайн төсөв байдаггүй, харин байгаа нэг нь төсөвт тусгасан зүйлээ дагаж сураагүй байдгийг мэдсэн юм. Төсөв эрх чөлөөг нь боогдуулдаг гэж олон хүн боддог. Харин ч үүний эсрэгээр, төсөв нь эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй болгодог гэдгийг амжилтад хүрсэн хүмүүс ухаарсан байдаг.

Төсөв, санхүүгийн менежмент хэтэрхий төвөгтэй буюу хэтэрхий их цаг хугацаа авах ёсгүй. Бусдад өгөх мөнгөнийхөө дансыг гутлын хайрцагт, авах мөнгөнийхөө дансыг тавиур дээрээ, харин бэлэн мөнгөө кассандаа хийдэг байсан цагаачилж ирсэн нэгэн эцгийн түүх байдаг.

“Та ийм байдлаар ажил хэргээ яаж явуулдгийг би ойлгохгүй байна. Та ашгаа яаж мэддэг юм бэ?” гэж хүү нь асуужээ.

Бизнес эр “Хүү минь, би завинаас өмссөн өмдтэйгөө буусан. Одоо эгч чинь зургийн багш, ах чинь эмч, харин чи нягтлан бодогч болсон. Надад бас унах унаа, орох орон, сайн бизнес байна. Бүгдийг нь төлж барагдуулсан. Харин тэр бүхнийг нэмээд, өмдөө хасах юм бол миний ашиг гарч ирнэ” гэж хариулжээ.

Ямар ч сайн төсөв дөрвөн хэсгээс бүрддэгийг санхүүгийн ухаалаг зөвлөхүүд заадаг. Нэгдүгээрт, хоол хүнс, хувцас хунар гэх мэт үндсэн хэрэгцээндээ; хоёрдугаарт, орон байр; гуравдугаарт, гэнэтийн тохиолдолд зориулсан хадгаламж, эрүүл мэндийн болон амь насны даатгал гэх мэт; мөн дөрөвдүгээрт, ухаалаг хөрөнгө оруулалт, ирээдүйд зориулсан мөнгөн сантай байх ёстой.

Эдгээр бүрэлдэхүүн хэсгээс хоёрынх нь талаар дурдахыг минь зөвшөөрнө үү. Бидний амьдралд ямар гэнэтийн зүйл тохиолдохыг бид мэдэхгүй. Эмчилгээний зардал нэмэгдэж байгаа үед ихэнх гэр бүлийн хувьд ноцтой осол, өвчин эмгэг, хүүхэд төрүүлэх, ялангуяа дутуу төрөхийн зардлыг төлөх цорын ганц арга нь эрүүл мэндийн даатгал юм. Даатгуулагч зуурдаар нас барсан тохиолдолд амь насны даатгал нь орлогын үргэлжлэл болдог. Гэр бүл болгон эрүүл мэнд, амь насны зохих даатгалд хамрагдсан байх ёстой.

Эдгээр үндсэн хэрэглээгээ хангасан бол арвич хямгач мөнгөний менежмент баримталж, тогтмол мөнгө хадгалах замаар хөрөнгө оруулах сангаа босгох ёстой. Эхнээсээ тогтмол мөнгө хуримтлуулах дадал хэвшлийг суулгаагүй байж амжилттай хөрөнгө оруулалт хийж байсан хүн цөөхөн болохыг би ажигласан. Үүнийг хийхэд сахилга баттай байх, юу сайн, юу муу болохыг ялгаж харах чадвартай байх шаардлагатай. Хөрөнгө оруулалт хийх олон арга зам бий. Хөрөнгө оруулалтын зөвлөхөө ухаалгаар сонгохыг л би зөвлөж байна. Тэднийг амжилттай хөрөнгө оруулж байсан түүхтэй, итгэлийг тань даах чадвартай байхад анхаар.

Шударга байх

Тууштай дагавал зохих 5-р зүйл: Санхүүгийн бүх ажил хэрэгт үнэнч шударга бай. Шударга зарчимч байх гэсэн ойлголт хэзээ ч арилж үгүй болохгүй. Энэ нь бидний хийдэг бүх зүйлд хамаатай. Бид Сүмийн удирдагч, гишүүний хувьд шударга зарчимч байдлын үлгэр дуурайл байх ёстой.

Ах, эгч нар аа, би таван зарчмын дагуу санхүү, нөөц бололцооны менежментийн үнэн зөв загвар гэж хэлж болох таталбар зургийг гаргахыг хичээсэн.

Бидний хүн нэг бүр үүнийг хэрэгжүүлэн, ашиг тусаас нь хүртэнэ гэж би найдаж байна. Эдгээр нь мөн энэ Сүм болон бидний хийж буй ажил үнэн болохыг би гэрчилж байна.

-ээс хүртэлх төсөв

ОРЛОГО

ТӨЛӨВЛӨСӨН

БОДИТ ДҮН

Татварын дараах цалин буюу хөлс

Бусад орлого

Нийт орлого

ЗАРЛАГА

ТӨЛӨВЛӨСӨН

БОДИТ ДҮН

Аравны нэг

Сүмийн бусад өргөл

Урт хугацааны хадгаламж

Гэнэтийн асуудалд зориулсан хадгаламж

Хоол хүнс

Орон сууцны зээл эсвэл түрээс

Ус, цахилгааны төлбөр

Унаа тээвэр

Өр зээлийн төлбөр

Даатгал

Эмчилгээний зардал

Хувцас

Бусад

Бусад

Бусад

Нийт зарлага