26-р хичээл
Бурханы өмнө хүлээх хариуцлага
Оршил
“Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг” бошиглогч, төлөөлөгчид анхааруулсан байдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлээр Бурханы хуулийг эдгээр ноцтой байдлаар зөрчих юм бол энэ болон дараагийн амьдралд холбогдох үр дагавар ирнэ гэдгийг судлах болно. Мөн Есүс Христийн цагаатгал нь наманчлагч хүнд найдвар ба эдгээлтийг өгдөг тухай онцлон үзэх болно.
Уг сэдвийн талаар унших үндсэн материал
-
Жэффри Р.Холланд, “Тэнгэр элчүүдийн хэл,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 16–18.
-
Ричард Г.Скотт, “To Heal the Shattering Consequences of Abuse,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 40–43.
Заах зөвлөмж
Матай 18:1–6; Сургаал ба Гэрээ 42:22–25; 93:39–44
Ариун явдлын гэрээгээ зөрчиж, зүй бусаар харьцах ба гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь
Өмнөх хичээлүүдээр гэр бүлийн өмнө хүлээх чухал үүрэг хариуцлагуудын талаар суралцсан тухай суралцагчдад сануул. Үүнд дараах зүйлийг үзсэн болно: (1) эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлан, халамжлах ёстой, (2) үр хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх ёстой, (3) эцэг эхчүүд гэр бүлийнхээ хэрэгцээг хангах ёстой.
-
Эхнэр нөхөр ба эцэг эхчүүд эдгээр үүрэг хариуцлагыг үл тоомсорлох юм бол гэр бүлд юу тохиолдож болох вэ?
Суралцагчид орчин үеийн бошиглогчид гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэх нь ямар чухал болох талаар юу гэж хэлсэн байгааг олж мэдэхэд туслахын тулд нэг суралцагчийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 8-р догол мөрийг чанга уншихыг хүс: Дараах зарчмыг онцол: “Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно.”
-
Ийм ноцтой зөрчил гаргасан хүмүүс Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно гэсэн нь юу гэсэн утгатай вэ? (Шүүлтийн өдөр бид Бурханы өмнө зогсох бөгөөд гэмшиж наманчлаагүй нүглүүдийнхээ төлөө Түүний өмнө хариуцлага хүлээх болно; Илчлэлт 20:11–15; 2 Нифай 9:15–16-г үзнэ үү.)
Далын ахлагч Дэннис Б.Ньюэншвандэрийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүл:
“Бидний Эцэг болон Бүтээгч Бурханы өмнө бид хариуцлага хүлээдэг гэдэг нь сайн мэдээний үндсэн суурь хичээлүүдийн нэг юм” (“The Path of Growth,” Ensign, 1999 оны 12-р сар, 15).
-
Хийсэн үйлдлүүдийнхээ төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээнэ гэсэн энэ зарчим биднийг сүнслэгээр өсөхөд яаж тусалдаг вэ?
Дараах үгсийг самбар дээр гурван баганы толгой гарчиг болгон бич:
Ариун явдлын гэрээгээ зөрчих |
Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ зүй бус харьцах |
Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх |
Ангийг гурван хэсэг болгон хуваа. Ангийн гуравны нэгийг Сургаал ба Гэрээ 42:22-25, дараах гуравны нэгийг Матай 18:1-6, сүүлийн гуравны нэгийг Сургаал ба Гэрээ 93:39–44-ийг уншихад урь. Суралцагчдаас уншсан судрынхаа хэсгийг самбар дээрх холбогдох толгой гарчгийн доор хамааруулахыг хүс. Мөн эдгээр зөрчил нь ямар их ноцтой хэрэг болохыг зааж буй үг, өгүүлбэрийг олохыг тэднээс хүс. Хангалттай цаг өгсний дараа, суралцагчдыг сурч мэдсэнээ хуваалцахад урь. (Суралцагчдыг хариулж байх хооронд холбогдох судрын эшлэлүүдийг самбар дээр бич.)
