Институт ба семинар
20-р хичээл: Итгэл, гэрчлэлээ хамгаалах нь


20-р хичээл

Итгэл, гэрчлэлээ хамгаалах нь

Оршил

Гэр бүл ба хувь хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, хүчтэй гэрчлэлтэй байх ариун үүрэг хүлээсэн байдаг. Сүүлчийн өдрүүдэд “сонгогдсон” хүмүүс мэхлэгдэж болно гэж Аврагч сэрэмжлүүлсэн (Иосеф Смит—Матай 1:22). Энэ хичээл нь бидний итгэлийг устгахыг зорьж буй дайсны хүчнүүдээс хамгаалахын тулд гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ гэдэгт төвлөрөх болно.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Дийтр Ф.Угдорф, “Ирж, бидэнтэй нэгд,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23–27.

  • Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108-111.

Заах зөвлөмж

Иохан 14:26–27; Ефес 4:11–14; 1 Нифай 15:23–24; 2 Нифай 31:19–20; Алма 5:45–46; Хиламан 3:28–30; Сургаал ба Гэрээ 11:13–14; 21:4–6

Хүчтэй гэрчлэл дайснаас хамгаалах хамгаалалт болдог

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин (1917–2008) нэгэн удаа олон жилийн өмнө Украины хөдөөд хөлхөлдөж байсан чонон сүргүүдийн тухай ярьсан болохыг тайлбарла. Чононуудыг айлгадаг ганц зүйл нь гал байлаа. Хотоос хол гарч явахдаа хүмүүс чононуудыг ойртуулахгүйн тулд нэлээд том түүдэг гал асааж, түүнийгээ шөнөжин унтраалгүй манах хэрэгтэй болдог байсан.

Нэг суралцагчийг дараах хэсгийг уншихад урь:

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Аялагчид дүрэлзсэн түүдэг гал асаан, түүнийгээ унтраалгүй манах нь зөвхөн тав тухын асуудал биш, харин амьд үлдэх тухай асуудал байлаа. …

Бид өнөөдөр амьдралынхаа замаар аялж явахдаа өөрсдийгөө чонон сүргээс хамгаалах шаардлагагүй, харин сүнслэг байдлын хувьд уруу таталт, нүгэл, хилэнц хэлбэрээр ирэх Сатаны тэнэмэл чононуудтай тулгарах болно. Бид эдгээр өлсгөлөн чоно сүнслэг хөдөөгүүр хэрэн тэнэж, итгэл үнэмшилдээ сульдаж доройтсон хүмүүсийг хайж байгаа маш аюултай цаг үед амьдарч байна … Бид бүгд дайралтад өртөгдөх тал дээр тун эмзэг байдаг. Гэвч бид унтраалгүй манаж үлдсэн дүрэлзэн асах түүдэг гал мэт шатаж буй гэрчлэлээс ирэх хамгаалалтаар өөрсдийгөө бэхжүүлж чадна” (“Spiritual Bonfires of Testimony,” Ensign, 1992 оны 11-р сар, 34).

  • Яагаад өнөөгийн дэлхийд хүчирхэг гэрчлэлээ хадгалж үлдэх нь “амьд үлдэх тухай асуудал” болсон байна вэ? (Хэсэг ярилцсаны дараа самбарт дараах зүйлүүдийг бич: Бид гэрчлэлээ бэхжүүлэх үед итгэл рүүгээ дайрах дайралтуудад эмзэг байх нь багасдаг.)

  • Хүчирхэг гэрчлэлтэй байх нь танай гэр бүлийн гишүүдийг болон бусдыг итгэл рүү нь халдах дайралтын эсрэг хүчирхэгжүүлэхэд та нарт хэрхэн тусалж чадах вэ?

