Институт ба семинар
19-р хичээл: Христ дээр төвлөрсөн амьдрал, гэр оронг бий болгох нь


19-р хичээл

Христ дээр төвлөрсөн амьдрал, гэр оронг бий болгох нь

Оршил

Бошиглогч Хиламан хөвгүүддээ, хэрвээ тэд амьдралаа Есүс Христийн бат бөх суурин дээр байгуулах юм бол Сатан тэднийг устгах хүч чадалгүй байх болно гэж заасан (Хиламан 5:12-ыг үзнэ үү). Энэ хичээлээр суралцагчид нь Есүс Христийн суурин дээр хэрхэн гэр бүлээ байгуулах талаар хэлэлцэх болно. Гэр бүлийн гишүүд өөрсдийн амьдралыг Есүс Христийн сургаал дээр төвлөрүүлэх үед харилцаагаа сэргээж бэхжүүлэн, илүү их аз жаргалыг олж авч чадах юм.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Хэнри Б.Айринг, “Бидний төгс үлгэр жишээ,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 78–81.

  • Ричард Г.Скотт, “Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–36.

Заах зөвлөмж

Иохан 15:1–5, 10–11; Хиламан 5:12

Христэд төвлөрсөн амьдрал, гэр оронг бий болгох нь

Самбар дээр нэг энгийн байшин эсвэл ямар нэгэн барилга зурснаар хичээлийг эхэл. Суралцагчидтай дараах сэдвээр ярилц:

  • Аливаа байшин барилгын хувьд суурь нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

  • Яагаад зарим барилгын материал бусдаас илүү бат бөх суурийг бий болгодог вэ?

Суралцагчдад бүх гэр бүл ямар нэг хэмжээгээр бэрхшээлтэй тулгардаг ба Сатан бүх гэр бүлийг устгахыг хүсдэг гэдгийг сануул. Бид Мормоны Номоос гэр бүлүүдэд үзүүлж буй Сатаны нөлөөг багасгах нэгэн баталгаатай арга замын талаар суралцдаг.

Суралцагчдаас Хиламан 5:12-ыг судалж, суурийн талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христ дээр сууриа тавина гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • Есүс Христийн суурин дээр барихын тулд гэр бүл юу хийж чадах вэ? (Хариултууд нь Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, түүгээр амьдрах, Есүс Христийн үлгэр жишээг дагахыг хичээх, Бурханы зарлиг тушаалуудад дуулгавартай байх, Христийн Цагаатгалын хүчийг хэрэглэх зэрэг байж болно.)

  • Хиламан 5:12-т өгөгдсөн амлалтууд нь Есүс Христийн хадан дээр сууриа тавихаар эрэлхийлж буй гэр бүлүүдэд хэрхэн хамааралтай байж болох вэ? (Хариултууд нь дараах зарчмыг ойлгосон болохыг тусгах ёстой: Гэр бүлүүд Есүс Христ дээр сууриа тавих үед, Сатан тэднийг устгах хүч чадалгүй байх болно.)

Аврагч нас барахынхаа өмнө Түүн дээр хэрхэн сууриа тавьж болох талаар ойлгоход гэр бүлүүдэд туслах зүйрлэл жишээг үзүүлсэн гэдгийг тайлбарла. Хэд хэдэн суралцагчийг Иохан 15:1-5, 10-11-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншин, энэ хэсгүүд дэх Аврагчийн зүйрлэл жишээ нь Есүс Христ дээр сууриа тавихыг хичээж буй гэр бүлүүдэд хэрхэн хамаарах талаар тунгаан бодохыг хүс.

  • Хэрэв Есүс Христ усан үзмийн мод, бид мөчрүүд нь юм бол жимс нь юуг төлөөлж байна вэ? (Жимс нь Есүс Христийн дагалдагчдын сайн үйлс, үйлдлийг илэрхийлж байж болно.)

Аврагч Иохан 15:4-10-т “миний дотор байгтун” эсвэл “дотор байх” гэсэн үгсийг хэд хэдэн удаа хэрэглэснийг анхаарахад суралцагчдад тусал. Дотор байх гэдэг үг нь энэ утгаараа “үүрд байж үлдэх” гэсэн утгыг илэрхийлж байгаа бөгөөд үүгээр биднийг Есүс Христэд болон Түүний Сүмд тууштай, байнгын холбоотой байх ёстойг хэлж байгаа гэдгийг тайлбарла (Жэффри Р.Холланд, “Abide in Me,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 32). Мөн суралцагчдад үгийн давталтыг олж таних нь хувиараа судлахдаа ашиглаж болох, судруудыг судлах нэгэн онцгой чадвар юм гэдгийг товч тайлбарлаж өгч болно. Судруудад нэг үгийг олон удаа давтан хэрэглэж байгаа бол зохиогч нэгэн чухал санааг тусгайлан онцлоод байна гэсэн үг юм.

