Гэр бүлд зориулсан эх сурвалж
2-р хичээл: Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх


“2-р хичээл: Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 8–11

“2-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 8–11

2-р хичээл

Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх

Хэрэгжүүлэх санаанууд

Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.

  • Эв нэгдлийн тухай дараах судрын хэсгүүдийг унш. 1 Коринт 1:9–10; Филиппой 1:27; Мозая 18:21; Сургаал ба Гэрээ 38:27. Эдгээр судрын хэсгийг эхнэр, нөхрийн хоорондын харилцаанд хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бод.

  • Ханьтайгаа нийгэм, ажил мэргэжил, олон нийт, Сүмийн үүрэг даалгавар гээд цаг зав гаргахад тавигддаг шаардлагыг ярилц. Нэг нэгнийхээ хэрэгцээг цаг зав гарган ойлгож, бусад үүргээ нэг нэгэндээ үнэнч байхад саад болохгүй байлгахад анхаар.

Унших даалгавар

Дараах өгүүллийг судал. Хэрэв та гэрлэсэн бол энэ өгүүллийг ханьтайгаа хамт унш.

Бид нэг байж болохын тулд

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
ахлагч Хэнри Б.Айринг

“Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”

Дэлхийн Аврагч, Есүс Христ: “Та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (С ба Г 38:27) хэмээн хэлсэн. Эмэгтэй, эрэгтэй хүнийг бүтээх үед гэрлэж, нэгдэн нийл гэсэн нь зүгээр нэг найдаж хэлсэн зүйл бус, харин зарлиг байсан! “Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу” (Эхлэл 2:24). Тэнгэрлэг Эцэг биднээс зүрх сэтгэлээрээ нэгдэн нийлэхийг хүсдэг. Энэ хайраар эвлэн нэгдэх нь зүгээр нэг загвар төдий зүйл биш. Энэ бол хэрэгцээ.

Нэг бай хэмээх шаардлага зөвхөн энэ амьдралд хамаагүй. Энэ нь мөнхөд үргэлжилнэ. Бурхан Адам, Ева хоёрыг үхэшгүй мөнх байхад хамгийн анхны гэрлэлтийг цэцэрлэгт хийсэн. Тэрээр бүр эхнээс нь эхнэр, нөхөр хоёрын хувьд нэгдэж, төгс, зөв шударга харилцаанд гэр бүлээрээ амьдрах хүслийг эрэгтэй, эмэгтэй хүнд өгсөн. Тэр мөн Өөрийн хүүхдүүдэд тойрон хүрээлэх бүх хүнтэйгээ амар тайван амьдрах хүслийг өгсөн.

Гэвч Уналтын дараа эв нэгдэлтэй амьдрах нь тийм ч амар хялбар байхгүй гэдэг нь тодорхой болсон юм. Эмгэнэлт явдал эрт дайрав. Каин өөрийн дүү Абелыг хөнөөсөн юм. Адам, Ева хоёрын хүүхдүүд Сатанд уруу татагдах болсон. Сатан зорилгодоо хүрэхээр ур чадвар, үзэн ядалт, заль мэхээ ашигласан. Энэ нь бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын зорилгын эсрэг байв. Тэд бидэнд төгс эв нэгдэл, мөнхийн аз жаргалыг өгөх байлаа. Харин бидний дайсан Сатан Бүтээлт болохоос өмнө авралын төлөвлөгөөг мэддэг байсан юм. Зөвхөн мөнх амьдралд л тэрхүү ариун, баяр хөөртэй гэр бүлийн харилцаа тэсэж гарч чадна гэдгийг тэр мэддэг. Сатан биднийг хайртай хүмүүсээс маань салгаж, золгүй өрөвдөлтэй байдалд оруулдаг. Тэр хүмүүний зүрх сэтгэлд зөрчилдөөний үрийг суулгаж, биднийг салж сарниж, хагацаасай гэж хүсдэг.

Бид бүгдээрээ нэгдэн нийлэх, салж сарнихын аль алиныг ямар нэгэн байдлаар мэдэрсэн. Заримдаа бид гэр бүлд эсвэл өөр газруудад ч гэсэн нэг нь бусдынхаа ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьж, хайрлан, золиос гаргаж байгааг цухасхан хардаг. Түүнчлэн бид бүгдээрээ хол газар, ганцаар байхын уйтгар гуниг, ганцаардлыг бага ч гэсэн мэднэ. Бидэнд алийг нь сонгох хэрэгтэй вэ гэдгийг хэлэх шаардлагагүй. Бид мэднэ. Гэхдээ энэ амьдралдаа эв нэгдэлтэй байснаар ирэх амьдралдаа мөнхөд эв нэгдэлтэй байх шаардлагыг хангана гэдэгт бид итгэх хэрэгтэй. Бид мөн юу хийх ёстойгоо мэдэхийн тулд тэрхүү агуу адислалыг хэрхэн хүлээн авч болохоо мэдэх хэрэгтэй.

