Институт ба семинар
‘Мөнхийн гэр бүл’ ангийн багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 200)


“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн гарын авлагын оршил (Шашин судлал 200)

Шашны багшаас юу хүсэн хүлээдэг вэ?

Та заахад бэлтгэж байхдаа шашны институт, семинарын зорилгыг ойлгох нь чухал юм:

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авах зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслах явдал мөн” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012 он], x).

Та сайн мэдээний дагуу амьдарч, суралцагчдадаа сайн мэдээг үр дүнтэй заан, ангийг эсвэл хөтөлбөрийг зүй ёсоор удирдан явуулснаар энэ зорилгодоо хүрч чадна. Та эдгээр арга замаар бэлтгэж, сайн мэдээг заах үедээ Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахад бэлтгэгдэнэ (С ба Г 42:14-ийг үзнэ үү).

Энэ нь суралцагчдад итгэлээ хүчирхэгжүүлэн, хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд Сүнсээр суралцахад нь туслах таны боломж юм. Та суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээний чухал сургаал, зарчмуудыг олж тогтоон, ойлгож, үнэн ба ач холбогдлыг мэдэрч мөн хэрэгжүүлэхэд удирдан залснаар тэдэнд энэ зорилгодоо хүрэхэд тусалж чадна.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь заах үйл явцыг болон ангидаа хэрхэн амжилттай байх талаар ойлгоход туслах нэн чухал эх үүсвэр юм.

Энэ ангийн зорилго юу вэ?

“Мөнхийн гэр бүл” (Шашин судлал 200) анги нь авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг гэр бүлийн гол үүргийн талаар судар ба орчин үеийн бошиглогчдын үгсээс судлах судлал юм. Ангид заах сургаал, сэдэв, зарчмуудыг гол төлөв “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас (Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) авсан болно. Энэ ангид гэрлэлт, гэр бүлтэй холбоотой асуулт, асуудлуудыг Есүс Христийн сайн мэдээний агуулгын хүрээнд судлан, ярилцаж, дүгнэнэ.

Энэ анги суралцагчдад гэрээ хийх, сахих мөн энэ амьдрал болон ирэх амьдралд авах адислалуудын хоорондын уялдаа холбооны талаар илүү сайн ойлголт өгнө. Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой сургаал, зарчмуудыг олж тогтоон, задлан авч үзсэнээр тэдгээр нь өнөөдрийн нөхцөл байдалд хэрхэн хамаатай болохыг суралцагчид ойлгох болно. Суралцагчид яагаад орчин үеийн бошиглогчдын сургаалд итгэж, дагах ёстой талаар илүү сайн ойлголттой болно.

Суралцагчаас юуг хүсэн хүлээдэг вэ?

Суралцагчид институт төгсөх шаардлагын дагуу кредит оноо авахын тулд хичээл бүрийн Суралцагчийн унших материал хэсэгт жагсаасан судрын хэсэг, Ерөнхий чуулганы үг, бусад материалыг уншсан байх ёстой. Суралцагчид ирцийн шаардлагыг хангаж, ангид ашиглагдах материалын талаарх мэдлэгээ харуулсан байх ёстой.

Энэ гарын авлагын хичээлүүд хэрхэн зохион байгуулагдсан бэ?

Энэ нь тус тус 50 минут үргэлжлэх 28 хичээлээс бүрдсэн, нэг улирал заахаар төлөвлөгдсөн анги болно. Хэрэв танай анги долоо хоногт хоёр удаа цуглардаг бол анги болгонд нэг хичээл заа. Хэрэв танай анги долоо хоногт нэг удаа 90-100 минутаар хичээллэдэг бол анги болгонд хоёр хичээлийг нэгтгэн заа. Хичээл бүрийн хөтөлбөр дөрвөн хэсгээс бүрдэнэ:

  • Оршил

  • Нөхцөл байдлын тухай унших материал

  • Заах зөвлөмж

  • Суралцагчийн унших материал

Оршил

Энэ хэсэг нь хичээлийн сэдэв, зорилгын талаар товч танилцуулна.

Нөхцөл байдлын тухай унших материал

Энэ хэсэг нь хожмын үеийн бошиглогчдын захиас гэх мэт хичээлийн хөтөлбөрт орсон сургаал, зарчим, сайн мэдээний үнэнүүдийг илүү сайн ойлгоход тань тусалж болох материалуудыг санал болгодог.

