Институт ба семинар
15-р хичээл: Мөнхийн гэрлэлт


15-р хичээл

Мөнхийн гэрлэлт

Оршил

Мөнхийн гэрлэлт нь селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийн өргөмжлөлийг хүртэхэд зайлшгүй чухал бөгөөд үүнийг зөвхөн ариун сүмд зохих эрх мэдлээр лацдан холбогдсоноор, мөн уг ёслолын үеэр хийсэн гэрээнийхээ дагуу амьдарснаар хүлээн авдаг юм. Энэ хичээл нь зөв хүнтэй, зөв газарт, зөв эрх мэдлээр гэрлэх нь тэдний хувьд хийж болох хамгийн чухал шийдвэр гэдгийг суралцагчдад бататгаж өгөх болно.

Уг сэдвийн талаар унших материал

  • Рассэлл М.Нэлсон, “Селестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–111.

  • “Honorable, Happy, Successful Marriage,” бүлэг 18, Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 189–201.

  • Кри-Л.Коффорд, “Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, 1998 оны 6-р сар, 7–12

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 132:1-24

Мөнхийн гэрлэлтийн тухай сургаал

Сүм байгуулагдсан цагаасаа эхлэн гэрлэлтийн ач холбогдлыг заасаар ирсэн гэдгийг тайлбарла. Гэхдээ бошиглогч Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн тухай сургаалыг Наувугийн эрин үе хүртэл өргөн дэлгэр зааж байгаагүй ажээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парлей П.Праттын (1807-1857) гэрлэлт мөнхөд үргэлжилж болох талаар анх суралцах үед төрж байсан мэдрэмжийнхээ тухай хэлсэн үгийг үзүүл. Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь.

Парлей П.Пратт

“Хайрт эхнэр минь энэ амьдралд болон үүрд мөнхөд надтай хамт байж болно гэдгийг би [Иосеф Смитээс] олж мэдсэн. … Бид эдгээр хайрын сэтгэлээ нэмэгдүүлэн, мөн адил зүйлд үүрд мөнхөд өсөн нэмэгдэж, бид үүрд холбоотой байсны үр дүнд тэнгэр дэх одод шиг эсвэл далайн эргийн элсэн ширхгийн адил тоолж барамгүй олон үр удамтай болох боломжтой гэдгийг би түүнээс сурч мэдсэн юм. … Би өмнө нь хайрладаг байсан ч яагаад гэдгээ мэддэггүй байв. Харин одоо би өндөрлөгт хүрсэн, өргөмжлөлийн цэвэр ариун мэдрэмжээр хайрлах болсон” (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 297–298).

  • Ахлагч Праттын гэрлэлтийн тухай шинэ ойлголт түүний эхнэрээ хайрлах мэдрэмжинд хэрхэн нөлөөлсөн бэ?

Их Эзэний мөнхийн гэрлэлтийн тухай заасан сургаалуудаас олон нь Сургаал ба Гэрээ 132-т байдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, гэрлэлт мөнхөд үргэлжилж болохын тулд ямар нөхцөлүүдийг хангасан байх ёстойг олж тодорхойлохыг хүс.

  • Гэрлэлт мөнхөд үргэлжилж болохын тулд ямар нөхцөлүүдийг хангах ёстой вэ? (Суралцагчид дараах зүйлийг ойлгосон байх ёстой: Бурханы үгээр гэрлэсэн болон амлалтын Ариун Сүнсээр лацдан холбогдож гэрлэсэн мөн гэрээгээ дагадаг хүмүүсийн хувьд гэрлэлт нь мөнхийн байдаг.)

  • “Гэрээг дагах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Гэрлэлтийн гэрээний болзол, нөхцөлүүдийг биелүүлэх. Эрэгтэй, эмэгтэй хүн мөнхийн гэрлэлтийн гэрээг хийхдээ нэг нэгэндээ болон Бурханд чанд амлалт өгдөг. Тэд ханиа хувиршгүй сэтгэлээр хайрлан, үнэнч байх болно гэдгээ амладаг. Тэд мөн Бурханд ариун сүмд хийсэн гэрээнүүдийнхээ болзол, нөхцөлийг дагана гэдгээ чандлан амладаг.)

