“3-р хичээл: Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг хөгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 12–15
“3-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 12–15
3-р хичээл
Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг хөгжүүлэх
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Moронай 7:45–48-ыг судална уу. Судрын энэ хэсэгт дурдсан энэрлийн зан чанаруудыг жагсаан бич. Эдгээр зан чанарыг өөрийн амьдралд хөгжүүлэх амлалт өг. Эдгээр зан чанар эхнэр, нөхрүүдэд хайр, нөхөрлөлөө бэхжүүлэхэд хэрхэн тусалж болох арга замуудын талаар бодож үз.
-
Ханьтайгаа хамт долоо хоног бүр хоёулхнаа хамт өнгөрүүлэх цаг гарган төлөвлө. Шаардлагатай бол, цагаа мартахгүйн тулд хуанли эсвэл тэмдэглэл дээрээ сануулан бич.
Унших даалгавар
Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.
Гэрлэлт дэх нэгдмэл байдал
Сүмийн 12 дахь ерөнхийлөгч
Спэнсэр В.Кимбалл
Үнэнч, аз жаргалтай, амжилттай гэрлэлт нь энгийн хүн бүрийн үндсэн зорилго юм. Гэрлэлт нь түр зуурын аз жаргалаас гадна мөнхийн баяр баясгалантай холбоотой тул бүх шийдвэр дундаас хамгийн амин чухал, хамгийн өргөн хүрээний үр дагаврыг авчирдаг байж болох юм. Энэ нь зөвхөн хоёр хүний асуудал бус, тэдний гэр бүл, тэр дундаа хүүхдүүд, хүүхдийнх нь хүүхдүүд гээд олон үе удамд нөлөөлдөг.
Энэ амьдралынхаа болон мөнхийн ханиа сонгохын хувьд, энэ нь гаргаж болох бүх шийдвэр дундаас яав ч алдаж болохгүй шийдвэр тул маш нарийн нямбай төлөвлөж, бодож, залбирч, мацаг барих ёстой. Жинхэнэ гэрлэлт нь оюун ухаан, сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг хэлнэ. Шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөөс гадна оюун ухаан, сэтгэл зүрхээ сонсох хэрэгтэй бөгөөд мацаг барьж, залбирч, нухацтай бодох нь гэрлэсэн хосын аз жаргалтай байх заяа тохиолыг өсгөн нэмэгдүүлдэг юм. Энэ нь золиос гаргах, бусадтай хуваалцах, амин хувиа хичээхгүй байхыг шаарддаг.
Зурагтын дэлгэцээр гардаг олон нэвтрүүлэг, зохиомол түүхэнд гэрлэж, “амар сайхандаа жаргажээ” хэмээн төгсдөг. Зүгээр нэг гэрлэх ёслол үйлдэх нь гэрлэлтийг аз жаргалтай, амжилттай болгодоггүй гэдгийг бид ухамсарлан ойлгосон. Аз жаргал нь товчлуур дараад л асдаг цахилгаан гэрэл шиг ирдэггүй. Энэ нь сэтгэл санааны байдал бөгөөд сэтгэл дотроос ундран гардаг. Үүнийг олж авахын тулд төлөөсийг нь төлсөн байх ёстой. Үүнийг мөнгөөр худалдаж авах боломжгүй. Юу ч өгөлгүйгээр авах бас боломжгүй юм.
Аз жаргалын тухай зарим нь амар хялбар, баян тансаг, ар араасаа тасралтгүй үргэлжлэх зугаа цэнгэл бүхий хээнцэр сайхан амьдрал гэж боддог. Гэвч жинхэнэ гэрлэлт нь үүнээс илүү зүйл дээр буюу бусдад өгөх, үйлчлэх, хуваалцах, золиослох, амь бие хайрлахгүй байх зэргээс үүдэлтэй аз жаргал дээр үндэслэгдсэн байдаг.
