14-р хичээл
Сион уулан дээрх аврагчид болох нь
Оршил
Ариун сүмийн ажлаар дамжуулан Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний талаар мэдлэггүй нас барсан бүх хүнд “Бурханд эргэн очиж, нэг гэр бүлийнхэн мөнхөд хамт байх боломж олддог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Энэ хичээлээр суралцагчид хэрхэн Елиагийн сүнс гэр бүлийн түүхийн ажилд оролцон, “Сион уулан дээрх аврагчид” (Обадиа 1:21) болох сэдлийг бидэнд төрүүлдэг талаар суралцана.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.
-
Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” Ensign, эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 138:27-37; 58-59
Сүнсний дэлхий дээрх Есүс Христийн тохинуулал
Суралцагчдыг өвөг дээдсээс нь хэдэн хүн сайн мэдээний талаар сонсолгүй эсвэл авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан талаар бодоход урь.
Аврагч амиа өргөснийхээ дараа нас барагсдын сүнсэн дээр очсон гэдгийг суралцагчдад сануул. Энэ айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Сургаал ба Гэрээ 138-д цэдэглэгдсэн бөгөөд энэ нь Жозеф Ф.Смитийн (1838-1918) харсан үзэгдэл юм. (Энэ бол суралцагчдад судрыг судлахдаа агуулгыг ойлгоход нь туслах жишээ гэдгийг анхаарна уу.)
Цөөн хэдэн суралцагчаас Сургаал ба Гэрээ 138:27-37-г ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхныг дагуулж хараад, Их Эзэн Өөрийн тохинууллын үед сүнсний дэлхийд юу хийснийг олж мэдэхэд урь.
-
Их Эзэн хэрхэн нас барагсдын сүнсэнд гэтэлгэгдэх замыг бэлтгэсэн бэ? (Дараах үнэнийг онцол: Аврагч зөв шударга сүнснүүдийг шорон дахь сүнснүүдэд сайн мэдээг заахаар томилон, зааварлаж, бэлтгэсэн.)
-
34-р шүлэгт цэдэглэснээр, яагаад сайн мэдээг сүнсний шоронд байгаа хүмүүст номлох ёстой байсан бэ? (“Махан бие дэх хүмүүсийн дагуу шүүгдэж” гэдэг нь Бурханы амьд, нас барсан бүх хүүхдийг адил жишгээр шүүхийн тулд тэдэнд сайн мэдээг хүлээн зөвшөөрч, авралын ёслолуудыг хүлээн авах боломж олгогдоно гэсэн үг болохыг тайлбарла. Мөн C ба Г 137:7-9-ийг үзнэ үү.)
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 138:31, 58-59-ийг уншаад, сүнсний дэлхийд сайн мэдээг заалгасан хүмүүс “авралыг өвлөгчид” болохын тулд юу хийх ёстой болохыг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, нас барагсдын сүнс “авралыг өвлөгчид” болохын тулд юу хийх ёстой вэ? (Дараах зарчмыг тодруулахад нь тусал: Сүнсний шоронд байгаа хүмүүс сайн мэдээг заалгасныхаа дараа нүглээ наманчлан, ариун сүмд төлөөлөн хийсэн ёслолуудыг хүлээн авах эсэхээ сонгох боломжтой.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг хуваалц:
“Зарим хүн нас барсан сүнснүүдийг ‘өөрсдөө мэдэлгүйгээр Мормон шашинд баптисм хүртдэг’ эсвэл ‘өөр шашинд харьяалагддаг байсан хүмүүс хүчээр тулгасан Мормон шашинд харьяалагдах ёстой болдог’ гэж буруу ташаа ойлгож, таамагладаг. Тэд бидэнд хүмүүсийн сүнсийг ямар нэгэн байдлаар шашны асуудалд хүчээр нөлөөлөх хүч байдаг гэж боддог. Мэдээж үгүй. Бурхан хүнд эхнээс нь сонгох эрхийг олгосон. Зөвхөн тэдгээр ёслолыг хүлээн авсан тохиолдолд ‘наманчилдаг нас барагсад Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно’ [С ба Г 138:58]” (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000 оны 11-р сар, 10).
Суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдан, Бурханы төлөвлөгөө хэрхэн амьд болон нас барсан бүх хүнд сайн мэдээ ба авралын ёслолуудыг хүлээн авах боломжийг олгодог болохыг гишүүн бус хүнд тайлбарласан жүжигчилсэн тоглолт хийхэд урь.
