Гэр бүлд зориулсан эх сурвалж
13-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (1-р хэсэг)


“13-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (1-р хэсэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 54–57

“13-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 54–57

13-р хичээл

Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах

1-р хэсэг

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг унш. Уншихдаа Их Эзэний хүүхдүүддээ заа хэмээн эцэг эхчүүдэд зарлигласан зарчим, ёслолуудыг тодорхойл. Эдгээр зарчим, ёслолыг хүүхдүүд, ач зээ нартаа мөн ах, эгч, дүүгийнхээ болон бусад хүүхдэд заахын тулд хийж болох хэдэн зүйлийг төлөвлө.

  • Дараах өгүүллүүдийг уншиж байхдаа, ахлагч Робэрт Д.Хэйлсийн өгсөн нэг эсвэл хоёр зөвлөгөөг сонгон, төвлөр. Өөр өөр боломж гарч ирэх болгонд өгүүлэл дээрх өөр зөвлөгөөн дээр анхаарлаа төвлөрүүл.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг эхнэр, нөхөртэйгөө хамт унш.

Гэр бүлүүдийг бэхжүүлэх нь бидний нандин үүрэг

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс

Сүнс гэр бүлийг бэхжүүлдэг

Гэр бүлүүдийг бэхжүүлэх гэдэг нь эцэг эх, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, удирдагч, багш болон Сүмийн гишүүдийн хувьд ариун нандин үүрэг юм.

Гэр бүлийг сүнсээр хүчирхэгжүүлэхийн ач холбогдлыг судруудад тодорхой заасан. Эцэг Адам, эх Ева хоёр охид, хөвгүүддээ сайн мэдээг зааж байсан. Абелийн хайрладаг байсан Их Эзэн түүний өгсөн өргөлийг хүлээн авсан. Харин Каин “Сатанд Бурханаас илүү хайртай” байсан бөгөөд ноцтой нүглүүдийг үйлджээ. Адам, Ева хоёр “Каин хийгээд түүний ах нарын улмаас Их Эзэний өмнө гашууд[сан ч]” хүүхдүүддээ сайн мэдээг заахаа зогсоогоогүй (Мосе 5:12, 18, 20, 27; 6:1, 58-ыг үзнэ үү).

Бидний хүүхдүүд бүгдээрээ өөрсдийн гэсэн янз бүрийн бэлэг, авьяастай ирдэг гэдгийг ойлгох ёстой. Заримд нь Абелтэй адил, төрөхөд нь итгэлийн бэлэг өгсөн мэт санагддаг. Харин зарим нь гаргасан шийдвэр болгоноосоо болж зовдог. Эцэг эхийн хувьд хүүхдүүдийн маань эрэл хайгуул, зовлон бэрхшээл хэзээ ч бидний Их Эзэнд итгэх итгэлийг ганхуулах шалтгаан болох ёсгүй.

Залуу Алма “зовлонд тамлагдаж, өөрийн олон нүглийн дурсамжиндаа тарчлагдаж байхдаа” аав нь “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар” зааж байсныг санадаг” (Алма 36:17). Эцгийнх нь үгс түүнийг хөрвөлт рүү хөтөлсөн. Үүний адил бидний заасан сургаал, гэрчлэлийг хүүхдүүд маань эргэн санах болно.

Хиламаны их цэргийн 2000 залуу дайчин зөв шударга эхчүүд нь сайн мэдээг хүчирхэг заасан хэмээн гэрчилсэн байдаг (Алма 56:47–48-ыг үзнэ үү).

Инос “мөнх амьдрал, бас гэгээнтнүүдийн баяслын талаар эцгийнхээ ярьж байхыг олонтаа сонссон тэр үгс, зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн байв” (Инос 1:3) хэмээсэн.

Сургаал ба Гэрээнд Их Эзэн эцэг эхийг үр хүүхдэдээ “наманчлалын сургаал, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээхийг, мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг … найман нас хүрэхэд” нь заах ёстой.

Мөн тэд тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой” (С ба Г 68:25, 28) хэмээн айлдсан.

Сайн мэдээг заах нь гэр бүлүүдийг бэхжүүлдэг

Биднийг хүүхдүүддээ сайн мэдээг үг, үйлдлээрээ заахад гэр бүл маань сүнсээр хүчирхэгжиж, бэхэждэг.

Гэр бүлээ сүнсээр хүчирхэгжүүлэх ариун үүргийн талаар хэлсэн амьд бошиглогчдын үгс тодорхой. 1995 онд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчдийн Чуулга дэлхийд өргөх тунхгаа гаргасан бөгөөд “хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг … Нөхөр, эхнэр хоёр нь бие биенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах албан ёсны хариуцлага хүлээнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биенээ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм” хэмээн тунхаглажээ (“The Family: A Proclamation to the World,” Ensign, Nov. 1995, 102).

Энэ оны 2-р сард Тэргүүн Зөвлөл эцэг эхчүүдийг “Үр хүүхдүүдийг тань Сүмд ойр байлгах сайн мэдээний зарчмуудыг тэдэнд зааж, эдгээр зарчмаар хүмүүжүүлэхэд бүх хүч чармайлтаа дайчлан ажиллахыг бид эцэг эхчүүдэд уриалж байна. Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь бөгөөд Бурханаас өгсөн энэхүү үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх амин чухал ажлыг өөр ямар ч арга хэрэгслээр биелүүлэх юм уу орлуулах боломжгүй юм” хэмээн уриалан дуудсан.

Тэргүүн Зөвлөл 2-р сарын захиас бичигтээ хүүхдүүдийг сайн мэдээний зарчмын дагуу өсгөн хүмүүжүүлснээр эцэг эхчүүд сүйтгэгч хүчнээс гэр бүлээ хамгаалж чадна хэмээн заасан. Тэд цааш нь “Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд бид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” хэмээсэн (First Presidency letter, 11 Feb. 1999; cited in Church News, 27 Feb. 1999, 3).

Их Эзэний болон Түүний сургаалын тусламжтайгаар гэр бүлд тулгарч болох сорилт бэрхшээлээс үүдэлтэй бүхий л хор уршигт үр дагавруудыг ойлгож, даван туулж чадна. Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ ямар ч байсан бид бошиглогчдын зөвлөгөөг дагавал гэр бүлээ бэхжүүлж чадна.

Манай гэр бүлүүдийг бэхжүүлэх түлхүүр нь Их Эзэний Сүнсийг гэр орондоо байлгах явдал мөн. Давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэх нь гэр бүлүүдийн маань зорилго юм.

Гэр бүлийг бэхжүүлэх санаанууд

Гэр бүлээ бэхжүүлэхийн тулд гэрийнхээ дөрвөн ханан дотор хийж болох олон зүйл бий. Гэр бүлээ бэхжүүлэхэд шаардлагатай зүйлүүдийг тодорхойлоход туслах хэдэн санааг би хуваалцъя. Гэр бүл бүр, тэр тусмаа гэр бүлийн гишүүн бүр онцгой, давтагдашгүй гэдгийг мэддэг хүнийхээ хувьд би тэдгээрийг хэлэх гэсэн юм.

Гэр орон аюулгүй газар байх ёстой

  • Гэр бүлийн гишүүн бүр гэр орноо хайр энэрлийг болон салшгүй нэгэн хэсэг гэдгээ мэдэрдэг газар болго. Хүүхэд бүрд янз бүрийн бэлэг, авьяас байдаг бөгөөд хүүхэд бүр онцгой хайр, халамж хэрэгтэй хувь хүн гэдгийг ухааран ойлго.

  • “Эелдэг хариулт уурыг зайлуулна” (Сургаалт үгс 15:1) гэдгийг бүү март. Намайг хайрттайгаа Солт Лэйк ариун сүмд лацдан холбогдоход ахлагч Харолд Б.Лий бидэнд нэгэн ухаалаг зөвлөгөө өгсөн юм. “Уурлан дуугаа өндөрсгөхөд Сүнс гэрээс чинь зайлан оддог” гэж тэр бидэнд хэлж билээ. Ямар ч тохиолдолд бид уурлан, гэрийнхээ болон зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг үр хүүхдийнхээ өмнө хааж болохгүй. Үрэлгэн хүүгийн адил, хүүхдүүд маань өөрийгөө таньж мэдсэнийхээ дараа хайр энэрлийг мэдэрч, зөвлөгөө авахаар бидэн дээр ирж болно гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

  • Хүүхдүүдтэйгээ биечлэн цагийг өнгөрүүлэн, ярианы сэдвийг болон үйл ажиллагааг тэднээр сонгуул. Анхаарал сарниулах зүйлсийг холдуул.

Хүүхдүүддээ залбирах, судраас унших, зохистой хөгжим сонсохыг заа

  • Хүүхдүүдээ хувиараа залбирах, судраас суралцах, онцгой хэрэгцээнийхээ төлөө мацаг барих гэх мэт шашны хувийн зан үйл хийхэд урамшуул. Тэдний биеэ авч яваа байдал, үг хэл, бусадтай харилцаж буй байдлаас сүнслэг өсөлт хөгжлийг нь хэмж.

  • Хүүхдүүдтэйгээ хамт өдөр бүр залбирч бай.

  • Хамтдаа судраас унш. Ээж, аав хоёрыг судраас уншихад хүүхдүүд бид шалан дээр суугаад сонсдог байснаа би санадаг. Заримдаа тэд “Энэ судар та нарын хувьд ямар ач холбогдолтой вэ?” эсвэл “Энэ нь та нарт ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” гэж асуудаг байв. Тэгээд биднийг өөрийн үгээр хариулахыг сонсдог байлаа.

  • Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлээс амьд бошиглогчдын үгс болон сүнсээр өдөөгдсөн бусад өгүүллийг уншиж өгч бай.

  • Бид Сүмийн дуулал болон Хүүхдийн дууны ном дээрх дуунуудаас хамтдаа дуулан, гэр орноо зохистой дуу хөгжмөөр дүүргэж болно.

Гэр бүлийн үдэш ба гэр бүлийн зөвлөлөө хийж бай

  • Гэр бүлийн үдшээ долоо хоног бүр хий. Эцэг эхийн хувьд бид хүүхдүүддээ зааж, гэрчлэхээсээ битүүхэн айж цэрвэдэг. Би өөрөө амьдралдаа ийм алдаа гаргаж байсан. Зааж сургах болон сүнслэг мэдрэмж, гэрчлэлээ хуваалцах нь хүүхдүүдэд маань хэрэгтэй.

  • Гэр бүлийн зөвлөлөөрөө гэрийнхээ төлөвлөгөө, асуудлаа ярилц. Гэр бүлийн зөвлөлийг гишүүн нэг бүртэй хийх нь хамгийн үр дүнтэй болдог. Тэдний санаа оноо чухал гэдгийг мэдэхэд хүүхдүүддээ тусал. Тэднийг сонсож, тэднээс суралц.

Сайн мэдээг хуваалцаж, Сүмийн удирдагчдыг дэмжиж, гэр бүлээрээ оролц

  • Номлогчдыг гэртээ урьж авчран, идэвх султай эсвэл Сүмийн гишүүн бус найздаа заалгуул.

  • Сүмийн удирдагчдыг дэмжин, баталдаг гэдгээ харуул.

  • Боломж гарах бүр хамтдаа хооллож, хоолны үеэр утга учиртай яриа өрнүүл.

  • Ганцаараа хийх нь хурдан, амар хялбар байсан ч аливаа ажлыг гэр бүлээрээ хамтдаа хийж бай. Хамтдаа ажиллаж байхдаа охид, хөвгүүдтэйгээ ярилцаж бай. Надад аавтайгаа бямба гараг бүр цагийг өнгөрүүлэх боломж гардаг байсан.

Хүүхдүүддээ сайн найз байхыг зааж, ирээдүйд нь бэлтгэ

  • Сайн найз нөхдийн харилцаа тогтоох тухай зааж, найз нөхдийг нь гэр орондоо халуун дулаан хүлээж ав. Хүүхдүүдийнхээ найзуудын эцэг эхтэй танилц.

  • Хүүхдүүддээ цаг зав, нөөц бололцоогоо хэрхэн зөв тооцоолж сурахыг үлгэр дуурайлаараа заа. Тэдэнд бие даахыг мөн ирээдүйдээ бэлтгэхийн ач холбогдлыг сурч мэдэхэд нь тусал.

Гэр бүлийн өв, уламжлалыг хуваалц

  • Хүүхдүүддээ өвөг дээдэс, гэр бүлийнхээ түүхийг заа.

  • Гэр бүлийн уламжлалыг бий болго. Хүүхдүүдийнхээ хэрэгцээ, авьяас билэг, ур чадварыг бодолцож, утга учир бүхий амралт зугаалгыг төлөвлөж, хий. Тэдэнд аз жаргалтай дурсамж үлдээж, авьяас чадварыг нь хөгжүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгөн нэмэгдүүл.

Зарлигуудыг сахиж, ёслолуудыг хүлээн авахын ач холбогдлыг заа

  • Өөрийн үг, үлгэр жишээгээр ёс суртахууны үнэт зүйлс, зарлигуудыг сахих амлалтын талаар заа.

  • Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа ээж намайг хүмүүсээс хол аваачин, ‘Чамд ямар мэдрэмж төрсөн бэ?’ гэж асуусан юм. Би хэр чадлаараа надад төрсөн амар амгалан, тайван, аз жаргалын халуун дулаан мэдрэмжийг дүрслэв. Надад төрсөн тэр мэдрэмж бол миний дөнгөж сая хүлээж авсан Ариун Сүнсний бэлэг болохыг ээж тайлбарлаж өгч билээ. Хэрэв би Ариун Сүнсийг хүлээн авахуйц зохистой амьдрах юм бол тэр бэлэг надтай байнга хамт байх болно гэж тэр надад хэлсэн юм. Энэхүү зааж сургасан цаг мөчийг би амьдралынхаа туршид мартаагүй.

Хүүхдүүддээ баптисм, гишүүний баталгаа, Ариун Сүнсний бэлэг авах, ариун ёслолоос хүртэх, санваараа хүндэтгэн дээдлэх, ариун сүмийн гэрээ байгуулж, гэрээгээ сахихын ач холбогдлыг заа. Тэд ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой амьдрах, ариун сүмд гэрлэхээр бэлдэхийн ач холбогдлыг мэдэж авах хэрэгтэй.

  • Хэрэв та хань ижил, үр хүүхдүүдтэйгээ ариун сүмд хараахан лацдан холбогдоогүй байгаа бол ариун сүмийн адислалаас хүртэхээр гэр бүлээрээ ажилла. Гэр бүлээрээ ариун сүмд орох зорилго тавь.

  • Ах нар аа, атгаж буй санваартаа таарахуйц зохистой амьдарч, гэр бүлийнхээ амьдралыг адислахын тулд санваараа ашиглаарай. …

Олон нийтийн болон Сүмийн мөн сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байх

Гэрээс гадуур олон нөөц бололцоо байдаг. Тэдгээрийг ухаалаг ашиглах нь гэр бүлийг бэхжүүлнэ.

  • Хүүхдүүдээ Сүмд болон олон нийтэд үйлчлэхэд урамшуул.

  • Хүүхдүүдийнхээ багш, дасгалжуулагч, зөвлөх, Сүмийн удирдагчидтай өөрсдийн асуудал, хүүхдийнхээ хэрэгцээний талаар ярилц.

  • Хүүхдүүд тань цаг заваараа юу хийж байгаа талаар мэдээлэлтэй бай. Тэдний үздэг кино, зурагтын нэвтрүүлэг, видео бичлэгийн сонголтод нөлөөлж бай. Интернэтэд орсон бол юу хийж байгааг нь мэд. Эрүүл, зөв зугаа цэнгэлийн ач холбогдлыг олж харахад нь тусал.

  • Сургуулийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд оролцоход урамшуул. Хүүхдүүд маань юу сурч байгааг мэд. Тэдэнд гэрийн даалгавраа хийхэд тусал. Мэдлэг боловсрол, ажил хөдөлмөр, бие даасан байдлын ач холбогдлыг ухааран ойлгоход нь тусал.

  • Залуу эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд, 18 нас хүрээд Халамжийн нийгэмлэгийн ангид суу. Та нарын зарим нь энэ шилжилтэд дургүй байж болно. Тэнд таарч тохирохгүй байх вий гэж айж ч байж болох юм. Залуу эгч нар аа, энэ бол үндэслэлтэй шалтгаан биш шүү. Халамжийн нийгэмлэгээс та олон зүйлийг сурч мэднэ. Энэ нь таныг амьдралын тань туршид адислах болно.

  • Залуу эрэгтэйчүүдэд хандан хэлэхэд, Аароны санваараа хүндэтгэн дээдэл. Энэ нь бэлтгэл санваар бөгөөд таныг Мелкизедек санваарт бэлтгэнэ. Мелкизедек санваарт томилогдсоныхоо дараа ахлагчдын чуулгад бүрэн идэвхтэй бай. Ах нарын нөхөрлөл, чуулгын удирдамж заавар, бусдад үйлчлэх боломж нь амьдралын тань туршид таныг болон таны гэр бүлийг адислах болно.

Их Эзэний хайрын жишээг дагах

Их Эзэний Сүнсийг гэр орондоо авчирч, Түүний үзүүлсэн үлгэр жишээний дагуу заах юм бол ямар нэгэн байдлаар гэр бүл бүрийг бэхжүүлэх боломжтой.

  • Итгэлээр үйлд. Айдсаар бүү ханд. Өсвөр насны хүүхдүүд маань гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сорьж эхлэх үед эцэг эхчүүд гэр бүлийн гишүүнийхээ онцгой хэрэгцээний талаар удирдамж заавар авахыг хүсэн Их Эзэнд хандах хэрэгтэй. Энэ бол улам ихээр хайрлан, дэмжлэг туслалцаа үзүүлж, хэрхэн сонголт хийх талаар зааж сургасан зүйлээ бататгах хэрэгтэй цаг үе юм. Хүүхдүүддээ алдаанаасаа сургамж авах боломж олгоно гэдэг нь аймшигтай ч Их Эзэний замыг болон гэр бүлийн үнэт зүйлсийг тэдэнд тулган шаардахын оронд өөрсдийн сонголтоор олж мэдэх боломж олгох үед тэр бүхнийг сонгох магадлал хавьгүй их байдаг. Ялангуяа өсвөр үеийнхний хувьд Сатаны хүчлэн тулгаж, албадан шаарддаг аргыг хэрэглэснээс хайрлан, найрсгаар хүлээн авдаг Их Эзэний аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой.

  • Иосеф Смит: “Хүмүүстэй нөхөрлөж, тэдэнд нинжин сэтгэлээр хандахаас өөр юу ч тэднийг нүглээ орхиход ийм хүчтэйгээр хөтөлдөггүй билээ. Хүмүүс надад өчүүхэн төдий нинжин сэтгэл хайраа харуулахад, Ай энэ нь миний оюун ухаанд ямар их хүчээр нөлөөлдөг билээ. Харин үүний эсрэг зам нь хатуу хахир сэтгэлийг тэтгэж, хүмүүний оюун ухааныг сульдаан мохоодог” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 447, 485).

Төөрөлдсөн хүүхдүүд эргэн ирнэ

  • Чадах бүхнээ хийсний дараа ч зарим хүүхэд маань зөв шударга замаас гарахад бид цөхрөн шаналж болох ч Орсон Ф.Витнэйгийн хэлсэн дараах үг бидэнд тайтгарлыг авчирдаг. “Хэдийгээр зарим хонь хадууран хэсүүчилсэн ч Хоньчин тэднээс хараа салгахгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт Тэнгэр дэх Бурханы мутар араас нь татаж, сүрэгт нь эргүүлэн авчрахыг тэд мэдэрнэ. Энэ амьдралд ч бай эсвэл дараагийн амьдралд ч бай тэд эргэж ирэх нь гарцаагүй. Тэд шударга ёсны өмнө төлөөсөө төлж, гэм нүглийнхээ төлөө шаналж, бартаатай замаар алхаж болох ч эцэст нь энэ нь нүглээ наманчилсан Үрэлгэн хүүгийн адилаар өөрсдийг нь хайрладаг, өршөөдөг эцгийнхээ [эхийнхээ] өр зүрхэнд болон гэртээ эргэн ирэхэд хөтөлж чадах л юм бол туулсан зовлон нь үр ашиггүй өнгөрөхгүй нь гарцаагүй. [Өөрсдийн] хэнэггүй, дуулгаваргүй хүүхдүүдийн төлөө залбирч, итгэлтэй байж, тэднээсээ зууран барьцгаая. Бурханы авралыг харах өдөр хүртэл итгэж, найдсаар бай” (Conference Report, Apr. 1929, 110, Жозеф Смитийн хэлсэн үгээс эшлэн авав).

Ганц бие насанд хүрэгчид ба ах дүү, хамаатан садан хүч чадал өгч болно

  • Хэрэв та ганц бие эсвэл үр хүүхдээр адислагдаагүй бол яах вэ? Гэр бүлийн тухай зөвлөгөө зөвлөмжид анхаарлаа хандуулах хэрэг танд байна уу? Хандуулах хэрэгтэй. Бид бүгдээрээ үүний талаар дэлхий дээрх амьдралдаа суралцах ёстой. Ихэвчлэн гэрлээгүй насанд хүрсэн гишүүд гэр бүлийнхэндээ мөн эргэн тойрныхоо гэр бүлүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж, халуун дулаанаар хүлээн авч, хайрын энэрлийн асар том эх сурвалж болсноор онцгой хүч чадлыг өгдөг.

