“11-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (2-р хэсэг: Эхийн үүрэг)” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), 43–47
“11-р хичээл,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, 43–47
11-р хичээл
Эцэг эхийн ариун үүрэг
2-р хэсэг: Эхийн үүрэг
Хэрэгжүүлэх санаанууд
Өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн дараах санаануудын нэгийг эсвэл аль алиныг нь дага.
-
Гэр бүлийн тунхаг бидэнд “эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” хэмээн зөвлөсөн байдаг (энэ гарын авлагын ix хуудсыг үзнэ үү). Энэ гарын авлагын 41–42-р хуудсан дээрх эцгүүдэд, 45–47-р хуудсан дээрх эхчүүдэд хандан өгсөн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны 10 зөвлөгөөг ханьтайгаа хамт унш. Эдгээр үүрэгт ажлаа гүйцэтгэхэд хэрхэн хамтарч, бие биенээ дэмжиж болох арга замаа ярилц.
-
Ээждээ эсвэл эмээдээ захидал бич.
Унших даалгавар
Дараах өгүүллүүдийг судал. Хэрвээ та гэрлэсэн бол эдгээр өгүүллийг ханьтайгаа хамт унш.
“Эх хүн учраас”
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын
ахлагч Жэффри Р.Холланд
Эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх
Виктор Хьюгогийн зохиолын хэдэн мөр шүлгийг хуваалцъя.
“Тэр талхаа хоёр хуваан, хүүхдүүддээ өгөхөд тэд ховдоглон иднэ. ‘Тэр өөртөө жаахан хэлтэрхий ч авсангүй’ гэж ахлагчийг хэлэхэд
‘Тэр өлсөөгүй болохоор тэгээ байлгүй дээ’ гэж өөр нэг цэрэг хэлэв.
‘Үгүй дээ. Тэр эх хүн болохоор л’ гэж ахлагч хариуллаа.”
Айова, Небраска, Вайомингээр дайран өнгөрч, сэтгэл хөдлөм аялал хийсэн хүмүүсийн итгэл, эр зоригийг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ урт аяны турш бяцхан үрсээ харж хандан, тэднийхээ төлөө залбирч мөн олон ч хүүхдээ оршуулж байсан эхчүүдийг орчин үед төлөөлж буй та нартаа хүндлэл үзүүлэхийг зөвшөөрнө үү. Миний үгийг сонсож буй эх болохыг хүссэн ч болж чадаагүй эмэгтэйчүүдэд хандан хэлэхэд, үүний төлөө асгаруулсан таны болон бидний нулимсны хариуд Бурхан хэзээ нэгэн цагт “зэлүүд зүрх сэтгэлд итгэл найдварыг”1 авчирна гэдгийг би хэлмээр байна. Эдгээр адислал шууд ирэхгүй байлаа ч эцсийн эцэст итгэлтэй нэгнээс “ямар ч адислал далдлагдахгүй”2 хэмээн бошиглогчид энэ индрээс дахин дахин заасан. Ингэхдээ бид хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх дуудлага нь зөвхөн өөрийн хүүхдээр хязгаарлагдаагүйд баярладаг.
Эхчүүдэд хандан ярьснаараа би эцэг хүний амин бөгөөд нэн чухал үүргийг, ялангуяа орчин үед эцэггүй байх нь “манай цаг үеийн нийгмийн гол асуудал”3 болсон энэ үед үл ойшоож байгаа юм биш ээ. Үнэндээ, эцэггүй байх нь аав нь гэртээ байвч “холын зайн удирдлагаар” идэж ууж, унтаж, ярьдаг гэр бүлүүдийн хувьд ч асуудал юм. Гэхдээ энэ талаарх захиасыг хожим нэг өдөр санваартнуудад өгнө. Өнөөдөр би нярай хүүхдийг бүүвэйлдэг, зөв шударга байдлаараа үр хүүхдүүддээ зааж сургадаг, Их Эзэний зорилгын яг төвд нь байдаг эхчүүдээ магтан сайшаамаар байна.
