Институт ба семинар
5-р хичээл: Мөнх бус амьдралын нөхцөл


5-р хичээл

Мөнх бус амьдралын нөхцөл

Оршил

Мөнх бус амьдралын өмнөх дэлхийд бид “Түүний хүүхдүүд төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбод хүлээн авч, энэ дэлхийд амьдрах тухай [Тэнгэрлэг Эцэгийн] төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129.) Мөнх бус бие махбод маань агуу том адислал боловч Сатаны олон уруу таталтад ордог. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эдгээр уруу таталтыг ялан дийлж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжтой.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

2 Нифай 2:27-29; Абрахам 3:25

Бидний мөнх бус амьдралын туршлага мөнх амьдралд нэн чухал

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Бид бие махбодтой байх нь яагаад ийм чухал болох талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Бид яагаад Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд бие махбод байдаг тухай үнэхээр ойлгодог уу? Магадгүй бид энэ хариултыг ахин дахин, тогтмол ярьдаг учраас түүний үнэн мөн ач холбогдлыг ойшоохгүй өнгөрөөдөг юм биш биз? Бид бие махбод яагаад чухал болох тухай энэхүү мөнхийн чухал асуултыг илүү гүн гүнзгий ухаж үзээсэй хэмээн хүсэж байна. Эцсийн эцэст хариулт нь бидний хийж буй бүх зүйлд нөлөөлдөг билээ” (“Ye Are the Temple of God,” Ensign, 2001 оны 9-р сар, 14).

  • Ахлагч Бэднарын хэлснээр, яагаад бид бие махбод маань чухал болох талаар ойлгохыг эрэлхийлэх ёстой вэ?

Суралцагчдыг дараах асуултын хариултыг бичихэд урь. Хичээлийн явцад нэмэлт бодол, санаа орж ирвэл буулган бичихэд тэднийг урамшуул.

  • Бидний бие махбод яагаад Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой вэ?

Суралцагчдыг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 3-р догол мөрийг дотроо уншаад, бие махбод яагаад бидний мөнхийн өсөлт хөгжилд хэрэгтэй болохыг тодотгосон мэдэгдлийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчаас ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас бидний бие махбод яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд чухал байдаг тухай сонсохыг хүс. Хэлсэн үгийг уншихаас өмнө суралцагчдад уг хэлсэн үгийн хувийг тарааж өг.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Бие махбод маань бидний мөнх бус амьдралын өмнөх дэлхийд үнэхээр олж авч чадахгүй туршлагуудыг өргөн хүрээтэй, гүн гүнзгий, эрчимжүүлсэн хэлбэрээр авах боломжийг олгодог. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр “Оюун ухааны маань зэмсэг, зан байдлын маань үндэс суурь болохоор бидний сүнс, махбод нэгдсэн байдаг” [“The Instrument of Your Mind and the Foundation of Your Character,” ( Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үг, 2003 оны 2-р сарын 2), speeches.byu.edu] гэж заасан. Тиймээс бидний бусадтай харьцах харилцаа, үнэнийг танин мэдэж, түүний дагуу үйлдэх мөн Есүс Христийн сайн мэдээний ёслол болон зарчмыг дагах чадвар нь бие махбодоор маань дамжин өсдөг. Мөнх бус амьдралын энэ ангид бид нинжин сэтгэл, хайр, эелдэг байдал, аз жаргал, уй гашуу, урам хугаралт, өвдөлтөөс гадна бие махбодын хязгаарлалт зэргийг мөнх амьдралд бэлтгэх маягаар амсдаг. Энгийнээр хэлэхэд сударт “махбодын дагуу” хэмээн дүрслэн хэлснээр бидний суралцах ёстой хичээл, үзэж мэдрэх ёстой туршлагууд гэж бий (1 Нифай 19:6; Алма 7:12–13)” (“Things as They Really Are,” Ensign, 2010 оны 6-р сар, 16).

  • Ахлагч Бэднар бие махбод яагаад бидний мөнхийн өсөлт хөгжилд шаардлагатай байдаг талаар юу заасан бэ? (Өөр өөрөөр хариулж болох ч дараах үнэнийг онцолж хэл: Бид бие махбодтой болсноороо биднийг мөнх амьдралд бэлтгэх нөхцөлийг туулдаг.)

