8-р хичээл
Хүйс ба хувь хүний мөнхийн шинж чанар
Оршил
Бидний хүйс мөнх бус байдалд төрөхөөс өмнө тогтоогдсон байсан бөгөөд бидний хувь хүний мөнхийн шинж чанарын нэн чухал шинж төрх юм. Сүмийн удирдагчид ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь нүгэл биш, харин ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь бидний өргөмжлөлд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөтэй зөрчилддөг тул нүгэл гэж хооронд нь ялгадаг. Энэ хичээл нь суралцагчдад ийнхүү ялган салгах болсон бишиглолын үндэс суурийг харж, Бурхан бүх хүүхдээ адил хайрладаг бөгөөд бүгд хайр, хүндлэл хүртэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхөд тусална.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Робэрт Д.Хэйлс, “The Plan of Salvation: A Sacred Treasure of Knowledge to Guide Us,” Ensign, 2015 оны 10-р сар.
-
Жэффри Р.Холланд, “Helping Those Who Struggle with Same-Gender Attraction,” Ensign, 2007 оны 10-р сар, 42–45.
-
Даллин Х.Өүкс, “Same-Gender Attraction,” Ensign, 1995 оны 5-р сар, 7-14.
-
Gospel Topics, “Same-Sex Attraction,” lds.org/topics.
-
“Love One Another: A Discussion on Same-Sex Attraction,” mormonsandgays.org. Хэрэв суралцагчид ижил хүйстний бэлгийн харьцааны талаарх Сүмийн бодлогын тухай асуувал тэднийг Сүмийн дараах албан ёсны вэбсайт руу хандуулна уу.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27; “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”
Хүйс нь бидний мөнхийн шинж чанарын нэн чухал хэсэг юм
Гурван суралцагчаас Сургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27 болон “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн 2-р догол мөрийг (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129) чанга уншихыг хүс. Ангийнхныг эдгээр эх сурвалж хүйсийн талаар юу зааж эсвэл ямар ойлголт өгч байгаа талаар бодоход урь.
-
Эдгээр эх сурвалжийн бидний мөнхийн шинж чанарын талаар зааж буй зүйлийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоосон байх ёстой: Хүйс нь бидний мөнхийн шинж чанар ба зорилгын нэн чухал шинж төрх юм.
-
Бидний хүйс дэлхий дээр ирэхээс өмнө байсан гэдгийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ? (Суралцагчдыг хариулах хооронд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн [1876–1972] хэлсэн дараах үгийг хуваалцаж болно: “Эхлэл номоос бид дараах зүйлийг уншиж болно: ‘Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.’ (Эхлэл 1:27; налуу бичилт нэмэгдсэн болно.) Эмэгтэй сүнснүүд “Тэнгэр дэх Эхийн” дүр төрхөөр бүтээгдсэн гэдэгт итгэх нь зүйтэй биш гэж үү? [Answers to Gospel Questions, эмхэтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5 vols.(1957-66), 3:144].)
-
Хэдийгээр нийгэм зарим үед огт өөр харилцааны жишгийг дэмждэг ч гэсэн хүйсийн мөнхийн шинж чанарыг ойлгох нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний дагуу амьдрахад туслах вэ?
Дээрх асуултад хариулахад нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах сургаалтай холбоотой үгийг хуваалц. Догол мөр бүрийг нэг нэгээр нь уншин, ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийнхээ өргөмжлөлд зориулсан төлөвлөгөөний эсрэг болох талаар юу зааж байгааг ярилц.
“Мөнх бус амьдралын зорилго болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлол бол Бурханы хөвгүүд, охидыг тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох хувь заяанд нь бэлтгэх явдал юм.
Бидний хувь заяа бол селестиел хаант улсад өргөмжлөгдөх явдал бөгөөд үүнийг зөвхөн Есүс Христийн Цагаатгал (үүгээр дамжуулан бид ‘Бурханы өмнө дахин гэм зэмгүй’ [С ба Г 93:38] болсон) боломжтой болгосон ба Бурханы ариун сүмд мөнхийн гэрлэлтийн гэрээнд орж, үнэнч байж чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүртэх боломжтой юм (С ба Г 131:1–4; 132-ыг үзнэ үү). …
Сатан ‘бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг’ (2 Ниф. 2:27) тул түүний бүх хүч Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг нураахад чиглэгдсэн сонголт, үйлдлүүдийг хөхиүлэн дэмжихэд чиглэгддэг. Тэр хувь хүний хариуцлага үүрэх зарчмыг нураан, үр удмаа үлдээх ариун хүчийг буруугаар ашиглах, зохистой эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэрлэж, үр хүүхэд төрүүлэхийг болиулах мөн эрэгтэй, эмэгтэй хүн байх гэдэг нь юу болох талаарх ойлголтыг төөрөгдүүлэхийг эрэлхийлдэг билээ” (“Same-Gender Attraction,” Ensign, 1995 оны 10-р сар, 7–8).