Обадиа 1:21; Малахи 4:5–6; Сургаал ба Гэрээ 110:13–16; 128:18
Бид “Сион уулан дээрх аврагчид байх болно” (Обадиа 1:21)
Суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажилд оролцож болох арга замыг жагсааж бичихэд урь. (Гэр бүлийнхнийхээ нэрийг олох, тэднийг ариун сүмд аваачих, гэр бүлийн зураг болон түүхийг хадгалах, индексжүүлэх гэх мэт.)
-
Гэр бүлийн түүхийн ажилд оролцох нь хэрхэн нас барсан гэр бүлийн гишүүддээ хандах бидний хандлагад нөлөөлөх вэ?
Суралцагчдад эдгээр мэдрэмжийн эх сурвалжийг олж тогтооход нь туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн Сүнс нь ‘гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо мөн’ (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34) хэмээн заасан байдаг. Ариун Сүнсний энэхүү онцгой нөлөөлөл нь хүмүүст нас барсан болон амьд байгаа өвөг дээдэс мөн гэр бүлийн гишүүдээ таньж мэдэн, тэднийг хүндэлж, тэдний тухай баримт бичиг хөтлөхөд хүргэдэг. Елиагийн Сүнс нь Сүмийн гишүүдэд мөн гишүүн бус хүмүүст ч хамаатай” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29).
“Елиагийн Сүнсний” дараах тодорхойлолтыг самбар дээр бичиж болно:
Нэг суралцагчаас Малахи 4:5-6-г чанга уншихыг хүс.
-
Энэ шүлэгт цэдэглэснээр, бошиглогч Елиагийн амласан айлчлал хэрхэн хожмын өдрүүдэд дэлхийн гэр бүлүүдэд болон Их Эзэний авралын ажилд нөлөөлөх вэ? (Амилуулагдсан Елиа 1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери нар дээр ирж, тэдэнд Мелкизедек санваарын лацдан холбох түлхүүрүүдийг өгсөн байна [С ба Г 110:13–16]-г үзнэ үү.)
-
Эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нь эргүүлнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Нэг суралцагчийг эдгээр шүлгийн талаарх бошиглогч Иосеф Смитийн тайлбарыг чанга уншихад урь:
“Энд орсон эргүүлнэ гэсэн үгийг холбох эсвэл лацдах гэж орчуулах ёстой. Гэхдээ энэ чухал үйл хэргийн зорилго юу вэ, эсвэл энэ үйл хэрэг хэрхэн биелэгдэх вэ? Түлхүүрүүд өгөгдөж, Елиагийн сүнс ирэн, гэгээнтнүүд Сион уулан дээрх аврагчид болж ирнэ [Обадиа 1:21-ийг үзнэ үү].
“Гэхдээ тэд хэрхэн Сион уулан дахь аврагчид болох вэ? Ариун сүмүүдийг барьж, баптисмын усан сангуудыг байгуулж мөн урагш ахиж, … нас барсан өвөг дээдсийнхээ бүхий л ёслолуудыг хүлээн авч, тэднийг гэтэлгэснээр, … эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдтэй нь, хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүдтэй нь холбож, Елиагийн даалгаврыг гүйцэлдүүлнэ” (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 472–73).
-
Бошиглогч Иосеф Смит ариун сүмийн ёслолуудыг нас барсан төрөл садангийнхаа өмнөөс хүлээн авбал биднийг хэн болно гэж хэлсэн бэ? (Сион уулан дээрх аврагчид болно.)
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Бид үнэн утгаараа Сион уулан дээрх аврагчид болох юм. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Яг бидний Гэтэлгэгч Өөрийн амийг бүх хүнийг төлөөлөн золиосолсон учраас бидний Аврагч болсны адил, хэдий өчүүхэн хэдий ч дэлхий дээр байгаа хүмүүс ямар нэгэн юм хийхгүй бол өөрийн хүчээр дээш ахих боломжгүй, нөгөө талд байгаа хүмүүсийн өмнөөс ариун сүмийн төлөөлөн хийх ажилд оролцсоноороо бид тэдний хувьд аврагч нь болох юм” (“Closing Remarks,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 105).
Есүс Христ биднийг төлөөлөн Цагаатгал хийсэн гэдгийг тайлбарла. Бид нас барсан хүмүүсийн өмнөөс ёслолуудыг төлөөлөн хийхэд “Сион уулан дээрх аврагчид” болдог. “Сион уул” гэдэг нь Бурханы тэнгэрлэг хот буюу Шинэ Иерусалим зэрэг хэд хэдэн байршлыг нэрлэдэг (Еврей 12:22; С ба Г 76:66; 84:2–4; Хаадын Дээд 8:1-ийг үзнэ үү).
-
“Сион уулан дээрх аврагчид” гэсэн үг хэллэгийг ойлгох нь нас барсан ба одоогийн гэр бүлийнхээ гишүүдэд ариун сүмийн адислалуудаас хүртэхэд нь туслах сэдлийг ямар замаар төрүүлэх вэ?