  • 5 ба 11-р шүлэгт хэлсний дагуу Аврагчийн дотор байвал ямар адислал хүлээн авч болох вэ? (Хэрэв бид Аврагчийн дотор байвал, маш их жимс авчирч чадах бөгөөд аз жаргалын бүрэн байдлыг хүлээн авах болно.)

  • Хэрэв гэр бүлийн гишүүд Аврагчийн дотор байхыг хичээвэл, гэр бүлүүдэд ямар адислал ирнэ гэж та нар бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг унш:

Ахлагч Ричард Г.Скотт

“Та нөхцөл байдлаасаа үл хамааран гэр орон, амьдрал ахуйгаа Их Эзэн Есүс Христэд төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь Тэр бол энэ амьдрал дахь жинхэнэ амар амгалангийн эх сурвалж мөн” (“Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33).

  • Та нар Есүс Христэд төвлөрсөн гэр орон ямар байхыг хэрхэн дүрслэх вэ? Ямар шинж чанарууд Христэд төвлөрсөн гэр оронг бий болгох вэ?

Аврагч дотор бүрэн дүүрэн байж, тэгснээр гэр орондоо Аврагчийн нөлөөллийг илүү ихээр урихын тулд тэд юу хийж болох талаар суралцагчдыг тунгаан бодоход урамшуул. Мөн тэднийг гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаанд ямар өөрчлөлт оруулж болох талаар бодоход урь.

Хиламан 14:30–31; 3 Нифай 11:29–30

Сонгох эрхээ зохистой ашигласнаар сэтгэл хөдлөлөө хянах нь

Бүх гэр бүлд сорилт ирдэг болохыг онцолсноор хичээлийнхээ дараагийн хэсэгт шилж. Гэр бүлийн гишүүд амьдралаа Есүс Христэд төвлөрүүлэхийг хичээж байгаа үед ч бас тэдний зөв зохистой хүслүүд соригдох нөхцөл байдалтай тулгардаг. Дараах өгүүлбэрийг самбарт бич:

“Чи намайг уурлуулж байна!”

“Чи намайг биеэ барьж чадахааргүй болгосон!”

Суралцагчдыг дээрх өгүүлбэрүүд үнэнд суурилагдсан эсэх талаар тунгаан бодоход урь.

Нэг суралцагчаас Хиламан 14:30-31-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг эдгээр шүлэг самбар дээр бичсэн өгүүлбэрүүдтэй ямар холбоотой талаар бодоход урь.

  • Эдгээр шүлэг бидний бусадтай харилцах харилцаанд хамаатай ямар чухал үнэнийг агуулсан байна вэ? (Дараах үнэнийг онцлон хэлж өгөөрэй: Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрхийг буюу сонголт хийх чадварыг соёрхсон тул бид уурлах эсвэл уурлахгүй байхаа сонгох боломжтой юм. Далын ахлагч Линн Ж.Роббинс “Уурлах нь ухамсарт сонголт ба шийдвэр юм, тиймээс бид уурлахгүй байхыг бас сонгож болно. Бид сонгодог!” гэж заасан байдгийг тайлбарла. [“Agency and Anger,” Ensign, 1998 оны 5-р сар, 80].)

  • Бусдын үйлдэл эсвэл хэлсэн үгс биднийг уурлахад “хүргэдэг” гэдэгт итгэвэл ямар асуудлуудтай тулгарч болох вэ?

Суралцагчдаас 3 Нифай 11:29-30-ийг чимээгүй уншихыг хүс. Зөрчилдөөн “зайлуулагдах ёстой” гэж Аврагчийн сургаалд заасан байгааг онцлон хэл (3 Нифай 11:30). Хатуу ширүүн үг хэлэх, сэтгэл санааны болон бие махбодын хохирол учруулах зэрэг зохисгүй бусад зан байдал нь хэзээ ч зөвтгөгддөггүй гэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдыг уурлахгүй байхыг сонгохоо санахад туслах ямар зүйлсийг хийж болох талаар бодоход урь. Тэднээс санал бодлоо хуваалцахыг хүс. Суралцагчдаас, онцгойлон гэр бүлийн нөхцөл байдалдаа уурлахгүй байхыг сонгосноор сонгох эрхээ зохистой ашиглахаар шийдэхийг хүс.

