“12-р хичээл: Үлгэр жишээ, заавраар дамжуулан хүүхдүүдэд заах,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 48–53
“12-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 48–53
12-р хичээл
Үлгэр жишээ, заавраар дамжуулан хүүхдүүдэд заах
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Хүүхдүүд, ач зээ нарынхаа тухай эсвэл ах, эгч, дүүгийнхээ болон таньж мэддэг хүмүүсийнхээ хүүхдүүдийн талаар бод. Тэдэнд өөрсдийн үйлдэл, үгсээр дамжуулан заах боломжуудыг төлөвлө.
-
Teaching, No Greater Call (36123), 127–143-р хуудас болон Гэр бүлийн удирдамж (31180), 4–10-р хуудас дээрх гэр бүл дотроо заахтай холбоотой материалыг судал. Хэрвээ та гэрлэсэн бол энэ материалыг ханьтайгаа хамт унш.
Унших даалгавар
Дараах өгүүллүүдийг судал. Хэрвээ та гэрлэсэн бол эдгээр өгүүллийг ханьтайгаа хамт унш.
Сайн эцэг эх байх нь дэлхий дээрх хамгийн их хүч сорьсон ажил мөн
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Фауст
Эцэг эх байх нь тэнгэрлэг дуудлага юм.
Дэлхий дээрх хамгийн хүч сорьсон дуудлага хэмээн нэрлэсэн сэдвээр ярих болсондоо миний сэтгэл маш их хөдөлж байна. Энэ нь сайн эцэг эх байх онцгой эрх, үүрэг хариуцлагатай холбоотой. Энэ сэдэвтэй холбоотой үзэл бодол эцэг эхчүүдийн тоотой адил олон байж болох ч бүх хариултыг мэднэ гэж хэлэх хүн ховор. Би тэдний нэг нь яав ч биш.
Өнөө үед амьдралдаа харж байгаагүй тийм олон гайхалтай сайхан залуу манай хүмүүсийн дунд байх болсон гэж би боддог. Эндээс харахад тэр гайхалтай сайхан залуусын ихэнх нь сайн гэр бүлээс гаралтай, өөрсдийн үүргийг сайн ухамсарладаг, халамжтай эцэг эхтэй гэж ойлгож болно. Тийм байсан ч хамгийн ухамсартай сайн эцэг эх ч өөрсдийгөө зарим нэгэн алдаа гаргасан гэж боддог. Намайг нэг удаа бодлогогүй зүйл хийхэд ээж минь “Би хаана алдаа гаргачихав аа?” гэж уулга алдан хэлснийг би санаж байна.
Их Эзэн ‘хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүл’ (С ба Г 93:40) хэмээн зааварласан. Миний хувьд аливаа хүний хичээл зүтгэл юу юунаас илүү чухал.
Эцэг, эх байх нь хамгийн их хүч сорьсон зүйл байхын зэрэгцээ энэ нь тэнгэрлэг дуудлага билээ. Энэ нь анхаарал халамж хандуулахыг шаарддаг ажил юм. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн хэлснээр эцэг эх байх нь “хүмүүнд хүлээлгэн өгсөн хамгийн агуу итгэл юм” (The Responsibility of Parents to Their Children [pamphlet, n.d.], 1).
Амжилт бүтээлээр дүүрэн гэр орныг бий болгох
Сайн эцэг эх байхаас илүү их хүч чадал шаарддаг зүйл ховор ч илүү их баяр баясгаланг мэдрэх боломжийг олгох зүйл мөн адил ховор. Хүүхдүүдээ Бурханаас эмээдэг, аз жаргалтай, нэр хүндтэй, үр бүтээлтэй хүн болгохоос өөр чухал ажил энэ дэлхийд байхгүй нь тодорхой. Эцэг эхчүүдийн хувьд өөрсдийг нь болон сургаалыг нь хүндэлдэг үр хүүхэдтэй байхаас илүү аз жаргал үгүй. Энэ бол эцэг эх байхын алдар суу юм. Иохан “Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ” (3 Иохан 1:4) хэмээн гэрчилсэн. Миний бодлоор хүүхдэд заах, хүмүүжүүлэх, сургахыг бидний амьдралд тохиож болох бусад сорилт бэрхшээлтэй харьцуулах юм бол үүнд илүү их оюун ухаан, зөн совин, даруу байдал, хүч чадал, мэргэн ухаан, сүнслэг байдал, тэсвэр хатуужил, шаргуу хөдөлмөр шаардагддаг. Энэ нь ялангуяа ёс суртахуун, хүнлэг байдлын үндэс суурь бидний эргэн тойронд доройтож байгаа үед нэн чухал юм. Амжилт бүтээлээр дүүрэн гэр оронтой байхын тулд үнэт зүйлсийг заах ёстой ба дүрэм журам, жишиг, үнэмлэхүй үнэн гэж байх ёстой. Олон нийгэмд ёс суртахууны үнэт зүйлсийг зааж, хүндлэх тал дээр эцэг эхэд маш бага дэмжлэг үзүүлдэг. Зарим соёл үндсэндээ үнэ цэнээ алдаж, тэдгээр нийгэм дэх залуучууд ёс суртахууны хувьд увайгүй доройтож байна.
