Гэр бүлд зориулсан эх сурвалж
9-р хичээл: ‘Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв’


“9-р хичээл: ‘Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв’” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 35–38

“9-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 35–38

9-р хичээл

“Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв”

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Өөрийн эсвэл хамаатан садныхаа хүүхэд бүртэй ганцаарчлан уулзах амлалт өг. Хүүхэд тус бүртэй ярихдаа сонирхол, хэрэгцээ, бэрхшээлийнх нь талаар ямар нэгэн шинэ зүйл олж мэдэхийг хичээ.

  • Ханьтайгаа хүүхдүүдийнхээ талаар цаг гарган ярилц. Хүүхэд тус бүрийн давуу тал, асуудлуудыг бодолц. Тэдний хэрэгцээнд нийцүүлэхийн тулд юу хийж чадахаа тодорхойл.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ нийтлэлийг ханьтайгаа хамт унш.

Эрхэм нандин хүүхдүүд бол Бурханы бэлэг.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх
ерөнхийлөгч Томас С.Монсон

Бид Матай номоос Есүс болон Түүний шавь нар Хувиралтын уулнаас буугаад Галилд саатаж, дараа нь Капернаумд ирснийг мэдэж авдаг. Шавь нар нь Есүсээс “Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ.

“Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь

-Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй.

Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.

Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авч байгаа юм.

Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр”1 хэмээн айлджээ.

Газар дэлхийд ирэхийн тулд мөнх бус оршихуйн өмнөх амьдралаас ирээд удаагүй бяцхан үрсийг Есүс хайрладаг байсан нь маш чухал зүйл гэж би боддог. Хүүхдүүд тэр үед ч мөн өнөө үед ч бидний амьдралыг адислан, хайрыг маань бадрааж, сайн үйлс хийхэд урамшуулдаг.

Яруу найрагч Вөрдсворт бидний хэрхэн төрсөн тухай “Алдар суугийн үүлэнд дайгдан орон гэр маань болох Бурханаас бид ирдэг”2 хэмээн хэлсэн.

Эдгээр бяцхан хүүхдийн ихэнх нь ирэхийг нь тэсэн ядан хүлээсэн эцэг эхэд, төрөлт хэмээн бидний нэрлэдэг гайхамшгийн нэгэн хэсэг байгаадаа баярладаг аав, ээжүүдэд ирдэг. Үүний төлөө ямар ч золиос хэт их, ямар ч өвдөлт хэт хүнд мөн ямар ч хүлээлт хэт удаан байх нь үгүй.

Америкийн нэгэн хотын мэдээллийн хэрэгслээр “цаасан уутанд хийж, хогийн саванд хаясан дөнгөж төрсөн нялх охин эмнэлгийн хараа хяналтад байна. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа. ‘Тэр үнэхээр хөөрхөн, эрүүл бяцхан охин’ хэмээн эмнэлгийн төлөөлөгч лхагва гарагт хэллээ. Хог ачигчид хогийн савыг машины арын тэвшинд сулласныхаа дараа хогон дунд ямар нэгэн зүйл хөдлөхийг хараад, охиныг олсныг цагдаагийн газраас мэдэгдэв. Хууль сахиулах байгууллагынхан эхийг нь хайж байна” хэмээх мэдээ биднийг ямар их цочроосонд гайхах хэрэггүй.

Амьдралыг маань ивээх хүүхдүүдийг өөрсдийн гэр орон, зүрх сэтгэлд хүлээн авах нь бидэнд өгөгдсөн онцгой эрхэм эрх, ариун нандин боломж юм.

Манай хүүхдүүд өөр хоорондоо огтхон ч адилгүй гурван өөр ангид суралцдаг. Бид сургууль, сүм, гэр орон хэмээх анги танхимуудын тухай ярьж байна.