Би ийн хэлэх дашрамдаа Паулын Тимотыг “Чамд буй жинхэнэ итгэл … анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий.”4 “Харин чи [хүүхэд байхаасаа]” “ариун судар бичгүүдийг мэдсэн”5 хэмээн магтан хэлсэн үгийг та нарт уламжилъя. Эдгээр үнэнийг хар багаас нь зааж сургасан бүх ээж мөн эмээ нарт бид талархаж байна.
Залуу эхчүүдийн гаргасан золиос
Эхчүүдийн талаар ерөнхийд нь ярих энэ дашрамд би залуу эхчүүдийг магтан сайшааж, урамшуулан дэмжмээр байна. Эх хүний ажил хэцүү бөгөөд ихэвчлэн хүний нүдэнд өртөлгүй өнгөрдөг. Залуу гэдэгт эхнэр, нөхрийн аль нэг нь эсвэл хоёулаа сургуульд сурч байгаа эсвэл нөхөр нь гэр бүлээ тэжээх чадвараа дөнгөж хөгжүүлж эхэлж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм. Санхүүгийн байдал нь хүрэлцэхгүй, бүр байхгүй байх үе ч бий. Орон байраа хуучин эдлэлийн дэлгүүрийн тавилгаар тохижуулсан эсвэл эд хогшил гэх юмгүй байна. Машин байвал дугуйных нь хээ нь элэгдсэн, түлш шатахууны сав нь хоосон байх нь олонтоо. Шөнө хүүхдээ хооллох мөн сүүн шүд нь ургах үед шөнөөр нойроо сайн авч чаддаггүй тул залуу эхчүүдэд тулгардаг хамгийн хүнд асуудал бол ядаргаанд орох явдал байдаг. Энэ насандаа эхчүүд өөр ямар ч хүнээс илүү бага нойроор ихийг бүтээж, өөртөө огтхон ч санаа тавихгүйгээр бусдад бүхнээ зориулдаг. Тэдний нүдний доорх хөх туяа заримдаа Роуд Айланд муж шиг том байвал гайхах хэрэггүй биз.
Тэд бол гадас, тойргийн туслах бүлэгтээ үйлчлүүлэхээр дуудахыг хүсдэг буюу дуудах хэрэгтэй эгч нар байдаг нь хэцүү. Энэ нь ойлгомжтой. Ирээдүйд Лой, Юник болох тэр залуухан эхчүүдийн гайхалтай сайхан үлгэр жишээ, нөлөөллийг хэн хүсэхгүй байх билээ? Бүгдээрээ ухаалаг байцгаа. Гэр бүл илүү чухал, ялангуяа тэрхүү төлөвших цаг үед бүхнээс илүү чухал гэдгийг бүү март. Тийм байсан ч бусад хүн тэдэнд болон гэр бүлд нь үйлчилж, хүчирхэгжүүлдэг шиг залуу эхчүүд гайхалтай сайхан арга замаар Сүмдээ итгэлтэй үйлчилдэг.
Залуу байхдаа хамгийн сайнаараа хичээж зүтгэ. Гэхдээ өөр юу ч хийж болох байсан гэлээ та нар өөрийн гэсэн тэрхүү өвөрмөц, таныг болон таны нялх үрсийг харж хандуулахаар тэнгэрээс хүртэл тэнгэр элчүүдийг илгээдэг тэрхүү үүргээ нүдний цөцгий мэт нандигнан хайрлаарай. Ялангуяа нөхрүүд болон Сүмийн удирдагчид, найз нөхөд нь тэдэнд тус дэм болж, мэдрэмжтэй, ухаалаг бай. “Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй”6 гэдгийг бүү март.
Эхчүүд ээ, бид та нарын хийдэг бүх зүйлээс тод томруун харагддаг итгэлийг тань хүлээн зөвшөөрч, эрхэмлэн дээдэлдэг. Та нарын итгэл тэр үед ч, одоо ч гэсэн мөнхөд үнэ цэнтэй байх болно гэдгийг мэдээрэй. Харин ямар нэгэн шалтгаанаар та энэ үүргээ хажууд тань хамт байх нөхөргүй ганцаараа нуруундаа үүрч байгаа бол бид таны төлөө улам ихээр залбирч, тусламжийн гараа эргэлзэлгүй сунгах болно.