Нийгэм бүхэлдээ ялзарч, ёс суртахууны мөн чанараа алдаж, олон айл гэр салж сарних болсон бөгөөд хойч үеийнхэндээ буюу хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулж, зааж сургахад хүчин чармайлт гаргана гэдэгт бүх итгэл найдвар үлдэж байна. Үүнийг хийхийн тулд бид эхлээд хүүхдүүдийнхээ гол багш нарыг хүчирхэгжүүлэх ёстой. Тэдний дунд эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүн нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ба хамгийн сайн орчин гэр оронд бүрдсэн байвал зохино. Ямар нэгэн байдал, арга замаар бид гэр орноо улам хүчирхэгжүүлэн, биднийг хүрээлж буй эрүүл бус, улам бүр газар авч буй ёс суртахууны доройтлын эсрэг зогсож чадах ариун дуганыг бий болгохын тулд зүтгэх ёстой. Гэр оронд эв нэгдэл, аз жаргал, амар амгалан, хайр энэрэл байх нь амьдралд тохиолдох хүнд хүчир асуудлаа шийдвэрлэх дотоод хүч чадлыг олж авахад хүүхдүүдэд тусалдаг. (Нэгдсэн Улсын) ерөнхийлөгч Жорж Бушийн эхнэр Барбара Буш хэдэн сарын өмнө Вэллэсли Коллежийн төгсөгчдөд хандан:
“Ямар ч эрин үе, цаг хугацаанд нэг л зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эцэг, эхчүүд ээ, та нар үр хүүхэдтэй бол тэднийгээ нэгд тавих ёстой. Та нар хүүхдүүддээ уншиж өгч, тэднийгээ тэвэрч мөн хайрлах ёстой. Таны гэр орондоо болон бидний нийгэмд гаргадаг амжилт ололт Цагаан ордонд болж өнгөрдөг үйл явдлаас биш, харин гэр оронд тань болж өнгөрдөг зүйлсээс шалтгаалдаг” гэж хэлсэн (Washington Post, 2 June 1990, 2).
Сайн эцэг, эх байх нь үр хүүхдүүдийнхээ хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг өөрсдийнхөөсөө дээгүүр тавихыг шаарддаг. Энэ золиосын үр дүнд ухамсартай эцэг эх эрхэм дээд зан чанарыг өөртөө төлөвшүүлж, Аврагчийн амь биеэ хайрлалгүй заасан үнэнийг амьдрал дээр хэрэгжүүлж сурдаг.
Зовж зүдэрч, золиосолж, хүнээс гарамгүй хүч чадал гарган гэр бүлээ тарааж бутаргахгүй байхыг хичээдэг ганц бие эцэг, эхчүүдийг би хэн хүнээс илүү ихээр хүндэлдэг. Тэдний хүчин чармайлтыг үнэлж, тусламж дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ гэр оронд эцэг, эх хоёулаа байхад тэдний үүрэгт ажил харьцангуй хөнгөн байдаг. Хүүхдүүд ихэвчлэн эцэг эхийнхээ аль алиных нь хүч чадал, мэргэн ухааныг сорьдог.
Танайх үргэлж гэр бүлээрээ залбирдаг уу?
Хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл бишоп Стэнли Смүүтээс ярилцлага авчээ. Ерөнхийлөгч Кимбаллыг түүнээс “Танайх үргэлж гэр бүлээрээ залбирдаг уу?” гэж асуухад
бишоп Смүүт “Бид өдөрт хоёр удаа гэр бүлээрээ залбирахыг хичээдэг ч ихэвчлэн нэг л удаа залбирдаг” гэж хариулсан юм.
Ерөнхийлөгч Кимбалл түүнд “Өмнө нь өдөрт нэг удаа залбирахад хангалттай байсан байж болох юм. Гэвч гэр бүлээ хамгаалахыг хүсэж байвал ирээдүйд энэ тоо хангалтгүй” гэж хариулжээ.
Гэр бүлийн үдэшт хайнга хандаж, үүнийг хааяа нэг хийх нь ирээдүйд үр хүүхдүүдээ ёс суртахууны хувьд хүчирхэгжүүлэхэд хангалттай байх болов уу? Хойшид гэр бүлээрээ судраас тогтмол суралцахгүй байх нь ёс суртахууны ялзралд орсон орчинд тэсэж гарахад шаардагдах ариун журмаар үр хүүхдүүдээ зэвсэглэхэд хангалтгүй байж болох юм. Хүүхдүүд бэлгийн цэвэр ариун байдал, зөв шударга, үнэнч зан, наад захын хүн чанарын талаар гэр орноосоо өөр хаана суралцах билээ? Мэдээж эдгээр үнэт зүйлийг сүмд бататгах ч эцэг эх нь үүнийг тогтмол заах ёстой.