  • Ах дүү, хамаатан садан гээд гэр бүлийн насанд хүрсэн олон гишүүн эцэг эх байх үүргийг өөр өөрийн хүрээнд биелүүлдэг. Эмээ, өвөө, ах, эгч, дүү болон тэдний хүүхдүүд, нагац ах, эгч, авга ах, эгч болон тэдний хүүхдүүд гээд гэр бүлийн бусад гишүүн гэр бүлд ихээхэн нөлөөлдөг. Намайг өөрсдийн үлгэр жишээ болон гэрчлэлээр удирдан чиглүүлсэн хамаатан саднууддаа би талархаж явдгаа илэрхийлмээр байна. Заримдаа эцэг эхийн хэрүүл маргаан болж байж хэлдэг зүйлийг садан төрлийн хүмүүс ямар ч асуудалгүй хэлж чаддаг. Ээжтэйгээ их удаан сэтгэлээ уудалж ярилцсан нэгэн залуу эмэгтэй: “Буруу зүйл хийснээ аав та хоёрт хэлэх үнэхээр хэцүү. Гэхдээ үүнийг нагац эгч Сьюзанд хэлэх бүр ч хэцүү. Яагаад ч юм би түүний урмыг хугалахыг хүсээгүй” гэж хэлжээ.

Төгс гэр бүл гэж үгүй

Бид мөнх бус амьдралд суралцаж мөн итгэлээ хөгжүүлэхээр ирснээ мэдсэн бол бүх зүйлд сөрөг тал гэж байх ёстойг ойлгосон байх ёстой. Гэртээ хийсэн гэр бүлийн зөвлөлийн үеэр эхнэр маань “Хэн нэгний гэр бүлийг төгс гэж бодож болох ч тэднийг хангалттай сайн мэдэхгүй гэдгээ та нар санаарай” гэж хэлсэн юм.

Гэр орон, гэр бүлээ эмх цэгцтэй байлга

Ах, эгч нар аа, эцэг эхийн хувьд бүгдээрээ 1833 онд Иосеф Смитэд болон Сүмийн удирдагчдад хандан Их Эзэний өгсөн анхааруулгыг, тэр ч бүү хэл зэмлэлийг чих тавин сонсоцгооё. Та нар “гэр орноо цэгцлэх ёстой” (С ба Г 93:43). “Харин хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ” (С ба Г 93:40) “Гэр бүлээ цэгцлэх шаардлагатай байна, мөн тэд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байхыг мэдэгтүн, мөн ямагт залбирагтун, эсвээс тэд байрнаасаа хөдөлгөгдөх болно” (С ба Г 93:50).

Өнөө үеийн бошиглогчид гэр бүлээ эмх цэгцтэй байлгах талаар үүнтэй адил сэрэмжлүүлэг, анхааруулгыг өгсөн. Бидэнд гэр бүлийн доторх зөрчлөө итгэлээр шийдвэрлэх сүнсний өдөөлт, хайрыг өгч адислах болтугай. Тэгсэн нөхцөлд л сорилт бэрхшээл маань биднийг Их Эзэнд болон бие биенд маань илүү ойртуулдгийг бид мэдэх болно. Бид бошиглогчийн дуу хоолойг сонсож, гэр орноо эмх цэгцтэй байлгах болтугай (С ба Г 93:41–49-ийг үзнэ үү). Биднийг Их Эзэнд ойртох үед гэр бүл маань бэхэждэг ба нэг нэгэндээ сэтгэлийн дэмжлэг үзүүлж, хүч өгч, хайрлан, халамжлахад гэр бүлийн гишүүн бүр хүчирхэгждэг. “Та намайг өргө, би таныг өргөе, тэгээд хамтдаа өсөж хөгжицгөөе” (Квакер сургаалт үг).

Бид гэр бүлээ бэхжүүлэхийн тулд Их Эзэний Сүнсийг гэр орондоо хүлээн авч, байлгах болтугай. Гэр бүлийн гишүүн бүр “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам” (2 Нифай 31:18) дээр үлдээсэй хэмээн би залбирч байна.