Аврагч эв нэгдлийг боломжтой болгодог

Дэлхийн Аврагч тэр эв нэгдлийн талаар мөн эв нэгдэлтэй байхын тулд өөрсдийн зан чанарыг хэрхэн өөрчилж болох талаар ярьсан. Тэрээр нас барахаасаа өмнө Өөрийн төлөөлөгчидтэй хамт хамгийн сүүлд цугларахдаа хэлсэн залбиралдаа үүнийг тодорхой заасан. Түүний ер бусын сайхан залбирал Иоханы номд цэдэглэгдсэн байдаг. Тэрээр бидэнд мөнх амьдралыг хүлээн авах боломж олгохын тулд бидний өмнөөс аймшигт золиос гаргахад бэлэн байв. Тэрээр Өөрийн томилсон, хайрладаг, Сүмийг нь удирдан залах түлхүүрүүдээ үлдээх төлөөлөгчдөө орхин явах гэж байлаа. Тиймээс Тэрээр Эцэгтээ, төгс Хүү нь төгс Эцэг, Эхдээ хандан залбирсан юм. Түүний үгээс бүх гэр бүл, бидний Аврагчийг болон Түүний үйлчлэгчдийг дагадаг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд нэгдэж нэг болно гэдгийг бид харж болно.

“Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв.

Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.

Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.

Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ” (Иохан 17:18–21).

Энэ хэдхэн үгээр Есүс Христийн сайн мэдээ хэрхэн бидэнд зүрх сэтгэлээрээ нэгдэх боломж олгодгийг Тэрээр ойлгуулсан. Заасан үнэнд нь итгэсэн хүмүүс Түүний эрх бүхий үйлчлүүлэгчдийн хийдэг ёслолуудаас хүртэж, гэрээг байгуулах боломжтой байв. Харин дараа нь тэдгээр ёслол, гэрээг дуулгавартай дагах юм бол тэдний зан чанар өөрчлөгдөх байлаа. Аврагчийн Цагаатгал ийм маягаар бидэнд ариусгагдах боломж олгодог. Бид энэ амьдралдаа амар амгаланг олж, Эцэг болон Түүний Хүүтэй мөнхөд амьдрах гэж байгаа л бол эв нэгдэлтэй амьдрах ёстой.

Төлөөлөгч, бошиглогчдын тохинуулал тэр үед ч, өнөө үед ч гэсэн Адам, Ева хоёрын хүүхдүүдийг Есүс Христэд итгэх итгэлд нэгтгэн авчрах явдал юм. Тэдний заасан мөн бидний заадаг зүйлсийн эцсийн зорилго бол гэр бүлүүдийг—эхнэр, нөхөр, хүүхдүүд, ач, зээ нар, өвөг дээдсийг, эцэст нь үүнийг сонгох Адам, Ева хоёрын гэр бүлийг бүхэлд нь нэгтгэн нийлүүлэх явдал юм.

Сүнс нь бусадтай эв нэгдэлтэй байхад хөтөлдөг

Аврагч төлөөлөгчдийнхөө төлөө “Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана” (Иохан 17:19) хэмээн залбирсныг та санаж байгаа байх. Ариун Сүнс бол ариусгагч мөн. Их Эзэн Мелкизедек санваарыг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн тул бид Ариун Сүнсийг хамтрагчаа болгох боломжтой болсон. Уг санваарын түлхүүр өнөөдөр дэлхий дээр байгаа. Бид тэр түлхүүрийн хүчээр Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө байнга байлгах гэрээнүүдийг байгуулах боломжтой болсон.

Хүмүүс Сүнстэй хамт байгаа газраас бид эв нэгдлийг олж болно. Сүнс бидний зүрх сэтгэлд үнэнийг гэрчилж, гэрчлэлээ хуваалцсан хүмүүсийг нэгтгэдэг. Бурханы Сүнс хэзээ ч зөрчилдөөнийг үүсгэдэггүй (3 Нифай 11:29-ийг үзнэ үү). Энэ нь хэрүүл маргаан руу хөтөлдөг өөр хоорондоо ялгаатай гэсэн үзлийг төрүүлдэггүй (Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. [1939], 131-ийг үзнэ үү). Энэ нь дотоод сэтгэлийн амар амгаланг авчран, бусадтай нэгдмэл байхад хөтөлдөг. Энэ нь бодгалиудыг нэгтгэдэг. Бодгалиудын нэгдмэл байдлаас нэгдмэл гэр бүл, нэгдмэл сүм ба амар амгаланд орших дэлхий шалтгаална.