Эцэг эхчүүд үлгэр жишээ үзүүлдэг байх ёстой
Эцэг эхчүүд хүүхдүүддээ аюулаас хэрхэн зайлсхийхийг заахдаа ‘Бид дэлхийн арга замд ухаан сууж, туршлагажсан, тиймээс бид чамайг бодвол хадан цохионы ирмэгт ойртож болно’ хэмээн хэлэх нь хариулт биш юм. Эцэг эхчүүдийн хоёр нүүр гаргах явдал хүүхдүүдийг гэртээ заалгаж байгаа зүйлсдээ эргэлзэж, итгэхгүй байхад хүргэж болно. Жишээ нь, эцэг эхчүүд хүүхдүүддээ үзэхийг хориглодог киногоо өөрсдөө үздэг бол эцэг эхдээ итгэх итгэл нь буурдаг. Хэрэв хүүхдүүдээ үнэнч байгаасай гэж хүсвэл эцэг эх нь үнэнч байх ёстой. Хэрэв хүүхдүүдээ ариун журамтай байлгахыг хүсвэл эцэг эх нь ариун журамтай байвал зохино. Хэрэв та хүүхдүүдээ нэр төртэй байлгахыг хүсвэл өөрөө нэр төртэй байх ёстой.
Хүүхдүүдэд заах ёстой бусад үнэт зүйл дотор эцэг эх, гэр бүлээсээ эхлүүлэн бусдыг хүндлэх, бусдын итгэл, эх оронч үзлийн бэлгэ тэмдгийг хүндлэх, хууль журмыг хүндлэн дээдлэх, бусдыг өмч хөрөнгийг хайрлах, засаг захиргаагаа хүндлэх зэрэг нь ордог. Паул хүүхдүүдээ “юуны өмнө өөрсдийнхнийгөө хүндлэхэд суралцуул” (1 Тимот 5:4) хэмээн бидэнд сануулсан.
Хүүхдүүдээ хүмүүжүүлэн сахилгажуулах
Эцэг эхчүүдэд тулгардаг хамгийн хэцүү сорилтуудын нэг бол хүүхдээ зохих ёсоор сахилгажуулан хүмүүжүүлэх явдал мөн. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хувь хүнд чиглэгдсэн байдаг. Хүүхэд бүр өөр өөр, давтагдашгүй өвөрмөц байдаг. Нэг хүүхдэд тохирч байгаа зүйл нөгөөд нь тохирохгүй байж болно. Ямар байдлаар сахилгажуулбал хэт хатуудахыг, харин аль нь хэтэрхий зөөлдөхийг хүүхдүүдийг хамгийн ихээр энхрийлэн хайрладаг эцэг эхээс нь илүү сайн мэдэх тийм ухаалаг хүн байхгүй гэдгийг би мэднэ. Эцэг эхчүүд энэ тал дээр залбиран байж ялган таних ёстой. Хүүхдийг шийтгэлээр биш, хайраар өдөөгдөн хүмүүжүүлэх нь хамгийн чухал, үндсэн зарчим юм. Бригам Янг “Хэрэв та хүнийг зэмлэхээр бол сэтгэлд нь сэв суутал хэзээ ч бүү зэмлэ” хэмээн зөвлөсөн (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 278). Гэхдээ чиглүүлэн зааварлаж, сахилгажуулах нь яах аргагүй хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх үйл явцын салшгүй нэгэн хэсэг юм. Эцэг эх нь хүүхдээ сахилгажуулахгүй бол бусад хүн тэднийг эцэг эхэд нь таалагдахгүй арга замаар сахилгажуулах болно. Сахилга батгүй хүүхдүүд гэр орон доторхыг ч, олон нийтийн хууль журмыг ч хүндлэхгүй.
Сахилгажуулахын үндсэн зорилго бол дуулгавартай байдлыг заах явдал мөн. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “Үр хүүхдүүддээ дуулгавартай байхыг заадаггүй эцэг эхчүүд гэр орондоо энэ зан чанарыг хөгжүүлж өгөхгүй бол нийгмээс үүнийг шахан шаардаж, тэднийг дуулгавартай болгох болно. Тиймээс гэр орондоо хүүхдэдээ эелдэг сайхан, өрөвч нимгэн сэтгэлээр хандаж, тэднийг ойлгох замаар дуулгавартай байхыг зааж сургах нь хамаагүй дээр бөгөөд хэрэв гэрийнхэн нь зааж сургах үүргээ биелүүлэхгүй бол тэднийг нийгмийн зүгээс тулгарах хэрцгий, өрөвдөх сэтгэлгүй сахилгажуулах арга барилд тавьж явуулах болно” (The Responsibility of Parents to Their Children, 3) хэмээн хэлсэн.