3 Нифай 12:22–24; Моронай 7:45, 48; Сургаал ба Гэрээ 64:9–11; 88:119, 123–125

Наманчлал ба өршөөл нь сэвтсэн гэр бүлийн харилцааг эдгээж чадна

Самбар дээр дараах зарчмыг бич:

“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”

Суралцагчдад дээрх өгүүлбэр “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т байдаг гэдгийг хэл (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129).

Суралцагчдад гэр бүлүүдийг илүү их аз жаргалд хүргэж болох Есүс Христийн зарим сургаалыг тодорхойлоход туслахын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:119, 123–125-ыг чимээгүй уншихыг хүс. Тэдэнд холбогдох гол сургаалыг тэмдэглэж, тодруулж авахыг санал болго. Дараа нь гэр бүлүүд эдгээр шүлэгт заасан сургаалуудын дагуу амьдарснаар хэрхэн хүчирхэгжиж болох талаар ярилцахыг суралцагчдаас хүс.

Есүс Христийн сургаалыг үл ойшоож, хайхрамжгүй хандах үед гэр бүлүүдэд асуудал, хүндрэл олонтоо тулгардаг гэдгийг суралцагчдад сануул. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Хүмүүн анх бий болсон цагаас л хүмүүсийн харилцаанд доголдол гарсаар ирсэн. … Хүн бүр тэмцэл, атаа хорсол, уур бухимдлын сүнсэнд ямар нэгэн байдлаар нөлөөлөгдөж байсан гэж би бодож байна. Магадгүй бид эдгээр зан авирыг заримдаа өөрсдөдөө байгааг хардаг байх” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78).

  • Их Эзэн Есүс Христийн аль сургаал гэр бүлийн гишүүдийн хоорондын сэвтсэн эсвэл муудсан харилцааг эдгээхэд тусалж чадах вэ?

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Эдгээр эшлэл бүрд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлж чадах Аврагчийн заасан үнэн агуулагдаж буйг тайлбарла.

3 Нифай 12:22-24

Moронай 7:45, 48

Сургаал ба Гэрээ 64:9-11

Суралцагчдыг эдгээр эшлэлийг уншаад, дараах сэдвээр ярилцахад урь:

  • Эдгээр шүлэгт байгаа ямар сургаал нь зөрчилдөөн, атаа хорсол эсвэл бусад зохисгүй үйлдлээс болж муудсан гэр бүлийн харилцааг эдгээхэд тусалж чадах вэ?

  • Та нар өршөөнгүй байдал хэрхэн гэр бүлийн харилцааг сайжруулж байхыг харж байсан бэ?

  • Яагаад заримдаа биднийг гомдоодог гэр бүлийнхээ гишүүдийг уучлах нь бусдыг уучлахаас илүү хэцүү байдаг вэ?

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ба ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907–1995) дараах мэдэгдлүүдийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бидний хэн нь ч нүгэлгүй цэвэр ариун биш. Бид бүгд түүний дотор та нар ч, би ч адилхан алдаа гаргадаг. Хэн нэгэн биднийг гомдоож байсан. Бид ч бусдыг гомдоож байсан.

“Бид Аврагчийн золиослолоор дамжуулан өргөмжлөл ба мөнх амьдралд хүрч чадна. Бид Түүний арга замыг хүлээн авч, зүрх сэтгэлээ зөөлрүүлэн, бардамналаа даван туулах юм бол гэр бүл, хувийн амьдралдаа эвлэрэл, уучлалыг авчирч чадна. (Дийтр Ф.Угдорф, “Аз жаргалтай гэр бүлд хүрэх нэгэн түлхүүр,” Ensign, 2012 оны 10-р сар, 6).

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

Есүсийн гар тавьсан болгон нь амьдардаг. Хэрэв Есүс гэрлэлтэн дээр гараа тавих юм бол, тэр нь амьдардаг. Хэрэв Түүнийг гэр бүл дээрээ гараа тавихыг зөвшөөрвөл, тэр ч бас амьдардаг” (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 150).

  • Өнөөдөр бидний хэлэлцсэн зарчмуудыг дагах нь Аврагчид гэр бүл дээр гараа тавих боломжийг хэрхэн олгодог вэ?

Суралцагчдыг наманчлал болон өршөөнгүй байдлын зарчмууд нь өөрсдийнх нь гэр бүлийн харилцааг хэрхэн сэргээж, хүчирхэгжүүлэхэд туслах талаар тунгаан бодоход урь. Эдгээр зарчмыг гэр бүлийн харилцаандаа хэрэгжүүлэхээр даруй хичээхэд тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал