25-р хичээл
Гэр бүлийн асуудалтай үед итгэлээ хөгжүүлэх нь
Оршил
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т “тахир дутуу болох, нас нөгчих болон бусад (гэр бүлийн) нөхцөл байдалд хувь хүн зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно. Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед туслан дэмжвэл зохино” гэж заасан байдаг (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд Есүс Христийн сайн мэдээ нь шаардлагатай байдлаар дасан зохицох арга хэмжээ авахад хэтийн төлөв, хүч чадал өгдөг.
Уг сэдвийн талаар унших үндсэн материал
-
Дэвид A.Бэднар, ““The Atonement and the Journey of Mortality,” Ensign, 2012 оны 4-р сар, 40–47
-
“Strengthening the Family: Adapting to Circumstances,” Ensign, 2005 оны 12-р сар, 34–35.
Заах зөвлөмж
1 Нифай 16:34–39; 17:1–4
Гэр бүлд бэрхшээл тулгарсан нөхцөлд дасан зохицох нь
Хичээлээ эхлэхдээ Сүмийн удирдагчид бидэнд туйлын сайнд хүрэх гэж тэмүүлэх, хадгалах талаар байнга зааж өгдөг бөгөөд үүнд хамгийн сайн гэрлэлт, гэр бүл хамаарна хэмээн тайлбарласнаар эхэл. Гэвч зарим тохиолдолд амьдралын нөхцөл байдал биднийг тэрхүү туйлын сайн зорилгод хүрэхэд саад болдог. Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.
Бид сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан туйлын сайн гэр бүл гэж байдаг тухай мэдэж авдаг. Энэ бол зохистой Мелкизедек санваартан ба түүнтэй лацдан холбуулсан шударга эхнэр, мөн гэрээнд төрсөн эсвэл тэдэнтэй лацдан холбуулсан хүүхдүүдээс бүрдсэн гэр бүл юм. Эх нь гэр орондоо хайр, үйлчлэлийн орчинд байж, эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр жишээ, заавар зөвлөгөөгөөр Их Эзэний замнал ба Түүний үнэнүүдийн талаар сургадаг. Тэд гэр бүлийн тунхагт тусгасан бурханлаг үүрэг хариуцлагаа гүйцэтгэдэг юм. Тэдний хүүхдүүд төрснөөсөө эхлээд сурсан сургаалуудаа дагаж өсдөг. Тэд дуулгавартай байдал, зөв шударга байдал, Бурханы хайр ба Түүний ариун төлөвлөгөөнд итгэн, зан чанарыг төлөвшүүлдэг юм” (“First Things First,” Ensign, 2001 оны 5-р сар, 7).
-
Ямар үйл явдал, нөхцөл байдлууд туйлын сайн гэр бүлийн нөхцөл байдалд хүрэхэд бидэнд хэсэг хугацаагаар саад болж болох вэ? (Хариулт нь дараах зүйлс байж болно. Үүнд: үхэл, хөгжлийн бэрхшээлтэй болох, гэр бүл салах, хүүхэдтэй болох боломжгүй байх, ажилгүй болох, эцэг эхчүүд олон газар зэрэг ажиллах.)
-
Гэр бүлийн байдал маань туйлын сайн биш байгаа бол Бурхан Тэнгэрлэг Эцэг маань биднийг юу хийхийг хүсэж байгааг олж мэдэхийн тулд суралцагчдаас гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрийг уншихад урь.
“Тахир дутуу болох, нас нөгчих болон бусад нөхцөл байдалд хувь хүн зайлшгүй дасан зохицох шаардлага гарч болно. Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед туслан дэмжвэл зохино. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).
Дараа нь дараах мэдэгдлийг уншиж өгч, суралцагчдыг сорилт ирсэн үед гэр бүлүүд хэрхэн шинэ нөхцөл байдалд дасан зохицож болох талаар олж мэдэхэд урь:
“Төгс дэлхийд бүх насанд хүрэгчид аз жаргалтай гэр бүл болцгоосон байх ба гэрлэлт болгон нь хүүхдүүдээр адислагдаж, гэр бүлийн бүх гишүүн нь эрүүл, дуулгавартай, бие биедээ тус дэм үзүүлдэг байх болно. Гэвч амьдрал ховорхон тохиолдолд төгс байдаг. Хувь хүн бүрд саад тотгор тулгардаг, мөн ямар ч гэр бүл байсан бай замнал нь асуудлаас бүрэн чөлөөт байдаггүй. …
Өвчин тусах, хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэл, гэр бүл салалт болон бусад сүйрүүлэгч хүчин зүйл нь сорилтуудыг бий болгодог. Ийм нөхцөл байдалд шинэ үүрэгт нь ‘хувь хүн дасан зохицох’ шаардлагатай байж болох юм. Эцэг хүн гэрийн ажил ба хүүхдүүдээ асрах талаар нэмэлт хариуцлага хүлээж болох юм. Эсвэл бүтэн цагаар гэр орноо хариуцдаг байсан эх хүн ажилд орох шаардлагатай болж болно. Хүүхдүүд хүртэл шинэ үүрэг хариуцлагыг хүлээх хэрэгтэй болж магадгүй.
Сэтгэл санаа зовоосон таагүй үйл явдлууд тохиолдсон үед төрөл төрөгсөд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай болж болох юм. Дэмжлэг туслалцаа нь санхүүгийн туслалцаа үзүүлэхээс авахуулаад хүүхдүүдийг харж өгөх цаг гаргах, гэрийн ажилд туслах, өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнийг асрах хүртэлх олон зүйл байж болно. Хамаатан садангуудын дэмжлэг туслалцааны хэр хэмжээ уг гэр бүлийн нөхцөл байдал ба хэрэгцээнээс шалтгаалдаг” (“Strengthening the Family: Adapting to Circumstances,” Ensign, 2005 оны 12-р сар, 34–35).
-
Хүнд сорилт тохиолдсон үед гэр бүлүүд эсвэл хувь хүмүүс ямар дасан зохицох өөрчлөлтийг хийж болох вэ?
-
Гэр бүлүүд эсвэл хувь хүмүүс хүнд хэцүү нөхцөл байдалдаа дасан зохицож, хүчтэй байхын тулд ямар өөрчлөлт хийж байгааг та нар харж байсан бэ?
-
Та нар хэзээ хамаатан садангууд хэрэгтэй үед дэмжлэг туслалцаа үзүүлж байхыг харж байсан бэ?
Нэг суралцагчийг Далын ахлагч Мэррилл Ж.Бэйтмэний хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь: Ахлагч Бэйтмэн хүнд нөхцөл байдалд байгаа гэр бүлүүдэд хэрхэн тусалж болох талаар юу хэлсэн байгааг сонсохыг ангийнхнаас хүс.
“Сорилт, бэрхшээл олон хэлбэртэй байдаг: хайртай хүн нь нас барах, төсөөлж байснаас өөр гэрлэлт байх, гэрлэхгүй байх, гэр бүл салах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх, хүүхэдтэй болж чадахгүй байх, ажил хөдөлмөрөө алдах, эцэг эхчүүд алдаа дутагдал гаргах, хүү эсвэл охин нь буруу замаар орох, эрүүл мэнд муудах гэх мэт. Энэ жагсаалт төгсгөлгүй юм. Бурхан яагаад Өөрийнхөө төлөвлөгөөнд урам хугарах, өвчин, зовлон, үхэл гэх зэрэг зүйлийг зөвшөөрсөн бэ? …
“Авралын төлөвлөгөө, дэлхийн өмнөх болон дэлхийн амьдрал мөн үхлийн дараах амьдралын талаар ойлголттой байх нь мөнхийн хэтийн төлөвийг өгдөг” (“Living a Christ-Centered Life,” Ensign, 1999 оны 1-р сар, 13).
-
Бурханы төлөвлөгөөний талаар ойлголттой байх нь гэр бүлүүдийг сорилтуудтай тулгарахад хэрхэн бэлтгэдэг вэ? (Дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэний төлөвлөгөөг ойлгох нь гэр бүлүүдэд дэлхийн сорилтуудыг илүү их нэмэгдсэн итгэл ба мөнхийн хэтийн төлөвтэйгээр даван туулахад тус дэм болдог.)
-
Сайн мэдээний хэтийн төлөв нь биднийг дасан зохицоход эсвэл гэр бүлдээ шаардлагатай шинэ үүрэг хариуцлагыг хүлээн авахад хэрхэн илүү зоригтой болгодог вэ?
