“10-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (1-р хэсэг: Эцгийн үүрэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 39–42
“10-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 39–42
10-р хичээл
Эцэг эхийн ариун үүрэг
1-р хэсэг: Эцгийн үүрэг
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Ангиараа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн долоодугаар догол мөрд хураангуйлан бичсэн эцэг, эхийн үүргийг уншина уу (iv хуудсыг өгнө үү). Энэ зөвлөгөө гэр оронд тань хэрхэн хэрэгжиж байгааг мөн үүнийг дагахын тулд юу хийхээ залбирч тодорхойл.
-
Аавдаа эсвэл өвөөдөө захидал бич.
Унших даалгавар
Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.
Израил дахь эцгүүдэд хандан хэлэхэд
Сүмийн 13 дахь ерөнхийлөгч
Эзра Тафт Бэнсон
Хайрт ах нар аа, би Бурханы гайхалтай санваартнуудын цуглаанд та бүхэнтэй хамт байгаадаа талархаж байна. Намайг нэн чухал сэдвээр үг хэлэх үед Их Эзэний Сүнс надтай болон та нартай хамт байх болтугай хэмээн би залбирч байна. Энэ үдэш би энд болон дэлхий даяарх Сүмд цугларсан аавуудад хандан тэдний ариун дуудлагын талаар ярихыг хүсэж байна.
Залуучууд та нар Сүмийн ирээдүйн аавууд болохоор одооноос эхлэн бэлдэж байгаа тул миний үгийг мөн анхааралтай сонсоно байх хэмээн би найдаж байна.
Мөнхийн дуудлага
Аавууд аа, та нар хэзээ ч чөлөөлөгддөггүй мөнхийн дуудлага хүлээн авсан билээ. Хэдийгээр Сүмийн дуудлагууд чухал ч гэлээ тэдгээрт тогтсон хугацаанд дуудагддаг ба цаг нь болоход зохих ёсоор чөлөөлөгддөг. Гэвч эцгийн дуудлага бол мөнхийнх бөгөөд үүний ач холбогдол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ бол энэ амьдралд болон үүрд мөнхөд үргэлжлэх дуудлага юм.
Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Гэрийнхээ ханан дотор хийх ажил тань Их Эзэний үүрэг болгон та нарт өгсөн хамгийн чухал ажил байх болно. Гэрийн багшлалт, бишопын ажил үүрэг, Сүмийн бусад үүрэгт ажил чухал ч гэлээ, гэрийнхээ ханан дотор хийх ажил тань юу юунаас ч илүү чухал юм” хэмээн хэлсэн (Strengthening the Home [pamphlet, 1973], 7).
Тиймээс гэр орныхоо ариун нандин ханан дотор эцэг хүн ямар тодорхой үүрэг хариуцлага үүрдэг вэ? Израил дахь эцэг бүрийн хоёр үндсэн үүрэг байдгийг дурдъя.
Материаллаг хэрэгцээг нь хангах
Нэгдүгээрт, та нар гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангах ариун нандин үүрэгтэй.
Зөв шударга үр удмаа тэжээж тэтгэн, өсгөн хүмүүжүүлэхэд хүлээсэн үүргийг Их Эзэн тодорхой зааж өгсөн. Адам, Ева хоёрт эхлээд духныхаа хөлсийг дуслуулан байж талхаа олж идэхийг тушаасан.
Төлөөлөгч Паул нөхөр мөн эцгүүдэд “Харин хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа гэр бүлийнхнээ эс тэтгэвээс итгэлийг үгүйсгэсэн бөгөөд итгэгч бусаас ч дор юм” (1 Tимот 5:8) хэмээн зөвлөжээ.
Сэргээгдсэн Сүмийн түүхийн эхэн үед Их Эзэн эрчүүдэд эхнэр, гэр бүлээ тэжээж тэтгэх онцгой үүрэг хүлээлгэн өгсөн. 1832 оны 1-р сард Тэрээр: “Мөн дахин, үнэнээр би та нарт хэлнэ, гэр бүлээ хангах үүрэг хүлээсэн хүн болгон, тэрээр хангаг, мөн ямар ч байдлаар тэрээр титмээ алдах нь үгүй” (С ба Г 75:28) хэмээн айлджээ. Гурван сарын дараа Их Эзэн: ”Эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөхрийг авагдах хүртэл өөрсдийгөө тэтгүүлэхийн тулд нөхрөөсөө нэхэх эрхтэй” (С ба Г 83:2) хэмээн дахин хэлсэн. Энэ нь эхнэр, эх хүний тэнгэрлэг эрх юм. Эх хүн үр хүүхдүүдээ асран, өсгөн өндийлгөж байхад нөхөр нь гэр бүлээ тэжээн тэтгэхэд хүрэлцэх мөнгө олж байдаг.