Самбарт дараах хүснэгтийг зур эсвэл үзүүл: Бага хаалтан дотор тодруулсан байгаа зарчмууд нь багшид зориулагдсан зарчмууд тул үүнд хамааруулахгүй. Суралцагчдаас багануудын аль нэгэнд байгаа шүлгүүдийг уншаад, итгэлийг сулруулдаг хүчнүүдийн эсрэг хамгаалахад тус болох зарчмуудыг эрэлхийлэхийг хүс. Суралцагчдаас сургаал, зарчмуудыг агуулсан тод тунхаглалуудыг уншаад, юу ойлгосноо дүгнэхийг мөн дараа нь өөрсдийн уншсан тунхаглалуудыг хуваалцахыг хүс.

2 Нифай 31:19-20

Хиламан 3:28-30

Ефес 4:11-14

С ба Г 21:4-6

Иохан 14:26-27

С ба Г 11:13-14

1 Нифай 15:23-24

Алма 5:45–46

(Хэрэв бид Есүс Христэд итгэх тууштай итгэлээ хадгалж чадвал, мөнх амьдрал руу хөтлөх нарийн бөгөөд давчуу зам дээр урагшилж чадна.)

(Хэрэв бид Их Эзэний төлөөлөгч, бошиглогч, Сүмийн удирдагчдыг дагах юм бол мэхлэгдэхээс хамгаалагдаж чадна.)

(Бидний итгэл дайралтад өртсөн үед Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан биднийг тайвшруулж, зүг чигийг зааж өгч чадна.)

(Мацаг барих, залбирах, судраас суралцах зэрэг нь итгэл, гэрчлэлийг маань бэхжүүлж, сорилтуудыг сөрөн зогсох боломжийг бидэнд олгодог.)

  • Эдгээр зарчим нь танд эсвэл таны мэддэг хүмүүст итгэлийнх нь эсрэг хийгдсэн дайралтаас өөрийгөө хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

  • Та энэ мэдээллийг итгэл муутай болж буй таньдаг хэн нэгэн хүнийг бэхжүүлэхийн тулд хэрхэн ашиглаж болох вэ?

Дараах зүйлийг суралцагчдад сануул: “Итгэл нь хувийн зөв шударга байдлын төлөө өгсөн Бурханы бэлэг юм. Үүнийг шударга байдал байгаа үед заавал өгдөг бөгөөд Бурханы хуулиудад дуулгавартай байхын хэрээр итгэлийн хишиг нь агуу байдаг юм” (Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь удаагийн хэвлэл, 1966 он, 264). Есүс Христэд итгэлтэй байх, бошиглогчдыг дагах, Сүнсийг эрэлхийлэх, судруудаас судлах зэрэг нь гэрчлэлийг маань хамгаалж, бэхжүүлдэг талаар гэрчил. Хэрэв бид эдгээр зүйлийг хийхдээ алдаа гаргавал итгэл маань суларч, гэрчлэлээ алдаж болно.

Үүнийг харуулахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын дараах хэлсэн үгийг чанга уншихад урь:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Намайг Торонтод номлолын ерөнхийлөгч байх үед надтай хамт үйлчилсэн гайхалтай номлогчдын маань нэг нь хэдэн жилийн дараа надтай уулзахаар ирсэн юм. ‘Ахлагч аа, би чамд яаж туслах вэ?’ гэж би түүнээс асуув.

Тэрээр ‘Ерөнхийлөгч өө, би гэрчлэлээ алдаж байх шиг байна’ гэлээ.

Би түүний хэлсэнд итгэж чадахгүй байлаа. Би түүнээс яаж тийм юм байж болдгийг асуув.

‘Би анх удаагаа Мормоны эсрэг нийтлэл уншиж үзлээ’ гэж тэр хэлдэг юм байна. ‘Надад асуултууд байна, гэвч хэн ч хариулж өгөхгүй юм. Би төөрч будилаад, тэгээд бас гэрчлэлээ алдаж байх шиг байна.’