Сургаал ба Гэрээ 59:6
Сүм ижил хүйстэндээ сэтгэл татагдах, ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох хоёрыг хооронд нь ялгаж салгадаг.
Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийн хувийг тарааж өг: Суралцагчдыг уг хэлсэн үгийг судлан, ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийн мөн тэднийг хайрлах талаар ахлагч Холландын заасан зарчмыг олж мэдэхэд урь.
“Хорь орчим насны нэгэн сайхан залуу миний өмнө сууж байлаа. Хэдийгээр тэр биднийг ярилцах үед ховор инээмсэглэж харагдсан ч маш сайхан инээмсэглэлтэй байв. Миний анхаарлыг татсан зүйл бол түүний нүдэнд хурсан гуниг байлаа.
‘Би Сүмийн гишүүн хэвээр байх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна. Би өөрийгөө зохистой гэж бодохгүй байна’ гэж тэр хэлэв.
‘Яагаад чи өөрийгөө зохисгүй гэж бодож байгаа юм бэ?’ гэж би асуулаа.
‘Би ижил хүйстэн.’
Тэр намайг гайхна гэж бодсон байх л даа. Би гайхаагүй. ‘Тэгээд … ?’ гэж би асуув.
Намайг анхааралтай сонсож байгааг мэдсэн учраас түүний тайвширч байгаа нь илт харагдлаа. ‘Би эмэгтэйчүүдэд татагддаггүй. Харин эрэгтэй хүнд татагддаг. Би энэ мэдрэмжээ дарж, өөрчлөх гэж оролдсон боловч …’
хэмээн тэр санаа алдав. ‘Би яагаад ийм болчихсон юм бол? Миний мэдэрч байгаа зүйлс бүгд бодит.’
Би хэсэг чимээгүй байснаа, түүнд ‘Чамд зөвлөгөө өгөхийн өмнө надад илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй юм байна. Ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь нүгэл биш, харин эсрэг хүйсийнхээ хүнтэй бэлгийн харьцаанд орох мэдрэмжээ даган үйлдэх нь нүгэл юм. Та ариун явдлын хуулийг зөрчсөн үү?’ гэж хэлсэн юм.
Тэр толгойгоо сэгсрэн, ‘Үгүй, би зөрчөөгүй’ гэлээ.
Харин энэ удаа миний санаа тайвшрав. ‘Энд асуудлаа шийдвэрлэхийг хүссэнд тань баярлалаа. Энэ талаар ярих нь ихээхэн зориг шаарддагийг би мэдэх бөгөөд өөрийгөө цэвэр ариун байлгаж чадсан чамайг би хүндэлж байна.
Яагаад ийм мэдрэмж чамд төрж байгаа юм бэ гэсэн асуултад би хариулж чадахгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Үүнд олон хүчин зүйл ордог байж магадгүй бөгөөд хүмүүс бүгд өөр өөр байдгийн адил тэдгээр нь ч мөн адил өөр өөр байх магадлалтай. Чамд төрж байгаа мэдрэмж гэх мэт зарим зүйлийг бид энэ амьдралдаа хэзээ ч мэдрэхгүй байх. Гэхдээ нүгэл үйлдээгүй гэдгийг чинь мэдэх нь яагаад чамд ийм мэдрэмж төрж байгааг ойлгохоос илүү чухал зүйл юм. Хэрэв чи зарлигуудын дагуу амьдарч байгаа бол Сүмд үйлчлэх, бүх үйл ажиллагаанд гишүүдтэй хамт бүрэн оролцох, ариун сүмд орох, Аврагчийн Цагаатгалын бүхий л адислалыг хүлээн авах зохистой гэсэн үг’ гэж би хэлэв.