Гэр оронд ажиллах чадвартай нөхөр байхад, тэрээр гэр бүлийн тэжээгчээр тооцогдоно. Эдийн засгийн нөхцөл байдлаас болж ажлаа алдсан нөхрүүд гэр бүлээ тэжээх чадалтай байсан ч эхнэрээ гэр орноо орхин гарч, ажиллахыг шаарддаг тухай бидэнд заримдаа сонсогддог. Ийм нөхцөлд эхнэртээ гэртээ үлдэж, хүүхдүүддээ анхаарал халамж тавих боломж олгохын тулд олдож байгаа ажил нь хүссэн ажил нь биш ч мөн гэр бүл нь санхүүгийн хувьд бүсээ чангалах хэрэг гарах байсан ч өөрийн зүгээс чадах бүхнээ хийхэд бид нөхрүүдийг уриалж байна.
Түүнчлэн боловсролтой болж, эд материалын хэрэгцээгээ хангах хэрэгцээ шаардлага нь эхнэрээ тэжээгчээр ажиллуулан, үр хүүхэдтэй болохоо хойшлуулах үндэслэл болох ёсгүй.
Ерөнхийлөгч Кимбаллын зөвлөгөө
Бидний хайрт бошиглогч Спэнсэр В.Кимбаллын гэрлэсэн оюутнуудад өгсөн зөвлөгөөг би санадаг. Тэрээр “Гэрлэх л юм бол сургуулиа төгсөж, санхүүгийн боломжтой болохыг хүлээн хүүхэдтэй болохоо бүү хойшлуул гэж би олон залуу хүнд хэлсэн. … Тэд хамтдаа амьдардгаараа амьдарч, үр хүүхэдтэй болох хэрэгтэй. …” гэж хэлэв.
Ерөнхийлөгч Кимбалл цааш нь, “Залуу эхнэрүүдийг гэр бүлээс татгалзан, нөхрөө сургууль төгсгөхийн тулд явж ажилла гэсэн зөвшөөрөл өгсөн судрыг би мэдэхгүй юм байна. Өөрийн хүчээр ажиллан, сургуульдаа явахын зэрэгцээ гэр бүлээ тэтгэн тэжээж байсан мянга мянган нөхөр бий” хэмээн хэлсэн (“Marriage Is Honorable,” in Speeches of the Year, 1973 [1974], 263).
Гэр оронд гүйцэтгэх эхийн үүрэг
Санваартан ах нар аа, гэр бүлээ өсгөн хүмүүжүүлж, хайрлан халамжилж, хүүхдүүддээ зөв шударга байдлын зарчмуудыг зааж сургахад эхчүүд чухал үүрэг гүйцэтгэдгийг би дахин онцолъё.
Би Сүм даяар аялахдаа ихэнх хожмын үеийн гэгээнтэн эхчүүд энэхүү зөвлөгөөг дагахыг чин сэтгэлээсээ хүсдэгийг мэдэрдэг. Гэхдээ заримдаа нөхрийнхөө урамшуулснаар эсвэл бүр шахан шаардсанаар эх хүн гэрээсээ гарч ажилладгийг бид мэднэ. Тав тухтай амьдралыг өгөх эд зүйлсийг худалдаж авахын тулд л тэр нэмэлт орлого нөхөрт нь хэрэгтэй. Ах нар аа, иймэрхүү нөхцөл байдал гэр бүлийг зовоохын зэрэгцээ таны сүнсний өсөлт, хөгжил дэвшлийг боомилох болно. Эхнэрт нь эх хүнийхээ үүргийг гэр орондоо биелүүлэх боломж олгохын тулд Их Эзэн гэр бүлээ тэжээн тэтгэх үүргийг эрчүүдэд хариуцуулан өгсөн.
Өнөөдөр гэр бүлээрээ бэлтгэгдсэн байх нь хэзээ хэзээнээс илүү чухал болж байна
Эцгүүд ээ, гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангахын өөр нэгэн амин чухал хэсэг бол урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэх үед хэрэглэх хоол хүнсний нөөцтэй болох явдал юм. Гэр бүлээрээ бэлтгэгдсэн байх нь олон жилийн өмнө гарч ирсэн халамжийн зарчим билээ. Энэ нь өнөөдөр хэзээ хэзээнээс илүү чухал болж байна.
