Гэр бүлд зориулсан эх сурвалж
16-р хичээл: Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах ба гэр бүлийн үдэш хийх


“16-р хичээл: Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах ба гэр бүлийн үдэш хийх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 68–72

“16-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 68–72

16-р хичээл

Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах ба гэр бүлийн үдэш хийх

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Гэр бүлээрээ тогтмол залбирч, судраас суралцаж, гэр бүлийн үдэш хийдэг бол эдгээр үйл ажиллагааныхаа аль нэгийг сайжруулах арга замыг залбиран бодож үз. Танай гэр бүл эдгээр үйл ажиллагааг хийдэггүй бол гэртээ хийдэг болж сурахын тулд юу хийхээ бодож үз.

  • Гэр бүлээрээ хамтдаа хийх үйл ажиллагааг төлөвлө. Family Home Evening Resource Book (31106) гарын авлагын 265–340-р хуудаснаас санаа авч болно.

  • Teaching, No Greater Call (36123) номын 137–139-р хуудсыг уншина уу.

Унших даалгавар

Дараах өгүүллүүдийг судал. Хэрвээ та гэрлэсэн бол эдгээр өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Гэр бүлийн залбирлын адислал

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Төлөөлөгч Паул Тимотод ийн тунхагласан.

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.

Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус,

үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,

тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно” (2 Тимот 3:1–4).

Өнөө үед үнэнч байдал, ёс зүй, шударга байдал дээр ахин шинээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид жинхэнэ соёл иргэншлийн мөн чанар болох ёс суртахууны шинж чанарыг өөрсдийн амьдралын эд эсэд оруулж өгсөн тохиолдолд л бидний цаг үеийн хэв маяг өөрчлөгдөнө. Тийм бол “Бид хаанаас эхлэх вэ?” гэсэн асуулт бидэнд гарч ирдэг.

Бид Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдгийг мөн Түүний хүүхдүүдийнх нь хувьд өөрсдийн эзэлдэг байр суурийг ухамсарлан ойлгож, Түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч харилцах, өдөр бүр Түүний удирдамжийг өөрсдийн амьдралд хүсэхээс эхлэхэд л хангалттай гэж би бодож байна.

Гэр орондоо гэр бүлээрээ залбирах гэсэн залбирах хуучин хэв маягтаа хүмүүс эргэж орох нь манай нийгмийн шинж төрхийг ялзруулж буй аймшигт өвчнийг эдгээх наад захын эм тангуудын нэг юм. Ганцхан өдрийн дотор гайхамшиг тохиохгүй ч хэдэн арван жилийн дотор гайхамшгийг бүтээж болно.

50-60 жилийн өмнө дэлхий даяар Христэд итгэдэг хүмүүс гэр орондоо гэр бүлээрээ залбирах нь хоол идэхтэй адил хэвийн үзэгдэл байлаа. Энэ хэвшил үгүй болсноор төлөөлөгч Паулын хэлсэн тэрхүү ёс суртахууны ялзралд орох болсон.

Өглөө, оройд аав, ээж нь хүүхдүүдтэйгээ хамт өвдөг сөгдөн залбирах зан үйлийг бүрэн орлох зүйл үгүй гэдэгт би сэтгэл хангалуун байдаг. Энэ нь гэр орны өнгө төрхийг зөөлөн хивс, сайхан хөшиг, өнгөний ухаалаг зохицлоос илүү сайн сайхан, үзэсгэлэнтэй болгодог.

Биеийн өвдөг сөгдсөн байрлал нь Паулын “их зантай … бодлогогүй, биеэ тоодог” хэмээн дүрсэлсэн зан чанартай яагаад ч юм зохицдоггүй.

Эцэг эх нь хүүхдүүдтэйгээ хамт өвдөг сөгдөн суух гэсэн энэ зан үйл “эцэг эхдээ дуулгаваргүй, … үл хайрлагч” хэмээн дүрсэлсэн хүмүүсийн зан чанартай ямар нэгэн байдлаар нийцдэггүй.

Бурханд хандан залбирах зан үйл нь Бурханы нэрийг доромжлох, зугаа цэнгэлийг Түүнээс илүү хайрлахтай ямар нэгэн байдлаар таардаггүй.