Сургууль дахь анги танхим

Сүмийн зүгээс ерөнхий боловсролд үргэлж онцгой анхаарал хандуулсаар ирсэн бөгөөд гишүүдээ эцэг эх, багшийн үйл ажиллагаанд мөн өсвөр үеийнхний маань мэдлэг боловсролыг сайжруулах зорилготой бусад үйл ажиллагаанд оролцоход урамшуулдаг.

Ерөнхий боловсролын бодлогод хүсэл тэмүүллээр дүүрэн охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдийг хайрлан, зааж, сүнсээр өдөөх боломжтой багшаас өөр чухал зүйл гэж үгүй. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Багшлах гэдэг нь дэлхий дээрх хамгийн эрхэм хүндэт ажил юм. Өсвөр үеийнхэнд зөв боловсрол олгох дээр гэр бүлийн маань тогтвортой мөн цэвэр ариун байдал, улс орны маань аюулгүй, бат бөх байдал оршдог. Эцэг эхчүүд хүүхдэд амьдрах боломжийг өгдөг бол багш хүн хүүхдэд сайн сайхан амьдрах боломжийг өгдөг”3 хэмээн хэлсэн. Бид багш нарын ач холбогдол, амин чухал үүргийг ухааран ойлгож, сайн тоноглогдсон байшин барилга, хамгийн сайн ном зохиолоор хангаж, бидний талархал, итгэл найдварыг илэрхийлэх цалин пүнлүү өгнө гэж найдаж байна.

Бидний хүн нэг бүр багын багшаа дотноор дурсан санадаг. Бага сургуулийн хөгжмийн багш маань хатагтай Шарп байсан нь гайхалтай. Тэрээр сурагчдадаа хөгжмийг хайрлах хайрыг суулган өгөх чадвартай байсан ба хөгжмийн зэвсгийг мөн аялгууг хэрхэн тодорхойлохыг заасан. Эрүүл мэндийн сэдвээр заадаг байсан хатагтай Рут Крөүгийн үзүүлсэн нөлөөг би одоо ч мартдаггүй. Хэдийгээр тэр үед Их хямрал болж байсан ч тэр зургаадугаар ангийн сурагч бүрд шүдний хүснэгт хийж өгч байв. Тэр хувиараа сурагч бүрийн шүдэнд эрүүл мэндийн үзлэг хийж, улсын болон хувийн эх сурвалжаар дамжуулан хүүхэд бүрийг шүдний эмчилгээнд хамруулахад анхаарч ажилласан. Газарзүй заадаг байсан хатагтай Бөркхаус дэлхийн газрын зургийг гаргаж ирээд, заагчаараа улс орон бүрийн нийслэл хотыг заан, улс орон, хэл яриа, соёлын онцлог шинж чанарыг тэмдэглэхэд нь хэзээ нэгэн цагт тэр газруудаар явж, хүмүүстэй нь уулзана гэсэн бодол надад төрж, мөрөөдөж ч байсангүй.

Хүүхдүүдийн маань сэтгэлийг сэргээж, оюун ухааныг нь хурцалж, амьдралд нь урам зориг өгдөг багш нар ямар чухал вэ!

Сүм дэх анги танхим

Сүм дэх анги танхим нь бүх хүүхэд, өсвөр үеийнхний боловсролын цар хүрээг ихээхэн тэлж өгдөг. Энэ орчинд хичээлийг нь сонссон хүмүүсийн анхаарлыг тэнгэр өөд хандуулж, гэрчлэлийнх нь нөлөөг мэдрэх боломжийг багш бүрд олгодог. Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүд, Аароны санваарын ангиудад Их Эзэний сүнсний удирдамжаар дуудагдсан, сайтар бэлтгэгдсэн багш нар өсвөр үеийнхэн, хүүхэд нэг бүрд хүрч ажиллан, бүгдэд “мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэ[х]”4 хүслийг төрүүлдэг. Энд сонссон урмын үг болон сүнслэг бодол бяцхан хүүхдийн үнэт амьдралд нөлөөлж, мөнхийн бодгальд нь мартагдашгүй ул мөрийг үлдээж чадах юм.