Өөр өөр гаралтай хоёр хүн хуримын ёслолын дараа удалгүй үнэн бодит байдалтай нүүр тулах ёстой юм байна гэдгээ олж мэддэг. Амьдрал үлгэрийн эсвэл мөрөөдөл мэт байхаа больж, бид үүлэн дундаас бууж, бодит амьдралд хөл тавин орох шаардлага гардаг. Үүргээ ухаарч, шинэ хариуцлага хүлээн авах хэрэгтэй болдог. Зарим хувийн эрх чөлөөнөөс татгалзаж, олон зүйлээ тааруулан, аминч байлгүй тохируулах хэрэг гарна.
Гэрлэлтийн дараа тун удалгүй ханийнхаа өмнө нь харж байгаагүй буюу мэддэггүй байсан сул талуудыг харж эхэлнэ. Үерхэж байхдаа сайн чанаруудыг нь хэт дөвийлгөн хардаг байсан бол харин одоо тийм ч сайн харагдахаа больж, өчүүхэн мэт харагддаг байсан сул талууд нь одоо асар том болон хувирна. Зүрх сэтгэлийг ойлгох, өөрөө өөртөө дүгнэлт хийх, эрүүл ухаанаар бодож, эргэцүүлэх, төлөвлөх цаг ирнэ. Олон жилийн туршид хэвшил болсон зан нь одоо илэрнэ. Эхнэр, нөхөр нь харамч эсвэл үрэлгэн, залхуу эсвэл ажилсаг, шүтлэгтэй эсвэл сүсэг бишрэлгүй, эелдэг зөөлөн, нийтэч эсвэл уур уцаартай, ширүүн, шаарддаг эсвэл өглөгч, өөрийгөө өргөмжилдөг эсвэл даруу төлөв байж болно. Хамаатан садны асуудлууд анхаарлын төвд байх болж, ханийнх нь тэдэнтэйгээ харилцдаг байдал бас л асуудал үүсгэн томордог.
Тогтвортой амьдрал зохиож, хүнд үүрэг хариуцлагыг шууд хүлээн авах хүсэлгүй байх нь элбэг. Элбэг дэлбэг амьдралаа арвич хямгач байдлаар солих хүсэлгүй байхын зэрэгцээ залуу хүмүүс “Жөүнсийнхээс дутахгүй” байхыг ихэд хичээнэ. Тэд эдийн засгийн хувьд нэн шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийхийг ихэвчлэн хүсдэггүй. Залуухан эхнэр нь амжилтад хүрч чадсан аавынхаа баян чинээлэг гэр оронд хэрэглэж сурсан бүх тансаг хэрэглээгээ гэр оронд нь байх ёстой хэмээн шахан шаардана. Тэдний зарим нь тэрхүү элбэг дэлбэг амьдралыг олж авахад туслахын тулд гэрлэснийхээ дараа ажиллахад бэлэн байдаг. Иймээс тэд гэр орноо орхин, ажил мэргэжлийн буюу бизнесийн хойноос хөөцөлдөж, ийм маягаар эдийн засгийн хувьд тогтвортой болдог ч гэр бүлийн хэвийн амьдрал руу татагдан ороход хэцүү болох тал бий. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа ажилласнаар гэр бүлдээ хамтран ажиллахын оронд өрсөлдөж эхэлдэг. Ажлаасаа ядарсан хоёр хүн гэртээ бухимдал, хувь хүний бахархал, бие даасан байдал нь нэмэгдсээр орж ирдэг бөгөөд улмаар тэдний дунд үл ойлголцол үүсдэг. Өчүүхэн жаахан маргаан асар том хэрүүл болж хувирна.
Хэдийгээр гэрлэлт нь хүнд хэцүү бөгөөд хэрүүл маргаантай мөн бүтэлгүй гэрлэлт олон байдаг ч үүрдийн аз жаргалтай байх боломж бий бөгөөд хүний төсөөлж ч байгаагүй тийм их баяр хөөрөөр дүүрэн байх боломжтой. Үүнд бүх хос мөн хүн бүр хүрэх боломжтой. “Заяаны хос” гэдэг нь хий хоосон, зохиомол зүйл юм. Залуу эрэгтэй, эмэгтэй бүр амьдралдаа хамгийн сайн таарч тохирсон, үзэсгэлэнтэй сайхан ханьтай болохын төлөө бүхий л чадлаараа хичээж, залбирч, хайдаг ч ямар ч сайн залуу, бүсгүй хоёр хоёулаа аз жаргалтай амьдралын төлөөсийг төлөхөд бэлэн байх л юм бол аз жаргалтай, амжилттай гэрлэлтийг бүтээж чадна.
