“7-р хичээл: Уучлалын эдгээх хүч,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 25–27
“7-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 25–27
7-р хичээл
Уучлалын эдгээх хүч
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Дараах судруудад дурдсан уучлах жишээнүүдийг судал. Үүнд: Лук 23:33–34; Үйлс 7:58–60; 1 Нифай 7:8–21.
-
Илүү өршөөнгүй, бусдын уучлалыг хүлээн авахуйц зохистой байхаа амла.
Унших даалгавар
Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.
“Уучлах нь та нараас шаардагдана”
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
ерөнхийлөгч Гордон Б.Хинкли
Уучлалын сүнс ба бидэнд буруу зүйл хийсэн хүмүүсийг хайрлаж, өрөвдөх нь Есүс Христийн сайн мэдээний мөн чанар юм. Бидний хүн нэг бүрд энэ сүнс хэрэгтэй. Бүх дэлхийд энэ хэрэгтэй. Их Эзэн бидэнд үүнийг заасан. Өөр хэний ч үзүүлж чадаагүй үлгэр жишээг Тэрээр харуулсан билээ.
Тэрээр Өөрийг нь тийм аймшигтайгаар цовдлохоор авчирсан харгис, үзэн ядагчдын өмнө Калварийн загалмай дээр зовж байхдаа “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн залбирсан.
Биднийг ийм өгөөмрөөр уучил гэж хэлээгүй ч Бурханы хэлснээр бид хүн нэг бүрийг уучилж, өршөөх үүрэгтэй. Их Эзэн илчлэлтийн үгээр “Эрт дээр үед, миний шавь нар бие биеийнхээ эсрэг далим эрж мөн зүрх сэтгэлдээ бие биенээ уучилдаггүй байлаа; мөн энэ хилэнцийн учир тэд зовлонд унаж мөн гашуунаар гэсгээн цээрлүүлэгддэг байв.
Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.
Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана.
Чи бид хоёрын хооронд Бурхан шүүг, мөн чиний үйлүүдийн дагуу чамайг шагнаг—хэмээн та нар зүрх сэтгэлдээ хэлэх ёстой” (С ба Г 64:8–11) хэмээн тунхаглажээ.
Бурханаас өгөгдсөн зарчим болон үүнийг дагалдан ирдэг наманчлалыг амьдралд хэрэгжүүлэх нь бидэнд хэчнээн их хэрэгтэй вэ! Энэ нь өчүүхэн төдий үл ойлголцлыг уулын чинээ хэрүүл маргаан болгон өдөөдөг хүмүүсийн гэр оронд хэрэгтэй байгааг бид хардаг. Энэ нь өчүүхэн жижиг ялгаа нь арилшгүй гомдол хорсолд хүргэж байгаа хөршүүдийн дунд хэрэгтэй байгааг бид хардаг. Энэ нь хамтдаа сууж, нэг нэгэнтэйгээ дуугаа өндөрсгөхгүй ярих хүсэл байсансан бол асуудлаа бүгдэд ашигтайгаар шийдэж болохоор байхад хоорондоо ам мурийж, буулт хийхээс татгалздаг бизнесийн хамтрагчдад хэрэгтэй байгааг бид хардаг. Үүний оронд тэд хорсон занаж, залхаан цээрлүүлэх төлөвлөгөө гарган өдрүүдийг өнгөрөөдөг.
Сүмийг зохион байгуулсан эхний жил бошиглогч Иосеф Смитэд хор хөнөөл учруулах гэсэн хүмүүс худал хуурмаг ял тулган, удаа дараа баривчилж байсан ба тэр үед Их Эзэн түүнд “Мөн та нартай хуулиар заргалдах хэн боловч тэрхүү хуулиар зүхэгдэх болно” (С ба Г 24:17) хэмээн хэлжээ. Өнөө үед хорсон занаж, атаархаж жөтөөрхсөндөө мөшгөн мөрдөж байгаа зарим хүний дунд би үүнийг харсан. Хоорондоо тэмцэлдээд ялсан хүмүүсийн дунд ч гэсэн сэтгэл амар явж байгаа нь ховор бөгөөд мөнгө төгрөгөө арвижуулсан ч тэд түүнээс ч үнэтэй нандин зүйлээ алдсан байдаг.
Өширхөж хорсохоос зайлхий
Францын зохиолч Ги дэ Мопассант зах гарах өдөр тосгонд ирсэн Хаучеком гэх нэгэн тариачны тухай өгүүллэг бичсэн байдаг. Нийтийн талбайгаар алхаж явахад нь бөөрөнхий чулуун зам дээр хэвтэж байсан олсны тасархай түүний нүдэнд тусав. Тэр ч олсыг авч халаасандаа хийжээ. Энэ үйлдлийг нь өмнө нь түүнтэй маргалдаж байсан тосгоны тоноглогч ажиглан харав.
Тэр өдөр нь оройхон тийшээ цүнх алдагдсан тухай мэдээлэхэд тоноглогч Хаучекомыг хилсээр гүтгэн баривчлуулжээ. Хотын даргын өмнө авчрахад тэр гэм буруугүй гэдгээ илэрхийлэн, зам дээрээс авсан олсоо харуулав. Гэвч түүнд итгэхгүй байсан төдийгүй шоолон тохуурхжээ.
Дараа өдөр нь цүнх ч олдож, Хаучекомын гэм бурууг цагаатгав. Хилс хэрэгт гүтгэгдэж, доромжлуулан гутаагдсандаа тэрээр хорсон өшөөрхөж, хэргийг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй. Уучилж, мартах хүсэлгүй байсан тул тэр үүнээс өөр юу ч бодож, ярихаа больжээ. Тэр фермээ арчилж, тордохоо болив. Явсан газар болгондоо, уулзсан хүн бүрдээ өөрт нь тохиолдсон шударга бус явдлын талаар ярих болж. Өдрөөр ч тэр, бас шөнөөр ч тэр энэ бүхэн түүний бодол санаанаас гарахаа болив. Уй гашууд автсаар тэр хүндээр өвдөж, насан өөд болсон аж. Үхэлтэй тэмцэн, оюун санаа нь балартах үед тэр “олсны тасархай, олсны тасархай” гэж гомдоллон бувтнасаар байв (The Works of Guy de Maupassant [n.d.], 34–38).
Хүн хүний зан араншин, нөхцөл байдал өөр өөр ч гэлээ энэ түүх одоо ч гэсэн давтагдах магадлалтай. Биднийг хохироосон хүмүүсийг уучлах нь тийм хэцүү гэж үү? Бид үйлдсэн муу зүйлсийг нь мартахгүй, дотроо хадгалах гээд байдаг. Ийнхүү дотроо бодох нь дотроос тань хумслан маажсаар аюултай яр шарх болон хувирдаг. Өнөө үед уучлан мартахаас өөр амьдралдаа хэрэгжүүлбэл зохих ариун ёс журам байна гэж үү? Зарим нь үүнийг сул дорой байдлын илрэл хэмээн үзэх нь бий. Тийм гэж үү? Учруулсан зовлон зүдгүүрт уурлаж, өс хонзонгийн сүнс агуулан амьдарч, чадал, чадвараа өшөө авахад зарцуулахад хүмүүн хүч, ухаанаа зарцуулах шаардлагагүй. Өс хонзон санахад амар амгаланг мэдрэхгүй. “Хариугаа авах” өдрийг хүлээн амьдарвал аз жаргалыг амсахгүй.
Паул бидний амьдралын “дорой буурай, зохисгүй язгуур юмс[ын]” талаар ярьсан (Галат 4:9-ийг үзнэ үү). Биднийг доромжилсон хүмүүст цаг ямагт хорон санаа агуулж, олиггүй зүйл төлөвлөхөөс сул дорой, өрөвдөлтэй зүйл байдаг гэж үү?
Манай хүмүүсийг маш ихээр хорсож байсан үед Жозеф Ф.Смит Сүмийг тэргүүлж байсан юм. Тэр булхай гүтгэлгийн, бүр өөрийн хүмүүсийн дунд сэтгүүлчдийн аймшигт шүүмжлэлийн бай болж байсан. Түүнийг шоглон бичиж, элэглэн зурж, дооглон тохуурхаж байв. Нэр төрийг нь гутаах гэсэн хүмүүст хандан тэр “Тэднийг орхи. Тэднийг явуул. Өөрийгөө хүссэнээрээ илэрхийлэх эрхийг нь өг. Тэд өөрсдийн түүхийг бичиж, өөрсдийн мөхлийг үсэглэг” хэмээн хэлснийг сонсоно уу (Gospel Doctrine, 5th ed. [1939], 339). Харин дараа нь тэрээр уучилж, мартах сүнсийг тээсээр Сүмийг урагш удирдаж, шинэ өсөлт хөгжил, гайхамшигт амжилтад хүргэх агуу хийгээд эерэг ажилд шамдан орсон юм. Түүнийг нас барах үед шоолон доромжилж байсан олон хүн магтан сайшааж, хүндлэл үзүүлсэн гэдэг.
Ширээний нөгөө талд суусан хосын яриаг сонсох их хэцүү байсныг би санадаг. Тэд бие биедээ уурлан хорсох болжээ. Нэгэн цагт тэдний хайр дурлал гүн гүнзгий, жинхэнэ байсныг би мэднэ. Гэвч тэр хоёр нэг нь нөгөөгийнхөө дутагдлыг ярьдаг зуршилтай болсон байв. Хүн бүрийн гаргадаг алдаа дутагдлыг уучлах, тэдгээрийг мартан, эргэж дурсалгүй хүлцэн амьдрах хүсэлгүй байснаар нэг нэгнийгээ өөлөн гоочилж, улмаар нэгэн цагт тэдний мэдэрч байсан хайр дурлал замхран алга болсон байлаа. Хайр нь тэгээд үнс болон хувирч, “хоёр талын хүслээр” салах болжээ. Одоо зөвхөн ганцаардал, харилцан бие биенээ буруутгах явдал л үлдэв. Хэрэв наманчилж, уучлах хүсэл бага ч атугай байсан бол тэд хамтдаа үлдэж, өнгөрсөн он жилүүдэд асар ихээр адислагдсан хамтын амьдрал нь хэвээр хадгалагдах байсан гэдэгт би итгэлтэй байна.
Уучлал, өршөөлөөр дамжин ирдэг амар амгалан
Хэрэв хэн нэгний талаар дайсагналын хорт ундааг зүрх сэтгэлдээ чанаж буй хүн байгаа бол уучлах хүч чадлыг Их Эзэнээс гуйхыг би та нараас хүсэж байна. Энэ хүслийн тань илэрхийлэл та нарын наманчлалын үндэс суурь болох болно. Энэ нь тийм ч амар бөгөөд хурдан хийгддэг зүйл биш байж болох юм. Гэвч хэрэв та нар үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, тарьж ургуулах юм бол энэ нь боломжтой. Тэр ч бүү хэл, уучилж өршөөсөн хүн тань таныг үргэлжлүүлэн мөшгөж, заналхийлсэн ч эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийснээ та мэдэх болно. Таны сэтгэл зүрхэнд өөр ямар ч арга замаар олох боломжгүй тийм амар амгалан ирэх болно. Тэр нь:
“Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал Тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна.
Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна” (Матай 6:14–15) хэмээн хэлсэн Түүний амар амгалан байна.