Олон жилийн өмнө Сүмийн сэтгүүлийн шагнал гардуулах хүндэтгэлийн зоог дээр бид ерөнхийлөгч Харолд Б.Лийтэй болон түүний эхнэртэй хамт суусан юм. Ерөнхийлөгч Лий өсвөр насны охин Эннд маань “Их Эзэн чамайг үзэсгэлэнтэй сайхан царай, биеэр адисалсан байна. Доторх сэтгэлээ яг гаднах дүр төрх шигээ үзэсгэлэнтэй сайхан байлгавал чи жинхэнэ аз жаргалаар адислагдах болно” гэж хэлж билээ. Энэ ахмад багш Тэнгэрлэг Эцэгийн маань селестиел хаант улсад очих сүнсээр өдөөгдсөн удирдамжийг Эннд үлдээсэн юм.

Сүм дэх анги танхимын даруу бөгөөд сүнсээр өдөөгдсөн багш нар суралцагчдадаа судрыг хайрлах хайрыг суулгаж чадна. Яагаад гэвэл, багш л эртний төлөөлөгч, дэлхийн Аврагчийг анги танхимаас гадна хүүхдүүдийн зүрх сэтгэл, оюун ухаан, бодгальд авчирч чадна шүү дээ.

Гэр орон гэх анги танхим

Магадгүй энэ бүхний дотроос хамгийн чухал нь гэр орон дахь анги танхим байж болох юм. Гэрт л бидний харьцаа хандлага, хамгийн гүн гүнзгий итгэл төлөвшин тогтдог. Гэрт л найдварыг тэжээж тэтгэн мөн устган үгүй хийдэг. Бидний гэр орон бол амьдралын маань лаборатори юм. Тэнд хийгддэг бүхэн гэр орноо орхин явах үед амьдралын маань чиг хандлагыг тодорхойлдог. Доктор профессор Стюарт Э.Розэнбэрг өөрийн The Road to Confidence хэмээх номдоо “Орчин үед өчнөөн олон шинэ загвар, нээлт, хэв маяг, хандлага гарч байгаа ч аль нь ч гэр бүлийг нь орлох зүйлийг эдүгээ гаргаагүй байгаа, цаашид ч гаргаж чадахгүй”5 хэмээн бичжээ.

Аз жаргалтай гэр орон бол диваажинд түрүүлж орохтой адил. Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит “Бид өрх гэрээ аз жаргалтай байлгахыг хүсэж байна уу[?] Хэрэв тийм бол бид гэр орноо талархдаг, хүндэтгэл үзүүлдэг, залбирал оршдог газар болгоё”6 гэжээ.

Энэ мөнх бус амьдралд хүүхдүүд бие махбодын буюу оюун ухааны согогтой ирэх тохиолдол бий. Хэчнээн хичээсэн ч яагаад ийм зүйл тохиолддогийг мэдэх боломжгүй юм. Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийн нэг болох тэр хүүхдийг гомдол тээлгүйгээр гар дээрээ болон амьдралдаа тосон авч, илүү их золиос гаргаж, хайрладаг эцэг эхчүүдэд бид хүндэтгэл үзүүлэн ёсолж байна.

Нэгэн зун би Аспен Грөүвийн гэр бүлийн зусланд, төрөх үедээ авсан гэмтэлтэй, бүрэн хараа хяналтад байдаг өсвөр насны охиноо яаралгүй хооллож буй нэгэн эхийг харсан юм. Ээж нь халбага хоол, балга ус бүрийг өгөх зуураа охиныхоо толгой, хүзүүг түшиж байлаа. Энэ эх 17 жилийн турш өөрийн хоол хүнс, зугаа цэнгэл, ая тухыг огтхон ч бодолгүйгээр охиндоо ийнхүү үйлчилж, бусад бүх зүйлээр хангаж байсан талаар би бодож билээ. Бурхан эдгээр эх, эцэг, хүүхдийг адислах болтугай. Тэрээр адислах нь ч тодорхой.