Паулын дүрсэлснээр гэр бүлийн гишүүд өөрсдийн амьдрал, амар амгалан, байгаа бүхэндээ Их Эзэнд хамтдаа талархахад ариун бус, талархалгүй байдал арилан үгүй болдог. Харин нэг нэгнийхээ байгаад Их Эзэнд талархахад гэр бүлийнхэн дунд нэг нэгнийгээ ахин цоо шинээр үнэлж, хүндэлж, хайрлах сэтгэл төрдөг.

Сударт “Чи Их Эзэн Бурхандаа бүх зүйлд талархах ёстой” (С ба Г 59:7) хэмээн тунхагласан. “Мөн бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартайгаар үл дагадаг тэднээс бусад хүмүүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй, эсвээс хэний ч эсрэг түүний уур хилэн дүрэлздэггүй” (С ба Г 59:21).

Их Эзэний өмнө ядуу, тусламж хэрэгтэй, хавчигдсан хүмүүсийг хамтдаа санахад бусдыг өөрөөсөө илүү хайрлах, хүндлэх, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх хүсэл цаанаасаа л ундран гарч ирдэг. Та хөршдөө туслахын тулд ямар нэгэн зүйл хийх хүсэлгүй атлаа хөршид тань туслахыг Бурханаас хүсэж болохгүй. Амин хувиа хичээхээ больж, өөрсдийгөө умартан, бусдад үйлчлэх юм бол дэлхий даяарх хүүхдүүдийн амьдралд ямар гайхамшгууд тохиох бол. Энэхүү хоргодох газар болдог, үр өгөөжтэй модны үрийг өдөр бүр гэр бүлийн залбирлаараа суулган, арчилж ургуулах нь хамгийн тохиромжтой.

Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ өмнө, амьдарч буй газар нутгийнхаа төлөө мөн уг газар нутагтаа эрх чөлөө, энх тайван байлгахын төлөө Төгс Хүчит Нэгэний адислалыг хүсэн залбирахаас илүү эх орноо хайрлах хайрыг тэдэнд зааж сургах илүү сайн арга зам үгүй гэдгийг би мэднэ. Өдөр бүр төр улсыг удирдах хүнд ачааг үүрч буй улс орны удирдагчдынхаа төлөө гэр бүлээрээ марталгүй залбирахаас илүү засаг захиргаагаа хүндлэх ойлголтыг үр хүүхдийнхээ зүрх сэтгэлд суулгах хамгийн сайн арга зам байдгийг би мэдэхгүй.

Би нэг удаа “Залбирдаг ард түмэн амар амгалан байдаг” гэж самбарт бичсэн байсныг санаж байна. Би үүнд итгэдэг.

Хамтдаа залбирах, Их Эзэний өмнө сул дорой байдлаа хүлээн зөвшөөрч, гэр орондоо болон тэнд амьдарч буй хүмүүсийнхээ дээр Их Эзэний адислалуудыг дуудан авчрахаас илүү гэр бүлийн хэрүүл маргааныг намжааж, дуулгавартай байдал руу хөтөлдөг; эцэг эхээ хүндлэх занг төлөвшүүлж, гэр бүлийг уналтад хүргэдэг салж сарних гэсэн ойлголтыг үгүй хийдэг; наманчлалын сүнсэнд нөлөөлөн тусалдаг өөр ямар ч зүйлийг би мэдэхгүй.

Олон жилийн өмнө нас барсан нэг хүний хэлсэн үг надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Жэймс Х.Мойл гэртээ гэр бүлээрээ залбирдаг байсан талаараа ач зээ нартаа ийн бичжээ. “Бид бурханлаг удирдамж заавар, зөвшөөрлийг хүссэн залбиралгүйгээр орондоо орж байгаагүй. Хамгийн хүмүүжилтэй сайн гэр бүлд ч санал зөрөлдөх үе гарах ч … залбирлын сүнс … үүнийг хөөн зайлуулдаг. Сэтгэлзүйн хувьд энэ нь хүмүүний дунд илүү зөв шударга амьдрахыг хөхиүлэн дэмждэг. Мөн энэ нь нэгдмэл байдал, хайр, өршөөл, үйлчлэлийг мөн хөхиүлэн дэмждэг.”