Суралцагчдаас сорилт, бэрхшээл тулгарсан үед тэдгээрийг даван туулах, эцсээ хүртэл тэвчихэд бурханлаг тусламжийг хүлээн авсан, сударт гардаг гэр бүлүүдийн талаар бодохыг хүс. Иерусалимыг орхиж гарсныхаа дараа зэлүүд аглаг буйдад аялсан Лихайн болон Ишмэилийн гэр бүлүүдийн талаар суралцагчдад сануул. Суралцагчдаас эдгээр гэр бүл амлагдсан нутаг руу аялахдаа ямар сорилт, бэрхшээлтэй тулгарсан байж болох талаар бодохыг хүс, мөн бодлуудаа ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь.
Суралцагчдын заримаас 1 Нифай 16:34–39 ба 17:1–4-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас Лихайн болон Ишмэилийн гэр бүлүүдийн гишүүд тулгарсан сорилт, бэрхшээлд хэрхэн янз янзын байдлаар хандсан тухай жишээнүүдийг сонсохыг хүс.
-
Та нарын бодлоор Лихайн болон Ишмэилийн гэр бүлийн гишүүдийн зарим нь яагаад Бурханд итгэл, найдвар тавьж, даван туулж чадсан байхад, зарим нь яагаад өөрсдийн бэрхшээлээс болж бувтналдсан бэ?
-
Сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэл нь хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа гэр бүлүүдэд ямар арга замуудаар адислал болж байхыг та нар харж байсан бэ?
Та Сүнсээр болон суралцагчдынхаа хэрэгцээний талаар өдөөгдсөний дагуу Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг хуваалцаж болно:
“Энэ дэлхийд амьдарч буй бүхий л амьдралынхаа туршид, энэ амьдралын үндсэн зорилгуудыг төгс гэр бүлээр дамжуулан хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэж, эрэлхийлж бай. Та нар уг төгс зорилгод хараахан хүрч амжаагүй байгаа ч гэсэн Их Эзэнд итгэлтэй, дуулгавартай байснаар уг зорилгод улам бүр байнга ойртохын тулд чадах бүхнээ хий. Зорилгоо биелүүлэхэд тань танд юу ч саад бүү болог. … Өөрийг тань үүнээс хүртэж чадахгүй, зохисгүй болгох юуг ч бүү хий. Хэрэв мөнхийн гэрлэлтийн зорилго тань бүдгэрсэн байвал, түүнийг дахин асаа. Хэрэв таны мөрөөдөл хэрэгжихэд тэвчээр хэрэгтэй байгаа бол түүнийг өг” (“First Things First,” 7).
Сургаалт үгс 3:5–6; Матай 11:28–30; Мозая 24:8–16; Сургаал ба Гэрээ 121:7–8
Биднийг Христэд ирэх үед Тэр биднийг хүчирхэгжүүлэх болно
Суралцагчдад Алма болон түүний хүмүүс Ноа хааны цэргүүдээс зугтаасны дараа зөв шударга хотыг үүсгэн байгуулсан тухай Мормоны Номонд гардаг нэгэн түүхийг сануул. Хэсэг хугацаанд амар амгалан амьдарсных нь дараа Алма болон түүний хүмүүсийг леменчүүдийн цэргүүд олж мэдсэн ба улмаар боолчлолд оруулав. Алма болон түүний хүмүүс итгэлтэй, тэсвэр тэвчээртэй байсан тул Их Эзэн тэдний ачааг хөнгөлж, эцэст нь тэднийг боолчлолоос чөлөөлсөн билээ.
Суралцагчдаас Мозая 24:8–16-г ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхнаас эдгээр шүлэгт гарч буй хүндрэл, бэрхшээл нь Алмагийн болон түүний хүмүүсийн гэр бүлд хэрхэн нөлөөлсөн байж болох талаар төсөөлж бодохыг хүс. (Төсөөлж бодох нь судрын түүхийг илүү тод томруун, бодитой болоход уншигчдад туслах судар судлах нэгэн аргачлал юм гэдгийг анхаар.) Алма болон түүний хүмүүс тэдэнд тохиолдсон зовлон зүдгүүрийг даван туулахын тулд юу хийсэн талаар олохыг ангийнхнаас хүс.