Хүүхдүүдийн гэнэн цагаан байдал

Дэлхий дээрх хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ямар нэгэн агуу, асар том эсвэл түүхийн номд гардагтай адил үйл явдал төрүүлдэггүй, харин унтаж буй хүүхдээ харж суухад мэдэрдгийг дэлхий даяарх эцэг эхчүүд мэднэ.

Ийм мэдрэмж төрөхөд Чарльз М.Дикинсоны дараах үнэн үгс санаанд орж ирдэг.

Тэд бол өрх гэрийн мөн сэтгэл зүрхний шүтээн,

Тэд бол зүсээ хувиргасан Бурханы тэнгэрийн элчүүд;

Тэдний гэзгэн дээр нарны туяа нойрссоор,

Тэдний нүдэнд Түүний алдар суу гялалзсан хэвээр;

Тэд Тэнгэрээс мөн гэрээс ирсэн бадарчин ч

Тэд намайг улам зөөллөж бас даруусгасан болой;

Тиймээс хэрхэн хүүхдийг Есүс

Бурханы хаант улстай зүйрлэснийг би мэднэ.7

Хүүхдүүдтэй өнгөрүүлсэн өдөр бүр бид тэднийг маш их ажигч гярхай бөгөөд голыг нь олсон үнэн үг хэлдэг болохыг олж мэддэг. Сонгодог уран зохиолч, A Christmas Carol-ыг бичсэн Чарльз Дикэнс нь Боб Крачитийн ядуу тарчиг гэр бүлийн тарчигхан хэдий ч удаан хүсэн хүлээсэн Христийн мэндэлсний баярын зоогийн талаар дүрслэхдээ үүнийг харуулсан байдаг. Эцэг Боб нь Бяцхан Тим нэртэй бие муутай хүүгээ мөрөн дээрээ үүрсээр гэртээ ирдэг. Бяцхан Тим “сугандаа жижигхэн таягтай бөгөөд хөлийг нь төмөр рамаар бэхэлсэн” байлаа. Бобын эхнэр түүнээс “‘Бяцхан Тим ямар байсан бэ?” гэж асуув.

“Алт шиг сайн байсан” гэж хэлэнгээ Боб “бүр бодсоноос ч сайн байсан гээч. Ямартаа ч тэр ганцаараа үлддэг болохоор юмыг нухацтай бодохын зэрэгцээ сонсож ч байгаагүй сонин юм боддог. Тэр гэртээ харих замдаа, тахир дутуу өөрийг нь сүм дээр харах нь Христийн мэндэлсний баяраар доголон гуйлгачин хүмүүсийг хөлд оруулж, сохор хүнийг хараатай болгосон Аврагчийг дурсан санах сайхан боломжийг хүмүүст олгох байх гэж хэлсэн’ гэжээ.”8

Чарльз Дикэнс өөрөө “Би тэр бяцхан хүмүүст хайртай. Бурханаас дөнгөж ирсэн тэд бидэнд хайртай байдгийг анзаарч харалгүй өнгөрөөх зүйл биш юм” гэж хэлсэн байдаг.

Хүүхдүүд хайраа шинэлэг, өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Хэдэн жилийн өмнө төрсөн өдрөөр минь нэгэн өхөөрдөм бяцхан охин намайг бэлэг авах дуртайг бодоод, надад гараараа бичсэн төрсөн өдрийн ил захидлыг дугтуйнд хийж, өөрийнхөө дуртай жижигхэн тоглоомон зүүдэг цоожоор цоожлон бэлэглэсэн юм.

