Гэр бүлд зориулсан эх сурвалж
6-р хичээл: Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх


“6-р хичээл: Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 21–24

“6-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 21–24

6-р хичээл

Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох нэг зүйлийг сонго.

  • Ханьтайгаа хамт өдөр бүр залбирах нэг цагийг тогтоо.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Амьдралаас баяр баясгаланг олохуй

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт

Тогтвортой байдал дахь харилцан адилгүй байдал

Саяхан би Номхон Далайн арлын хойд эрэг дээр үүр цайх үеэр далайн зүг ширтэн зогссон юм. Аварга том давлагаанууд эргийн шугамыг нэвтлэхээр нэг л давтамжтай тасралтгүй урагш хөдлөхийг харах надад гайхалтай байв. Энэ нь тогтсон, мөнхийн хууль бүхий Их Эзэний төлөвлөгөөний тогтвортой байдал, мөнхөд үргэлжлэх шударга ёс мөн дуулгавартай байснаар хүлээн авах нилгүүлсэнгүй өршөөлийг санагдуулсан. Давлагаа тус бүр өөр өөрийн гэсэн замаар далайн эрэгт ирэхийн тулд тэнгэрийн хаяанаас өөр өөр цэгээс оргилон ирэхийг би ажигласан. Зарим нь хад цохин даган урсаж, хөөсрөн цайрсаар тархан замхарч байхад зарим нь далайн эрэг рүү түрэн орж ирэн, өөрийн гэсэн мөрийг үлдээнэ. Захаараа хөөсрөн сагах давлагаа нойтон элсэн дээгүүр алгуурхан түрсээр бөмбөлөг үүсгэн эргэлдсээр буцна.

Их Эзэний бидэнд өгсөн эцэс төгсгөлгүй янз бүрийн боломж бололцооны талаар би бодсон юм. Бидэнд маш их эрх чөлөө, өөр өөрийн өвөрмөц зан чанар, авьяас чадвар, хувь хүний дурсамж, хувийн оролцоог хөгжүүлэх асар олон боломж бололцоо бий. Агуу, хүчирхэг гайхамшигт далайг ажиглах боломж цаашид гарахгүй тул хожим нь нүд гялбам нарны туяаны үүсгэх эрхэм тансаг дүр зургийг төсөөлөхийг би хичээв. Би энэхүү сүрлэг дүр зургийг чимээгүй ажиглаж зогсоход мандаж буй нарны туяа үүлэн чөлөөгөөр нэвт тусан, тэнгэрийн хаягаар цацарч, бүх юмыг өөрийн цацраг, өнгө, амьдралаар гэрэлтүүллээ. Энэ нь яг Их Эзэн нэгэн нэмэлт адислалыг буюу хүрсэн хүн бүрд гэрэл гэгээ, итгэл найдварыг өгдөг Өөрийн сургаалын бэлгэ тэмдэг болох гэрлийг хуваалцахыг хүссэн мэт байв. Бидний амьдарч буй энэхүү гайхамшигт газар дэлхийг өгсний төлөө мөн ер бусын гайхамшигт үзэсгэлэн гоог харахыг хүсэж буй хэнтэй ч өгөөмөр хуваалцдаг Тэнгэрлэг Эцэгтээ талархсандаа би нулимс дуслуулж билээ. Амьдрал үнэхээр гайхамшигтай сайхан.

Амьдралын гоо үзэсгэлэнд таларх

Амьдрал тань хэчнээн сайхан байж болохыг олж нээхийн тулд та өдөр болгон цаг гаргадаг уу? Жаргах нарны туяа үүлс, модод, толгод, хөндийтэй салах ёс хийн үнссээр, заримдаа тайван дөлгөөн, заримдаа ганган хээнцэр өнгө, дүрс үүсгэн холдон одохыг та хэзээ хамгийн сүүлд харсан бэ?