Ажиллаж хөдөлмөрлөхийг хүүхдүүдэд заах
Сахилга баттай, хариуцлагатай байхыг хүүхдүүдэд зааж сургахын нэн чухал хэсэг бол тэднийг ажиллаж сургах явдал мөн. Бид өсөж томрох тусам ихэнх маань “Би ажиллах дуртай. Ажил дээр надад сонирхолтой байдаг. Би олон цагаар сууж чадна” гэж хэлсэн нэгэн эртэй адил болдог (Jerome Klapka Jerome, in The International Dictionary of Thoughts, comp. John P. Bradley, Leo F. Daniels, and Thomas C. Jones [1969], 782). Дахин хэлэхэд, ажиллаж хөдөлмөрлөх зарчмын хамгийн шилдэг багш бол эцэг эх өөрсдөө юм. Миний хувьд, би анх удаа аав, өвөг эцэг, авга ах нар болон ах нарынхаа дэргэд ажиллаж байсан тэр үед ажил хөдөлмөр баяр баясгалан минь болсон. Би ихэнхдээ нэмэр болохын оронд нэрмээс болж байсандаа итгэлтэй байгаа ч үлдсэн сайхан дурсамж, сургамжууд нь үнэ цэнтэй байсан. Хүүхдүүд хариуцлага, бие даасан байдалд суралцах хэрэгтэй. Эцэг эхчүүд цаг зав гарган Лихайн зааснаар хүүхдүүдэд “өөрсдийн төлөө үйлдэх мөн … үйлдүүлэх нь үгүй”(2 Нифай 2:26) гэдгийг өөрсдийн биеэр харуулж, тайлбарлаж байна уу?
Дэлхийн хамгийн агуу цэцэрлэгчдийн нэг Лютэр Бөрбанк “Хэрэв бид ургамал цэцэгстээ үр хүүхдүүддээ хэрхэн ханддагийн адил анхаарал халамж тавьдаггүй байсан бол яг одоо хогийн ургамлын ширэнгэн ойд амьдарч байх байсан биз ээ” хэмээн хэлжээ (Elbert Hubbard’s Scrap Book [1923], 227).
Эцэг эхчүүдэд тулгардаг өвөрмөц асуудлууд
Хүүхдүүдэд ч гэсэн бидний хүн нэг бүрд өгөгдсөний адил ёс суртахууны сонгох эрхийн дагуу хөгжиж дэвшин, өсөж хөгжих боломж олгогдсон. Энэхүү сонгох эрх нь амин хувиа хичээх, үрэлгэн байх, дур зоргоороо аашлах, өөрт хор хөнөөлтэй зүйлсийг хийх зэрэг эсрэг сонголтыг хийх боломжийг мөн хүүхдүүдэд олгодог. Хүүхдүүд энэ эрхээ ихэвчлэн бага насандаа илэрхийлдэг.
Зарим хүүхдийнх нь үйлдлүүд ямар байхаас үл хамааран ухамсартай, хайртай, анхаарал халамж тавьдаг мөн чадлынхаа хэрээр зөв шударга зарчмын дагуу амьдарсан эцэг эхчүүд сайн эцэг эх байж чадсан гэдгээ мэдэн тайтгарцгаа. Хүүхдүүд ч гэсэн өөрсдөө сонсох, дуулгавартай байх, зааж сургасан зүйлийг сурч мэдэх үүрэгтэй. Эцэг эх хүүхэд нь үргэлж биеэ сайн авч явна гэдэгт баталгаа өгч чадахгүй тул тэдний бүх буруу үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй. Зарим хүүхдэд нь Соломоны мэргэн ухаан, Иовын тэсвэр тэвчээр байсан ч хангалтгүй байж болох юм.
Баян чинээлэг эсвэл хэт зөөлөн эцэг эхчүүдэд арай өөр асуудал тулгардаг. Өөрөөр хэлбэл, ийм байдалд амьдардаг зарим хүүхэд эцэг эх нь өөрсдийнх нь шаардлагыг биелүүлэхгүй бол тэдний үгийг дагахгүй хэмээн эцэг эхээ барьцаалдаг. Ахлагч Нийл А.Максвэлл “Хүүхдүүдийнхээ өмнөөс хэт их гүйдэг хүмүүс удахгүй хүүхдүүд нь огтхон ч өөрсдөд нь захирагдахаа больсон байгааг мэдэх болно. Хүүхдийнхээ төлөө хэт ихийг хийснээс болж маш олон хүүхэд ихэд эвдэрсэн байдаг” гэж хэлжээ (Conference Report, Apr. 1975, 150; эсвэл Ensign, May 1975, 101-т). Өөрсдийн хүчээр олж аваагүй материаллаг эд зүйлсийг үнэлдэггүй нь хүмүүний зан бололтой.