Эх хүн Бурханы ажлыг хийдэг
Нэгэн залуу ээж гурван зүйлд санаа зовниж явдгаа саяхан надад бичсэн юм. Нэг дэх нь, тэр ХҮГ эхийн талаар хэлсэн үгийг сонсох болгондоо өөрийгөө энэ шалгуурт тэнцэхгүй эсвэл яагаад ч хийж чадахгүй юм байна гэж санаа зовнидог байв. Хоёр дахь нь, хүүхдүүд нь “гоо гоо” гэх мэт энгийн үг хэлж сурахаас ч өмнө тэдэнд унших, бичих, байрны дотоод засал, латин хэл, тоолол, интернэт гэх мэт зүйлсийг заахыг дэлхийнхэн түүнээс шаардаад байгаа мэт түүнд санагдаж байжээ. Гурав дахь нь, бусдын түүнд өгсөн зөвлөгөө, тэр ч бүү хэл хэлсэн магтаалын үгс Бурханы түүнээс болоосой хэмээн хүсдэг эх хүн болоход заримдаа шаардагддаг оюуны хөрөнгө оруулалт, гаргадаг сүнслэг болон сэтгэлийн хүчин чармайлтыг мөн өдөржин шөнөжин бүхий л хүчээ дайчлах хэрэгтэй гэдгийг огтхон ч тусгахгүй байгаа мэт санагдах тул хүмүүс заримдаа даажигнаж байгаа мэт санагддаг байв.
Гэвч нэг л зүйл түүнийг бууж өгөхгүй байхад тусалдаг гэж тэр хэлсэн юм. ‘Заримдаа уйлж, сайн муу юу ч тохиолдсон байлаа гэсэн би Бурханы ажлыг хийж байгаагаа сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг. Эх хүн болсноор би Түүнтэй мөнхөд түншилж байгаагаа мэддэг. Зарим хүүхэд нь Бурханыг уйлуулдаг ч Тэрээр эцэг хүн байхын эцсийн зорилго, утга учрыг олж хардагт миний сэтгэл гүнээ хөдөлдөг.
‘Дааж давшгүй гэж бодогдох тэр хүнд өдрүүдэд би ухааран ойлгосон зүйлээ эргэн санахыг хичээдэг’ гэж тэр хэлсэн юм. Чухамдаа бидний чадваргүй байдал, санаа зовнил биднийг Түүнд хандаж, Түүний бидэнд хариулах чадварыг нэмэгдүүлдэг байж болох юм. ‘Тэр биднийг санаа зовниж, Өөрөөс нь тусламж гуйгаасай хэмээн нууцаар хүсдэг байх. Тэгвэл Тэрээр ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгаралгүйгээр биднээр дамжуулан хүүхдүүддээ шууд зааж чадна гэдэгт би итгэдэг. Энэ санаа надад таалагддаг’ гээд ‘Энэ нь надад итгэл найдвар төрүүлдэг. Хэрэв би Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө зөв байж чадах юм бол хүүхдүүдэд маань зориулсан Түүний удирдамж саадгүй очих биз. Зөвхөн тэр үед л энэ нь Түүний ажил хийгээд Түүний алдар суу шууд болох буй заа.”7
Хүүхдүүд тань таныг адислагдсан нэгэн хэмээн дуудах болно
Иймэрхүү хэллэгийг авч үзвэл, тэр Роуд Айланд шиг хэмжээний нүдэн доорх хөх туяа нь живх сольж, машинаар ийшээ тийшээ зөөж давхиснаас биш, харин Бурханы хүслийн дагуу хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хүч чадлыг авахын төлөө чин сэтгэлээсээ, сэтгэлийнхээ угаас эрэлхийлэн олон шөнийг нойргүй өнгөрөөснөөс болсон нь тодорхой. Ийм итгэл, зүтгэл миний сэтгэлийг уяраадаг бөгөөд эхчүүд та нар бүгдээрээ гайхалтай гэдгийг би Их Эзэний нэрээр хэлж байна. Та нар үүргээ гайхалтай сайн гүйцэтгэж байгаа. Та нарт энэ үүрэг хариуцлагыг хүлээлгэн өгсөн явдал дангаараа Бурхан та нарт ямар их итгэдгийн мөнхийн нотолгоо юм. Хүүхэд төрүүлэх нь таныг шууд бүхнийг мэддэг хүмүүсийн хүрээнд аваачихгүй гэдгийг Тэр мэднэ. Хэрэв та болон таны нөхөр Бурханыг хайрлан, сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж, итгэлтэй хүмүүст амлагдсан Ариун Сүнсний удирдамж, тайтгарлыг хүсэн залбирч, энэ дэлхийд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж болох хамгийн ариун нандин амлалтуудыг өгч мөн хүлээн авахын тулд ариун сүмд орж, тэнгэрээс танд үзүүлээсэй хэмээн хүсэж буй хайр халамж, өрөвч сэтгэл, өршөөнгүй зүрх сэтгэлээр бусдад, тэр дундаа үр хүүхдүүддээ хандаж, хамгийн сайн эцэг, эх байхын тулд бүхий л хүч чадлаараа хичээвэл хүмүүний болон Бурханы танаас хийгээсэй хэмээн хүссэн бүхнийг хийсэн гэсэн үг.