Харин Их Эзэн Өөрийн сүр жавхлан, алдар суугаар бидний уран сэтгэмжийн очийг асааж, огторгуйн гайхамшгийг нээн, гялалзах одод, сарны туяа тусах үүлгүй шөнийн ер бусын үзэгдлийг та хэзээ хамгийн сүүлд харсан бэ?

Үржил шимтэй хөрсөнд суулгасан үр соёолон ургаж, хүчээ авч, шалихгүй зүйл мэт санагдах өчүүхэн жижиг нахиа гарч ирэхийг харах ямар сайхан билээ! Энэ нь Их Эзэний суулгаж өгсөн генетикийн томьёоллоор өөрийн шинж чанарыг агуулсаар тэвчээртэй ургаж эхэлдэг. Арчилж тордох юм бол энэ нь үзэсгэлэнт, намба төрхөөр титэмлэгдсэн сараана цэцэг, анхилуун үнэрт гаа, тоор, авокадо эсвэл өвөрмөц гоё ганган, өнгө үзэмж, үнэртэй үзэсгэлэнт цэцэг болох заяа төөрөгтөө хүрэх нь гарцаагүй.

Та хамгийн сүүлд хэзээ сарнай цэцгийн өчүүхэн бундуу томорч цэцэглэхийг ажигласан бэ? Энэ нь сүрлэг сарнай цэцэг болох хүртлээ өдрөөс өдөрт улам үзэсгэлэнтэй сайхан болохоо харуулсаар шинэ, гайхалтай шинж төрхийг хөгжүүлэн ургадаг.

Та бол Бурханы бүтээлүүдийн дунд хамгийн эрхэм дээд нь билээ. Тэрээр нөхцөл байдал ямар байхаас үл хамааран таны амьдралыг бахдам сайхан болгохыг хүсдэг. Та талархалтай, дуулгавартай байж чадах л юм бол Бүрханы зорьж байгаа тэр хүн нь болж чадна.

Амьдралын баяр баясгалан Бурханд итгэж найдахаас хамаарна

Гуниг зовлон, урам мохоох зүйл, зовлон бэрхшээл нь амьдралд тохиолддог үйл явдал болохоос амьдрал өөрөө биш юм. Эдгээр үйл явдал заримдаа ямар хүнд хэцүү байдгийг би үгүйсгэх гэсэнгүй. Хэчнээн удаан үргэлжилж болох ч та тэдгээрийг өөрийн хийдэг бүх зүйлийн төвд хэрхэвч тавьж болохгүй. Их Эзэн Лихайг сүнсээр өдөөж, “Мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”1 хэмээн чухал үнэнийг тунхагласан. “Тэд баясгалантай байж болохын тул” гэсэн нь нөхцөл үйлийг заасан үг юм. Энэ нь Их Эзэний хувьд нөхцөлт үйл биш ба Түүнээс шалтгаалахгүй. Тэрээр бидний хүн нэг бүр баяр баясгаланг олоосой хэмээн хүсдэг. Та зарлигуудыг дуулгавартай дагаж, Эзэнд итгэж, дэлхийд баяр баясгалан олохын тулд шаардлагатай бүхнийг хийх юм бол таны хувьд энэ нь нөхцөл үйл байхаа болино.

Таны амьдралын баяр баясгалан Тэнгэрлэг Эцэг, Түүний Ариун Хүүд тавьсан найдвар, Тэдний авралын төлөвлөгөө үнэхээр баяр баясгаланг авчирдаг гэсэн итгэл үнэмшлээс тань хамаардаг. Тэдний сургаалыг тунгаан бодох нь энэ дэлхийн үзэсгэлэн гоогоос таашаал авч, бусадтай тогтоосон харилцаа холбоог тань баяжуулахад тусална. Энэ нь Тэнгэрлэг Эцэгт хандсан залбирал, хариуд нь өгдөг хариултынх нь ачаар олж авдаг тайтгаруулан, хүчирхэгжүүлдэг туршлага руу таныг хөтөлдөг.