Хос бүрийг гарцаагүй аз жаргалтай, мөнхийн гэрлэлттэй болгох найдвартай шалгарсан томьёо бий. Гэвч бүх томьёоны адилаар найрлагад ордог үндсэн орцыг хасаж, багасгаж мөн хязгаарлаж болохгүй. Болзоонд явахынхаа өмнө сонголт хийх, гэрлэснийхээ дараа үргэлжлүүлэн болзох нь хоёулаа эн тэнцүү чухал. Гэхдээ эдгээр нь гэрлэлтээс илүү чухал биш юм. Учир нь гэрлэлт амжилттай байх эсэх нь хосын аль нэгнээс биш, харин хоёулангаас шалтгаалдаг.
Хэрвээ гэрлэлт нь аль хэдийн дээр дурдсан зохих жишгүүд дээр суурилсан бол эхнэр, нөхрийн аль нэг нь юм уу хоёулаа өөрсдөө л дотроосоо нураахгүй бол өөр ямар ч хүчин нэгдэн нийлж, тэднийг нураан сүйтгэж чадахгүй. Бусад хүн, байгууллага сайнаар эсвэл муугаар нөлөөлж болно. Юуны түрүүнд санхүү, нийгэм, улс төрийн болон өөр бусад нөхцөл байдал хамаатай мэт санагдаж болох ч гэрлэлт ямар ч тохиолдолд эхнэр, нөхөр хоёроос шалтгаалдаг. Хэрэв тэд тууштай, амин хувиа хичээдэггүй, зөв шударга байвал тэдний гэрлэлт амжилттай, аз жаргалтай байх нь гарцаагүй.
Энэ бол маш энгийн томьёо. Найрлагад ордог орц нь цөөхөн ч орц болгоныг дагахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай.
Нэгд, гэрлэлтэд зохих ёсоор хандах ёстой. Хувь хүний хувьд хамаатай бүхий л асуудалд тавигддаг шаардлагын дээд оргилд хамгийн ойр дөхөж очсон хүнийг ханиа болгон сонгох талаар бодвол зохино. Дараа нь тэд ариун сүмийн тахилын ширээний дэргэд хоёр талаасаа ирж, ийн хамтдаа хамтран амьдрахын тулд маш их хөдөлмөрлөх ёстой гэдгээ ухааран ойлгох ёстой.
Хоёрт, гэр бүлийнхээ бүхий л амьдрал, холбоотой бүх зүйлийг гэр бүлийнхээ сайн сайхны төлөө удирдан чиглүүлэх ёстой бөгөөд амин хувиа огтхон ч хичээлгүй, өөрийгөө умартан мартаж, захирдаг байх хэрэгтэй.
Гуравт, хайраа хэвээр нь авч үлдэн, өсгөн нэмэгдүүлэхийн тулд үргэлжлүүлэн болзож, хайраа илэрхийлж, эелдэг зөөлөн хандаж, анхаарал халамж тавих ёстой.
Дөрөвт, Есүс Христийн сайн мэдээнд зааснаар Их Эзэний зарлигуудыг чанд сахин амьдрах ёстой.
Эдгээр орцыг зөв хольж, тасралтгүй ашиглах юм бол аз жаргалгүй байх, үл ойлголцох, салж сарних бараг боломжгүй гэж хэлж болно. Ийм байх юм бол гэр бүл салалтын өмгөөлөгчид өөр салбар луу шилжиж, гэр бүл салалтын шүүх үүдээ хаах хэрэг гарна.
Гэрлэлтийн тахилын ширээнд суухаар ирж буй хоёр хүн хүсэн хүлээж байгаа шигээ аз жаргалтай гэр бүлтэй болохын тулд хууль ёсоор гэрлээд л бүх зүйл шийдэгдчихгүй, харин үүний тулд золиос гаргаж, байгаагаа хуваалцаж, хувийн эрх чөлөөгөө зарим байдлаар хасаж танах хэрэгтэй гэдгээ ухааран ойлгосон байх ёстой. Энэ нь олон жилийн туршид маш их арвич хямгач байхыг хэлнэ. Энэ нь хүүхэд санхүүгийн болон үйлчлэх, асран халамжлах, санаа зовох зэрэг ачааллыг авчирдаг ч энэ нь бас бүхнээс хамгийн гүн гүнзгий, сайн сайхан мэдрэмжийг авчирдаг гэсэн үг юм.
Гэрлэхээсээ өмнө хүмүүс дуртай үедээ чөлөөтэй орж, гарч, хамгийн зөв бодож байгаагаараа амьдралаа зохион байгуулан, төлөвлөж, бүх шийдвэрээ өөртөө тохируулан гаргадаг. Дурлалт хосууд тангараг өргөхийнхөө өмнө бяцхан гэр бүлийнх нь сайн сайхан эхнэр, нөхрийнх нь сайн сайхнаас дээгүүр тавигдах ёстой гэдгийг аль аль нь бүрэн ухамсарлан ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хоёр тал хоёулаа “би,” “минийх” гэсэн үгийг хэрэглээнээсээ хасаж, “бид,” “бидний” гэсэн үгээр солих ёстой. Шийдвэр гаргах болгондоо энэ нь хоёр болон түүнээс олон хүнд нөлөөлнө гэдгийг бодолцож үзвэл зохино. Одоо эхнэр нь чухал шийдвэр гаргахдаа энэ нь эцэг эх, үр хүүхэд, гэр орон, сүнслэг амьдралд нь яаж нөлөөлөх бол гэдэгт санаа зовдог болно. Нөхөр нь одоо гэр бүлийн хэсэг болсон тул уг хүмүүсийнхээ ашиг сонирхлыг бодолцож үзсэнийхээ дараа л ажил мэргэжил, нийгмийн амьдрал, найз нөхөд, бүх сонирхлоо авч үзэх болно.
Гэрлэлт үргэлж нэгэн жигд, дардан сайхан байхгүй ч энд хамгийн агуу амар амгаланг мэдрэх боломжтой. Гэрлэсэн хосын гэр бүлд ядуурал, өвчин зовлон, бүтэлгүйтэл, бүр үхэл хагацал тохиолдож болох ч эдгээр нь тэдний амар амгалангаас хумсалж чадахгүй. Амин хувиа хичээхгүй л бол гэрлэлт амжилттай байж чадна. Өчүүхэн төдий амин хувиа хичээх бодол байхгүй л бол асуудал, зовлон бэрхшээл эцэг эхийг салшгүй холбон, нэгтгэн нийлүүлдэг. 1930 оны хямралын үеэр салалтын тоо илт буурсан. Ядуурал, азгүйтэл, таагүй байдал зэрэг нь эцэг эхчүүдийг нэгтгэн холбож байсан. Хангалуун байдал харилцааг таслан сүйтгэдэг байхад зовлон бэрхшээл бэхжүүлдэг.
Амин хувиа хичээх дээр үндэслэгдсэн гэрлэлт амжилтгүй байх нь гарцаагүй. Хөрөнгө мөнгө, нэр төр, нийгэмд эзлэх байр суурийн төлөө гэрлэсэн хүмүүс харамсах нь тодорхой. Хий хоосон мөрөөдөл, бардамналаа биелүүлэх гэж эсвэл өширхөн хорсож, бусдаас илүү гарах гэж гэрлэдэг хүмүүс өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг. Харин аз жаргалыг өгч мөн авах гэж, үйлчилж мөн үйлчлэлийг хүлээн авах гэж, өөрийнхөө биш, хоёр биеийнхээ, хүүхэдтэй болбол гэр бүлийнхээ ашиг сонирхлыг бодолцож гэрлэдэг хүмүүсийн гэрлэлт аз жаргалтай байна.
Хайранд яг цэцэг, бие махбодын адил тогтмол тэжээл шаардагддаг. Мөнх бус бие махбодыг тогтмол хооллож, ундлахгүй бол удахгүй турж эцэн, үхэх байсан. Эмзэгхэн цэцэг тэжээл, усгүй бол хатаж хорчийн, үхнэ. Хайрыг ч бас хайрын тун, хүндлэл бишрэлийн илрэл, талархлын илэрхийлэл, аминч бус үзлээр анхаарал халамж үзүүлэн байнга тэжээн тэтгэхгүй бол мөнхөд үргэлжлэх боломжгүй юм.
Аминч бус үзэл нь амжилттай гэрлэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг гарцаагүй мөн. Нэг нь нөгөөхийнхөө ашиг сонирхол, тав тухтай байдал, аз жаргалыг үргэлж боддог бол болзож байхдаа олсон, гэрлэлтийн явцад бэхэжсэн хайр асар том болон өсөн нэмэгдэнэ. Олон хос бие биенээ сонирхохоо больж, хайр нь яг хатсан талх, улиг болсон онигоо, царцсан тос шиг хөрсөн байдаг. Хайрын хамгийн амин чухал хоол тэжээл бол анхаарал, сайхан сэтгэл, халамж, санаа тавилт, хайрын илрэл, талархлын илэрхийлэл, хүндлэл, бахархал, хамтач үзэл, найдвар, итгэл, нөхөрлөл, эрх тэгш байдал, харилцан хамаарал юм.
Хүмүүс гэрлэлтдээ үнэхээр аз жаргалтай байхын тулд Их Эзэний зарлигуудыг итгэлтэйгээр үргэлжлүүлэн сахих ёстой. Ганц бие ч бай, гэрлэсэн бай зөв шударга биш л бол хэн ч тэрхүү эрхэм дээд жаргалыг олж авч чадахгүй. Хэсэгхэн зуур сэтгэл хангалуун байж, тэрхэн мөчид өнгөцхөн дүр эсгээд өнгөрч болох ч байнгын, бүрэн аз жаргалыг зөвхөн цэвэр ариун, зохистой байдлын ачаар л олж авдаг. Шашны гүн гүнзгий итгэл үнэмшил бүхий хэв маягийг амьдралдаа дагадаг хүн идэвхгүй амьдралаас хэзээ ч аз жаргалыг олж авч чадахгүй. Хүн чанар нь түүнийг дотроос нь шаналгах болно. Харин хүн чанараа гээсэн бол гэрлэлтээ аль хэдийн эрсдэлд орсонд тооцож болно. Хүн чанар дотроос хатгах нь амьдралыг маш их хүндрүүлдэг. Ялангуяа гэрлэсэн хосын аль нэг нь ямар нэг хэмжээнд идэвхгүй байх нь гэрлэлтэд хортой.
Шашин шүтлэгийн ялгаа нэн хэцүү бөгөөд шийдвэрлэхэд хамгийн хэцүүд тооцогддог асуудлуудын нэг юм.
Гэрлэлт Бурханаас томилогдсон. Энэ нь зөвхөн нийгмийн ёс жаяг төдий зүйл биш юм. Зохистой, амжилттай гэрлэлтгүйгээр ямар ч хүн өргөмжлөгдөхгүй. Гэрлэх нь зөв бөгөөд зүй ёсны зүйл мөн хэмээсэн Их Эзэний үгсийг унш.
Энэ нь үнэн бөгөөд бусдыг боддог, ухаалаг хожмын үеийн гэгээнтэн зам дээр ямар ч саад тотгор байлгахгүйн тулд өөрийн амьдралыг сайтар бодож төлөвлөдөг. Хүн нэг л ноцтой алдаа гаргаснаар зам дээрээс авч хаях боломжгүй, мөнх амьдрал, бурханлаг байдалд буюу өөрсдийн эцсийн хувь заяанд хүрэх замыг нь хаах саадуудыг авчирч болно. Хэрэв хоёр хүн өөрсдийн амьдралаас илүү Их Эзэнийг хайрладаг мөн өөрийн амиас илүү нэг нэгнээ хайрлаж, сайн мэдээний хөтөлбөрүүдтэй бүрэн уялдаа холбоотой хамтран ажилладаг бол асар их аз жаргалыг хүлээн авах нь гарцаагүй. Эхнэр, нөхөр хоёр ариун сүм рүү байнга хамт явж, гэр бүлтэйгээ хамт гэр орондоо байнга өвдөг сөгдөн залбирч, шашны цуглаандаа гар гараасаа хөтлөлцөн явж, амьдралаа бүхэлд нь оюун ухаан, бие махбодын хувьд цэвэр ариун байлгаж, бодол, дур хүсэл, хайр гээд бүх зүйлээ нэг л хүн дээр буюу ханьдаа төвлөрүүлдэг, Бурханы хаант улсыг барьж босгохын тулд хоёулаа ажилладаг байх юм бол аз жаргалын дээдийг амсах болно.
Заримдаа Их Эзэн эрчүүдэд “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” (С ба Г 42:22) хэмээн хэлдэг.
Харин эмэгтэйчүүдэд “Чи нөхрөө бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой” гэж хэлсээр байхад өөр хүмүүстэй нэгдэн нийлэх явдал гардаг. Хүмүүс ихэвчлэн аав, ээж, найз нөхөдтэйгөө нийлж, нэгдсээр байдаг. Зарим үед ээжүүд хүүхдүүдээ тавьж явуулах дургүй байдаг бол, зарим үед нөхөр, эхнэр нь санал, зөвлөгөө авч, нууцаа дэлгэн ярих гэж ээж, аав дээрээ очдог. Үнэн хэрэгтээ эхнэртэйгээ нэгдэн нийлж, ихэнх зүйлээ ярих ёстой бөгөөд хувийн ямар ч асуудлаа бусдад ярилгүй, чандлан нууцлах ёстой.
Даруй өөрийн гэсэн гэр оронтой болж, аль алиныхаа хамаатан саднаас тусдаа, салангид амьдардаг хосууд сайн явдаг. Гэр нь маш энгийн, даруухан байсан ч энэ нь бие даасан хараат бус газар юм. Таны гэрлэсэн амьдрал ханийн тань гэр бүлээс тусдаа байх ёстой. Тэднийг хэнээс ч илүү хайрладаг, тэдний зөвлөгөөг үнэлдэг, тэдний ойр дотно харилцаанд талархдаг ч та зөвлөгөө өгөх эрхтэй хүмүүсээс зөвлөгөөг нь сонссоныхоо дараа өөрөө залбирч гаргасан шийдвэртээ захирагдан, өөрийнхөө амьдралаар амьдрах ёстой. Нэгдэн нийлэх гэдэг нь нэг гэрийн дээвэр доор амьдрахыг хэлдэггүй. Энэ нь ойр байх, хамтдаа салахгүй байхыг хэлдэг.
“Иймийн тул, … хоёул нэг махбод байх болно, мөн энэ бүгд нь өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд юм;
Мөн ийнхүү дэлхий бий болгогдохоос өмнөх түүний бүтээлтийн дагуу энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэх болно” (С ба Г 49:16–17).
Ах, эгч нар аа, энэ бол Эзэний үгс гэдгийг би хэлэх гэсэн юм. Энэ нь маш ноцтой үг бөгөөд хэн ч Их Эзэнтэй маргах ёсгүй. Тэр дэлхийг, хүмүүсийг бүтээсэн. Тэр нөхцөл байдлыг мэднэ. Тэр хөтөлбөрийг гаргасан бөгөөд бидэнд энэ чухал зүйлсийн талаар Түүнтэй маргах оюуны чадавх, ухаан хүрэхгүй. Тэр юу зөв, юу үнэнийг мэдэж байгаа.
Бид та нараас энэ зүйлсийн талаар бодохыг хүсэж байна. Гэрлэлтээ зөв байлгахад анхаар. Амьдралаа зөв байлгахад анхаар. Гэрлэлтэд гүйцэтгэх өөрийн үүргийг зөв гүйцэтгэхэд анхаар.