Ариун ёслолын залбирлаар дамжуулан өгсөн амлалтаа сахих

Ариун Сүнсийг хамтрагчаа болгохын тулд юу хийх ёстойг бяцхан хүүхэд ч ойлгоно. Ариун ёслолын залбирал бидэнд юу хийхийг хэлж өгдөг. Бид долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд очихдоо үүнийг сонсдог. Тэрхүү ариун нандин цаг мөчид бид баптисмын үеэр байгуулсан гэрээгээ шинэчилдэг билээ. Мөн Ариун Сүнсийг хүлээн авна хэмээх Сүмийн гишүүнээр батлуулахад бидэнд өгсөн амлалтыг Их Эзэн сануулдаг. Ариун ёслолын залбирлын үгсэд “Тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн” (С ба Г 20:77) хэмээсэн байдаг.

Бид энэ гэрээгээ сахих юм бол Түүний Сүнстэй хамт байх боломжтой. Нэгдүгээрт, бид Түүний нэрийг өөрсөд дээрээ авах амлалтыг өгдөг. Энэ нь бид өөрсдийгөө Түүний хүмүүс гэдгээр харах ёстой гэсэн үг. Бид амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавих болно. Бид өөрсдийн хүслийг эсвэл дэлхийн бидэнд санал болгодог хүслийг хүсэхийн оронд Түүний хүсдэг зүйлийг хүсэх болно. Бид дэлхийн зүйлсийг нэгдүгээрт тавьж хайрлах л юм бол амар амгаланг олохгүй. Гэр бүлийн эсвэл улс орны тав тухтай байдлыг материаллаг эд зүйлс дээр тогтоон баривал эцэст нь бутарч үгүй болох болно (Harold B. Lee, Stand Ye in Holy Places [1974], 97-г үзнэ үү). Их Эзэний нэрийг өөрсөд дээрээ хүлээн авч, Түүний биднээр хийлгэхийг хүссэн зүйлсийг бие биенийхээ төлөө төгс хийх юм бол энэ нь биднийг дэлхий дээр тэнгэрт хүргэх сүнслэг түвшинд авчрах юм.

Хоёрдугаарт, бид Түүнийг үргэлж санахаа амладаг. Бид Түүний нэрээр залбирах болгондоо ийн амладаг. Ялангуяа бид Түүний өршөөлийг байнга гуйх ёстой бөгөөд Түүнийг дурсан санадаг. Яг тэр мөчид бидэнд наманчилж, өршөөл хүсэх боломж олгодог Түүний золиосыг бид санадаг билээ. Бид өршөөл гуйхдаа, Түүнийг Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгч гэдгийг санадаг. Харин өршөөл, амар амгаланг мэдрэхдээ бид Түүний тэвчээр, хязгааргүй хайрыг санадаг. Тийн санах нь бидний зүрх сэтгэлийг хайраар дүүргэдэг юм.

Түүнчлэн гэр бүлээрээ хамтдаа залбирч, судраас уншихдаа бид Түүнийг санах амлалтаа биелүүлдэг. Өглөөний цайгаа уухаар ширээ тойрон суухдаа нэг хүүхэд тань нөгөөхөө шалгалтаа сайн өгөөсэй эсвэл хичээл сургуульд нь туслан адислаарай гэж залбирч болно. Адислал нь ирэх үед адислагдсан хүүхэд өглөө нь түүнд мэдрүүлсэн хайр, нэрээр нь залбирал хийсэн Өмгөөлөгчийнхөө сайхан сэтгэлийг санах болно. Хүмүүсийн зүрх сэтгэл хайраар холбогдоно.

Бид гэр бүлээ цуглуулан, судраас унших болгондоо Түүнийг санана гэсэн амлалтаа сахидаг. Энэ бүхэн Их Эзэн Есүс Христийг гэрчилдэг ба энэ нь үргэлж бошиглогчдын захиас байсаар ирсэн. Хүүхдүүд үгийг нь санахгүй байсан ч, жинхэнэ Зохиогч, Есүс Христийг санах болно.