Зөв өнцгөөс харах ба тэвчээр

Нүдний өмнө барьсан жижигхэн хайрга хүртэл асар том саад мэт харагдах үе бий. Газарт хаяхад л энэ нь үнэн байдал дээр ямар болох нь харагддаг. Үүнтэй адил, амьдралд тулгарах асуудал, бэрхшээлийг сүнслэг сургаалын өнцгөөс харах хэрэгтэй. Ийн харж чадахгүй бол тэдгээр нь бидний харааг таглаж, эрч хүчийг сорж, Их Эзэний энэ дэлхийд өгөхийг хүссэн баяр баясгалан, үзэсгэлэн гоог хүлээн авахад саад болдог. Зарим хүн асуудлаар дүүрэн далай руу шидсэн чулуутай адил байдаг. Тэд чулуундаа дарагдан живдэг. Харин та дараах шиг бай. Асуудалд дарагдлаа гэхэд чөлөөлөгдөж, аз жаргалтайгаар дахин үйлчлэхийн тулд тэмцэж, хөвөн гарч ир.

Та энэ дэлхий дээр бурханлаг зорилгын тулд байгаа. Та энд эцэс төгсгөлгүй зугаацаж, дур хүслээ тасралтгүй хангахаар ирээгүй. Та энд соригдон, Бурханы танд зориулсан нэмэлт адислалуудыг хүлээн авахаар ирсэн.2 Үүний тулд тэвчээртэй байж, хат суух хэрэгтэй.3 Зарим адислалыг энэ амьдралдаа, харин заримыг нь хөшигний цаана хүлээн авна.

Таныг өсгөж хөгжүүлэх нь Их Эзэний зорилго юм. Таныг өсөлт хөгжилтөд хөтлөх туршлага бүрээ Их Эзэнээр удирдуулахыг хүссэн үед энэхүү үйл явц эхлээд өөрт чинь таалагддаг байсан эсэхээс үл хамааран түргэсдэг. Та Их Эзэнд итгэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа Түүний хүсэлд төвлөрүүлсэн үед мөн Түүний хүслийг биелүүлэхийн төлөө Сүнсээр удирдуулахыг хүссэн үед мөнх бус байдлын энэхүү оршихуйгаас хамгийн дээд аз жаргалыг амьдралдаа эдэлнэ гэдэгт бат итгэлтэй байж болно. Хэрэв та өөрөөс тань хийхийг хүссэн юм бүхэнд эргэлздэг бол эсвээс таагүй сорилт учрах болгонд зориг мохож шантардаг бол Их Эзэн таныг адислахад улам хэцүү болно.4

Таны сонгох эрх буюу сонголт хийх эрх хүссэнээ авч болохын тулд өгөгдөөгүй. Энэхүү тэнгэрлэг бэлэг нь Тэнгэрлэг Эцэгийн хүсэж буй зүйлийг хийх эсэхийг сонго гэж танд өгөгдсөн. Энэ маягаар Тэрээр таныг ямар хүн болгохыг зорьж байгаа тэр хүнээ болгоход удирдах болно.5 Харин энэ зам сүр жавхлант баяр баясгалан, аз жаргал руу хөтөлдөг.

Гай зовлонгийн дунд баяр баясгалантай амьдар

Зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, гай зовлон дунд баяр баясгалантай амьдарч сурсан өөдрөг үзэлтэй хүмүүсээс суралц. Эдгэшгүй хүнд өвчтэй нэгэн сайхан эмэгтэй амьдралаасаа баяр баясгаланг үргэлж олж байсан. Тэр аз жаргалын төлөвлөгөөг ойлгож, ариун сүмийн ёслолуудаа хийлгэж, амлагдсан адислалуудыг авахын тулд чадах бүхнээ хийсэн. Хувийн тэмдэглэлд нь ийн бичсэн байлаа.