Түүнд ямар асуултууд байгааг асуусанд тэр надад хэлэв. Тэдгээр нь Сүмийн эсрэг байдаг л асуудлууд байсан боловч би илүү утга учиртай хариу өгөхийн тулд материал цуглуулахад бага зэрэг цаг хугацаа хэрэгтэй байгааг хэллээ. Тэгээд бид 10 хоногийн дараа уулзахаар цаг тохирч, би бүх асуултад хариулах болно гэж хэлсэн юм. Би түүнийг явах гэхэд нь зогсоогоод,

‘Ахлагч аа, чи надаас өнөөдөр хэд хэдэн зүйл асуулаа. Одоо надад чамаас асуух нэг зүйл байна’ гэлээ.

‘За, ерөнхийлөгч өө?’

‘Чи Мормоны Номноос хамгийн сүүлд уншсанаас хойш хэр удаж байна вэ?’ гэж би асуулаа.

Тэр доош харав. Тэр хэсэг зуур шал ширтэн зогссон юм. Тэгээд над руу харав. ‘Их удсан байна, ерөнхийлөгч өө’ хэмээн тэр үнэнээ хэлэв.

‘За яахав’ гэж би хэлээд, ‘Чи надад даалгавар өгсөн. Одоо би чамд даалгавар өгвөл шударга байх болно. Би чамаас, одооноос эхлээд бид хоёрыг дахиж уулзтал Мормоны Номыг өдөр бүр доод тал нь нэг цаг уншина гэж надад амлахыг хүсэж байна’ гэлээ. Тэр зөвшөөрөв.

Арав хоногийн дараа түүнийг ажил дээр маань эргэж ирэхэд би бэлэн болсон байлаа. Би түүний асуултуудад хариулж эхлэхийн тулд цааснуудаа гаргаж ирэхэд, тэр намайг зогсоов.

‘Ерөнхийлөгч өө, энэ одоо хэрэг болохгүй’ гэж хэлэв. Тэгээд тэр: ‘Би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. Би Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ’ гэлээ.

‘За, маш сайн байна’ гэж би хэлэв. ‘Гэсэн ч чи асуултуудынхаа хариултыг ямар ч байсан авах болно. Би үүн дээр маш удаан ажилласан, тиймээс чи тэнд суугаад намайг сонс.’

Тэгээд би түүний бүх асуултад хариулаад, түүнээс ‘Ахлагч аа, чи эндээс юу олж мэдэв?’ гэж асуулаа.

‘Их Эзэнд тэнцэхүйц цаг хугацааг өг’ гэж тэр хэлж билээ.

Бид энэ бодлыг оюундаа суулгаад, мөнх бус үйл явц болох амьдралыг туулахдаа байнга хамт авч явах болтугай. Их Эзэнд тэнцэхүйц цаг хугацааг бидэнд өгнө үү” (“When Shall These Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 60).

  • Та нар ахлагч Баллардын хуваалцсан энэ туршлагаас юу сурсан бэ?

  • Та нар хувийн болон гэр бүлийн амьдралдаа Их Эзэнд “тэнцэхүйц цагийг” өгөх нь хувийн болоод гэр бүлийн тань амьдралыг Сатаны эсрэг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

  • Эдгээр зарчим дээр одооноос дадлага хийх нь та нарыг хэрхэн илүү сайн хань эсвэл эх эцэг болгож чадах вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүссэнээр хичээлийн энэ хэсгийг дуусга:

Ахлагч Ричард Г.Скотт

“Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн ‘Түүн рүү очих’ урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм. Биднийг эдгээр дадлыг илүү сайн хөгжүүлэх тусам Сатан биднийг хорлохыг улам их хүсдэг ч түүнд тэгэх чадвар байхгүй. Бид эдгээр арга хэрэгслийг ашигласнаар Түүний Цагаатгагч золиослолын бүх бэлгийг хүлээн авахаар сонгох эрхээ ашиглаж чадна.