Бүх зарлигийг сахь

Гуравдугаарт, бид ариун ёслолоос хүртэхдээ Түүний бүх зарлигийг сахихаа амладаг. Ерөнхийлөгч Бага Ж.Рубэн Кларк урьд нь олон удаа хэлж байсанчлан, эв нэгдлийн талаар Ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ юуг сахих, юуг сахихгүй байхаа сонгохгүй байх талаар сэрэмжлүүлсэн. Тэр энэ талаар: “Их Эзэн бидэнд ямар ч ашиггүй, хэрэггүй зүйл өгөөгүй. Авралыг олж авахын тулд бидний хийх ёстой зүйлүүдээр Тэр судруудыг дүүргэсэн” гээд,

цааш нь “Ариун ёслолоос хүртэхдээ бид Түүний зарлигуудыг дагаж, сахих гэрээ байгуулдаг. Үүнд хэн нэгнийг оролцохыг хориглосон, онцгойлсон, ялгаварласан зүйл огтхон ч байхгүй” гэж хэлсэн (Conference Report, Apr. 1955, 10–11). Ерөнхийлөгч Кларк бид ганцхан биш, харин бүх нүглээ наманчлах ёстой байдаг шиг бүх зарлигийг сахихаа амладаг хэмээн заажээ. Хэцүү юм шиг сонсогдож байгаа ч энэ нь амархан. Бид зөвхөн Аврагчийн эрх мэдэлд захирагдаж, Түүний зарлигласан бүхнийг дуулгавартай дагахаа амладаг (Мозая 3:19-ийг үзнэ үү). Есүс Христийн эрх мэдэлд захирагдах нь гэр бүл, Сүм, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд холбогдох боломжийг бидэнд өгдөг.

Их Эзэн тэрхүү эрх мэдлийг Өөрийн бошиглогч, даруу үйлчлэгчдээр дамжуулан өгдөг. Тэр итгэл нь бидний тохинуулагч ах, эгчийн дуудлагыг Их Эзэний захиа даалгавар болгон хувиргадаг. Бид Түүний тушаалаар Түүнийг төлөөлөн явдаг. Жирийн нэгэн эр, өсвөр насны залуу хамтрагчтайгаа хамт явахдаа тэнгэрийн хүч тэдэнд гэр бүлүүдийг нэгдмэл байлгаж, хахир хатуу хандахгүй, худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, шүүмжлэхгүй байхад тусална гэдэгт итгэсээр айлууд руу явж очдог. Их Эзэн үйлчлэгчдээ дууддаг гэдэгт итгэх нь тэднийг зэмлэх үед дутагдлыг нь хүндээр тусган хүлээж авахгүй байхад бидэнд тусална. Бид хүмүүний дутагдлынх нь оронд сайн санааг нь илүү тод хардаг. Бид тэдэнд гомдохын оронд тэднийг дуудсанд Эзэнд илүү их талархах болно.

Эв нэгдэлд энэрэл зайлшгүй хэрэгтэй

Зөрчсөн тохиолдолд эв нэгдлийг үгүй хийдэг зарим зарлиг бий. Зарим нь бидний хэлсэн зүйлтэй холбоотой байхад зарим нь бусдын хэлсэн зүйлд үзүүлсэн хариу үйлдэлтэй холбоотой байдаг. Бид хэнийг ч муулах ёсгүй. Бүхий л үед бид бие биеийнхээ сайн талыг харж, сайн сайхан зүйл ярьж байх ёстой (David O. McKay, in Conference Report, Oct. 1967, 4–11-ийг үзнэ үү).

Хэдийгээр ийм ч гэлээ, бид бас ариун зүйлсийн талаар жигшмээр зүйл ярьдаг хүмүүсийн эсрэг байх ёстой. Учир нь уг доромжлолын сөрөг нөлөө Сүнсийг гомдоодог бөгөөд сөргөлдөөн, үймээнийг дэгдээдэг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл хэрүүл маргаан хийхгүйгээр үүний эсрэг зогсох аргыг үзүүлсэн. Түүнийг эмнэлгийн дамнуурган дээр хэвтэж байхад нэгэн сувилагч бухимдсандаа Их Эзэний нэрийг дэмий дурдахад тэр: “‘Гуйж байна! Битгий! Чи миний Эзэний нэрийг доромжилж байна шүү дээ’ гэхэд нам гүм болж, намуухан дуугаар ‘Намайг уучлаарай’ хэмээн шивнэжээ” (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982],198). Сүнслэг нөлөө бүхий, хайр дээр үндэслэсэн шүүмжлэл эв нэгдлийг урин авчирч чадна. Ариун Сүнсээр өдөөгдсөн үед шүүмжлэлийг хэлэхгүй байх нь зөрчил сөргөлдөөнд хүргэнэ.