“Намрын сайхан налгар өдөр байна. Би захиагаа аваад, савлуур дээрээ суув. Үнэхээр аз жаргалтай байсан ба дулаахан нар, тойрон хүрээлсэн байгаль орчин, моддын анхилуун сайхан үнэрт би сэтгэл хангалуун байлаа. Энэ үзэсгэлэнт сайхан дэлхий дээр амьд байгаадаа би баярлаж суув… Их Эзэн надад сайн хандсан. Би энд байгаадаа мөн сэтгэл санаа үнэхээр сайхан байгаад Түүнд хэчнээн их талархдаг гээч. Үнэхээр жаргалтай байгаа тул би том цонхоор нар тусаж байх зуур энэ сайхан байшин дотроо зүгээр хашхирч, бүжиглэмээр байна. Би амьд байгаадаа ямар их талархаж байна гээч.”

Тамир тэнхээгүй болгосон өвчинтэйгөө зоригтой тэмцэж буй нэгэн эх олон цаг зарцуулан байж, зүүгээр нэхсэн хээ бүхий том, уран чамин хатгамал хатгаж дуусгажээ. Энэ нь сорилт бэрхшээлтэй тулгарсан нэгэн гэр бүлийн хосод зориулсан бэлэг байв. Тэр хосын хувьд энэ нь үнэлж баршгүй эрдэнэ, зовлон бэрхшээл тулгарахад халшралгүй тэмцсэнээр хүлээн авдаг үр жимсний байнгын сануулга, цэвэр ариун хайр, амь бие хайрлалгүй золиос гаргахтай салшгүй холбоотой итгэл найдварын эртний захиас байв.

Өөрт байгаа зүйлээс баяр баясгаланг ол

Хүүхдүүд бидэнд хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн баяр баясгаланг хэрхэн олохыг заадаг. Хүүхдүүд байхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээс сэтгэлээр унана гэж юу болохыг мэдэхгүй. Тэд байгаа зүйлээсээ баяр баясгаланг олдог. Голын эргийн дагуу тоглож байсан нэгэн жаал хүүг би санадаг. Тэр хийжүүлсэн ундааны хаясан хоёр лаазыг загасны дэгээний үзүүрт уяж тогтоосон байв. Нэг лаазаа модны мөчир дээгүүр давуулан шидээд, усаар дүүргэсэн байлаа. Тэр нөгөө лаазаа татаж байгаад тавив. Эхний лааз унахдаа хоёр дахь лаазыг жингээрээ татаж дээш хөөрүүлэх нь тэр. Тэр чанга инээж, баярлан хөөрч, бүжиглэж байв.

Бидний эргэн тойронд энгийн, сэтгэл сэргээм үйл явдлууд дүүрэн. Тэдгээр нь хурцадмал байдлыг намжааж, сэтгэлийг сэргээдэг хавхлага байж болох юм. Өөрт байхгүй юм уу алдсан зүйлдээ анхаарлаа бүү төвлөрүүл. Их Эзэн дуулгавартай нэгэнтэй Өөрт байгаа бүхнээ хуваалцана хэмээн амласан. Та энэ амьдралд хэсэгхэн зуур зарим зүйлээр дутаж болох ч зоригтой амьдарч, зохистой гэдгээ харуулж чадах л юм бол дараагийн амьдралдаа юугаар ч дутахгүй адислагдана.

Их Эзэний мэргэн ухаанд та ихэд хүссэн зүйлээ авахгүй байгаа бол тухайн зүйлийг тань орлуулан өгсөн адислалуудыг амьдралаасаа ол. Хараа эсвэл сонсгол тань муудахад бусад мэдрэхүй тань сайжирдаг. Тэрээр өвчтэй хүнд тэвчээр, ойлголт, бусдын эелдэг сайхан сэтгэлд талархах талархлыг өгдөг. Хайртай хүнээ алдахад Тэрээр хайрын холбоог гүнзгийрүүлж, дурсамжийг баяжуулж, ирээдүйд дахин уулзах найдварын очийг бадраадаг. Та өөрийн биеэр Их Эзэний хүслийг хүлээн зөвшөөрч, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлснээр орлуулан өгсөн адислалуудыг олж хардаг.6

Их Эзэн Алмагийн зовж зүдэрсэн хүмүүст хандан:

“Та нарын … ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол … хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно.