1872 онд Айовад манай хүмүүсийг зовж зүдэрч байхад тэдний сайн анд байсан хурандаа Томас Л.Кэйн Солт Лэйк Валлид цэргүүд ирэх үеэр эхнэр, хоёр хүүгийнхээ хамт умард руу иржээ. Тэрээр Бригам Янгтай хамт Сэйнт Жорж руу аялж, орой болгон замд таарсан Сүмийн гишүүдийн гэрт хоноглодог байв. Хатагтай Кэйн Филадельфид байх аавдаа хэдэн захидал бичсэн байна. Нэг захиандаа тэр:

“Аян замд хоноглосон газар бүрдээ бид шууд оройн хоолныхоо дараа залбирч, өглөөний ундныхаа дараа бас дахин залбирч байв. Ганц ч хүн үлдэлгүй бүгд залбирч байлаа. … Мормончууд … хамтдаа өвдөг сөгдөх үед гэрийн тэргүүн эсвэл хүндтэй зочин чанга дуугаар залбирна. … Тэд оршилд их цаг зарцуулалгүй хэрэгтэй зүйлээ гуйж, Түүний өгсөн бүхэнд талархдаг. Бурхан бидний нэр, цол хэргэмийг мэддэг гэдгийг [тэд] ойлгодог бөгөөд [тодорхой хүний нэрийг дурдан] адислахыг хүсдэг. … Ийн залбирч дадсаны дараа энэ нь надад таалагдах болсон” хэмээн бичжээ.

Харин бидний өмнө явсан анхдагчдын хувьд чухал байсан энэ зан үйлийг манай хүмүүс бүрэн хөгжүүлэх ёстой. Гэр бүлийн залбирал нь табернеклд болдог цуглаантай адил шүтлэг бишрэлийнх нь салшгүй хэсэг байв. Өдөр бүрийн залбирлаас ирэх итгэлээрээ тэд шарилж зулгаан, газар хагалан, хатсан газарт ус авчирч, цөлийг цэцэглүүлж, гэр бүлээ хайраар засаглаж, нэг нэгэнтэйгээ амар тайван оршин амьдарч, өөрсдийгөө Бурханы үйлчлэлд бүрэн зориулснаар нэрээ мөнхжүүлсэн билээ.

Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж юм. Залбирдаг гэр бүл бол илүү сайн нийгэмтэй болох найдвар мөн. “Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун” (Исаиа 55:6).

Бид гэр орноо илүү сайхан болгож чадах уу? Чадна. Өөрийгөө бүх жинхэнэ гоо үзэсгэлэнгийн эх булаг хэмээн үзэх юм бол чадна. Бид нийгмийг хүчирхэгжүүлж, амьдрахад илүү тохиромжтой сайн сайхан газар болгож чадах уу? Чадна. Бид хамтдаа өвдөг сөгдөн, Хайрт Хүүгийнх нь нэрээр Төгс Хүчит Нэгэнд хандан залбирснаар гэр бүлийн амьдралдаа ариун журмыг хүчирхэгжүүлж чадна.

Гэр бүлээрээ шүтэн бишрэх энэ зан үйлийг сэргээн, газар дэлхийгээр тараах юм бол биднийг сүйрүүлж байгаа ихэнх гамшиг арилах болно. Энэ нь хүмүүсийн сэтгэл зүрхэн дэх үнэнч байдал, харилцан хүндлэл, талархлын сүнсийг сэргээнэ.

Эзэн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн тунхагласан.

Хэрэв та гэр бүлийн залбирлыг хэрэгжүүлэх юм бол шагналгүй үлдэхгүй гэдгийг би гэрчилж байна. Өөрчлөлт нүдэнд шууд өртөхгүй, маш далд байж болно. Гэхдээ тэдгээр нь бодит байх болно. Учир нь Бурхан “Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог” (Еврей 11:6).

Дэлхийнхний өмнө бид энэ зан үйлийн үлгэр жишээг итгэлтэй үзүүлж, бусдыг мөн адил үйлдэхэд урамшуулан дэмжих болтугай.

“Тиймийн тул миний бие сургагдсан байв”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
ахлагч Л.Том Пэрри

Сайн эцэг эх

Мормоны Ном “Би, Нифай, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир, тиймийн тул миний бие эцгийнхээ бүхий л эрдэм мэдлэгт зарим талаар сургагдсан байв” (1 Нифай 1:1) гэсэн үгээр эхэлдэг. Тэнгэр дэх Эцэгийн маань хүүхэд бүрийн хувийн тэмдэглэл сайн эцэг эхтэй, тэднээр сургагдсан гэж эхэлдэг байсан бол энэ дэлхий ямар өөр байхсан бол?

