Институт
1-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах


“1-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“1-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

1-р хичээлийн багшийн материал

Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах

Гэр бүлийн тухай сургаал бид бүгдэд хамаатай. Энэ хичээлээр суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн мэргэн ухаан, гэр бүлүүдэд зориулсан төлөвлөгөөнд найдах найдлагаа үнэлж дүгнэхэд урих болно. Суралцагчид гэр бүлийн тухай сургаалын талаар хэлэлцэж байх үедээ Христийнхтэй адил хайр, мэдрэмж, хүндэтгэлээр дүүрэн орчныг бий болгоход туслах тухай мөн бодож болох юм.

Тайлбар: Боломжтой бол энэ цуврал хичээлд бүртгүүлсэн суралцагчидтай хичээл эхлэхээс өмнө холбоо барьж, эхний хичээлд бэлтгэх материалыг судлахад тэднийг урь. Хичээлийн эхэнд бүх суралцагч хичээлд бэлтгэх материалын нэг хувийг авсан байхад анхаар. Хичээлийн хэлэлцүүлгийн явцад бэлтгэх материалыг ашигласнаар суралцагчид энэ нь хэрхэн тэдэнд сурах туршлагаа баяжуулж, бэлдэхэд нь тусалж байгааг харах боломжтой. Энэ хичээлийн эхэнд бие биетэйгээ танилцаж, суралцагчдыг ангидаа урихад 5-10 минут зарцуул.

Заах зөвлөмж

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын төгс хайр, мэргэн ухаанд найдаж болно.

Энэхүү цуврал хичээлийн танилцуулга болгон та суралцагчдад хичээлийн эхний хагасын агуулга эсвэл хөтөлбөрийг үзүүлж болох юм. Суралцагчдынхаа хэрэгцээг илүү сайн мэдэхийн тулд тэднийг аль сэдвийг хамгийн их сонирхож эсвэл илүү сайн ойлгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн товч тэмдэглэлийг нэрээ нууцлан бичихэд урь. Та мөн энэ хичээлээс хариултаа авахад тусална гэж найдаж буй бүх асуултаа бичихэд тэднийг урьж болно. Тэдний хариултыг цуглуулж, дараа дараагийн хичээлд бэлдэхдээ тэдгээрийг анхаарч үзээрэй.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдын хэрэгцээ, сонирхлыг нээж илрүүл. Суралцагчид хичээлүүд тэдний хэрэгцээ, сонирхолд нийцсэн байхаар бүтээгдсэнийг мэдсэнээр илүү их суралцах хүсэлтэй байх болно. Гэр бүлийн талаар сонирхож буй зүйл, асуулт зэргийг хуваалцах боломжийг суралцагчдад олго. Тэдний хариултад үндэслээд, хичээлийн явцад сонирхож буй зүйл, асуултуудыг нь хэзээ онцлон хэлэлцэхээ мэдэхийн тулд Сүнсийг дагаарай.

Дараах асуултуудыг тавь.

  • Та хэнд найддаг вэ? Яагаад?

  • Та чухам ямар зүйлийн хувьд эдгээр хүнд найддаг вэ?

Суралцагчдыг гурван бүлэг болгон хуваа. Бүлэг бүрд дараах тараах материалын хуулбарыг өгөөд, зааврыг дагахад урь.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдах

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—1-р хичээл

Бүлгийн гишүүн бүрийг 2 Нифай 26:24; Мозая 4:9; Исаиа 55:8–9 зэрэг судрын хэсгүүдээс нэгийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдахад бидэнд туслах үнэнийг олж мэдэхэд урь. Тэгээд дараах асуултуудыг ярилц.

  • Бид эдгээр судрын хэсгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдэх вэ? Таны олж мэдсэн үнэн Тэдэнд итгэх таны хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та хэзээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэхийн үнэ цэнийг мэдэрсэн эсвэл гэрчилсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдах

Багшийн тараах материал

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайр, мэргэн ухааны хамгийн том нотолгооны нэг бол мөнхийн гэр бүлийн тухай сургаал гэдгийг тайлбарла. Тэдэнд болон Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэл маань гэр бүлийн асуудлаарх дэлхийн янз бүрийн үзэл бодлыг судлахад бидэнд тусална.

Суралцагчдад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийн хувийг өг. Суралцагчдыг хэдэн догол мөр сонгоод, Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд болон тэдний гэр бүлд өгөхийг хүсдэг адислал, баяр баясгаланг илэрхийлсэн үг хэллэгийг уншиж, тэмдэглэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, тэмдэглэсэн зүйлээ болон яагаад үүнийг тэмдэглэснээ хуваалцахад суралцагчдыг урь.

  • Гэр бүлдээ хүсдэг таны хүсэл Тэнгэрлэг Эцэгийн танай гэр бүлд хүсдэг хүсэлтэй хэрхэн нийцэж байна вэ?

  • Дэлхийн мэргэн ухаан, үзэл санаанаас илүүтэй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мэргэн ухаан, мөнхийн талаас харах өнцөгт итгэх нь ямархуу үнэ цэнтэй вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидний одоогийн болон ирээдүйн гэр бүлд зориулсан мэргэн ухаан болон хүслийн талаар гэрчил эсвэл суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урь.

Бид хайр, хүндэтгэлээр дүүрэн сурах орчныг бүрдүүлж чадна.

Гэр бүлийнхээ зургийг үзүүл. Гэр бүлийнхээ талаар дуртай зарим зүйлээ мөн гэр бүлийнхээ онцлог байдлаас хуваалц.

Бэлтгэх материалын хоёрдугаар хэсэг дэх ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн үгийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

  • Ахлагч Андэрсэны заасан зүйлсээс юу нь танд тод туссан бэ? (Та суралцагчдадаа дараах үнэнийг мэдэхэд тусалж болох юм. Бүх гэр бүл өөр өөр байдаг тул бид гэр бүлүүдэд зориулсан Их Эзэний загварыг нухацтай, мэдрэмжтэй ярилцах хэрэгтэй.)

Хувийн болон гэр бүлийн хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан бусад хүнд үзүүлэх Аврагчийн хайр, мэдрэмж, өрөвч сэтгэлийн үлгэр жишээнээс бид юу сурч мэдэж болох талаар хуваалцахад та суралцагчдыг урьж болно. (Жишээнүүдийг бэлтгэх материалын “Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?” хэсгээс олох боломжтой.)

Суралцагчдад дараах асуултын талаар санаа бодлоо бичих хэдэн минут өг.

  • Гэр бүлийн талаар болон бусад эмзэг сэдвээр ярилцаж байхдаа бусдад хайр хүндэтгэл мэдрүүлэхийн тулд би юу хийж чадах вэ? (Хэрэв суралцагчид бэлтгэх материалын 2-р хэсгийг судалсан бол аль хэдийн энэ асуултын талаарх санаа бодлоо бичсэн байж магадгүй. Тэдэнд бичсэн зүйлээ нягтлан харах хугацаа өг.)

Цөөн суралцагчийг бичсэн санаа бодлоосоо хуваалцахад урь.

Суралцагчдад ойлгоход нь Ариун Сүнсний тусламж шаардлагатай олон үнэнийг энэ хичээлийн турш ярилцах болно гэдгийг та өөрийнхөө үгээр тайлбарлаж болох юм. Хувийн болон гэр бүлийн өвөрмөц нөхцөл байдлаас шалтгаалан сургаалыг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж авахын тулд суралцагчид хувийн илчлэлт хүлээн авах хэрэгтэй болно. Бидний мэдэрдэг зарим хүчтэй мэдрэмж гэр бүлтэй маань холбоотой байдаг тул бие биеэсээ болон Сүнснээс суралцах бидний чадвар Христийнхтэй адил хайр, мэдрэмжтэй байдал, хүндлэлээр дүүрэн орчныг шаарддаг. Суралцагчдыг ийм орчныг бүрдүүлэх үүргээ биелүүлэхэд урь.

Та бэлтгэх материалыг хэрхэн ашиглаж болохыг хичээлийн төгсгөлд үзүүлж болно. Хичээл эхлэхээс өмнө бэлтгэх материалыг бие даан судлах нь гэр бүлийн тухай сургаалыг илүү гүнзгийрүүлэн судлахад ангийн бүх гишүүн хэрхэн тусалж болох тухай бодохыг тэднээс хүс. Тэднийг хичээл бүрийн өмнө итгэлтэйгээр бэлдэхэд урь.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг Дараагийн хичээлийн судлах материалаас яагаад Их Эзэний Сүмийн удирдагчид олонхын үзэл бодол энэ сургаалын эсрэг байх үед ч гэр бүлийн тунхаг дахь гэр бүлийн тухай сургаалыг чанд баримталдаг талаар судлахад урамшуул.