Тиймээ … ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой”7 хэмээн хэлжээ.

Бүтээлч байх нь амьдралаас баяр баясгаланг олоход тусална

Авчирдаг баяр баясгалангийнх нь төлөө үр бүтээлтэй байхыг хичээ. Журамт сайхан нөхрүүд нь Бурханы оронд дуудагдахад Камилла Кимбалл, Амэлиа Макконкий, Хэлэн Ричардс эгч нар зураг зурж сурчээ. Тэд уран зургийн өвийг үлдээхийн зэрэгцээ нар жаргахыг болон хүний нүүр царайг мөн модыг өөрөөр харах болсон юм. Тэд өнгө, дүрсний нарийн ялгааг олж хардаг болж, хүрээлэн буй үзэсгэлэн гоод баярлах болсон.

Дуу хөгжим, бүжиг, урам баримал, яруу найраг гэх мэт зүйлсийн аль нэгийг сонгож болно. Бүтээлч байх нь амьдралаас баяр баясгаланг олоход тань тусална. Энэ нь талархлын сүнсийг өгдөг. Энэ нь мөн нуугдмал авьяасыг хөгжүүлэхийн зэрэгцээ сэтгэх, үйлдэх, амьдралын зорилгоо олох чадавхыг тань хурцалдаг. Энэ нь бас ганцаардлыг хөөн зайлуулж, сэтгэлийн шархыг эдгээдэг. Энэ нь шинэ боломж, урам зоригийг өдөөж, амьдралын төлөөх тэмүүллийг өгдөг.

Үйлчлэл: Аз жаргалд хүрэх түлхүүр

Өөрийн хүслээр үйлчлэх нь үүрдийн аз жаргалын түлхүүр юм. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл: “Бурхан биднийг анзаарч, харж хандаж байдаг. Гэвч ингэхдээ бидний хэрэгцээг ихэвчлэн өөр мөнх бус хүнээр дамжуулан хангадаг. Тиймээс бид хаант улсад бие биедээ үйлчлэх нь нэн чухал юм”8 хэмээн хэлсэн.

Би баяр хөөр, аз жаргалаар дүүрэн нэгэн эмэгтэйг мэднэ. Өдөр болгон тэр тусалж болох хүн рүү өөрийг нь хөтлөхийг Тэнгэр дэх Эцэгээсээ гуйдаг байсан. Бурхан чин сэтгэлийн залбирлыг нь цаг үргэлж хариулдаг байлаа. Тэр олон хүний ачааг хөнгөлж, олон ч амьдралыг гэрэлтүүлсэн. Тэр Их Эзэнээр удирдуулсан зэмсэг байснаар байнга адислагддаг байв.

Хүнд хэцүү байдал тань өсөлт хөгжил болж болно

Их Эзэний ачаар бид амьдралд тулгарах, бүр өөрсдийн хайхрамжгүй байдал, гэм нүглээс болж гарч ирэх саад бэрхшээлийг өсөж хөгжих боломж бололцоо, дээш очих шат болгох боломжтой гэдгийг би мэднэ.9 Гэм нүглийг өсөж хөгжих арга зам болгох хэрэггүй гэж би зөвлөмөөр байна. Энэ нь зовлонтой, хүнд хэцүү бас ямар ч шаардлагагүй. Зөв шударгаар урагш явах нь хамаагүй ухаалаг, харьцуулахын аргагүй амархан. Гэхдээ зүй зохистой наманчилж, Их Эзэн Есүс Христэд итгэж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах юм бол гэм нүглээс болж амсдаг харамсал гашуудлыг хүртэл аз жаргал болгон хувиргах боломжтой.