“Та нар гэр бүлийнхээ нэг жилийн хоол хүнс, хувцас хунарыг, боломжтой үед шатахуунаа нөөцөлсөн үү?” хэмээн би чин сэтгэлээсээ та нараас асууж байна. Хоол хүнс үйлдвэрлэж, нөөцлөх тухай илчлэлт Ноагийн өдрүүдэд усан онгоцон дээр гарах нь хүмүүсийн хувьд чухал байсан шиг өнөө үед бидний материаллаг сайн сайхан байдалд амин чухал болоод байна.
Түүнчлэн та нар орлогодоо тааруулан амьдарч, бага ч гэсэн хадгалж байна уу?
Та нар Их Эзэнд үнэнчээр аравны нэгээ төлж байна уу? Энэхүү тэнгэрлэг хуулийн дагуу амьдрах нь сүнслэг, материаллаг хоёр адислалыг хоёуланг авчирна.
Тийм ээ, ах нар аа, Израил дахь эцгийн хувьд та нар гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангах мөн урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэх үед шаардлагатай хоол хүнс, хувцас хунартай байх ариун нандин үүрэгтэй.
Сүнслэг байдлаар удирдан залах
Хоёрдугаарт, та нар гэр бүлээ сүнслэг байдлаар удирдан залах ариун нандин үүрэгтэй.
Хэдэн жилийн өмнө Арван хоёрын чуулгаас хэвлэн гаргасан товхимол дээр бид ийн хэлсэн. “Эцэг байх нь удирдах алба мөн. Үргэлж ийм байсан. Цаашид ч ийм хэвээр байсаар байх болно. Эцэг хүн та мөнхийн ханийнхаа тусламж дэмжлэг, зөвлөгөө, урамшууллын ачаар гэр орноо тэргүүлэн удирдана” (Father, Consider Your Ways [pamphlet, 1973], 4–5).
Гэсэн хэдий ч тэрхүү удирдах байр суурийг чухал үүрэг даалгавар дагалдан ирдэг. Өрх гэрийн тэргүүн байх нь ямар нэгэн байдлаар тэднийг бусдаас дээгүүр тавьж, гэр бүлдээ тушаан зааварлаж, шахан шаардах эрх олгодог хэмээн боддог эрчүүдийн талаар бид заримдаа сонсдог.
Төлөөлөгч Паул “Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм” (Ефес 5:23; налуу бичилт нэмэгдсэн болно) хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь бидний гэр орноо тэргүүлэхдээ дагах ёстой загвар юм. Аврагч Сүмийг хатуу гараар эсвэл эелдэг бусаар удирдаж байсан гэсэн мэдээлэл байхгүй. Түүнчлэн Аврагч Сүмийн хүмүүст хүндэтгэлгүй хандаж эсвэл тэднийг анхааран халамжилж байгаагүй гэсэн мэдээлэл байхгүй. Аврагч Өөрийн зорилгод хүрэхийн тулд хүч хэрэглэн, албадаж байсныг бид мэдэхгүй. Аврагч Сүмийнхэнд заан, дэмжиж, тайтгаруулж, өргөмжлөхөөс өөр бусад зүйл хийж байсан гэсэн мэдээллийг бид хаанаас ч олохгүй билээ. Ах нар аа, гэр бүлээ сүнслэгээр удирдахдаа дагавал зохих тэрхүү үлгэр жишээ бол Их Эзэн мөн болохыг би албан ёсоор хэлж байна.
Ялангуяа энэ нь эхнэртэйгээ харьцах таны харьцаанд нэн чухал.
Эхнэрээ хайрла
Энд дахиад төлөөлөгч Паулын өгсөн зөвлөгөө хамгийн сайн тохирно. Тэр энгийнээр, “Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла” (Ефес 5:25) хэмээн хэлжээ.
Хожмын өдрийн илчлэлтэд энэ үүрэг хариуцлагын талаар Их Эзэн дахин хэлдэг. Тэрээр “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” (С ба Г 42:22) хэмээн хэлсэн. Миний мэдэхээр бүх судар дээр биднийг бүх зүрх сэтгэлээрээ зөвхөн нэгнийг буюу Бурханыг хайрлахыг зарлигласан байдаг. Энэ нь юу гэсэн утгатай үг болохыг бодож үз!
Ийм хайрыг та нар эхнэртээ маш олон арга замаар үзүүлж чадна. Эхлээд юуны өмнө, таны амьдралд Бурханаас өөр юу ч—ажил, амралт, хоббинууд ч эхнэрээс тань илүү байр суурь эзэлдэггүй. Таны эхнэр бол үнэ цэнтэй, мөнхийн туслагч—таны хань юм.