“Дэлхий дээрх бүх сайхан зүйл дундаас, бяцхан хүүхэд ямар нэгэн зүйл өгөх нь юутай ч зүйрлэшгүй сайхан байдаг билээ. Бүр өчүүхэн жижигхэн зүйл байсан ч хүүхэд тань бүхэл бүтэн дэлхий ертөнцийг бэлэглэдэг. Энэ нь хараахан уншаагүй байгаа номтой адил дэлхий ертөнцийг танд нээж өгнө. Гэхдээ бэлгийг олох хэрэгтэй бол тэдгээр нь ихэвчлэн далий хэлтгий наасан, … алиалагч шиг харагдах тэнгэр элч зурсан гэх мэт инээдтэй жижигхэн зүйлс байдаг. Өгчих зүйл хүүхдэд өчүүхэн бага байдаг тул тэрээр байгаа бүхнээ өгснийг нь бид мэдэхгүй өнгөрөөдөг.”9

Жэннигийн надад өгсөн бэлэг яг тийм бэлэг байсан.

Хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгтээ болон өөрсдийнх нь залбиралд хариулж чадна гэсэн Түүний чадавх, хүсэлд итгэх хязгааргүй их итгэл байдаг юм шиг санагддаг. Хүүхдийг залбирахад Бурхан сонсдог гэдгийг би өөрийн туршлагаас мэднэ.

Атланта Брэйвс бейсболын клубт байсан Бэрри Боннэлл болон Дэйл Мөрфий гэгч мэргэжлийн бейсболын тоглогчдын тухай түүхийг би та нартай хуваалцъя. Хоёулаа Сүмийн хөрвөгчид байсан бөгөөд Бэрри Боннэлл Дэйл Мөрфийд баптисм хүртээсэн байв.

“Энэ үйл явдал 1978 онд, Бэрригийн “амьдралыг өөрчилсөн” хэмээн дурдсан тэр үед болсон юм. Тэр ойролцоогоор 200 орчим бөмбөг цохиж, маш муу тоглож байлаа. Муу тоглож байсан тул тэр өөрийгөө доогуур үнэлэх болж, гутрах болов. Дэйл Мөрфий түүнийг эмнэлэг рүү цуг явъя гэхэд нь дургүй байсан ч тэр дагаж явлаа. Тэнд тэр [Атланта] Брэйвсийн дэмжигч, цусны хавдартай Рики Литтлтэй уулзсан байна. Рикигийн амьдралын сүүлийн өдрүүд ойртсон байгаа нь илт байв. Бэрри сэтгэлийг нь тайтгаруулах ямар нэгэн зүйл хэлэх гэж оролдсон ч тохирох үг байхгүй мэт санагдаж байлаа. Эцэст нь тэд юугаар тусалж болохыг түүнээс асуув. Хүү жаал тээнэгэлзсэнээ, дараагийн тоглолтоор түүнд зориулан хөүмран цохилт хийхийг тэр хоёроос хүслээ. [Сүүлд] нь Бэрри ‘Үнэндээ тэр орой хоёр ч удаа хөүмран хийсэн Дэйлийн хувьд уг хүсэлт хүнд зүйл байсангүй. Харин бүтэн жилийн турш хөүмран цохиогүй миний хувьд хүндхэн байв. Гэвч тэр үед надад халуун дулаан мэдрэмж төрж, би Рикид итгэж болно гэж хэлсэн” гэж ярьсан юм. Тэр орой Бэрри улирлынхаа цорын ганц хөүмран цохилтоо хийжээ.10 Хүүхдийн залбирлын хариу ирж, хүсэл нь биелсэн байлаа.

Аюулгүй байдлын хэрэгцээ

Хүүхэд бүр өөрсдийг нь хайрладаг эцэг эхтэй, аюулгүй тайван гэр оронтой, халамжтай найз нөхөдтэй байдаг байсан бол тэдний ертөнц ямар сайхан байх байсан бол! Харамсалтай нь бүх хүүхэд ийм өгөөмөр адислагдаагүй. Зарим хүүхэд аав нь ээжийг нь зэрлэгээр зодож жанчиж байхыг хардаг бол зарим нь өөрсдөө хүчирхийлэлд өртдөг. Ямар хүний үнэргүй, жигшмээр, ичгүүрт зүйл вэ!