  • Бидний бие махбод ямар арга замаар “оюун ухааны зэмсэг, зан байдлын үндэс суурь” болдог вэ?

  • Бидний “… сайн мэдээний ёслол, зарчмуудад дуулгавартай байх чадвар хэрхэн бие махбодоор маань дамжин өсдөг” вэ? (Дараах хариултуудыг өгч болно: Бие махбод бидэнд өсөж үржин, дэлхийг дүүргэх зарлигийг дагах боломж олгодог. Түүнчлэн бие махбод нь гэр бүлийн хүрээнд амьдрахын баяр баяслыг мэдэрч, гэр бүлийнхээ хүрээнд уур уцаараа хянаж сурах зэрэг сайн мэдээний зарчмуудаар дадлага хийх боломж олгодог.)

Цөөн хэдэн суралцагчийг Абрахам 3:25, 2 Нифай 2:27–29-ийг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас хэрхэн эдгээр судрын шүлэг бие махбодтой байхын зорилгыг илүү сайн ойлгоход маань туслах талаар олж мэдэхэд урь.

  • Бие махбодтой байх нь агуу адислал хэдий ч бие махбод нь хэрхэн бидний мөнх бус байдал дахь сорилт болдог вэ? (Бид бие махбодтой учраас Сатаны олон уруу таталтын хүч нэмэгддэг.)

  • Хэрхэн “маханбодын таалал”-ыг сонгох нь чөтгөрт “боолчлох хүчийг” өгдөг вэ?

Мозая 3:19; Мосе 6:49, 53–55

“Эгэл хүн бол Бурханы дайсан”

Нэг суралцагчийг Мосе 6:53–54-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас бидний төрөх үеийн нөхцөл байдлын талаар бичигдсэн шүлгийг олж гаргаад, дараа нь тэрхүү нөхцөлийн талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Энэ шүлэгт орсон “цэвэр” гэдэг үг нь Адамын зөрчлийн нөлөөнөөс чөлөөлөгдсөн гэсэн утгатай болохыг анхааралдаа авна уу.

Дараа нь нэг суралцагчаас Мосе 6:49, 55-ыг уншихыг хүсээд, ангийнханд дараах асуултыг тавь:

  • Эдгээр шүлэг Адам, Ева хоёрын уналт бидний мөнх бус амьдралын турш бидэнд хэрхэн нөлөөлдөг талаар юу зааж байна вэ? (Бид Сатаны уруу таталтад бууж өгөхөд сонголтын маань гашуун үр дагавар зуурдын, тачаангуй, чөтгөрийнх байсныг мэдэх болно. ‘Уналтын улмаас бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон’ Ифер 3:2-ыг та эш татаж болно.

Нэг суралцагчаас Мозая 3:19-ийн эхний хэдэн мөрийг уншихыг хүс. Дараах асуултуудыг самбар дээр бич:

Эгэл хүн гэж юу вэ?

Эгэл хүн яагаад Бурханы дайсан бэ?

Суралцагчдад эдгээр асуултын хариултыг эрж олох мөн 19-р шүлгийн тайлбарыг (ялангуяа a тайлбарыг), түүнчлэн тайлбар дээрх бусад шүлгийг судлан, “эгэл хүн” гэсэн нэр томьёоны талаарх ойлголтоо өргөжүүлэх хугацаа өг. Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа суралцагчдын олж мэдсэн зүйлсийг ярилц: Энэ нэр томьёо нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь хамаарах нийтлэг нөхцөл байдлыг дүрсэлдэг болохыг онцол.

  • Хэрэв хүнд эгэл хүний шинж чанар байвал энэ нь гэрлэлтэд нь эсвэл гэр бүлд нь хэрхэн нөлөөлөх вэ?

Дээрх шүлгийг уншсан суралцагчаас Мозая 3:19-ийг гүйцээж уншихыг хүсээд, ангийнхныг хэрхэн эгэл хүнийг ялан дийлж чадах зарчмыг олж мэдэхэд урь. (Ангийнхныг хариулж байх хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид Есүс Христийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрөн, Ариун Сүнсний таталтад автагдвал эгэл хүмүүнээ орхин, гэгээнтэн болж чадна.)