-
Судрын эдгээр эшлэл дэх ямар үг, хэллэгүүд энэ зөрчлүүдийн ноцтой, хүнд чанарыг илэрхийлж, зааж байна вэ?
Самбар дээрх толгой гарчиг бүрийг зааж, зөрчил тус бүртэй холбоотойгоор дараах асуултуудыг тавих талаар бодоорой: Суралцагчдыг хариулж байх хооронд хариултуудыг самбар дээр холбогдох толгой гарчгийн дор бич.
-
Хэрэв хянахгүй бол ямар зан байдал, хандлагууд хүнийг энэ зөрчлүүдийг үйлдэхэд хүргэдэг вэ? (Жишээлбэл, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцах гэдэгтэй холбогдох хариултууд нь бусдад тэвчээргүй хандах, бусдыг шүүмжлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар буруу стереотип ойлголтуудад итгэх явдал зэрэг байж болно.)
-
Та нар ийм зан байдал, хандлага гаргадаг хүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-
Сүмийн гишүүн ийм зохисгүй зан байдал, хандлагыг хэрхэн даван туулж чадах вэ? (Суралцагчдыг хариултаа хуваалцаж байх зуур тэдэнд хэрэв бид сайн мэдээний зарчмуудыг, тухайлбал, наманчлал, Христийнхтэй адил үйлчлэл, бусдын зовлонг ойлгодог чанар, тэвчээр, өршөөл гэх зэргийг хэрэгжүүлэх юм бол Цагаатгалын боломж олгогч хүч чадалд ойртож чадна гэдгийг ойлгоход нь тусал.)
2 Коринт 5:17-21
Наманчлал, өршөөл ба өөрчлөгдөх найдвар
Есүс Христийн сайн мэдээ нь хувь хүмүүс болон гэр бүлүүдэд элбэг дэлбэг амьдралд амжилттай хүрч, сэтгэл тааламжтай амьдрах арга хэрэгсэл олгодог талаар гэрчлэлээ хуваалц. Гэвч бид бүгд муу сонголт хийдэг, мөн зарим сонголт нь бидэнд өөрсдөд маань эсвэл бусдад маш ноцтой бөгөөд сөрөг нөлөө бүхий хор хөнөөл авчирдаг. Аз болоход найдвар байж болно.
Сүмийн зарим гишүүн маань бусдаас болж зовлон амсдаг. Тухайлбал, итгэл найдваргүй эсвэл зүй бусаар харьцдаг нөхөр, эхнэр эсвэл эцэг эхтэй, мөн хохирогчид өөрсдийн орсон нөхцөл байдлын талаар юу хийж болох вэ гэж гайхширдаг гэдгийг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг нэг суралцагчаас хүс:
“Хэрэв тантай зүй бусаар харьцсан бол Сатан таныг үүнээс гарах арга зам байхгүй гэдэгт итгүүлэхийг хичээх болно. Гэвч шийдэл бий гэдгийг тэр маш сайн мэддэг. Эдгээлт нь Өөрийнхөө хүүхэд болгоныг хайрлах Тэнгэрлэг Эцэгийн төгс хайраар дамжин ирдгийг Сатан хүлээн зөвшөөрдөг. Эдгээлтийн хүч нь Есүс Христийн цагаатгалтай салшгүй холбоотой гэдгийг тэр бас ойлгодог. Тиймээс, түүний бодлого бол таныг Эцэгээс тань бас Түүний Хүүгээс тусгаарлан салгахын тулд боломжтой бүхнийг хийх явдал юм. Танд туслах ямар ч арга байхгүй гэж итгүүлэх боломжийг Сатанд бүү олго” (“To Heal the Shattering Consequences of Abuse,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41).
-
Сатан яагаад зүй бус харьцааны хохирогч болсон хүмүүст тэдэнд асуудлаа шийдвэрлэх ямар ч арга байхгүй гэж итгүүлэхийг оролддог вэ?
-
Асуудлыг нь шийдвэрлэх ямар ч шийдэл эсвэл найдвар байхгүй гэдэгт хүмүүс итгэвэл ямар үр дагаварт хүрч болох вэ?
Ахлагч Ричард Г.Скоттын дараах гэрчлэл, зөвлөгөөг хуваалц:
“Цагаатгалын хүчээр бүрэн эдгээлтэд хүрэх амаргүй замыг туулсан ноцтой зүй бус харьцааны хохирогчдыг мэддэг гэдгээ би гэрчилж байна. Эцгийнхээ ноцтой зүй бус харьцаанд өртсөн нэгэн залуу эмэгтэй өөрийнх нь асуудлууд Цагаатгалын эдгээгч хүчинд итгэх түүний итгэлээр шийдвэрлэгдсэний дараа надтай дахиад нэг ярилцлага хийхийг хүсэв. Тэрээр ахмад хостой хамт эргэж ирэв. Тэр эмэгтэй тэдэнд маш их хайртай юм байна гэж надад санагдсан. Түүний нүүр царай аз жаргалаар туяаран гэрэлтэж байлаа. Тэр ‘Ахлагч Скотт, энэ миний аав. Би түүнд хайртай. Намайг бага балчир байхад тохиолдсон зарим зүйл аавын минь санааг зовоосоор байгаа юм. Эдгээр зүйл миний хувьд одоо бүгд асуудал биш болсон. Та аавд минь тусалж чадах уу?’ гэж хэлэв. Аврагчийн маань эдгээх чадвар хэчнээн хүчтэй гээч! Тэр эмэгтэй Түүний цагаатгалыг зохих ёсоор ойлгож, хангалттай итгэлтэй болж, мөн гагцхүү Түүний хуульд дуулгавартай байсан тул зүй бус харьцааны үр дагавруудаас зовж шаналахаа больсон юм. Та Цагаатгалын талаар чин сэтгэлээсээ судалж, Есүс Христэд эдгээлтийн хүч чадал бий гэдэгт итгэх итгэлээ хөгжүүлснээр тайвшралыг хүлээн авч чадах болно. …
Эдгэрлийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч, эсвэл мэргэшсэн мэргэжлийн зөвлөгчийн тусламжтай эхлүүлж болно. Хэрэв таны хөл хугарсан байгаа бол та өөрөө эмчилнэ гэхгүй. Ноцтой зүй бус харьцааны улмаас авсан шархыг бас мэргэжлийн хүний тусламжтайгаар эдгээж болдог” (“To Heal the Shattering Consequences of Abuse,” 40–42).
-
Ахлагч Скоттын сүнслэг зөвлөгөө нь зүй бус харьцааны улмаас хохирогч болсон хүнд хэрхэн тусалж болох вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрийн хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчийг чанга уншихыг хүс:
“Есүс Христийн нигүүлсэл ба ач ивээл нь буруу зүйл хийдгээс улбаатай нүгэл, мөн зөв зүйлийг хийдэггүйгээс үүдэлтэй нүгэл үйлддэг хүмүүсээр хязгаарлагддаггүй, харин Түүнийг болон Түүний сургаалуудыг хүлээн зөвшөөрч дагах тэд бүгдэд үүрдийн амар амгалангийн амлалтыг өгдөг. Түүний нигүүлсэл хүчирхэг эдгээгч бөгөөд бусдын гэм нүглийн золиос болсон хүмүүсийг ч мөн эдгээдэг” (“Бидний найдварын учир шалтгаан,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 6).
-
Есүс Христийн цагаатгал нь бидэнд яаж найдвар болоод эдгээлтийг өгдөг вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд тэдэнд дараах зарчмыг ойлгоход тусал: Есүс Христийг болон Түүний сургаалуудыг дагадаг хэн боловч эдгээлт ба үүрд үргэлжлэх амар амгаланг Түүний ач ивээл, нигүүлслийн ачаар олох болно.)
Суралцагчдад Есүс Христийн цагаатгал нь бусадтай зүй бусаар харьцдаг эсвэл ямар нэгэн байдлаар бусдыг гэмтээж, хохироодог хүмүүст хэрхэн тусалж чадах талаар заахын тулд 2 Коринт 5:17–21-ийг ангиараа хамтдаа унш.