Дэлхийн өнцөг булан бүрд орон нутгийн эмнэлгүүдэд хөхөрч, гэмтсэн бяцхан хүүхдүүдийг “хаалга цохичихсон,” “шатнаас уначихсан” гэж ичгүүр сонжуургүй худлаа хэлсээр дагуулж ирдэг. Хүүхдүүдийг хүчирхийлдэг худалч, дээрэнгүй хүмүүс нүгэлт үйлдлийнхээ хариуг хэзээ нэгэн цагт хүртэнэ. Хүчирхийллийн, зарим тохиолдолд цус ойртолтын хохирогч болж чимээгүй өнгөрсөн, зовлон амссан, сэтгэл нь сэвтсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэх хэрэгтэй.

Бүсийн шүүх надад хаягласан нэгэн захидалдаа “Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл бол соёлт нийгмийн хамгийн ёс суртахуунгүй, хор хөнөөлтэй, зүрх шимшрүүлэм гэмт хэргүүдийн нэг юм. Хүүхэд биеийн болон сэтгэл санааны мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоо огцом өсөж байна. Шүүх хурлууд маань ийм бузар хэргийн доор дарагдаж байна” хэмээн бичсэн байсан.

Сүм ийм жигшүүрт, гутамшигт үйлдлийг өршөөдөггүй. Бид Бурханы үнэт эрдэнэ болох хүүхдэд ийн хандахыг хамгийн хатуу цээрлэдэг. Хүүхдийг аварч, өсгөн хүмүүжүүлж, хайрлан энэрч, шархыг нь эдгээцгээе. Хэрэгтнийг хуулийн өмнө авчирч, үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэж, нүгэлт, хорон үйлдлийг нь таслан зогсоохын тулд мэргэжлийн эмчилгээнд оруулцгаая. Та ч мөн би ч гэсэн ийм бусармаг үйлдлийн талаар мэддэг ба үндсээр нь тасалж хаях арга хэмжээ авахгүй л бол асуудлыг өөгшүүлж байна гэсэн үг. Бид хамсаатан нь болж, ялаас нь үүрэлцэх болно.

Би хэт хатуу хэлээгүй гэж найдаж байна. Гэхдээ би тэр бяцхан үрсэд хайртай бөгөөд Их Эзэн тэднийг мөн хайрладгийг мэднэ. 3 Нифай дээр өгүүлсэн Есүсийн хүүхдүүдийг адисалсан түүхээс өөр сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг би мэдэхгүй. Энэ нь Есүс өвчтэйг адисалж, хүмүүст зааж, тэдний төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан тухай өгүүлдэг. Харин би үнэ цэнтэй үгсээс нь эш татъя.

“[Есүс] тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.

Мөн тэр үүнийг хийгээд тэрээр дахин уйлав;

Мөн тэр олон түмэнд хандан ярьж, Бяцхан үрсээ болгоогтун хэмээн хэлэв.

Мөн тэд болгоохоор харахдаа харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн тэд тэнгэр нээгдэхийг тэд үзэв, мөн тэд тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирэхийг үзэв; … мөн тэнгэр элчүүд тэдэнд тохинуулав.”11

Та “Өнөө үед ийм зүйл болдог болов уу?” гэж асууж болох юм. Олон жилийн өмнө номлолд үйлчилснээр ач хүүгээ адисалсан нэгэн эмээ, өвөө хоёрын тухай нэгэн сайхан түүхийг би та нартай хуваалцъя. Номлогч өвөө нь ийн бичжээ.

“Би өөрийн эхнэр Диннатайгаа одоо Охайогийн Жаксонд үйлчилж байна. Номлолын дуудлага авахад бидэнд тулгарсан том асуудал бол бидний гэр бүл байлаа. Тэдэнд асуудал тулгарах үед бид тэдэнтэй хамт байхгүй байх байв.