(Энд орсон автагдах гэдэг үг нь Ариун Сүнсэнд нөлөөлөгдөх эсвэл бууж өгөх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)

  • Ариун Сүнс юу хий гэж өдөөж байгааг хувь хүн хэрхэн ялган таних вэ?

  • Хэт хувийн биш бол та нар Ариун Сүнс эгэл хүнээ орхихыг сануулж байсан туршлагаасаа хуваалцах уу?

Бид Ариун Сүнсний таталтад автагдвал Цагаатгалын хүчнээс хүртэх боломжтой болно гэдгийг гэрчил.

Moзая 3:19; 16:3–6

Христийн Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэх нь

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 16:3-6-г чанга уншихад мөн ангийнхныг дагаж уншаад, бидний амьдралд Уналтын нөлөөг ялан дийлэхэд юу туслах талаар олж мэдэхэд урь.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар нөхцөл бидэнд унасан төрөлх чанараа ялан дийлэх боломжийг олгодог вэ? (Дараах сургаалыг самбар дээр бич: Есүс Христийн Цагаатгалаар дамжин бид алдагдсан хийгээд унасан нөхцөл байдлаасаа гэтэлгэгдэж чадна.)

Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Эгэл хүний бүх дур хүсэл, таашаал, гэм нүгэлд татагдах хандлагыг Есүс Христийн Цагаатгалаар ялан дийлж болно. Бид дэлхий дээр махан биеийн бүх дур хүслээ хазаарлаж, бурханлаг зан чанаруудыг хөгжүүлэхээр ирсэн билээ” (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52).

Хэрэв бид Цагаатгалд итгэх юм бол Есүс Христийн цагаатгагч золиослолоор хүртэх боломжтой болсон ач ивээлийг хүлээн авна гэдгийг суралцагчдад тайлбарла. Ач ивээл гэсэн үг нь “Есүс Христийн арвин их нигүүлсэл хийгээд хайраар өгөгддөг бурханлаг туслах буюу хүч чадал өгөх арга хэрэгсэл” гэсэн үндсэн утгатай. Энэ нь бидэнд нүглээ наманчлан, өөрийн дан чадлаар хөгжүүлэх боломжгүй зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг “боломж олгогч хүч” (Bible Dictionary, “Grace”-ийг үзнэ үү) юм. Суралцагчдад бидний хөгжүүлэх ёстой Христийнхтэй адил зан чанарыг тодорхойлоход нь туслахын тулд тэднээс Мозая 3:19-өөс олж болох гэгээнтэн болоход хөтлөх шинж чанарын жагсаалтыг судлахыг хүс.

  • Аврагч хэрхэн Мозая 3:19 дээр жагсаасан зан чанаруудаас хөгжүүлэхэд тань тусалсан бэ?

  • Та эдгээр зан чанарын нэг эсвэл түүнээс олныг өөртөө агуулсан хүмүүсийг гэр бүлдээ адислал болж байхыг харж байсан уу?

  • Эдгээр зан чанарын нэг эсвэл түүнээс олныг Аврагчийн ач ивээлийн боломж олгогч хүчээр хөгжүүлбэл хэрхэн таныг илүү сайн эхнэр, нөхөр эсвэл аав, ээж болоход туслах вэ?

Өнөөдрийн хичээлийн үр дүнд бидний хүн нэг бүр хариулах ёстой чухал асуулттай үлдсэн гэдгийг суралцагчдад тайлбарла. Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, суралцагчдаас дотроо уншихыг хүс:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Иймээс зуурдын амьдралын шалгалтыг дараах асуултаар нарийн тодорхойлж болох юм. Би эгэл хүний хүслийг дагах уу? Эсвэл Ариун Сүнсний таталтад автагдан, эгэл хүмүүнээ орхиж, Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болох уу (Мозая 3:19-ийг үзнэ үү)? Энэ бол шалгалт юм” (“Бид ариун явдалд итгэдэг,” 52).

Суралцагчдад ахлагч Бэднарын асуултын хариултыг бичих хэдхэн минутын хугацаа өг. Тэднийг Мозая 3:19 дээрх Христийнхтэй адил зан чанарын талаар тунгаан бодоход мөн тэдгээр зан чанарын нэгийг илүү бүрэн дүүрэн хөгжүүлж эхлэхэд урь.

Суралцагчийн унших материал