… Бид идэвхийлэн Түүнд ирснээр уруу таталт, зовлон шаналал хийгээд өөрсдөдөө тулгарч байгаа сорилт бүрийг хүлцэн тэвчиж чаддаг хэмээн би гэрчилж байна” (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105-109).

Суралцагчдаас хэт хувийнх биш бол, итгэлийг нь сорьсон бэрхшээлүүдийг давж гарсан тухай туршлагаасаа хуваалцах хүн байгаа эсэхийг асуу.

Лук 22:31–32; 3 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ 108:7–8

Бусдын итгэлийг бэхжүүлэх нь

Хэрэв суралцагчид гэрчлэлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй хэн нэгнийг таньдаг бол гараа өргөхийг хүс.

Бид Сүмийн итгэлтэй гишүүдийн хувьд, ялангуяа гэр бүлийн гишүүдийнхээ өмнө ямар үүрэг хариуцлагатай болохоо мэдэхийн тулд суралцагчдаас Лук 22:31–32; 3 Нифай 18:32; Сургаал ба Гэрээ 108:7–8 гэсэн судруудыг судалж, хооронд нь харьцуулахыг хүс. Суралцагчдад хангалттай цаг гаргаж өгсний дараа сурч мэдсэнээ хуваалцахад урь. Суралцагчид дараах зарчмыг ойлгосон байх ёстой: Бид Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөн бол бусдын итгэлийг бэхжүүлэн хүчирхэгжүүлэх үүрэгтэй.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийг хуваалц:

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Би Сүмийн үйл ажиллагаанд эргэж ирэхэд болон зан төлөв, дадал зуршил, үйлдлүүдийг өөрчлөхөд ихээхэн нөлөөлдөг үндсэн хоёр шалтгааныг олж мэдсэн юм. Нэгдүгээрт, хэн нэгэн мөнхийн боломжуудыг тэдэнд үзүүлээд, тэдгээр боломжийг олж авахаар шийдэхэд нь тусалсан үед тэр хүмүүс эргэж ирдэг. Тэдгээр идэвх султай гишүүн нь олж авах боломжтой тэр төгс зүйлүүдийг нэгэнт мэдэрсэн л бол одоогийн байгаа байдалдаа үргэлжлүүлэн сэтгэл хангалуун байж чадахгүй.

Хоёрдугаарт, зарим хүн хайртай хүмүүс нь эсвэл ‘гэгээнтнүүдийн танил’ [Ефес 2:19] нь Аврагчийн анхааруулга зөвлөгөөг дагаж, хөршүүдээ өөрийн адил хайрлан, бусдад мөрөөдлөө биелүүлж, зорилгоо ойлгоход нь тусалсан учраас Сүмд эргэж ирдэг.

Уг үйл явцын хурдасгуур нь хайрын зарчим бөгөөд одоо ч гэсэн энэ нь хэвээр байгаа юм” (“Our Responsibility to Rescue,” Ensign, 2013 оны 10-р сар, 5).

  • Та нар яагаад хайр нь бусдын итгэлийг бэхжүүлэхэд чухал байдаг хурдасгуур гэж бодож байна вэ?

  • Таны таньж мэддэг хэн нэгэн эсвэл та өөрөө сүнслэг байдал нь доройтсон хэн нэгний итгэлийг бэхжүүлэхийн тулд юу хийж байсан бэ?

  • Та бусдын итгэлийг бэхжүүлэх талаар илүү үр бүтээлтэй байхын тулд ямар алхмуудыг хийж болох вэ?

Суралцагчид бусдад хайраа үзүүлж, энэ хичээлээр үзсэн зарчмуудыг дагаснаар найз нөхөд, гэр бүлийнхээ итгэлийг сэргээж, хүчирхэгжүүлэхэд тусалж чадна гэж гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ өндөрлө.

Суралцагчийн унших материал