Заримдаа хүүхэд, ач зээ нарын тань шийдвэр таны зүрх сэтгэлийг шархлуулна. Заримдаа хүлээлтүүд тэр даруй биелэхгүй. Эцэг эх бүр үүнд санаа зовдог. Бидний хайртай, гайхалтай сайн эцэг, ерөнхийлөгч Жозеф Ф.Смит хүртэл: “Ай! Бурхан минь ээ, өөрийн үрийг алдахгүй байхад надад туслаач”8 хэмээн гуйсан байдаг. Энэ бол эцэг эх бүрийн гуйлт, эцэг эх бүрийн айж явдаг зүйл юм. Гэвч оролдлого хийж, тасралтгүй залбирдаг хэн ч бүтэлгүйтэж байгаагүй. Та урмын үг сонсож, эцэст нь тантай адил зүйлд итгэж найдан, адил зүйлээс айн эмээж байсан эхчүүдийн адил үр хүүхдүүд тань таныг адислагдсан нэгэн хэмээн дуудна гэдгийг мэдэх бүрэн эрхтэй.
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүн байж болохын”9 тулд мөн баясгалантай байхын тулд Адам, тэр хоёр унах байсныг ухааран ойлгосон хүмүүний бүх гэр бүлийн эх, Евагийн агуу уламжлал та нарынх юм. Сара, Ребека, Рахел нарын үлдээсэн агуу уламжлал та нарынх юм. Тэдэнгүйгээр биднийг адисалдаг, Абрахам, Исаак, Иаков нарт өгөгдсөн патриархын гайхамшигт амлалтууд байхгүй байх байсан. Лой, Юник хоёрын мөн 2000 залуу дайчны эхчүүдийн үлдээсэн агуу уламжлал та нарынх юм. Энэ дэлхий үүсэхээс өмнө сонгогдон, урьдчилан томилогдож, Бурханы Хүүг хэвлийдээ олж, тээн, төрүүлсэн Мариагийн үлдээсэн агуу өв та нарынх юм. Би та бүгдэд, түүний дотор эхчүүддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ, Өөрийн охид хөвгүүдэд мөнх бус байдал хийгээд дэлхийн амьдралыг тохиолгон авчрах дээд тэнгэр дэх селестиел хаант улсад очиж, үхэшгүй байдал болон мөнх амьдралыг хүртээх боломж олгох Бурханы ажил хийгээд алдар сууд ийнхүү шууд оролцохоос илүү чухал зүйл үгүй гэдгийг хэлмээр байна.