Тэр залуу арай илүү өндийж суув. Би цааш нь ‘Та өөрөө өөрийгөө зөвхөн бэлгийн харьцааны мэдрэмж дээрээ үндэслэн тодорхойлох нь өөрөө өөртөө маш муу үйлчилж байна гэсэн үг. Энэ нь таныг хэн гэдгийг тодорхойлох цорын ганц шинж чанар биш шүү дээ. Тиймээс үүнд хэт их анхаарал хандуулах шаардлагагүй. Та юуны өмнө Бурханы хүүхэд бөгөөд Тэр танд хайртай’ гэж хэлсэн юм” (“Helping Those Who Struggle with Same-Gender Attraction,” Ensign, 2007 оны 10-р сар, 42).
-
Та нар ахлагч Холландын зөвлөгөөнөөс ямар ямар зарчмыг олж тогтоосон бэ?
Суралцагчдыг дараах зоримог зарчмуудыг хуваалцаж байх хооронд тэдгээрийг самбар дээр бичээд, маш болгоомжтой авч хэлэлц:
-
Бид Бурханы хөвгүүд, охид хэмээх өөрсдийн онцлог шинж чанар дээр анхаарлаа хандуулбал Түүний хайрыг мэдэрнэ.
-
Ижил хүйстэндээ сэтгэл татагдах нь ариун явдлын хуулийг зөрчиж байгаа хэрэг биш, харин уг мэдрэмжийн дагуу үйлдэх нь нүгэл юм. Сургаал ба Гэрээ 59:6-г хуваалцахыг бодож үз: “Чи … садар самууныг үйлдэх буюу …, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй.” “Энэ мэт ямар ч зүйлийг” гэдэг нь гэрлэлтийн харилцаанаас гадуурх бүх бэлгийн харьцааг хэлнэ гэдгийг онцолж хэл. Ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаатай байх нь гэрлэлтээс гадуурх эсрэг хүйсийн бэлгийн харьцааг нүгэл гэж үздэгтэй яг адил зүйл юм. Аливаа бэлгийн харьцааны нүгэлд оролцсон хэн ч болов, наманчлалаар дамжуулан нүглээсээ уучлагдаж болно.
-
Хэдий зарим хүн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг ч Бурханы зарлигийн дагуу амьдрах сонголтыг хийх боломжтой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг онцол: “Энэ сэдвээр бидний ойлгохгүй зүйл их учраас зөвхөн Бурханы илчилсэн үгээс олж мэдсэн зүйлсдээ тулгуурлах нь зүйтэй. Бэлгийн харьцаа зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой гэсэн Сүмийн сургаал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа мөн цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид мэдэх билээ” (“What Needs to Change,” mormonsandgays.org).
-
Бид Бурханы зарлигийн дагуу амьдарвал Сүмийн гишүүнчлэлийн бүхий л онцгой эрх болон Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авах болно. Хэдий хувь хүн ижил хүйстэндээ сэтгэл татагдах эсэхээ өөрөө сонгохгүй ч, уг мэдрэмждээ хэрхэн хариулахаа харин сонгох боломжтой.
Эдгээр зарчмыг самбар дээр жагсааж бичсэнийхээ дараа дараах зүйлийг асуу:
-
Эдгээр зарчим нь ямар арга замаар ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст туслах вэ?
-
Ахлагч Холландын хэлсэн үгээс өөр ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ?
Матай 7:12; Иохан 8:1–11; 15:12
Бид бусдад хайраар болон сайхан сэтгэлээр хандах ёстой
(Тайлбар: Та хичээлийн энэ хэсгийг заахдаа ижил хүйстэндээ сэтгэл татагддаг ч мэдрэмжийнхээ дагуу үйлдээгүй хүмүүс завхайрч байгаад баригдсан эмэгтэйтэй адилхан биш гэдгийг онцлох ёстой. Гэхдээ уг эмэгтэйд хандсан Христийн хандлага нь ёс зүйгүй үйлдэл хийсэн эсэхээс үл хамааран бид бүх хүнд хэрхэн хандах ёстойг харуулсан нэгэн жишээ юм.)
Суралцагчдад төлөөлөгч Паул ихээхэн ярвигтай тохиолдолтой учирсан Аврагчийн түүхийг цэдэглэсэн байдгийг хэл. Суралцагчдад Иохан 8:1-11-ийг судлаад, завхайрч байгаад баригдсан эмэгтэйд хэрхэн хандсан тухай олж мэдэх хугацаа өг. Дараах асуултуудыг тавьснаар суралцагчдаас энэ үйл явдлыг ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орсон мөн өөр бусад ёс бус үйлдэл хийсэн хүмүүст хандах өөрийн хандлага, үйлдэлтэй адилтган үзэхэд нь тусал:
-
Аврагчийн үйлдэл бидний бусдад хэрхэн хандах ёстой талаар юу зааж байна вэ? (Хэдийгээр Аврагч уг эмэгтэйн нүглийг үгүйсгээгүй ч түүнтэй харгис хэрцгий биш, харин эелдэг, хүндэтгэлтэй харьцсан.)