  • Гэрлэлт “Амлалтын Ариун Сүнсээр тэдэн дээр лацдагддаг” гэдэг нь ямар утгатай вэ? (Та амлалтын Ариун Сүнс гэдэг нь Ариун Сүнсний өөр нэгэн нэр гэдгийг онцлон хэлэх талаар бодож үзээрэй. Ариун Сүнс нь Тайвшруулагч, Илчлэгч гэх зэрэг олон нэртэй. Эдгээр нэр болгон нь Түүний онцгой үүрэг, хариуцлагыг илэрхийлдэг юм.)

Амлалтын Ариун Сүнс гэсэн нэрийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах өгүүлбэрийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Ариун Сүнс бол амлалтын Ариун Сүнс (Үйлс 2:33). Тэрээр Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Авралын ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,” scriptures.lds.org).

  • Энэ үгс нь өргөмжлөл хүртэхийн тулд ариун сүмд лацдан холбогдохоос илүү их зүйл шаардлагатай байдгийн шалтгааныг тайлбарлахад хэрхэн тусалж байна вэ? Өөр юу хийгдэх шаардлагатай вэ? (Бид зөв шударга амьдрах ёстой бөгөөд баптисм, ариун ёслол, санваарын томилгоо, ариун сүмийн ёслолууд зэрэг авралын бүхий л ёслолуудад үнэнч байх ёстой. Бид үнэнч үлдэх аваас Ариун Сүнс Эцэгт гэрээнүүд сахигдаж байгаа гэдгийг гэрчлэх болно.)

Дараах хүснэгтийг ашиглан, мөнхийн гэрлэлтийг иргэний гэрлэлттэй харьцуулж, энэ талаар илүү сайн ойлгож авахад нь суралцагчдад тусал. Самбар дээр уг хүснэгтийг хуулж зур.

гэрлэлтийн хүснэгт

Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:15-18-ыг судлахад, нөгөө суралцагчийг 132:19-24-ийг судлахад урь. Иргэний журмаар гэрлэсэн хүмүүсийн хувьд хүлээх нөхцөл байдлыг болон мөнхөд гэрлэсэн хүмүүсийн хүлээн авах адислалуудыг дүрслэн харуулсан үг, өгүүлбэрийг анзаарахад суралцагчдыг урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахыг хүс. Дараа нь асуу:

  • Иргэний журмаар гэрлэсэн хүмүүсийн хувьд үхлийн дараах нөхцөл байдал нь мөнхөд гэрлэсэн хүмүүсийнхээс ямар ялгаатай байдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед та тэдний хариултыг самбар дээрх хүснэгтэнд бичиж болно. Та 20-24 дэх шүлгүүдэд дүрсэлсэн нөхцөл байдал Абрахамын гэрээнд амлагдсан адислалуудтай төстэй гэдгийг тайлбарлаж өгч болох юм [Эхлэл 17:1–7; 22:17-г үзнэ үү].)

Энэ асуултанд хариулахад туслахын тулд Далын ахлагч Крий-Л.Коффордын хэлсэн үгийг хуваалцах талаар бодож үз:

 Ахлагч Крий-Л.Коффорд

“Селестиел гэрлэлт дэх амлалтын эрх мэдэл нь Бурханаас ирдэг бөгөөд эдгээр амлалтыг эрхэмлэн үзэж чадаагүй бол үр дагавар нь ч мөн Бурханаас ирэх болно. Иргэний гэрлэлтийн хувьд сүйт хархүү, сүйт бүсгүй хоёрын хоорондох амлалтын эрх мэдэл нь энэ хоёр хүний үнэнч байдал байдаг. Энэ нь үүнээс илүү гарч чаддаггүй. Энэ нь үүнээс илүү байх ч боломжгүй юм. Энэ эрх мэдэл нь Бурханаас биш, харин хүмүүнээс ирдэг юм” (“Marriage in the Lord’s Way, Part One,” Ensign, 1998 оны 6-р сар, 9).