Заах зөвлөмж

Заах зөвлөмж хэсэгт юу заах мөн хэрхэн заахад аль алинд нь туслах материалууд орсон (мөн Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 4.3.3 ба 4.3.4-р хэсгүүд-ийг үзнэ үү). Санал болгосон суралцах үйл ажиллагаанууд нь суралцагчдад ариун нандин үнэнүүдийг олж тогтоон, ойлгож, хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Та өөрийн заах арга барил, суралцагчдынхаа хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан зөвлөмжүүдээс заримыг эсвэл бүгдийг ашиглахаар сонгож болно. Хичээлийн материалыг хэрхэн ашиглах талаар эргэцүүлэн бодохдоо Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг дага:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Миний мэдэхээр, ерөнхийлөгч Пакэр бидэнд эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохиц хэмээн байнга заадаг байсан. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийгээ заахдаа Сүнсийг дагаж, дасан зохицож чадна. Гэвч энэ уян хатан байдлын талаар ярихад, эхлээд хүлээн авахын оронд дасан зохицох уруу таталт гарч ирдэг юм. Энэ нь тэнцвэртэй байлгах явдал юм. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд хүлээн авч, дараа нь дасан зохицох гэсэн хандлага нь зөв газар дээрээ бат бөх зогсох хамгийн сайн арга зам болно” (“Aхлагч Даллин Х.Өүкстэй хийсэн ярилцлага” [Шашны институт, семинарын шууд нэвтрүүлэг, 2012 оны 8-р сарын 7], si.lds.org).

Энэхүү сургалт нь олон хэлээр унших боломжтой Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийг багтаадаг. Та хичээлээ заахаар бэлтгэхдээ хичээлийн сэдэвтэй холбоотой Сүмийн удирдагчдын хэлсэн бусад үгийг ашиглаж болно.

Заах зөвлөмж хэсэгт тодоор бичсэн хамгийн багадаа нэг сургаал эсвэл зарчим орсон байна. Суралцагчид эдгээр сургаал, зарчмыг судалж, сурч мэдсэнээ хуваалцана. Тэдний хэлэх үгс гарын авлагад бичигдсэнээс өөр байж болно. Ийм тохиолдолд тэдний хариулт буруу байна гэсэн ойлголт өгөхгүй байхад анхаар. Гэхдээ тодорхойлолт нь илүү оновчтой байх шаардлагатай бол ойлголтыг болгоомжтой залруулж тусал.

Энэ хөтөлбөр нь сайн мэдээг зааж, суралцах зарчмуудыг хэрхэн сэдэвчилсэн ангитай холбохыг харуулдаг (Gospel Teaching and Learning, 10, 23–31, 38–41-ийг үзнэ үү). Ирэх саруудад институт, семинарууд сайн мэдээг зааж, суралцах зарчмуудыг хэрхэн сэдэвчилсэн ангитай холбохыг тайлбарлах “Шашны институтэд судруудыг зааж, судлах нь” нэртэй материалыг хэвлэж гаргах болно.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар сайн мэдээг сэдэвчлэн судлахаас ирдэг зарим ашиг тусыг тодорхойлжээ:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Судрыг эхнээс нь дуустал унших нь мэдлэгийн үндсэн цар хүрээг тэлдэг бол сэдэвчлэн судлах нь мэдлэгийг маань илүү гүнзгийрүүлдэг. Уялдаа холбоо, загвар, сэдэв зэргээр илчлэлтүүдийг эрэлхийлэх нь бидний сүнслэг мэдлэг дээр тулгуурлаж, үүнийг өргөжүүлэн тэлдэг … ; мөн энэ нь авралын төлөвлөгөөний тухай бидний ойлголтыг өргөжүүлдэг.

Миний бодлоор уялдаа холбоо, загвар, сэдэв зэргийг олж нээхийн тулд хичээнгүйлэн эрэлхийлэх нь Христийн үгэн дээр ‘найрлах’-ын нэг хэсэг юм. Энэ арга нь сүнслэг агуулахын цоожийг онгойлгон, Түүний Сүнсээр дамжуулан бидний ойлголтыг гэгээрүүлж, ариун судруудад гүн гүнзгий талархах сэтгэлийг болон өөр ямар ч арга замаар олж авч чадахгүй сүнслэг итгэл үнэмшлийг бий болгодог. Иймэрхүү эрэл хайгуул нь Гэтэлгэгчийн хадан дээр сууриа тавьж, эдгээр хожмын өдрүүд дэх ёс бусын салхинд туугдалгүй тууштай үлдэх боломжийг бидэнд өгдөг” (“A Reservoir of Living Water” [Бригам Янгийн Их сургууль, галын дэргэдэх цугларалт, 2007 оны 2-р сарын 4], 3, speeches.byu.edu).