Бүх зүрх сэтгэлээрээ хэн нэгнийг хайрлана гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бүхий л сэтгэлийн хөдөлгөөн болон бүхнээ зориулан хайрлана гэсэн үг юм. Мэдээж, та эхнэрээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж байгаа үедээ түүнийг дорд үзэж, шүүмжилж, өө сэв хайж, үг хэл, гонсгор байдал эсвэл үйлдлүүдээрээ түүнийг доромжилж чадахгүй.
“Түүнтэй нэгдэн нийл” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь эхнэртэйгээ ойр дотно, үнэнч, итгэлтэй байж, түүнтэй харилцан ярилцаж, түүнд хайраа илэрхийлнэ гэсэн үг юм.
Хайрлах гэдэг нь эхнэрийнхээ сэтгэл санаа, хэрэгцээнд мэдрэмжтэй байхыг хэлнэ. Тэр өөрийг нь анзаарч, нандигнан хайрлаасай гэж хүсдэг. Өөрийг нь хайр булаам, сэтгэл татам, таны хувьд чухал хүн гэж хэлэхийг тань тэр хүсэн хүлээдэг. Хайрлах гэдэг нь түүний сайн сайхан, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг амьдралдаа нэн тэргүүнд тавихыг хэлнэ.
Хүүхдүүдийн тань эх, өрх гэрийн тань эзэгтэй байгаад түүнд талархаж, бүх дуудлага дундаас хамгийн эрхэм хүндэт дуудлага болох гэр орноо тохинуулагч, эх хүн байхыг сонгосонд нь түүнд та баярлах хэрэгтэй.
Нөхрүүд ээ, гэр бүлийн төлөвлөгөө гаргах, үйл ажиллагаа явуулах, гэр бүлийн төсөв гаргахдаа эхнэрийнхээ оюуны чадамжийг хүндлэн, түүнийг энэ тал дээр жинхэнэ хамтрагчийн хувиар оролцох чадавхтай гэдгийг хүлээн зөвшөөр. Түүнд зориулан цаг зав гаргаж, мөнгө төгрөг зарцуулахдаа бүү гар тат.
Түүнд оюун ухаан, сэтгэл санаа, нийгмийн болон сүнслэг хүрээнд өсөж хөгжих боломж олго.
Ах нар аа, хайрыг өчүүхэн жижиг үйлдлээр тэтгэн, өсгөн нэмэгдүүлдэг. Онцгой үйл явдлаар цэцэг өгөх нь сайхан байдаг. Гэхдээ аяга таваг угааж, живх солих, хүүхэд шөнөөр уйлахад босож авах, оройн хоол хийхэд нь уншиж байсан сонин, үзэж байсан зурагтаа орхиж туслахад бэлэн байх мөн адил сайхан. Эдгээр чимээгүй үйлдлээрээ бид “Би чамд хайртай” гэж хэлдэг юм. Гаргасан өчүүхэн жижиг хичээл зүтгэл тань асар их ач тусыг авчирна.
Ийм байдлаар та үр хүүхдүүдээ болон эхнэрээ санваараар хайранд удирдан залах ёстой.
Гэр оронд гүйцэтгэх эцгийн үүрэг
Эхчүүд нь өрх гэрийг гийгүүлж байдгийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ нь эцгүүдийн өрх гэрийн тэргүүний хувьд хүүхдүүдээ халамжлан хүмүүжүүлж, хайрлахад гүйцэтгэдэг эрх тэгш үүргийнх нь ач холбогдлыг бууруулж байгаа хэрэг огтхон ч биш юм.
Өрх гэрийнхээ патриархын хувьд хүүхдүүдтэйгээ ажиллахдаа та удирдлагыг гартаа авах чухал үүрэгтэй. Та нар Их Эзэний Сүнс орших гэр орныг бий болгоход туслах ёстой. Та нар гэр бүлийн амьдралын бүхий л хүрээнд удирдан чиглүүлэх үүрэгтэй. Та нар гэр бүлдээ дотоод дүрэм журам, сахилга батыг тогтооход идэвхтэй оролцох ёстой.
Гэр бүлийн тань хувьд таны гэр орон амар амгалан, баяр баясгалангийн диваажин байх ёстой. Ямар ч хүүхэд ааваасаа, тэр тусмаа санваартан ааваасаа айж эмээдэг байх ёсгүй. Эцгийн үүрэг бол гэр орноо аз жаргал, баяр баясгалангийн өргөө болгох явдал юм. Гэр оронд хэрүүл, маргаан, зөрчилдөөн, шударга бус байдал оршин байх үед эр хүн энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй. Эцгүүдийн үлгэр дуурайлтай байх, хүмүүжүүлэх, зааж сургах, хайрлах, халамжлахад үзүүлдэг зөв шударга нөлөө хүүхдүүдийнх нь сүнслэг байдалд амин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Сүнслэг байдлаар удирд
Би Израил дахь эцгүүдийг зүрх сэтгэлээсээ хайрлахын сацуу хүүхдүүдээ сүнслэг байдлаар удирдах арван тодорхой арга замыг тэдэнд санал болгохыг надад зөвшөөрнө үү.
-
Хүүхдүүддээ эцгийн адислал өг. Хүүхдүүддээ баптисм хүртээж, тэднийг гишүүнээр батал. Хөвгүүдээ санваарт томил. Эдгээр нь хүүхдүүдийн тань амьдралд онцгой сүнслэг үйл явдлууд болж үлдэнэ.
-
Гэр бүлийн залбирал, өдөр тутмын судрын уншлага, долоо хоног бүрийн гэр бүлийн үдшийг өөрийн биеэр удирдан явуул. Эдгээр үйл ажиллагаа үнэндээ ямар чухал болохыг таны хувийн оролцоо хүүхдүүдэд тань харуулах болно.
-
Боломжтой бол Сүмийн цуглаануудад гэр бүлээрээ хамтдаа оролц. Таны удирдлаган доор гэр бүлээрээ шүтэн бишрэх нь хүүхдүүдийн тань сүнслэг сайн сайхан байдалд амин чухал юм.
-
Аав, охин хоёрын болзоонд мөн аав, хүү хоёрын зугаалгад хүүхдүүдтэйгээ яв. Гэр бүлээрээ аялал зугаалгаар явах, бөмбөг тоглох, тоглолт үзэх зэрэгт болон сургуулийн хөтөлбөрүүдэд оролц. Энэ бүгдэд аав нь оролцох юм бол бүхнийг өөрчилнө.
-
Гэр бүлийн амралт, аялал, зугаалгыг уламжлал болгон хэвшүүл. Эдгээр дурсамжийг хүүхдүүд тань хэзээ ч мартахгүй.
-
Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан тогтмол уулзаж бай. Юу хийхийг хүсэж байгаагаа ярих боломжийг тэдэнд олгож бай. Тэдэнд сайн мэдээний зарчмуудыг заа. Жинхэнэ үнэт зүйлсийг заа. Тэдэнд хайртайгаа хэл. Хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзахад цаг зав гаргаснаар аав нь юуг нэн түрүүнд тавьдгийг тэдэнд хэлэх боломж гардаг.
-
Ажиллаж хөдөлмөрлөхийг үр хүүхдэдээ зааж, зохистой зорилгын төлөө ажиллахын үнэ цэнийг харуул. Хүүхдүүддээ номлолын болон боловсролын хадгаламж үүсгэх нь аав нь юуг чухал гэж үздэгийг тэдэнд харуулдаг.
-
Гэр орондоо сайн дуу хөгжим, урлаг, утга зохиолын номууд байлгахыг урамшуулан дэмж. Цэвэр ариун болон гоо зүйн сүнс оршдог гэр орон хүүхдүүдийн тань амьдралыг үүрд адисална.
-
Хол биш бол эхнэртэйгээ ариун сүмд байнга очиж бай. Хүүхдүүд тань ариун сүмийн гэрлэлт, ариун сүмийн амлалт, мөнхийн гэр бүлийн нэгжийн ач холбогдлыг илүү сайн ойлгох болно.
-
Сүмд үйлчлэхдээ баяртай, сэтгэл хангалуун байдгаа хүүхдүүддээ харуул. Энэ нь тэдэнд нөлөөлж, улмаар тэд ч бас Сүмд үйлчлэхийг хүсэж, хаант улсыг хайрлах болно.
Таны хамгийн чухал дуудлага
Ай, Израилын нөхрүүд болон эцгүүд ээ, та бүхэн гэр бүлийнхээ аврал, өргөмжлөлийн төлөө маш их зүйл хийж чадна! Таны үүрэг хариуцлага маш чухал билээ.
Израил дахь эцгийн дуудлагаасаа, тухайлбал энэ амьдралд болон үүрд мөнхөд байх хамгийн чухал дуудлагаасаа та нар хэзээ ч чөлөөлөгддөггүй гэдгээ санаарай.
Та нар гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангаж, дэргэд тань байх мөнхийн ханьтайгаа хамт гэртээ сүнслэг байдлаар өрх гэрээ удирдан залах ариун нандин үүргээ биелүүлэх болтугай.