  • Самбарт жагсаан бичсэн нөхцөлүүдийг харьцуулж байхад та нарт ямар бодол төрж байна вэ?

  • Та нар ариун сүмд гэрлээд, гэрээнүүдээ сахихаар хичээн чармайж байгаа хүмүүсийн гэр орон хэрхэн адислагдсаныг анзаарч байсан бэ? Та нар эдгээр гэр бүлийн хос хийсэн гэрээнүүдээ эрхэмлэхийн тулд юу хийж байгааг хардаг вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон Далын ахлагч Л.Витни Клэйтоний гэрлэлтийн талаар хэлсэн үгийг хуваалцаж болно: “Ийм их баяр баясгаланг авчирч, сайн сайхныг эсвэл хувийн нандин байдлыг бий болгох өөр ямар ч харилцаа байхгүй юм” [“Гэрлэлт: Ажиглаад суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96].)

Сургаал ба Гэрээ 132 нь олон эхнэртэй байх заншлын талаар Их Эзэний өгсөн заавруудын заримыг агуулдаг гэдгийг ангийнханд тайлбарла. Их Эзэн гэгээнтнүүдэд бүх зүйлийн сэргээлтийн нэг хэсэг болгон олон эхнэр авах хуулийг хэрэгжүүл хэмээн зарлигласан (Үйлс 3:21; С ба Г 132:45-ыг үзнэ үү). Сүмийн гишүүд энэ хуулийг 1890 он хүртэл, Их Эзэн ерөнхийлөгч Вилфорд Вүдраффт Сүмийн гишүүдээс үүнийг хойшид шаардахгүй гэдгээ илчлэх хүртэл дагасан. Олон эхнэр авах ёсны тухайд өнөөдөр Сүмийн баримталж буй байр суурийг тодорхой болгохын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Хэрэв манай гишүүдийн дундаас хэн нэгэн нь олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж байвал тэд Сүмийн хамгийн хатуу шийтгэлийг хүлээх буюу гишүүнчлэлээс хасагдана. … Зуу гаруй жилийн өмнө Бурхан Өөрийн бошиглогч Вилфорд Вүдраффт олон эхнэр авах ёсыг үргэлжлүүлэхээ болих ёстой гэдгийг буюу нэг үгээр хэлбэл, одоо энэ нь Бурханы хуулийн эсрэг болсон тухай тодорхой илчилсэн. Сүм иргэний болон шашны хууль ёсоор олон эхнэр авахыг зөвшөөрсөн улс орнуудад ч гэсэн ганц эхнэртэй байх ёстой хэмээн заадаг бөгөөд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлдэг хүмүүсийг гишүүдийнхээ эгнээнд оруулахыг зөвшөөрдөггүй” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71–72.)

Суралцагчдад олон эхнэр авах ёсны талаар өөр асуулт байвал тэднийг Gospel Topics, “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” lds.org/topics хаягаар орж үзэхийг хүс.

Сургаал ба Гэрээ 131:1–4

Мөнхийн гэрлэлтийг сонгохын ач холбогдол

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1-4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний тогтоосон арга замаар гэрлэх нь бидний хувьд яагаад чухал болохыг олж мэдэхийг хүс.

  • Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орохыг сонгодог хүмүүст ямар адислалууд өгөгдөхөөр хүлээгдэж байгаа вэ? (Суралцагчдын дараах зарчмын талаарх ойлголтыг бататга: Бид гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орохдоо селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд өргөмжлөгдөж чадна. Энэ сэдвийн хүрээнд шинэ гэдэг нь уг гэрээ бидний эрин үед шинээр сэргээгдсэн гэсэн утгатайг тайлбарла. Үүрдийн гэдэг нь энэхүү гэрээ мөнхөд үргэлжлэх бөгөөд авралын төлөвлөгөөний нэгэн хэсэг болж, энэ дэлхийн өмнөх сүнсний дэлхийгээс томилогдсон гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь Адамын үеэс Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг байсаар ирсэн. Иосеф Смит өсөн нэмэгдэх гэдэг үгийн талаар селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг өвлөх хүмүүс “өсөн нэмэгдэж, селестиел алдар сууд хүүхдүүдтэй байх болно” хэмээн заасан байдаг [Сүмийн түүх, 5:391].)

Ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншиж өгөхийг хүс:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“[Аврал] гэдэг нь бие махбодын болон сүнслэг үхлээс аврагдах гэсэн утгатай. … [Өргөмжлөл] нь селестиел байдал дахь аз жаргал, алдар суугийн хамгийн өндөр дээд байдлыг илэрхийлдэг” (“Salvation and Exaltation,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 8).

“Аврал нь хувь хүмүүсийнх бол, өргөмжлөл нь гэр бүлийнх байдаг. Ариун сүмд гэрлэж, гэрлэлтээ амлалтын Ариун Сүнсээр лацдан холбуулсан хүмүүс л нас барсныхаа дараа хань нь хэвээр үлдэж, селестиел алдар сууг буюу өргөмжлөлийн хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авах болно” (“Ceлестиел гэрлэлт,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107).

  • Яагаад мөнхийн гэрлэлт үнэхээр чухал байдаг вэ? (Та суралцагчдыг хариулж байх хооронд хүмүүс Бурханы өөрсдөд нь зориулсан төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн оронд ажил мэргэжил зэрэг зүйлсийг илүүд үнэлдэг учраас гэрлэхийг сонгохгүй байгаа нь өнөөгийн дэлхий дэх сүйрүүлэх чиг хандлага болж байгааг Сүнсээр удирдагдсаны дагуу онцлон хэлж болно. Тэд гэрлэлтээс татгалзсанаараа Бурханы одоо болон мөнхөд өгөхөөр хүсэж буй адислалыг хүлээн авах эрхээ алдаж байгаа хэрэг юм.)

  • Яагаад ариун сүмд гэрлэх нь иргэний гэрлэлтээс эсвэл гэрлэхгүйгээр хамтдаа амьдрахаас илүү аз жаргал ба агуу боломжуудыг хосуудад өгдөг гэж та нар бодож байна вэ?

Бүх гэгээнтэн ямар нэгэн байдлаар жишгээ бууруулаагүй цагт эцэстээ мөнхийн гэрлэлтийн адислалыг хүлээн авах болно гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Зохистой ямар ч хүнд үгүйсгэгдэх мөнхийн гэрлэлтийн болоод мөнхийн гэр бүлийн адислал гэж үгүй билээ. Зарим хүнд уг адислалыг хүлээн авахад илүү урт, удаан, магадгүй мөнх бус амьдралын дараагийн амьдрал дахь цаг хугацаа шаардагдаж болох боловч эдгээр адислал тэдэнд үгүйсгэгдэхгүй” (“The Church Is for All People,” Ensign, 1989 оны 6-р сар, 76).

  • Ариун сүмд гэрлэхийг хүсдэг ч ийм боломж гараагүй хүмүүсийг та нарын хэд нь мэддэг вэ? Ерөнхийлөгч Хантэрын хэлсэн үгэн дэх амлалт энэ хүмүүст хэрхэн тус болох вэ?

Дараах асуултуудын нэг юм уу хоёрт бичгээр хариулахыг суралцагчдаас хүсээд, хичээлийг өндөрлө:

  • Би өөрийгөө ариун сүмд лацдан холбогдоход хүргэх ямар шийдвэрүүдийг гаргаж байгаа вэ?

  • Ариун сүмд лацдан холбогдоход бэлэн байхын тулд амьдралынхаа чухам юуг өөрчлөх эсвэл өсгөн хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

Хэд хэдэн суралцагчаас ариун сүмд гэрлэхэд бэлтгэхийн тулд юу хийж байгаа талаараа хуваалцахад урь. Эхнэр, нөхөр хоёр ариун сүмд лацдан холбогдоход хийсэн гэрээгээ сахих үед мөнхөд нэгдэх болно гэдэг талаарх гэрчлэлээ хуваалц. Уг мэдлэг таны амьдралыг хэрхэн адисалсан тухай хуваалц.

Суралцагчийн унших материал