-
Христ дотор “шинэ бүтээл” болно гэдэг нь ямар утгатай вэ? (Энд байж болох хариултууд нь дараах санааг агуулж болно, тухайлбал, Их Эзэний зарлигуудад хичээнгүйлэн дуулгавартай байсны хариуд, Тэр биднийг бурханлаг чанар болох Ариун Сүнсний бэлгүүдээр адисалдаг. Эдгээр бэлэг нь биднийг үндсээр нь өөрчилдөг бөгөөд улмаар бид Бурхантай улам бүр адил шинэ бүтээлүүд болдог.)
-
21-р шүлэгт өгүүлснээр, энэ нь хэрхэн тохиодог вэ? (Есүс нүглийг үл мэдэгч байсан, гэвч Тэр бидний нүглүүдийг Өөр дээрээ авсан, хэрэв бид наманчлах юм бол Түүгээр дамжуулан зөв зохистой нэгэн болох боломжтой. Тэр бидний нүглийн өмнөөс өргөгдсөн золиослол болсон юм. Бид наманчилж, мөн Түүний үлгэр жишээг дагах үед биднийг шинэ бүтээл болоход туслах Түүний хүч чадлыг хүртэж чадна.)
-
18-р шүлэгт гарч буй эвлэрэл гэсэн үгийн утга нь юу вэ? (“Эвлэрэл гэдэг нь хүнийг нүгэлт байдал ба сүнслэг харанхуйгаас нь ангижруулж, Бурхантай нэгдмэл болоод эв зохицолтой байдалд сэргээх үйл явцыг хэлдэг. Үүгээр Бурхан, хүн хоёр цаашид дайснууд байхаа больдог юм” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973 он], 2:422).
Суралцагчдаас Есүс Христийн цагаатгалаар найдвар, эдгээлт олж авсан туршлагатай хүмүүсийг мэдэх эсэхийг асуу. Цөөн суралцагчийг хэрэв өөрсдийн жишээг хуваалцахыг хүсээд, уг жишээ нь хувь хүний нууцтай холбоотой биш бол хуваалцахад урь.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг хуваалц:
“Энэхүү сургаалт зүйрлэлийн нэг хэсэг болох уучлан өршөө гэсэн зааврыг [усан үзмийн талбайд хөдөлмөрлөгсдийн тухай сургаалт зүйрлэлийг Матай 20:1–15-аас үз] энэхүү цуглаанд ирсэн олон хүнээс хэн нь сонсох хэрэгтэй байсныг би мэдэхгүй, гэхдээ дэндүү оройтчихсон гэж бодож байсан ч, өчнөөн олон боломжоо алдсан гэж бодож байсан ч, мөн би олон алдаа гаргасан шүү дээ гэж бодож байсан ч, ямар нэг авьяас чадваргүй, эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би та нарт гэрчилж байна. Христийн цагаатгалын хязгааргүй гэрэл ч гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү. …
“Хэрэв та нар гэрээ байгуулсан бол түүнийг сахь. Хэрвээ гэрээ байгуулаагүй бол гэрээ байгуул. Хэрвээ чи гэрээ байгуулчихаад, сахиж чадаагүй бол наманчлаад, залруул. Талбайн Эзэн цаг хугацаа байна гэж хэлж байгаа цагт, хэзээ ч оройтохгүй гэсэн үг шүү. Их Эзэн Есүс Христийн цагаатгах бэлгийг хүлээн авч, түүний хөдөлмөрт нэгдэхийг хүлээн зөвшөөрөөч хэмээн яг энэ мөчид, яг одоо шивнэн хэлж байгаа Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, дагаач” (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34).
Суралцагчдыг Ариун Сүнс тэдэнд өнөөдөр юу нотолж өгснийг тэмдэглэхийг хүс.
Суралцагчийн унших материал
-
Матай 18:1–6; 2 Коринт 5:17–21; Мозая 4:30; Алма 5:15–22; 12:14; Сургаал ба Гэрээ 42:22–25; 93:39–44.
-
Ричард Г.Скотт, “To Heal the Shattering Consequences of Abuse,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 40–43.