Аврагчид мөнхөд найд
Хэрэв та Их Эзэнд зүрх сэтгэлээрээ номхон, даруу байж, нэгэн эхийн хэлснээр “энэ гайхамшигт үүрэг даалгавраа гүйцэтгэхэд хэрэгтэй удирдамж заавар, мэргэн ухаан, тусламж дэмжлэгийг хүсэж, гуйн, үүд хаалгыг тогшин нүдэх” юм бол уг үүд хаалга нээгдэн, үүрд мөнх нөлөө хийгээд тусламж үзүүлэх болно. Дэлхийн Аврагчийн өгсөн амлалтуудыг хүлээж ав. Таныг болон таны хүүхдүүдийг зовоож буй аливаа зүйлд Гэтэлгэлийн эдгээгч гаврыг хүс. Итгэсэн байхад танаас хамааралгүй буюу зөвөөр хэлбэл таны ачаар аливаа зүйлийг засан залруулж болдог гэдгийг ойлго.
Үүнийг ганцаар үйлдэх боломжгүй ч та тусламж авч болно. Тэнгэр, Газрын Эзэн, төөрсөн хоньдынхоо хойноос тууштай явдаг, алдсан зоосыг олохын тулд өчүүхэн жижиг газар ч үлдээлгүй шүүрддэг, үрэлгэн хүүгээ эргэж ирэхийг горьдлого тасрахгүй хүлээдэг Тэрээр таныг адислахад бэлэн. Таны ажил бол авралын ажил юм. Тиймээс өчүүхэн жижиг гэж бодсон ч та чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргах юм бол таныг нийцүүлж, дутууг тань нөхөж, байгаагаас тань дээр, байснаас тань илүү сайн болгох болно.
Эх хүн болохоор та өдөр бүр “Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой”10 гэснийг ахин дахин сана.
Түүнд найд. Аврагчид гүн, мөнхөд найд. Мөн “найдварын төгс гэрэлтэйгээр, … Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл.”11 Та Бурханы ажлыг хийж байгаа. Та нар ажлаа гайхалтай сайн гүйцэтгэж байгаа. Тэрээр таныг адисалж байгаа. Ялангуяа хамгийн хүнд хэцүү өдөр, шөнө тань таныг адисалж байгаа бөгөөд цаашид ч адислах болно. Нууцаар, сэмээрхэн, магадгүй эргэлзэж, ичиж байсан ч гэлээ хүмүүсийн дундуур зүтгэн урагшилсаар Эзэний хувцсанд хүрсэн эмэгтэйд хэлсний адил эхийн ажил үүрэгтээ санаа зовж, гайхширан, заримдаа уйлдаг эмэгтэйчүүдэд хандан Христ “Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав”12 хэмээн хэлнэ. Энэ нь үр хүүхдүүдийг тань ч гэсэн эдгээх болно.
Сионы эхчүүдэд хандан хэлэхэд
Сүмийн 13 дахь ерөнхийлөгч
Эзра Тафт Бэнсон
Сион дахь эхчүүд ээ, Бурханаас та нарт өгсөн үүрэг хариуцлага таны өргөмжлөлд мөн гэр бүлийн тань аврал, өргөмжлөлд нэн чухал юм. Мөнгөөр худалдан авч болох бүх зүйлээс илүү хүүхдэд эх нь хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь тэдэнд өгч болох хамгийн том бэлэг юм.
Сион дахь эхчүүдийг хайрлаж, хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж болох 10 тодорхой арга замыг би эхчүүд та нарт одоо санал болгоё.
Замын уулзвар дээр тосон зогс. Нэгдүгээрт, хүүхдүүдээ орж, гарахад болон сургуульдаа явах, ирэхэд нь, мөн болзоонд явах, ирэхэд нь болон найз нөхдөө гэртээ авчрахад нь үргэлж цаг зав гарган замын уулзвар дээр тосон зогсож байгаарай. Хүүхэд тань зургаан настай байна уу, арван зургаан настай байна уу хамаагүй, замын уулзвар дээр тосон зогсоорой. Сургаалт үгс дээр “харин зөнгөөр өссөн хүүхэд эхийгээ гутаана” (Сургаалт үгс 29:15) гэсэн байдаг. Өнөөгийн нийгмийн хамгийн том асуудал бол өдөр бүр хоосон гэрт ирж, ажилдаа явсан эцэг эхийнхээ хараа хяналтаас гадуур өсдөг хүүхдүүд юм.