Хэрэв эв нэгдэлтэй байя гэж л байгаа юм бол бидний мэдрэмжтэй холбоотой зарлигуудыг дагах ёстой. Бид өөрсдийг маань гомдоосон хүмүүсийг уучилж, өс санахгүй байх ёстой. Аврагч загалмай дээрээс “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн хэлж үүний жишээг үзүүлсэн. Биднийг гомдоосон хүмүүсийн зүрх сэтгэлийг бид мэдэхгүй шүү дээ. Бид өөрсдийнхөө уур, сэтгэлийн шархны бүх гарал үүслийг ч мэдэхгүй. Төлөөлөгч Паул “Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй” (1 Коринт 13:4–5) хэмээн хэлэхдээ төгс бус хүмүүсийн дэлхийд хэрхэн хайрлахыг бидэнд заасан. Дараа нь тэр өөрсдийн алдааг мартдаг байтлаа бусдын алдааг шүүмжлэхийн эсрэг ширүүн анхааруулга өгсөн. Тэр: “Тэгэхээр бид одоо толинд бүдэг бадаг хардаг ч дараа нь нүүр нүүрээ харна. Би одоо хэсэгхэнийг мэддэг ч би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэдэх болно” (1 Коринт 13:12) хэмээн хэлсэн.

Цэвэр байж, бардамналаас болгоомжил

Ариун ёслолын залбирал нь эв нэгдлийн бэлгийг хэрхэн Есүс Христийн сайн мэдээний хууль, ёслолуудаар дамжуулан авч болохыг долоо хоног бүр сануулдаг. Түүний нэрийг өөр дээрээ авах, үргэлж Түүнийг санах, бүх зарлигийг нь дагах гэрээгээ сахих үед бид Түүний Сүнсийг хамтрагчаа болгон хүлээн авдаг. Харин тэр Сүнс бидний зүрх сэтгэлийг зөөллөж, биднийг нэгдмэл болгодог. Гэхдээ тэр амлалтыг хоёр анхааруулга даган ирэх ёстой.

Нэгд, биднийг зөвхөн цэвэр ариун, дэлхийн эд зүйлсийг хайрлах хайраас ангид байгаа үед Ариун Сүнс бидэнтэй хамт үлддэг. Цэвэр бус байх сонголт нь Ариун Сүнсийг үргээдэг. Сүнс зөвхөн дэлхийг бус, харин Их Эзэнийг сонгосон хүмүүстэй хамт байдаг. “Та нар цэвэр ариун байгтун” (3 Нифай 20:41; С ба Г 38:42) мөн Бурханыг “бүх зүрх сэтгэлээрээ, … чадал, оюун хийгээд чадлаараа хайрла” (С ба Г 59:5) гэдэг нь зөвлөгөө биш зарлиг билээ. Мөн Сүнсний тусламжгүйгээр бид нэг байж чадахгүй бөгөөд Сүнсийг хамтрагчаа байлгахын тулд дээрх зарлигуудыг сахих ёстой.

Өөр нэгэн анхааруулга нь бардамналаас болгоомжлох явдал юм. Сүнсээр зөөлөрсөн гэр бүлд эсвэл хүмүүст ирдэг нэгдмэл байдал асар их хүчийг авчирдаг. Тэр хүчийг дэлхийн нэр төр бас дагалдан ирдэг. Тэрхүү нэр төр нь магтаал сайшаал бас атаархлыг авчирдаг бөгөөд энэ нь биднийг бардамнал руу хөтөлж болно. Харин бардамнал нь Сүнсийг гомдоодог. Эв нэгдэлгүй байдлын эх сурвалж болох бардамналын эсрэг хамгаалалт бий. Энэ нь Бурханы бидэн дээр асгасан бэлгүүдийг зөвхөн Түүний ач ивээлийн тэмдэг гэж харахын оронд эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ нэгдэж агуу үйлчлэл хийх боломж хэмээн харах ёстой. Эр хүн эхнэртэйгээ хамт өөрсдийн адил төстэй талыг ашиглан бие биенээ ойлгож, ялгаатай талуудаа ашиглан харилцан бие биенээ нөхөж, нэг нэгэндээ болон эргэн тойрныхондоо үйлчлэх замаар нэг болж сурдаг. Бид үүнтэй адил бидний сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй ч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах хүсэлтэй хүмүүстэй нэгдэж болно.

Бид ерөөлтэй нэгэн, Бурханы хүүхэд хэмээх нэрийг зүүх эрхтэй амар тайвныг тогтоогч хүмүүс болж чадна (Матай 5:9-ийг үзнэ үү).

Бурхан Эцэг амьд. Түүний хайрт Хүү, Есүс Христ бол энэ Сүмийн тэргүүн бөгөөд үүнийг хүлээн авах хүнд амар тайвны тугийг өгөх болно.