Аз жаргалтай болохын тулд хийж болох зүйлсийн жагсаалт гарга. Үүнд:

  • Аз жаргалын төлөвлөгөөг ойлгохын тулд судруудыг тунгаан бодох

  • Есүс Христэд итгэх итгэлээр залбирах

  • Бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх

  • Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах Бусдыг эргүүлэн адислах

  • Бошиглогчийг сонсож, түүний зөвлөгөөг дагах

  • Байгаа зүйлдээ талархах

  • Илүү их инээмсэглэх

Таны гаргасан жагсаалт сэтгэл хангалуун, баяр баясгалантай байх түлхүүр болно.

Зовлон бэрхшээл зуурдынх ч, аз жаргал мөнхийн болой

Бразилын нэгэн алдартай дуунд “Уйтгар гунигт төгсгөл гэж үгүй, харин аз жаргалд төгсгөл гэж байдаг” хэмээн олон хүний итгэдэг худал ойлголт орсон байдаг. Аврагчид итгэж, Түүний сургаалыг дуулгавартай дагах юм бол аз жаргал төгсөлгүй үргэлжилж, харин уйтгар гуниг төгсөнө гэдгийг би гэрчилж байна.

Танд эсвэл таны хайртай хүмүүст тохиолдож буй зүйл хэдий хүнд хэцүү байсан ч хэзээ ч амьдралыг чинь эзэмдэж, бүх сонирхлын чинь төвд байх ёсгүй. Саад бэрхшээл бол өсөж хөгжихөд тусалдаг туршлага, сайн сайхан амьдралын тайзны ард өрнөдөг түр зуурын үйл явдал юм. Өөрт тохиолдсон ганцхан үйл явдалд өөр юуг ч бодох чадваргүй болтлоо эсвэл өөрийгөө болон танд найддаг бусад хүнийг харж халамжилж чадахгүй болтлоо хэт их уусан орж болохгүй. Зарим сүнслэг болон сэтгэлийн зовлон шаналлыг эдгээхэд бие махбодыг эдгээхэд шаардагддагийн адил цаг хугацаа хэрэгтэй.

Их Эзэн “Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд эдгээр нь олон байх болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, би чамтай, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байх болно”10 хэмээн хэлсэн. Тэвчээртэй байж чадах юм бол танд “Би чамтай байх болно” гэсэн үг яг ямар утгатай болохыг ойлгох цаг ирнэ. Бурханы хайр амар амгалан, баяр баясгаланг авчирдаг.

Есүс Христэд итгэх таны итгэл амьдралд мөнхийн утга агуулга өгдөг. Та өргөмжлөлд хүргэх зам дээр явж байгаагаа санаарай. Заримдаа бусдынхаас илүү аз жаргалтай үйл явдлууд танд тохиолдох ч Бурханы хувьд бүх зүйл Өөрийн гэсэн зорилготой.11

Аврагчийн гэрчийн хувьд би та нарыг өөрийг тань гомдоосон байж болох ямар ч хүнийг уучлахыг уриалж байна. Гэм нүгэл хийсэн бол наманчилж, Эзэнд өөрийг тань эдгээх боломж олго.

Аз жаргалын төлөвлөгөө болон уг төлөвлөгөөн дээр суурилсан сайн мэдээний зарчмуудыг өгсөн Тэнгэр дэх Эцэг, Түүний Хайрт Хүүд баярла. Тэдний өгсөн ёслол, гэрээнүүдэд таларх. Таны амьдралыг амар амгалан, баяр баясгалангийн титмээр чимж, утга учир, зорилготой болгох хүч Тэдэнд бий гэдгийг би албан ёсоор гэрчилж байна. Уй гашуу, урам зоригийг мохоох зүйлс зуурдынх бөгөөд аз жаргал нь Есүс Христийн ачаар үүрд мөнхөд үргэлжилнэ гэдгийг та мэдэж авах болно. Тэр амьд бөгөөд таныг хайрладаг, танд тусална гэдгийг би гэрчилж байна.