Жинхэнэ найз нь бай. Хоёрдугаарт, цаг зав гарган, хүүхдүүдийнхээ жинхэнэ найз нь бай. Хүүхдүүдээ сонс, үнэхээр сонс. Тэдэнтэй ярьж, инээлдэж, хошигнож, дуулж, тоглож, уйлж, тэднийгээ тэвэрч, чин сэтгэлээсээ магтан сайшаа. Тийм ээ, хүүхэд бүртэйгээ яаралгүй, ганцаарчлан тогтмол уулзаж бай. Хүүхдүүдийнхээ жинхэнэ найз нь бай.
Хүүхдүүддээ ном уншиж өг. Гуравдугаарт, ээжүүд минь, хүүхдүүддээ цаг гарган ном уншиж өгч бай. Манцуйтай байхаас нь эхлэн хөвгүүд, охидодоо ном уншиж өг. Нэгэн яруу найрагчийн хэлснийг буюу
Та нар тоймгүй их хөрөнгөтэй,
авдар дүүрэн эрдэнэс, хайрцаг дүүрэн алттай байж болно.
Гэхдээ та нар хэзээ ч над шиг баян чинээлэг болохгүй.
Учир нь надад ном уншиж өгдөг ээж байсан гэснийг санаарай.
(Strickland Gillilan, “The Reading Mother.”)
Та хүүхдүүддээ тогтмол уншиж өгснөөр сайн ном зохиолыг мөн судрыг жинхэнээсээ хайрладаг болно.
Хүүхдүүдтэйгээ хамт залбирч бай. Дөрөвдүгээрт, цаг гарган хүүхдүүдтэйгээ хамт залбирч бай. Эцгийн удирдлаган доор гэр бүлээрээ өглөө, орой бүр тогтмол залбирдаг байвал зохино. Хүүхдүүдийнхээ дээр тэнгэрийн адислалуудыг дуудан авчирснаар өөрийн итгэлийг тэдэнд мэдрүүл. Иаковын үгээр хэлэхэд, “Зөвтийн [эхийн] залбирал … ихийг гүйцэлдүүлж чадна” (Иаков 5:16). Гэр бүлийн болон хувийн залбиралд хүүхдүүдээ оролцуулан, Тэнгэрлэг Эцэгтээ хандан хэлсэн уянгалаг сайхан үгсэд нь баярла.
Долоо хоног бүр гэр бүлийн үдэш хий. Тавдугаарт, долоо хоног бүр цаг гарган, утга учиртай гэр бүлийн үдшийн цуглаан хий. Нөхрийнхөө удирдлаган доор долоо хоног бүр сүнслэг бөгөөд урам зориг бүхий гэр бүлийн үдэшт оролц. Хүүхдүүдээ идэвхтэй оролцуул. Тэдэнд зөв зарчмуудыг заа. Үүнийг гэр бүлийнхээ чухал уламжлал болго. Гэр бүлийн үдшийг Сүмд анх танилцуулахад ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн өгсөн дараах гайхамшигт амлалтыг сана. Тэрээр “Хэрэв гэгээнтнүүд энэ зөвлөгөөг дуулгавартай дагавал үр дүнд нь агуу адислалууд ирэх болно гэдгийг бид амлаж байна. Ингэснээр гэр орон дахь хайр, эцэг эхдээ дуулгавартай байх явдал өсөн нэмэгдэх болно. Израилын өсвөр үеийнхний зүрх сэтгэл дэх итгэл өсөж, тэд тойрон хүрээлэх хилэнцэт нөлөө, уруу таталттай тэмцэх хүч чадлыг олж авах болно” гэжээ (James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. [1965–1975], 4:339). Энэ гайхамшигт амлалт өнөөдөр ч хүчинтэй.
Хооллох цагаараа хамтдаа бай. Зургаадугаарт, боломжийнхоо хэрээр хооллох цагаараа хамтдаа бай. Хүүхдүүд өсөн томорч, амьдрал завгүй болоход хамтдаа хооллох хэцүү болдог. Гэхдээ эцэг, эх, үр хүүхдүүд хичээвэл хоолны цагаар хөгжилтэй яриа өрнүүлж, өдрийнхөө төлөвлөгөө, үйл ажиллагааг хуваалцаж, зааж сургах онцгой боломж гарч ирдэг.