Зарим эцэг эх хүүхдүүдээ найз нөхдийнхөө дунд хүлээн зөвшөөрөгдөхийг болон нэр хүндтэй байлгахыг ихэд хүсдэг мөртлөө хүүхдүүд нь найз нөхдийнхөө хийдэг зүйлийг хийх вий хэмээн айдаг нь гайхалтай.
Хүүхдүүдэд өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй болоход нь туслах
Ерөнхийдөө хар тамхи, согтууруулах ундаанаас болон гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орохоос татгалзах шийдвэр гаргасан хүүхдүүд эцэг эхийнхээ даган амьдардаг гэр орон дахь үнэт зүйлсээ хүлээн авч, өөрсдийн болгосон байдаг. Хүнд хэцүү шийдвэр гаргах шаардлага гарахад тэд согтууруулах ундаа хэрэглэх, гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орох, үнэнч бус байх, шударга бус байдал гаргах гэх мэтийн найз нөхдийнхөө үлгэр дуурайлыг эсвэл хэвлэл мэдээллээр сайхан зүйл мэт харуулдаг бусад буруу зүйлийг сонгохын оронд эцэг эхийнхээ зааж сургасан үгийг дагах нь гарцаагүй. Тэд яг “эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг [үхлээс] чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагд[аж]” (Алма 56:47), “Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг … давтаж, хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна” (Алма 56:48) хэмээн хэлсэн Хиламаны хоёр мянган залуу эрийн адил юм.
Бурханд итгэх бат бөх итгэл нь эцэг эхийн сургаал, үнэт зүйлсийг үр хүүхдүүдийнх нь амьдралд суулгахад тусалдаг юм шиг санагддаг. Энэхүү итгэл үнэмшил бодгалийнх нь нэгэн хэсэг болгох үед тэд дотроосоо хүчтэй болж ирдэг. Тиймээс зааж сургах энэ олон зүйлийн дундаас алиныг нь эцэг эхчүүд зааж сургах ёстой вэ? Судруудад эцэг эхчүүд “наманчлалын сургаал, амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг” (С ба Г 68:25) хүүхдүүддээ заа хэмээн бидэнд хэлсэн байдаг. Эдгээр үнэнийг гэр оронд заах ёстой. Тэдгээрийг улсын сургуулиудад заахгүй мөн засгийн газар, нийгмийн зүгээс дэмжихгүй. Мэдээж Сүмийн хөтөлбөрүүд туслах ч үүнийг гэр оронд заах нь хамгийн үр дүнтэй.
Хайрын мянга мянган утас
Эцэг эхийн зааж сургах зүйл том, өргөн далайцтай эсвэл хүчирхэг байх шаардлагагүй. Бид үүнийг Агуу Багшаас суралцдаг. Чарльз Хэнри Паркхөрст ийн хэлсэн.
“Христийн амьдралын сэтгэл татам дүр зураг бол худаг дээрх эмэгтэйтэй ярьсан, Тэнгэр дэх хаант улс руу ороход нь саад болж буй далд хүсэл эрмэлзлийг нь залуухан удирдагчид харуулсан, цөөхөн бүлэг дагалдагчдаа хэрхэн залбирахыг заасан, шавь нар нь шөнөжин загасчилсаар даарч, ядран, сэтгэлээр унан ирэхэд өглөөний цай уулгахаар түүдэг гал асааж, загас шарсан гэх мэт жижигхэн, хүний нүдэнд үл өртөх үйлдлүүдийнх нь нийлбэр юм. Та нарт л гэж хэлэхэд, энэ бүх зүйл [Христийн] жинхэнэ сонирхлын онцлог шинж, чиг хандлага юунд оршиж байсныг бодитоор, тодорхой, өчүүхэн жижиг зүйлсээр, тэрхэн цаг мөчид болж өнгөрсөн үйл явдлаар бидэнд маш тодорхой, ойлгомжтой харуулдаг” (Leaves of Gold [1938], “Kindness and Love,” 177).
Эцэг эх ч бас үүнтэй адилхан. Гэр бүл гэгч хивсийг хайр, итгэл, хүмүүжил, золиос, тэвчээр, ажил хөдөлмөр гэсэн жижиг зүйлсийн хэдэн мянган утсаар нэхдэг.
Гэрээний хүүхдүүд
Энэ Сүмийн итгэлтэй эцэг эхчүүдэд тус болох хэдэн агуу сүнслэг амлалт байдаг. Мөнхөд лацдан холбогдсон хүүхдүүд гэрээгээ нэр төртэй сахиж чадсан баатарлаг өвөг дээдэст нь өгөгдсөн амлалтуудаас хүртэх боломжтой. Эцэг эхийнх нь марталгүй санасан гэрээнүүдийг Бурхан санах болно. Иймээс үр хүүхдүүд нь тэр агуу гэрээ хийгээд амлалтынх нь ашиг тусыг хүртэгчид ба өвлөн авагчид болдог. Тэд гэрээний хүүхэд тул энэ бүхэн боломжтой юм (Orson F. Whitney, in Conference Report, Apr. 1929, 110–111-ийг үзнэ үү).
Бурхан энэ дэлхийн зовж зүдэрсэн, золиос гаргадаг, ариун шударга эцэг эхчүүдийг адислах болтугай. Нэн ялангуяа Тэрээр бидний дунд байх итгэлтэй эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээгээ сахиж, гэрээний хүүхдүүдийг харж хандах болтугай.
Хайраар хүрээлэгдсэн ширээ
Далын ахлагч Лигранд Р.Көртис
Гэр орны ач холбогдлын талаар олон зүйл бичигджээ. Ахлагч Марион Ж.Ромни “нийгмийн зүрхэнд гэр бүлийн тогтворгүй байдал гэсэн үхэлд хүргэх өвчин байна”1 хэмээн бидэнд хэлсэн. Зарим гэр орон том, гоёмсог тавилгатай, бүр чамин тансаг байдгийг бид мэднэ. Харин зарим нь жижигхэн, даруухан, цөөхөн хэдэн тавилгатай байх нь бий. Гэхдээ бидний дуртай дуулалд сануулдаг шиг “биднийг хайраар дүүрэн байх юм бол гэр орон бүр бидний байх дуртай газар, … дэлхий дээрх диваажин болно.”2
Ихэнх гэрт байдаг хамгийн чухал тавилгуудын нэг бол гал тогооны ширээ юм. Энэ нь жижиг, том эсвэл хоол унд, халбага сэрээ нь арайхийн багтдаг жижигхэн тавиур маягийн ширээ ч байж болно. Үүний гол үүрэг нь гэр бүлийн гишүүд бүгдээрээ хүчээ сэлбэхэд зориулагдсан байдагт оршдог болов уу.
Энэ онцгой боломжийг ашиглан, биедээ шим тэжээл авахаас илүү гал тогооны ширээний гүйцэтгэдэг гүн гүнзгий, маш чухал өөр нэгэн үүрэгт та нарын анхаарлыг хандуулъя гэж би бодож байна.
Ширээгээ тойрон сууж, сайн мэдээний тухай ярилцах
Гэр бүлүүд ихэвчлэн өөр өөр насны хоёр болон түүнээс олон гишүүнээс бүрддэг ч тэд хоол унд идэж уухаас гадна залбирч, ярилцаж, сонсож, ойлгож, суралцаж, хамтдаа өсөж хөгжихөөр цуглардаг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үүнийг:
“Надад нэгэн хүсэлт бий. Би үүнийгээ илүү уран сайхан үгээр илэрхийлж чаддаг ч болоосой. Тэр бол хүүхдүүдийг авраач гэсэн хүсэлт юм. Тэдний дунд хэтэрхий олон хүүхэд өвчин зовлон, айдас түгшүүр, ганцаардал, цөхрөл дунд алхаж байна. Хүүхдүүдэд нарны гэрэл хэрэгтэй. Тэдэнд аз жаргал хэрэгтэй. Тэдэнд хайр, асаргаа хэрэгтэй. Тэдэнд сайхан сэтгэл, хоол унд, хайр халамж хэрэгтэй. Айл гэр бүр орон байрны үнэ өртгөөс үл хамааран авралын орчин болох хайр энэрлийн орчныг бүрдүүлж чадна”3 гэж маш сайхан илэрхийлж хэлсэн.
Гэр бүлийн ихэнх гишүүнд гэр орноос гадуурх дэлхийн олон хүчин зүйлээс гадна радио, зурагт, видео бичлэг болон гэр орондоо авчирдаг өөр олон зүйл нөлөөлдөг.
Магадгүй гал тогооныхоо ширээний ард гэр бүлээрээ цугларч, сайн мэдээ, ариун ёслолын цуглаан, захиасын талаар мөн сүүлийн үеийн Ensign эсвэл New Era сэтгүүл, сургуульд нь болсон үйл явдал, Ерөнхий чуулган, Ням гаргийн ангийн хичээлийнхээ тухай ярилцаж, сайхан дуу сонсож, Есүс Христ болон Түүний сургаалын талаар яриа өрнүүлж байна гэж төсөөлөн бод доо. Энд гаргасан жагсаалтыг цааш нь үргэлжлүүлж болно. Зөвхөн эцэг эх нь биш, харин гэр бүлийн бүх гишүүн хүн нэг бүрд ярьж, оролцох боломж олгох нь ухаалаг шийдвэр юм.
Ширээгээ тойрон сууж, гэр бүлээрээ залбирах
Гэр бүлээрээ (зурагтгүй орчинд) ширээгээ тойрон өвдөг сөгдөн сууж залбиран, тусламж хүсэн, өгсөн адислалуудынх нь төлөө Эцэгтээ талархсанаар бүх насныханд хайрт Тэнгэр дэх Эцэгийн ач холбогдлыг заах боломжийн талаар бод. Бяцхан хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээрээ залбирвал тэд хэзээ нэгэн цагт гэр бүлтэйгээ хамт залбирдаг томчуул болно.
Ахлагч Томас С.Монсон энэ талаар маш сайхан хэлсэн байдаг.
“‘Эхнэрүүд хийгээд хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд, гэр бүлдээ миний нэрээр Эцэгт хандан үргэлж залбир’ (3 Нифай 18:21) хэмээн хэлснээр Их Эзэн биднийг гэр бүлийн залбирлаа хийж бай хэмээх удирдамжийг өгсөн.
Хожмын үеийн энгийн нэгэн гэр бүл Их Эзэнд хандан залбирсан нэгэн жишээг хамтдаа харцгаая. Аав, ээж болон хүүхэд бүр нь өвдөг сөгдөн суугаад, толгойгоо бөхийлгөн нүдээ анилаа. Хайр, эв нэгдэл, амар амгалангийн нандин сүнс гэрийг нь дүүргэнэ. Бурханд хандан, аавыгаа Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж, зөв зүйлсийг хийх болно хэмээн залбирах бяцхан хүүгээ сонссон аав хайрт хүүгийнхээ залбирлын дагуу амьдрах нь хэцүү гэж бодох болов уу? Өсвөр насны охиныгоо ханиа сонгохдоо сүнсээр өдөөгдөж, ариун сүмийн гэрлэлтэд бэлтгээсэй хэмээн Их Эзэнд хандан, хичээнгүйлэн гуйх ээжийнхээ залбирлыг сонссон охин хайрт ээжийнхээ энэхүү даруухан залбирлын дагуу амьдрахыг хичээнэ гэдэгт та итгэхгүй гэж үү? Эцэг эх нь болон хүүхэд бүр нь гэрийнх нь сайхан хөвгүүд зохистой амьдарч, цаг нь болоход Сүмийн номлолын талбарт Их Эзэний төлөөлөн үйлчлэх дуудлагыг хүлээн авна хэмээн хичээнгүйлэн залбирахад хөвгүүд нь номлолд үйлчлэх хүслээр дүүрэн залуу эрчүүд болон өсөхийг бид харахгүй гэж үү?”4
“Чи яаж эцэг эх, үр хүүхдүүдээ өдөр бүр хамтдаа цугларч, Их Эзэнтэй ярилцалгүйгээр дэлхий рүү гаргаж чадаж байна вэ?” гэж олон хүн хэлж байсан. Ухаалаг эцэг эх хуваариа хараад, өдөр бүр дор хаяж нэг удаа гэр бүлийнхнийгээ цуглуулж, залбирлын адислалаас хүртэхээр төлөвлөнө. Тун удалгүй залуу гишүүдийн маань ээлж ирж, гэр бүлийн залбирлаасаа үнэт зүйлсийг сурч мэдэх болно.
Гэр орноо аз жаргалтай газар болго
Өмнө нь би “гэр орон аз жаргалтай газар байх ёстой. Учир нь бүгд үүнийг ийм байлгахын төлөө зүтгэдэг. Аз жаргал нь гэрт хийгддэг бүтээл бөгөөд би өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ төлөө гэр орноо аз жаргалтай, тав тухтай газар болгохоор хичээнгүйлэн зүтгэх ёстой. Аз жаргалтай гэр орон нь сайн мэдээний сургаал дээр төвлөрсөн байдаг. Үүнд бүгд уйгагүй, шаргуу хичээл зүтгэл гаргаж байж хүрдэг.”5
Олон хүүхэдтэй нэгэн гэр бүлийн завгүй явдаг өсвөр насны хүүхэд гэр бүлийн залбирал нь ямар их цаг авдагт гомдолложээ. Ухаалаг ээж нь маргааш нь залбирахдаа тэр хүүхдийнхээ нэрийг зориуд хэлэлгүй орхив. Залбирч дууссаны дараа хүүхэд нь түүнд, “Ээж ээ, та намайг залбиралдаа оруулсангүй шүү дээ!” гэжээ. Хайрт ээж нь хүүхдэдээ зөвхөн гомдлынх нь хариуг өгснөө тайлбарлав. Завгүй хүүхэд нь энэ удаад харин “Намайг битгий орхиорой” гэж гомдоллосон гэдэг.
Ширээгээ тойрон сууж судраас суралцах
Гэр бүлээрээ ширээгээ тойрон суугаад, судраа нээж, олон үнэнийг ярилцан, сургамж авч байна гэж төсөөлөн бод доо. Энэ ширээ хайраар хүрээлэгдсэн байх нь гарцаагүй.
Хүүхдүүд хичээл сургуулиасаа гадна сайн уншиж байх хэрэгтэй гэдэгт багш нар санаа нийлдэг. Бид өдөр бүр хүүхдүүдтэйгээ гал тогооныхоо ширээний ард суун, судраас уншсанаар тэднийг адисалж чадна.
Гэр бүлээрээ гал тогооны ширээнийхээ ард цугларахын тулд цагаа маш сайн зохицуулж, сайтар төлөвлөх хэрэгтэй. Гэвч гэр бүлийн гишүүд хайраар хүрээлэгдсэн орчинд хоорондоо ярилцаж, сонсож, харилцах замаар гэр бүлийнхээ эв нэгдэл, сүнслэг өсөлт хөгжил, хоорондын харилцааг бэхжүүлэхээс өөр юу чухал байж болох билээ? Хамгийн том амжилт бол зүгээр л бууж өгөлгүй ахин дахин хичээх явдал юм.
Гэр бүлийн харилцаа холбоог хүчирхэгжүүлэх
Өнөө үед дэлхий дээр гэр бүл, гэр орныг устгаж үгүй хийхээр олон хүчин зүйл оролдож байна. Ухаалаг эцэг эх гэр бүлийнхээ харилцаа холбоог хүчирхэгжүүлэн, гэр орон дахь сүнслэг байдлаа өсгөн нэмэгдүүлж, Есүс Христ болон ариун сүмийн үйл ажиллагаан дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээнэ. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр бидэнд хандан:
“Бид нэг нэгэндээ илүү сайхан, эелдэг, даруухан, тэвчээртэй, өршөөнгүй хандах болтугай хэмээн би залбирч байна. …
Хоёрдугаарт, би мөн Сүмийн гишүүдийг Их Эзэний ариун сүмийг өөрсдийн гишүүнчлэлийн агуу бэлгэ тэмдэг, хамгийн ариун нандин гэрээнүүдэд зориулагдсан эрхэм дээд газар болгон тогтооход урьж байна. Сүмийн гишүүн бүр ариун сүмд орохуйц зохистой байхыг миний бие зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсдэг билээ”6 хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгч Хантэрын өгсөн заавар гал тогооны ширээг тойрон өрнөдөг үйл явдлыг илт сайжруулж болох юм.
Бид бусдад ханддаг байдал дээрээ гэр орондоо ажиллаж болно. Гёте: “Хэрэв чи хүнд ямар байгаагаар нь яг тэгж тааруулж хандах юм бол тэр бахь байдгаараа л үлдэнэ. Харин түүнтэй … болж болох [байж болох] тэр хэмжээнд хандах юм бол тэрээр [болох ёстой тэр хэмжээндээ хүрэх болно]”7 хэмээн маш сайхан хэлсэн байдаг.
Гэр орноо итгэлийн газар болго
Ахлагч Боид К.Пакэр: “Тэнгэрийн зарим зүйлийг гэр орондоо авчрах нь гэр бүлийн гишүүдийг Сүмийн үйл ажиллагаанд бага багаар татан оруулах баталгаа юм. Мэдээж гэр бүлийн үдэш бол яг үүнд зориулагдсан. Энэ үдшийг бүх хүний хэрэгцээнд тааруулан гэртээ зохион байгуулах боломжтой бөгөөд яг л Сүмийн цуглааны байранд явагддаг цуглаантай адилхан юм”8 хэмээн хэлсэн.
Энэ зөвлөгөө нь ахлагч Дийн Л.Ларсэны “Манай Сүмийн барилгууд бол бишрэн шүтэж болох цорын ганц газар биш юм. Гэр орон маань мөн адил бишрэн шүтэх газар байх ёстой. Бид өдөр бүр ‘гэртээ сүмд явдаг’ бол маш сайхан байхсан. Зөвхөн гэр орон л Их Эзэний Сүнсийг хамгийн халуун дулаан хүлээж авдаг, үүнийг хамгийн амархан мэдэрч болох газар байх ёстой”9 хэмээн бидэнд хэлсэн.
Энэ бүхнийг гэр орондоо хэрэгжүүлэхийг хичээхдээ ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн: “Та [бидний] хийх ёстой Их Эзэний хамгийн чухал ажил [бидний] гэрийн дѳрвѳн хананы дотор явагдана гэдгийг санаарай”10 хэмээн хэлсэн чухал мэдэгдлийг санавал зохино.
Өнөөдөр бидний хүн нэг бүр гэр орноо, гал тогооны ширээгээ анхааралтай харж, тэнгэрийн нэгэн хэсгийг гэр орондоо авчран, Есүс Христэд очоосой хэмээн би уриалж байна.