-
Бид Аврагчийн үзүүлсэн жишээг ёс бус үйлдэл хийсэн эсэхээс нь үл хамааран ижил хүйстэн ах, эгч нартаа хандах хандлага, хийх үйлдлээрээ хэрхэн дагаж болох вэ? Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Бид Бурханы бүх хүүхдийн зовлонг ойлгон, тэдэнд мэдрэмжтэй, эелдэг хандсанаар Аврагчийн жишээг дагах болно.) (Мөн Матай 7:12; Иохан 15:12-ыг үзнэ үү.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Мэдээж, Их Эзэн уг эмэгтэйн гэм нүглийг зөвтгөөгүй. Тэр ердөө л түүнийг буруутгаагүй буюу яг тэр үед эцсийн шүүлтийг түүн дээр ноогдуулахгүй гэж хэлсэн. Тэрээр фарисайчуудад ‘Хүмүүс та нар махан биеийн дагуу шүүдэг бол, Би хэнийг ч шүүхгүй’ (Иохан 8:15) хэмээн хэлсэн нь энэ орчуулга зөв болохыг баталж байгаа юм. Завхайрч байгаад баригдсан эмэгтэй рүү чулуу шидэхийг хүсэж байсан хүмүүс уг эмэгтэйд хэзээ ч олгохгүй байх байсан нүглээ наманчлах хугацаа түүнд олгогдсон билээ” (“‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 8).
Иохан 8:11 нь Иосеф Смитийн орчуулгад цэдэглэгдсэнээр, Аврагчтай уулзсаныхаа дараа “уг эмэгтэй тэр цаг мөчөөс хойш Бурханыг магтан дуулж, Түүнийг нэрэнд итгэдэг болсон ажээ” (Иохан 8:11, тайлбар в).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күкийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Сүмийн хувьд бид илүү хайр, энэрлээр дүүрэн хүн байх ёстой. Бүгдээрээ хайр, энэрлээ илэрхийлэх, ядууст хүрч ажиллах зэрэгт эхний эгнээнд байцгаая. Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг учраас өөр хэв маягаар амьдрах сонголт хийсэн хүмүүсийг гэр бүлээсээ хасах юм уу хүндэтгэлгүй харьцдаг хүмүүс бидний дунд байхаа болиг” (“Love One Another: A Discussion on Same-Sex Attraction,” mormonsandgays.org).
Суралцагчдыг ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст хандах хандлага, үйлдлээ дүгнэхэд урь. Тэдгээр хандлага, үйлдэл нь Их Эзэний сургаал ба үзүүлсэн жишээний дагуу байна уу?
-
Хэрэв та ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүсийг доромжлон гутаасан үг хэллэг хэрэглэж байгаа хүмүүстэй нэг бүлэгт байсан бол юу хийх байсан бэ?
Хэрэв бид ижил хүйстэн ах, эгч нараа илүү ихээр хайрлан, тэдэнд эелдэг хандаж чадвал олон хүний амьдралыг өөрчлөн, олон гэр бүлийн шархыг эдгээж, мөн Сүмийн гишүүд халуун дотно хүлээн авч байгааг Сүмээс холдсон олон хүн мэдрэх болно гэдгийг гэрчил. Суралцагчдад зарлигуудыг даган, сайн мэдээний гэрээнүүддээ үнэнч хэвээр үлдэхийг эрэлхийлж буй хэн ч Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг сануул.
Суралцагчдыг Их Эзэний ариун явдлын хуульд үнэнч байхын сацуу ижил хүйстэндээ сэтгэл татагддаг таньдаг хүмүүсийнхээ талаар бодон, тэдэнд илүү энэрэнгүй хандахын тулд юу хийж болох талаар тунгаан бодоход урь.
Суралцагчийн унших материал
-
Матай 7:12; Иохан 8:1–11; 15:12; Сургаал ба Гэрээ 76:24; Мосе 2:27; мөн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”-ийн 2-р догол мөр, Ensign, 2010 оны 11-р сар эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган.
-
Жэффри Р.Холланд, “Ижил хүйстэндээ сэтгэл татагддаг хүмүүст туслах нь,” Ensign, 2007 оны 10-р сар, 42–45.