Өдөр бүр судруудаас унш. Долоодугаарт, өдөр бүр цаг гаргаж гэр бүлээрээ судраас уншиж бай. Хувиараа судраас унших нь чухал ч гэр бүлээрээ унших нь амин чухал. Тэр тусмаа гэр бүлээрээ Мормоны Номоос унших нь гэр орныхоо сүнслэг байдлыг өсгөн нэмэгдүүлж, эцэг эх, үр хүүхдүүдийн аль алинд нь уруу таталтыг сөрөн зогсох мөн Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох хүчийг олж авах болно. Мормоны Ном нь гэр бүлийн тань амьдралыг өөрчилнө гэдгийг би амлаж байна.
Аливаа зүйлийг гэр бүлээрээ хамт хийж бай. Наймдугаарт, гэр бүлээрээ цаг гарган аливаа зүйлийг хамтдаа хий. Гэр бүлээрээ зугаалгаар явах, гадаа салхинд гарах, төрсөн өдөр тэмдэглэх, аялалд явах зэргийг онцгой дурсамж үлдээх цаг мөч болго. Боломжтой үед гэр бүлийн нэг гишүүн сургуулийн тоглолт, спортын тоглоомд оролцох, үг хэлэх, үзүүлэн тоглолтод оролцож байвал гэр бүлээрээ хамтдаа очиж үз. Сүмийн цуглаанд хамтдаа оролцож, болж өгвөл гэр бүлээрээ хамт суу. Эх нь гэр бүлдээ хамтдаа залбирч, тоглоход тусалдаг бол тэд хамтдаа үлдэж, хүүхдүүдийнхээ амьдралыг мөнхөд адисална.
Хүүхдүүддээ зааж сурга. Есдүгээрт, эхчүүд ээ, хүүхдүүддээ цаг гарган зааж сурга. Зааж сургах боломжийг бүү алд. Хооллох үеэр болон ердийн хүрээнд мөн онцгой үеэр хамтдаа суух, өдрийн эцэст орных нь хөлд суух эсвэл өглөө эрт хамт алхах гэх мэтээр үүнийг өдрийн аль ч цагт хийж болно. Эхчүүд ээ, та нар хүүхдүүдийнхээ хамгийн сайн багш. Энэ үнэ цэнт үүрэгт ажлаа өдөр өнжүүлэхэд юм уу асрагчид бүү шилжүүл. Эхийн хайр, хүүхдүүдээ гэх халамж бол тэдэнд зааж сургахын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудыг заа. Тэдэнд сайн байх нь зөв зүйтэй гэдгийг заа. Гэм нүгэл дотор аюулгүй байна гэсэн баталгаа байхгүйг заа. Тэдэнд Есүс Христийн сайн мэдээг мөн үүний бурханлаг байдлын талаарх гэрчлэлийг заа.
Хөвгүүд, охидодоо даруу төлөв байхыг мөн эмэгтэй, эрэгтэй хүнийг хүндэтгэхийг заа. Хүүхдүүддээ бэлгийн цэвэр ариун байдал, зөв болзох жишиг, ариун сүмийн гэрлэлт, номлолын үйлчлэлийн болон Сүмийн дуудлагыг хүлээн авах, эрхэмлэн биелүүлэхийн ач холбогдлыг зааж сурга.
Ажил хөдөлмөрт дуртай байхыг, сайн боловсролын үнэ цэнийг заа.
Зөв зохистой зугаа цэнгэлийн, тухайлбал зохистой кино, видео бичлэг, дуу хөгжим, ном, сэтгүүлийн ач холбогдлыг тэдэнд заа. Порнограф, хар тамхины хор хөнөөлийн талаар ярьж, цэвэр амьдралын үнэ цэнийг тэдэнд заа.