Номлолд гарахын өмнөхөн хоёр нас хагастай байсан ач хүү Р.Ж маань солир нүдээ засуулах мэс засалд орох хэрэгтэй болсон юм. Р.Ж бид хоёр ойр дотно тул ээж нь надаас эмнэлэг рүү хамт явахыг хүссэн байлаа. Мэс засал амжилттай болсон ч гэрийнхнээс нь хэн ч мэс заслын өрөөнд байгаагүй, бас айж байсан тул Р.Ж маань мэс заслын өмнө ч, дараа нь ч уйлсангүй.

Зургаан сарын дараа, номлолд байх зуур Р.Ж нөгөө нүдээ засуулах хэрэгтэй болов. Ээж нь над руу утсаар ярьж, хоёр дахь мэс засалд нь намайг хамт явахыг хүсэж байгаагаа хэллээ. Мэдээж хол газар, номлолд байсан тул би түүнтэй хамт байх боломжгүй байв. Динна бид хоёр Их Эзэнд хандан ач хүүгийн маань мэс заслын үеэр түүнийг тайтгаруулахыг хүсэж, мацаг барин залбирч билээ.

Мэс засал дууссаны дараахан утсаар ярихад Р.Ж өмнөх үйл явдлыг мартаагүй байсан тул ээж, ааваасаа салахыг хүсэхгүй байлаа. Гэхдээ мэс заслын өрөөнд орж ирэнгүүтээ чимээгүй болж, орон дээр хэвтээд, нүдний шилээ тайлж, мэс засалдаа тайван орсон байлаа. Бидний залбирлыг сонссонд бид маш их талархсан.

Хоёр хоногийн дараа бид охинтойгоо утсаар холбогдон, Р.Ж-ийн байдал ямар байгааг лавлан асуухад нэгэн сонин тохиолдлыг бидэнд ярьсан юм. Мэс заслынхаа дараа Р.Ж сэрээд ээждээ өвөө нь мэс заслын үеэр хамт байсныг хэлсэн байна. Тэр ‘Өвөө хажууд минь байж, намайг тайвшруулсан’ гэжээ. За тэр, 2890 км-ийн зайтай газарт эмээ, өвөө нь номлолд байсан ч Их Эзэн мэдээ алдуулагчийг өвөө нь байгаа мэтээр тэр бяцхан хүүд харагдуулсан байгаа юм.”

Өвөө нь Р.Ж чиний дэргэд биеэрээ байгаагүй ч чи түүний залбиралд мөн бодолд байсан. Чамайг Их Эзэний гарт тэврүүлэн бүүвэйлж, бид бүхний Эцэг адисалсан.

Хайрт ах, эгч нар аа, хүүхдүүдийн инээд зүрх сэтгэлийг маань баясган, Хүүхдүүдийн итгэл бодгалийг маань тайтгаруулж, Хүүхдүүдийн хайр үйл хэрэгт маань нөлөөлөх болтугай.” “Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв.”12 Тэнгэрлэг Эцэг маань энэ хөөрхөн өхөөрдөм үрсийг, Эзэний онцгой найзуудыг үүрд мөнх адислах болтугай.

Эшлэлүүд

  1. Матай 18:1–6.

  2. “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood.”

  3. Gospel Ideals (1954), 436.

  4. Сургаал ба Гэрээ 88:118.

  5. The Road to Confidence (1959), 121.

  6. In Conference Report, Apr. 1944, 32.

  7. From The Children, in Jack M. Lyon and others, eds., Best-Loved Poems of the LDS People (1996), 21-ээс эш татав.

  8. A Christmas Carol and Cricket on the Hearth (n.d.), 50–51.

  9. Margaret Lee Runbeck, Bits & Pieces, 20 Sept. 1990.

  10. James L. Ison, Mormons in the Major Leagues (1991), 21.

  11. 3 Нифай 17:21–24

  12. Дуулал 127:3