Суралцагчийн унших материал

Энэ хэсэгт судрын хэсэг, Сүмийн удирдагчдын хэлсэн үг болон хичээлүүдэд онцолсон сэдвүүдийн талаарх суралцагчдын ойлголтыг тэлэх бусад материалыг жагсаасан байдаг. Суралцагчдад хичээлд ирэхээсээ өмнө эдгээр материалыг уншдаг байхыг даалгаж, урамшуулан дэмж. Тэд эдгээр сүнслэг нөлөө бүхий материалыг судалснаараа ангид болох ярилцлагуудад оролцоход илүү сайн бэлтгэгдэхээс гадна ангийн сэдвүүдийн талаар илүү өргөн бөгөөд гүнзгий ойлголт олж авна. Улирлын эхэнд Суралцагчийн унших материалын бүх жагсаалтыг суралцагчдад тарааж өг.

Би заахад хэрхэн бэлтгэх вэ?

Их Эзэн таныг заахаар бэлтгэх үед туслах болно. Та бэлтгэх үедээ өөрөөсөө дараах зүйлсийг асуух нь ашиг тустай байж болох юм:

  • Би хичээл бэлтгэн, зааж байхдаа Сүнсийг хүлээн авах чадвартай байхын тулд сайн мэдээний дагуу амьдрахыг хичээж байна уу?

  • Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахаар залбирсан уу?

  • Би оноосон судрын хэсгүүдийг болон нөхцөл байдлын тухай унших материалуудыг судалсан уу?

  • Би сургалтынхаа хөтөлбөрийг уншиж, суралцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад зохицуулж эсвэл тааруулах шаардлагатай ямар нэг зүйл байгаа эсэхийг олж тогтоосон уу?

  • Би суралцагчид унших материалаас сурч авах боломжтой зүйлээ сурч байгаа эсэхийг бататгахын тулд тэдний унших явцыг хэрхэн шалгаж чадах вэ?

  • Би суралцагч бүрийг хичээлд бүрэн оролцоход нь хэрхэн тусалж чадах вэ?

Дараах зөвлөмж мөн тус болж болно:

  • Суралцагчдыг хичээл болгоны өмнө даалгасан судрын хэсгүүдийг болон нийтлэлүүдийг уншихад урамшуулан дэмж.

  • Суралцагчдаас суралцагчийнхаа үүргийг биелүүлэхийг хүс.

  • Суралцагчдад сургаал, зарчмуудыг өөрийн үгээр тайлбарлаж, тэдгээртэй холбоотой туршлагаасаа хуваалцаж, мэддэг болон мэдэрч байгаа зүйлсийнхээ талаар гэрчлэх боломжийг байнга гаргаж өг.

  • Та өдрөөс өдөрт, анги болгонд ашиглах сургалтын үйл ажиллагаа, заах арга барилаа өөрчил.

  • Сүнсийг урин залж, суралцагчдад нэг нэгнээсээ сурах, заах боломж болон үүрэг хариуцлага олгох сургалтын орчин бүрдүүл (С ба Г 88:78, 122-ыг үзнэ үү).

  • Хичээлийн турш судар судлах тодорхой ур чадварын талаарх тайлбарууд гарч ирнэ. Тэдгээр боломжийг ашиглан суралцагчдад судраас илүү бие даан судалдаг мөн амьдралынхаа туршид судраас суралцах хүсэлтэй болоход нь тусал.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт ийнхүү заасан байдаг:

Ахлагч Ричард Г.Скотт

“Суралцагчид сонгох эрхээ ашиглах нь Ариун Сүнсэнд зааварлах эрхийг олгодог учраас тэдэнд хичээлд чөлөөтэй оролцох боломж олго. … Суралцагчдыг үнэнийг үгээр илэрхийлэх үед тэр нь тэдний бодгальд батлагдан, хувийн гэрчлэл нь хүчирхэгждэг” (“To Understand and Live Truth,” [ахлагч Ричард Г.Скотттой хамт өнгөрүүлсөн нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 3;si.lds.org).

Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн тааруулан зохицуулах вэ?

Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуулаарай. Тэдэнд амжилт гаргахад нь туслах үүднээс үйл ажиллагаа ба тавигдах шаардлагыг тааруулан зохицуул. Тэднийг хайрлаж, хүлээн зөвшөөрдгөө мөн тэд хамт олны нэг гэдгийг нь мэдрүүл. Итгэлцлийн харилцаагаа хөгжүүл.

Нэмэлт санаа, эх сурвалж шаардлагатай бол disabilities.lds.org дээрх Disability Resources буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эх сурвалжууд хуудаснаас мөн Шашны институт, семинарын бодлогын гарын авлага дахь “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулсан анги, хөтөлбөрүүд” нэртэй хэсгээс зөвлөмж ав.