Тийм ээ, эхчүүд ээ, хүүхдүүддээ сайн мэдээг гэр орондоо, гал голомтдоо зааж сурга. Энэ нь өөрийн хүүхдүүдэд зааж сургах хамгийн үр дүнтэй арга зам. Энэ бол Их Эзэний зааж сургадаг арга зам юм. Сүм тантай адил зааж чадахгүй. Сургууль ч зааж чадахгүй. Өдөр өнжүүлэх ч зааж чадахгүй. Харин та чадна. Их Эзэн танд тусалж дэмжинэ. Хүүхдүүд тань таны сургамжийг хэзээ ч мартахгүй бөгөөд өтлөх насандаа ч үүнийгээ орхихгүй. Тэд таныг адислагдсан нэгэн, жинхэнэ тэнгэр элч эх хэмээн дуудах болно.
Эхчүүд ээ, ийм тэнгэрлэг байдлаар, эхийн хувьд зааж сургахад цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг хагас цагаар үр дүнтэй гүйцэтгэх боломжгүй. Хүүхдүүдээ аварч, өргөмжлөхийн тулд үүнийг цаг тутам хийх ёстой. Энэ бол таны тэнгэрлэг дуудлага.
Хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрла. Аравдугаарт, эхчүүд ээ, цаг гарган хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрла. Эхийн хэмжээлшгүй хайр Христийн хайртай дүйцдэг.
Хүүгийн эхдээ үзүүлсэн хүндлэлийн сайхан үгсийг уншина уу. Тэр “Би ээжийнхээ сонгуулийн талаарх үзэл бодол, олны дундах нэр хүнд, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, хоолны дэглэм барих, хүний удмын санг сайжруулах талаарх бодол санааг огтхон ч санадаггүй. Одоо эргэн харахад ээж минь намайг хайрладаг байсан нь л он цаг өнгөрөхөд шигшигдэж үлдсэн байна. Тэр надтай хамт зүлгэн дээр хэвтэж, түүх ярьж өгч, хүүхдүүд бидэнтэйгээ гүйлдэж, нуугдаж тоглодог байлаа. Тэр дандаа намайг тэвэрдэг байсан. Энэ нь надад таалагддаг байв. Тэр нүүр дүүрэн инээмсэглэдэг байлаа. Миний хувьд түүний царай яг Бурханых шиг, тухайлбал Түүний тухай гэгээнтнүүд хүндэтгэн өгүүлж, дуулсны адил харагддаг байсан гээч! Амьдралдаа мэдэрч байсан бүх таатай мэдрэмжийг ээжийнхээ өвөр дээр авирч гарахтай мөн дүүжин сандал дээрээ нааш цааш бүүвэйлж, аялан унтуулахыг мэдрэхтэй харьцуулахын аргагүй. Энэ талаар бодох зуур, орчин үеийн гайхалтай ойлголт, төлөвлөгөө бүхий эмэгтэй хүүхдүүдээ аз жаргал эсвэл уй гашууд хүргэх ямар хүчирхэг хүчин зүйлсийг бүрдүүлж өгч байгаагаа ухааран ойлгодог болов уу? Цэвэр ариун хайр, анхаарал халамж хүүхдийн амьдралд ямар их ач холбогдолтой болохыг тэр ойлгодог болов уу?
Эхчүүд ээ, өсвөр насны хүүхдүүдэд тань яг ийм хайр, анхаарал халамж хэрэгтэй. Ихэнх эцэг эхэд бага залуудаа хүүхдүүддээ хайраа илэрхийлж, харуулах амархан, харин нас ахих тусам хэцүү болдог юм шиг санагддаг. Үүн дээрээ залбирч байгаад ажиллаарай. Эцэг эх, үр хүүхдүүдийн хооронд он цагийн ангал үүсэх ёсгүй бөгөөд үүний гол түлхүүр бол хайр юм. Манай залуучуудад зоргоор нь тавих явдал биш, хайр, анхаарал халамж хэрэгтэй. Эцэг эх нь тэднийг үл тоомсорлохын оронд зовлонг нь мэдэрч, ойлгодог байх хэрэгтэй. Эцэг эхийнх нь цаг зав тэдэнд хэрэгтэй. Эхийн өрөвч сайхан сэтгэлээр заасан сургаал, өсвөр насны охин, хүүгээ гэх хайр, тэдэнд итгэх итгэл дэлхийн хилэнцээс хүүхдүүдийг аварна.