Үрэлгэн хүү
Лукийн 15-р бүлэгт цэдэглэгдсэнээс илүү сайхан түүхийг би мэдэхгүй. Энэ нь наманчилсан хүү, уучилсан эцгийн түүх юм. Энэ нь өв хөрөнгөө үрэн таран хийсэн, эцгийнхээ зөвлөгөөг сонсоогүй, өөрийг нь хайрладаг хүмүүсийг өөрөөсөө холдуулан түлхсэн хүүгийн тухай түүх юм. Харин бүх хөрөнгөө үрж дуусгаад, өлсөж цанган, найз нөхөдгүй болох үед “тэр ухааран” (Лук 15:17), аавдаа эргэж ирсэн ба аав нь “түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнс[сэн]” (Лук 15:20).
Би та бүхнээс энэ түүхийг уншихыг хүсэж байна. Эцэг эх бүр үүнийг дахин дахин унших хэрэгтэй. Энэ нь бүх гэр бүлтэй, тэр байтугай хүн төрөлхтөнтэй холбоотой, учир нь бид бүгд наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөл нигүүлслээс хүртэж, Түүний үлгэр жишээг дагах шаардлагатай үрэлгэн хөвгүүд, охид биш гэж үү?
Түүний Хайрт Хүү, бидний Гэтэлгэгч бидэнд өршөөл, нигүүлслээр хандахын зэрэгцээ наманчлахыг зарлигладаг. Үнэн бодит, уужим өгөөмөр өршөөлийн сүнс нь тэрхүү шаардсан наманчлалын илэрхийлэл байх болно. Бошиглогч Иосефт өгсөн илчлэлтээс эш татахад, Их Эзэн:
“Тиймийн тул би чамд наманчлахыг зарлиглаж байна—наманчил, эс тэгвээс би чамайг амныхаа үгэн саваагаар, мөн хилэгнэлээрээ, мөн уураараа арчин хаях болно, мөн чиний зовлон гашуун байх болно—хэр зэрэг гашууныг чи мэдэх нь үгүй, хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй.
Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;
Гэвч хэрэв тэд үл наманчлах аваас, бүр миний адилаар тэд зовох ёстой;
Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн. …
Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (С ба Г 19:15–18, 23).
Энэ бол “Аав аа, … Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач” (Матай 6:9, 12) хэмээн үлгэр дуурайл болон залбирсан Түүний зарлиг юм.
“Шархаа бооцгооё”
Абрахам Линкольн аймшигт иргэний дайны эмгэнэлт явдлын талаар: “Хэнд ч өс хонзон саналгүй, бүгдэд энэрэнгүй сэтгэлээр хандаж, … бид … шархаа бооцгооё” хэмээн хэлсэн нь сайхан биш гэж үү (John Bartlett, Familiar Quotations [1968], 640)?
Ах, эгч нар аа, бүгдээрээ хутга мэт зүсэх үгс, тавьж явуулалгүй тээсэн уй гашуу, биднийг гомдоосон хүмүүсээс “хариугаа авах” гэсэн төлөвлөгөөнөөс болж олсон шархаа бооцгооё. Бидэнд бүгдэд нь өшөө авах сүнс бага зэрэг оршдог. Аз болоход бидний хүн нэг бүр “төгс чанар хийгээд амар амгалангийн холбоо болох нөмрөг лугаа адил өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцасла[х]” (С ба Г 88:125) юм бол бид үүнийгээ ялан дийлж чадна.
“Алдаа гаргах нь хүмүүний, харин уучлан өршөөх нь бурханлаг чанар юм” (Alexander Pope, An Essay on Criticism, 2:1711). Хуучин шархныхаа өвдөлтийг марталгүй эргэн санасаар байх юм бол амар амгаланг олж авахгүй. Зөвхөн наманчилж, өршөөлийг олж авснаар амар амгаланг мэдрэх боломжтой. Энэ бол “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно” (Матай 5:9) хэмээн хэлсэн Христийн амар амгалан юм.