Ярилцлагын нэг хэсэг болгон та ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг хуваалцаж болно:
“Бид өвөг дээдсээ олж тогтоон, өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй байгаа ёслолуудыг хийж гүйцэтгэснээр Есүс Христийн Цагаатгалын хязгааргүй ач гавьяаг гэрчилж байдаг билээ. Христ ‘бүгдийн төлөө үхсэн.’ [2 Коринт 5:15.]” (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, 2000 оны 11-р сар, 10).
Сургаал ба Гэрээ 128-д бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд хандан бичсэн захиа цэдэглэгдсэн байдаг бөгөөд тэр захиандаа Малахи 4:5–6-г эш татан, дараа нь тэдгээр шүлэгт сүнсээр өдөөгдсөн тайлбарыг өгсөн байдаг.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 128:18-ыг дотроо уншихад урь. Тэднээс нас барсан гэр бүлийнхээ гишүүдийг гэтэлгэх ажилд яагаад оролцох ёстой тухай Иосеф Смитийн өгсөн шалтгаануудыг тэмдэглэхийг хүс. Суралцагчдын олж тогтоосон зүйлсийг ярилцсаны дараа дараах зүйлийг ярилц:
-
Өвөг дээдэстээ зориулан авралын ёслолуудыг хийх гэсэн бидний хичээл зүтгэл хэрхэн бидэнд мөн адил авралыг авчрах вэ?
Самбар дээр дараах үгийг бич: Ол, авчир мөн заа.
Суралцагчдаас хэрхэн эдгээр үг ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг хийхдээ бидний дагах ёстой алхмыг дүрсэлж байгааг тайлбарлахыг хүс. (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Ариун сүмийн ёслолын ажилд зориулан нэрс олж, бэлд. Нэрсийг ариун сүмд авчран, тэдэнд зориулан ариун сүмийн төлөөлөн хийх ёслолыг хийж гүйцэтгэ. Үүнтэй адил ажил хийхийг бусдад заа.)
Эдгээр алхмыг дагаснаар ирэх адислалуудыг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс эсвэл “Гэр бүлийн түүхийн амлагдсан адислалууд” гэсэн видео бичлэгийг үзүүл (lds.org/topics/family-history/fdd-cook/blessings-video). Суралцагчдыг уншиж эсвэл үзэж байхдаа гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор ирэх адислалуудын талаар олж мэдэхэд урь.
“Елиагийн сүнсний талаар сурч, үүнийг мэдрэхийг Сүмийн залуучуудаас би хүсэж байна. Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эрж хайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийг хүсэж байна (C ба Г 124:28–36-г үзнэ үү). Мөн бусад хүнд гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь туслахыг би та бүхэнд уриалж байна.
Та үүнийг хийх аваас таны зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно. … Та өвөг дээдсээ илүү хайрлаж, тэдэнд илүү их талархах болно. Аврагчийн тухай таны гэрчлэл ба хөрвөлт илүү гүн гүнзгий, бат бөх болно. Та нар өсөн нэмэгдэж буй дайсны нөлөөнөөс хамгаалагдах болно гэдгийг би та нарт амлаж байна. Та энэхүү ариун нандин ажилд оролцож, үүнийг хийх хүсэлтэй болсноор залуу насандаа мөн амьдралынхаа турш хамгаалагдах болно” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” 30).
-
Гэр бүлийн түүхийн ажилд оролцдог хүмүүст ямар ямар адислал ирэх вэ?
Суралцагчдын дунд гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор адислал хүлээн авсан хувийн туршлагаасаа хуваалцах хүн байгаа эсэхийг асуу.
-
Өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хүлээн авсан хүмүүс энэ ариун туршлагад оролцоход төрсөн мэдрэмжээсээ хуваалцана уу?
Суралцагчдыг FamilySearch.org дээр байгаа эх сурвалжуудыг ашиглаад, гэр бүлийн түүхээ судлан, шаардлага гарвал тойрог эсвэл салбарынхаа гэр бүлийн түүхийн зөвлөхөөс туслалцаа авахад урь. Суралцагчдыг өвөг дээдсийнхээ нэрийг олж, тэдний нэрийг ариун сүмд авчран, тэдний өмнөөс ёслолуудыг хийж, үүнтэй адил ажил хийхийг бусдад заахад нь урамшуулан дэмж.
Суралцагчийн унших материал
-
Обадиа 1:21; Малахи 4:5–6; Сургаал ба Гэрээ 110:13–16; 128:18; 138:27–37, 58–59
-
Дэвид А.Бэднар, “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign, эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.