-
Эдгээр шүлэгт гарч буй үйл явдлуудыг төсөөлөн бодсоны дараа тэдний нөхцөл байдал гэр бүлүүдэд нь яаж нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?
-
Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд Алмагийн хүмүүс юу хийсэн бэ? (Суралцагчид хэд хэдэн чухал зарчмыг тодорхойлж болох боловч дараахыг онцол: Зовлон зүдгүүр учирсан үед бид итгэл ба тэсвэр тэвчээрийг хэрэгжүүлж, Бурханд хандан залбиран гуйх юм бол Тэр биднийг ачаануудаа илүү амархан үүрэхийн тулд хүчирхэгжүүлж чадна.)
-
“Тэд мөрөн дээр тавигдах ачаануудыг” амархан даахын тулд Их Эзэн тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын Алмагийн хүмүүсийн талаар хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь:
“Энэ тохиолдолд юу өөрчлөгдсөн байна вэ? Тэдний үүрэх ачаа өөрчлөгдөөгүй; хавчлага сорилт, хүнд бэрхшээлээс хүмүүс тэр дороо чөлөөлөгдсөнгүй. Гэвч Алмад болон түүнийг дагалдагчдад хүч өгөгдсөнөөр нэмэгдсэн чадвар, хүч чадал нь тэдний үүрэх ачааг хөнгөлжээ. Энэ сайн хүмүүс Цагаатгалаар дамжуулан өөрсдийнхөө төлөө үйлдэх хийгээд өөрсдийн нөхцөл байдалд нөлөөлөх хүчийг олсон юм. Мөн тэгээд Алма болон түүний хүмүүс “Их Эзэний хүчээр” Зарахемла нутаг дахь аюулгүй газар руу удирдагдсан билээ” (“Цагаатгал ба бидний амьдрал дахь аялал,” Лиахона, 2012 оны 4-р сар, 16).
-
Их Эзэн хувь хүн, гэр бүлүүдийг тэдэнд учирч буй зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлээс тэр болгон ангижруулдаггүй, эсвэл илүү төгс нөхцөл байдлыг мэдрэх боломжийг өгдөггүй гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
-
Бид гэр бүлийн хүнд нөхцөл байдалтай тулгарсан үед Есүс Христ ба Түүний Цагаатгалын талаарх мэдлэг маань биднийг итгэлтэйгээр үйлдэхэд ямар арга замуудаар хүчирхэгжүүлж чадах вэ?
Энэ асуултанд хариулахад туслахын тулд Далын ахлагч Стивэн Э.Снөүгийн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Цагаатгалд итгэх бидний итгэл үүрд мөнхийн хүч боломжуудыг нээж өгдөг. Ийм боломжууд нь зөвхөн энэ амьдралын төдийгүй, ирэх амьдрал дахь үүрд мөнхийн үйл явдлуудыг угтан харах боломжийг бидэнд олгодог” (“Найдвар,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Суралцагчдыг энэ эшлэлүүдээс суралцаж, бэрхшээлүүдийг эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчигчдэд өгөгддөг амлалтуудыг олж тодорхойлоход урь:
-
Энэ амлалтуудыг санаж явах нь бэрхшээл тулгарсан гэр бүлүүдэд хэрхэн тустай байж болох вэ?
Энэ хичээлийг өндөрлөхдөө, суралцагчдыг хүнд бэрхшээл тулгарч байсан ч гэсэн тэдний гэр бүлүүд Бурханд итгэснээр хүчирхэгжиж байсан эсвэл Есүс Христийн сайн мэдээг мэдсэнээр адислал хүлээн авч байсан цаг үеийн тухай санахад урь. Зарим суралцагчийг хүсэлтэй байгаа бол холбогдох туршлагаас ангийнхантай хуваалцахад урь. Суралцагчдыг хувийн өдрийн тэмдэглэлдээ Бурхан гэр бүлүүдийг хэрхэн адисалж, хүчирхэгжүүлж чадах талаар гэрчлэлээ бичихэд урамшуул.
Суралцагчийн унших материал
-
Сургаалт үгс 3:5–6; Матай 11:28–30; 1 Нифай 16:34–39; 17:1–4; Мозая 24:8–16; Сургаал ба Гэрээ 121:7–8.
-
“Strenghtening the Family: Adapting to Circumstances,” Ensign, 2005 оны 12-р сар, 34–35.