Бид дэлхий дээрх онцгой, Их Эзэний сайн мэдээ бүрэн сэргээгдсэн цаг үед амьдарч байна. Манай номлогчид хүч чадал, тоо хэмжээний хувьд өсөн нэмэгдэж байна. Тиймээс сайн мэдээ урьд өмнө зааж байгаагүй олон хэлээр, илүү олон улс оронд заагдаж, хүмүүсийн чихэнд хүрч байна. Тойрог, гадаснууд дэлхийн ихэнх өнцөг буланд байгуулагдаж буй энэ цаг үед бошиглогчийн удирдамж зааврыг улам олон хүний чихэнд хүргэх чадалтай харилцааны хэрэгслийг бүтээлгэхээр бүтээлч хүмүүсийг сүнслэгээр өдөөсөн. Өнөө үед хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн амар амгаланг авчрах сайн мэдээг асар их хурдацтай тараах боломжтой болсон нь сайхан юм.

Гэр бүлийн амьдрал хямралд ороход

Сайн мэдээний агуу захиасуудын нэг бол гэр бүлийн нэгжийн мөнхийн мөн чанарын тухай сургаал юм. Бид дэлхийнхэнд гэр бүлийн амьдралын үнэ цэн, ач холбогдлыг тунхагладаг ч өнөөгийн дэлхий дээрх ихэнх төөрөгдөл, саад бэрхшээл гэр бүлийн доройтлоос үүдэлтэй. Үр хүүхдэдээ гэр орондоо хайраар зааж, сургадаг эцэг эхтэй гэр бүлүүд алга болж байна.

Хүүхдүүд эх эцэгтэйгээ хамт суралцаж, тоглож, ажилладаг байсан гэр бүлийн амьдрал хоолоо бичил долгионоор тус тусдаа хурдан халааж иддэг хоол, зурагтын өмнө өнгөрүүлдэг үдшээр солигджээ. 1991 онд Солт Лэйк Ситид болсон Гүнлэгүүдийн Үндэсний Холбооны цуглаанаар гэр орны үзүүлэх нөлөө үгүйлэгдэх болсон нь үндэсний хэмжээний уналтад хүргэх болсонтой холбоотой өөрийн асуудлыг цуглаанаараа ярилцсан байна. Тэд гэр бүл бүрийн амжилтад хүргэх боломжийг өсгөн нэмэгдүүлэх таван үндсэн ойлголтыг тодорхойлжээ.

Нэгд, гэр бүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хоорондын харилцааг бэхжүүлэх. Хоёрт, үндэслэлтэй дүрэм журам, хүлээлтийг тогтоох. Гуравт, өөрийгөө хүндэлж сургах. Дөрөвт, хүрч чадах зорилго тавих. Тавд, гэр бүлийнхээ хүчтэй тал, хэрэгцээнд байнга дүгнэлт хийх.

Гэнэт цаг үеийн эхнээс дуулдах болсон бошиглогчдын маань яаравчлуулсан, сэрэмжлүүлгийн дуу хоолой онцгой ач холбогдолтой болж байна. Бидний зөвлөлдөж, урамшуулан зоригжуулснаар гэр бүлдээ анхаарал халамж тавьж, бусдыг үнэний болон гэр бүлийн нэгжийн ач холбогдлын талаарх мэдлэгт авчрах номлолын ажлаа бид яаравчлуулах хэрэгтэй.

Адам, Ева хоёр эцэг эхийн үүргийн талаар сурсан нь

Их Эзэний Адам, Ева хоёрт хамгийн түрүүнд өгсөн заавар нь эцэг эхийн хувьд үүрэх үүргийг нь тодорхойлсон явдал юм. Тэдний үүрэг хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн байв. Их Эзэнээс заавар хүлээн авсныхаа дараа тэр хоёрын хэлсэн үгээс зааврыг нь дагаж байсан тухай мэдэж болно. Тэд:

“Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн хэлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно.

Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан.

Мөн Адам, Ева хоёр Бурханы нэрийг магтан дуулав, мөн тэд бүх зүйлийг хөвгүүд болоод охиддоо мэдүүлэв” (Мосе 5:10–12).

Хүүхдүүдэд зааж, сурга

Тийм ээ, эхнээсээ л эцэг эхийн үр хүүхдүүддээ заах үүрэг дэлхий дээрх анхны эцэг эхэд өгсөн Их Эзэний зааварт орсон байсан.

Өнөө үед Сүм сэргээгдсэнээр хүлээн авсан илчлэлтүүд мөн л эцэг эхчүүдийн хүүхдүүддээ зааж, сургах үүрэг хариуцлагыг сануулсан. Сургаал ба Гэрээний 93-р хэсгээс гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагадаа анхаарал тавихгүй байгаад Их Эзэн зарим ахыг зэмлэснийг уншиж болно. Уг сударт бичсэнээр:

“Харин хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ.

Чи зарлигуудын дагуу гэрэл ба үнэнийг хүүхдүүддээ заасангүй; мөн нөгөөх ёс бус нэгэн, чиний дээр хүчтэй хэвээр байна, мөн энэ нь чиний зовлон зүдгүүрийн шалтгаан болой.

Мөн эдүгээ би чамд зарлиг өгч байна—хэрэв чи чөлөөлөгдөхийг хүсэх аваас, чи гэр орноо цэгцлэх ёстой, учир нь зөв бус олон зүйл гэр оронд чинь байна” (С ба Г 93:40, 42–43).

Гэр бүлийн үдшийн ач холбогдол

Олон жилийн өмнө Сүмийн зүгээс бүх эцэг эхийг долоо хоног болгон гэр бүлийн үдэш хийж байхыг уриалсан. Өнөөдөр тэр урилга Сүмийн гишүүдийн гэр оронд өөрийн гэсэн бат бөх байр суурьтай болжээ. Даваа гаргийн оройг гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх үдэш болгосон. Энэ үдэш Сүмийн ямар ч үйл ажиллагаа, нийтийн уулзалт болдоггүй. Хэрэв бид гэр бүлээрээ үүнийг итгэлтэй дагах юм бол агуу их адислалыг хүлээн авна хэмээн амласан.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий нэгэн удаа бидэнд:

“Одоо үүнийг ой санаандаа буулга. Елиагийн үүргийг бүрэн дүүрэн ойлгох тэр үед эцгүүдийн зүрх хүүхдүүд рүү, хүүхдүүдийн зүрх эцгүүд рүү эргэх болно. Энэ нь зөвхөн хөшигний наад талд төдийгүй, цаад талд ч хамаатай юм. Хэрэв бид дэлхий дэх гэр бүлээрээ гэр бүлийн үдшээ хийхэд мөн хүлээсэн үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандаж, хайхрамжгүй байдлаасаа болж хэн нэгнийг алдах юм бол тэнгэрт бид ямар нүүрээрээ очих вэ? Бидний ураг төрлөөр дамжуулан Их Эзэний илгээсэн хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийхгүй юм бол тэнгэр тэнгэр биш байх болно” гэж зөвлөөд,

цааш нь:

“Тиймээс эцэг, эх та бүхэнд Елиагийн жинхэнэ сүнс байгаа л юм бол зүрх сэтгэлээ яг одоо үр хүүхдүүддээ хандуулан, энэ нь хөшигний цаад талд байгаа хүмүүст л хамаатай гэсэн бодлоо хаях хэрэгтэй. Өөрсдийн зүрх сэтгэлийг үр хүүхдүүддээ хандуулж мөн тэдэндээ заацгаая. Гэвч та нар зохих ёсоор заахын тулд бага наснаас нь эхлэн заах хэрэгтэй. Харин та нар гэр бүлийн үдшээ хийлгүй үл тоомсорлох юм бол Елиагийн үйл хэргийн эхлэл болох удам судраа судлах ажилд хайхрамжгүй хандаж байгаа хэрэг” (Relief Society Courses of Study, 1977–78 [1977], 2; налуу бичилт нэмэгдсэн).

Гэр бүлтэй болоод удаагүй, хүүхдүүд маань гэртээ байсан аз жаргалтай цаг мөчийг би үргэлж дурсан санадаг. Би тэр өдрүүдийн талаар дурсан санахдаа, дахин тэр үедээ эргээд очих боломж байсансан бол гэр бүлийн зохион байгуулалт, удирдан чиглүүлэх арга барилд зарим өөрчлөлтийг хийх байсан. Хэрэв надад бага насны хүүхэдтэй гэр бүлтэй байх боломж дахин олдвол би хоёр зүйл дээрээ ажиллан сайжруулах байсан.

Нэгдүгээрт, гэр бүлийн зөвлөлийн хурлынхаа цагийг эхнэр, нөхрийн хувьд үүргээ хэрхэн илүү сайн биелүүлэх талаар суралцан, харилцан ярилцаж, төлөвлөж, зохион байгуулахад зарцуулах байсан.

Хоёр дахь хүсэл бол хэрэв тэр цаг үе надад дахин олддог л юм бол би гэр бүлтэйгээ хамт илүү их цагийг өнгөрүүлэх байсан. Үүний тулд утга учир бүхий гэр бүлийн үдэш хийх байсан.

Амжилтад хүргэх өсвөр үеийнхний хувь нэмэр

Гэр бүлийн үдшийг төлөвлөж, бэлдэх ажлын ачааг бүхэлдээ эцэг эхчүүд үүрэх ёсгүй. Миний харж байснаар, өсвөр насны хүүхдүүдээ идэвхтэй оролцуулсан гэр бүлийн үдэш хамгийн амжилттай болж байсан.

Агуу дикон, багш, прист, залуу эмэгтэйчүүд ээ, би та нарыг гэр бүлийн үдшээ амжилттай хийхэд хувь нэмрээ оруулна уу хэмээн уриалж байна. Олон гэр оронд та нарын ухамсрын дуу хоолой хэрэгтэй болоод байна. Эцсийн эцэст, та нар л энэ туршлагаас хамгийн их ашиг тусыг олж авч чадна. Хэрэв та нар амар тайван, аюулгүй мөн боломж бололцоо нь бүрдсэн дэлхий ертөнцөд амьдрахыг хүсэж байвал гэр бүлдээ хувь нэмэр оруулна, тийм ээ, бүр энэ дэлхийн сайн сайханд нэмэр болно.

Христийн мэндэлсний баярын үеэр ач нартайгаа хамт салхинд гарахад бидэнд тохиолдсон нэгэн жишээ болох үйл явдлыг санаж байна. Үнэхээр нэг гэр бүл шиг нэгдэж нийлэхийн тулд бид фургоноор аялахаар болов. Фургонд эмээ, өвөө, миний хүү, түүний гурван том хүүхэд сууж явлаа. Хүүгийн маань эхнэр бага насны хүүхдүүдтэйгээ хамт гэрт үлдэв. Миний жолоо барих ээлж болоход эхнэр маань хажууд сууж, зам заав. Фургоны арын суудалд хүүгийн маань том охин Оодрий аавтайгаа зөвлөлдөж байгааг би сонслоо. Тэрээр “Аав аа, энэ жил тавьсан зорилгуудын маань нэг нь гэр бүлийн сургалтын цагаараа Мормоны Номыг уншиж дуусгах явдал байсан шүү дээ. Өнөөдөр энэ жилийн хамгийн сүүлчийн өдөр. Бид яагаад одоо дуусгаж болохгүй гэж? Тэгвэл бид цагтаа уншиж дуусна шүү дээ” гэж хэлэв.

Хүүгээ гурван хүүхдийнхээ хамт Моронайн төгсгөлийн бүлгийг ээлжлэн уншиж, Мормоны Номыг бүхэлд нь уншиж дуусгах зорилгоо биелүүлж байгааг харах ямар гайхалтай сайхан байсан гээч! Эцэг эхийн аль нэг нь биш, харин залуу эмэгтэй энэ саналыг гаргасан гэдгийг санаарай.

Өсвөр үеийнхэнд хүргэх уриалга

Та нар бол хүн төрөлхтний түүхэн дэх онцгой цаг үед ирэхээр хадгалагдаж үлдсэн сонгогдсон үеийнхэн юм. Та нар өөрсдийн гэр бүлийн өсөлт, хөгжилтөд олон талаар хувь нэмэр оруулж чадна. Би та бүхнийг залуу хүний онцгой, дундаршгүй хүсэл тэмүүллээр урагш алхан, гэр бүлийнхнийгээ сайн мэдээний дагуу амьдруулах дуу хоолой нь байгаасай хэмээн уриалж байна. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн зөвлөгөөг санацгаа. Тэрээр:

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан энэхүү хожмын өдрүүдэд сэргээгдсэн сайн мэдээний мэдлэгээс илүү үнэтэй зүйл энэ дэлхий дээр үгүй гэдгийг би өөрийн болон Сионы бүх хүүхдийг мэдээсэй гэж хүсэж байна. Алдах юм бол өөр юу ч үүнийг орлож чадахгүй. Есүс Христийн мэдлэгийн үнэ цэнтэй энэ тэнцэх зүйл энэ дэлхийд байхгүй билээ. Тиймээс Сионы бүх эцэг эх хүүхдүүддээ анхаарал тавьж, тэдэнд Сайн мэдээний зарчмуудыг заан, үүрэг хариуцлагыг биелүүлэхийн тулд чадах чинээгээрээ хичээх болтугай. Гэхдээ үүнийг хүчээр тулгаж, албадан шаардлагаар дуртай дургүй хийлгэхийн оронд хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд үнэний сүнсийг, сайн мэдээг хайрлах хайрыг суулгах замаар хийвэл тэд эцэг эхээ баярлуулахын зэрэгцээ өөрсдийн хүслээр хийх болно” (Brian H. Stuy, comp., Collected Discourses Delivered by President Wilford Woodruff, His Two Counselors, the Twelve Apostles, and Others, 5 vols. [1987–92], 5:436).

Гэр бүлийн үдшийг шинэчлэн сэргээж бай

Гэр бүлийн үдэш нь ганц бие эцэг, эхтэй эсвэл элэг бүтэн гэр бүл, гэрийнхээ цорын ганц гишүүн гээд бүх хүнд зориулагдсан. Гэрийн багш нар аа, би та нарыг сар тутмын айлчлалаараа гэр бүлийн үдшээ хийхийг урамшуулан, зоригжуулаарай хэмээн уриалж байна.

Бидний өнөөгийн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон амжилттай сайхан гэр бүлийг бүрдүүлдэг хүчин зүйлсийг сэргээж, гэр бүлийн үдэш хийх шаардлагыг дахин бидэнд сануулсан. Тэр хэлэхдээ:

“Гэр бүлийг бэхжүүлж, хамгаалах зорилгоор боловсруулан гаргасан Сүмийн [гэр бүлийн] үдшийн хөтөлбөр нь долоо хоног бүр нэг үдшийг охид, хөвгүүдээ гэр орондоо цуглуулах боломжийг эцэг эхэд гаргаж өгч байгаа юм. Залбирал хэлж, дуулал, бусад дууг дуулан, судруудаас уншиж, гэр бүлийн сэдвээр ярилцаж, авьяасаа харуулж, сайн мэдээний зарчмуудыг зааж, заримдаа тоглоом тоглож, гэрт хийсэн идээ ундаагаар дайлж болно” (Conference Report, Philippine Islands Area Conference 1975, 10).

Та бүхэн гэр бүлийн үдэш ямар байх талаар бошиглогчийн өгсөн дээрх бүх санааг бичиж тэмдэглэнэ байх гэж бид найдаж байна.

Тэрээр цааш нь: “Эдүгээ долоо хоног бүр [гэр бүлийн] үдшийг хийдэг хүмүүст өгөхөөр амласан адислалыг сонордуулъя. ‘Хэрэв гэгээнтнүүд энэ зөвлөгөөг дагавал үр дүн нь агуу их адислал байх болно гэж амлаж байна. Гэр доторх хайр, эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэнэ. Израилын өсвөр үеийнхний зүрх сэтгэлд итгэх итгэл өсөн нэмэгдэж, хөгжих бөгөөд тойрон хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталттай тэмцэх хүч чадлыг тэд олж авах болно’” хэмээжээ (Conference Report, Philippine Islands Area Conference 1975, 10; мөн Improvement Era, June 1915, 734-ийг үзнэ үү).

Бид хүн нэг бүрийг бошиглогчийн зөвлөгөөг дагахад урамшуулж байна. Сүм даяарх бүх гэр бүл гэр бүлийн үдшийг тогтмол хийхийн тулд гаргаж буй хүчин чармайлтаа дахин нэг удаа дүгнэж үзээрэй. Энэхүү хөтөлбөр нь энэ цаг үед биднийг хилэнцээс хамгаалах бамбай, хамгаалалт болох бөгөөд энэ хийгээд ирэх амьдралд хувь хүнд болон бүгдэд илүү их баяр баясгалан авчрах болно.

Биднийг гэр бүлээрээ зөвшилцөн, энэхүү нэн чухал хөтөлбөрийг шинэчлэн, хүчирхэгжүүлэхэд Бурхан адислах болтугай.

Хэвлэх