Институт
3-р хичээлийн багшийн материал: Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан


“3-р хичээлийн багшийн материал: Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“3-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

3-р хичээлийн багшийн материал

Бидний бурханлаг мөн чанар ба хувь тавилан

Бид бурханлаг чадавхтай тэнгэрлэг эцэг эхийн хайртай хөвгүүд, охид билээ. Энэхүү хичээл дээр суралцагчид өөрсдийн бурханлаг мөн чанарыг ойлгох нь Бурхантай харилцах тэдний харилцаанд мөн тэд өөрсдийгөө хэрхэн харж, бусадтай хэрхэн харилцдагт нөлөөлөх талаар судлах болно. Суралцагчид мөн өөрсдийн бурханлаг мөн чанар, хувь тавилангийн талаарх мэдлэгээ өөрсдийн сонголтод нөлөөлөхөд хэрхэн ашиглахыг тодорхойлох болно.

Заах зөвлөмж

Бид тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнсэн хөвгүүд, охид билээ.

Хичээлийн сүнслэг хэсэгт “Эцэг минь ээ” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 42) эсвэл “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, х. 2) гэх мэт дууллыг дуулж болно.

Хичээл эхлэхийн өмнө суралцагчдыг Бурханы тухай мөн өөрсдийнх нь тухай заасан нээлтийн дууны хэсгээс болон юу сурч мэдсэнээ хуваалцахад урьж болно. Эсвэл та тэдэнд эцэг эхийнхээ эсвэл өсөж торних үед тань эерэг нөлөө үзүүлсэн хэн нэгний зургийг үзүүлж болно. Тэднээс өвлөж авсан гэж бодож буй бие махбодын онцлог шинж чанар эсвэл хувь хүний шинж чанаруудын талаар хуваалц. Цөөн суралцагчаас эцэг эхээсээ эсвэл өөр хэн нэгнээс өвлөж, сурч мэдэж авсан ямар нэгэн зүйлээ хуваалцахад урь.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-т заасан “Бүх хүн төрөлхтөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэсэн хэсгийг самбар дээр үзүүл. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай.

  • Энэ мэдэгдлийн юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ? Яагаад? (Та бэлтгэх материалын 1-р хэсгээс эш татан, энэхүү үнэний талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусалж болно.)

  • Бурханы тухай болон Түүнтэй харилцах бидний харилцааны талаар өөр юуг мэдэж авахад бошиглогчид тусалсан бэ? Мөн энэхүү ойлголт бидэнд өөрсдийн маань талаар юу зааж байна вэ? (Эдгээр асуултад хариулсан хариултаа хэлэхээс өмнө та суралцагчдад бэлтгэх материалын 1-р хэсгийг дахин нягталж үзэх хэдэн минут өгч болно.)

  • Бурханы хүүхэд гэдгээ ойлгох нь Түүнийг шүтэн бишрэхэд танд хэрхэн нөлөөлж байна вэ?

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчид тань бэлдэж ирнэ гэдэгт итгэ. Суралцагчдыг хичээлээс өмнө хичээлийн бэлтгэх материалыг судлахад урамшуулах арга замыг хайж ол. Дараа нь хичээлийн үеэр тэдний бэлдсэн зүйлийг ашигла. Ийн үйлдэх нь бие дааж суралцахдаа хариуцлагатай хандахад түлхэц өгнө. Цуврал хичээлийн явцад, бэлтгэх материал суралцагчдад хэрхэн гэр бүлийн тухай сургаалын ойлголтоо гүнзгийрүүлж, анги дахь туршлагаа хөгжүүлж байгаа талаар хуваалцах боломжийг олго.

Анги хэр том эсэхээс хамаарч дараах асуултад хариулах хариултаа ярилцахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа (суралцагчид бэлтгэх материалыг судлах явцад нэг эсвэл илүү олон асуултын тухай санаа бодлоо бичих боломжтой байсан).

  • Өөрсдийн бурханлаг мөн чанарыг ойлгох нь өөрсдөдөө болон бусдад хандахад бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ? Танд хэн нэгний гомдмоор зан авир, хандлагыг үл тоон, тэдний бурханлаг мөн чанарыг харж байсан туршлага хэзээ тохиолдсон бэ?

  • Аврагч бусдын бурханлаг мөн чанарыг ойлгодог гэдгийг харуулдаг Түүний амьдралын зарим жишээ юу вэ? Та бусадтай харьцахдаа ямар байдлаар Түүнийг илүү сайн дуурайж болох вэ?

Мосе 1:4–6, 12–16 дээр цэдэглэснээр, Мосегийн Бурхантай, дараа нь Сатантай харилцсан туршлагын талаар хамтдаа дахин үз эсвэл нэг суралцагчаар эргэн яриул (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү.)

  • Бид Мосегийн туршлагаас юу мэдэж авч болох вэ? (Бусад үнэний хамт суралцагч Өөрсдийн бурханлаг мөн чанарыг ойлгох нь биднийг хүчирхэгжүүлж, дайснаас хамгаалдаг гэсэн үнэнийг таньж мэдэж болох юм.)

  • Яагаад бурханлаг мөн чанараа ойлгох нь биднийг дайсны эсрэг хүчирхэгжүүлдэг вэ?

  • Сатан таныг өөрөөр ятгах гэж хичээх үед өөрийгөө хэн гэдгээ санах нь танд хэрхэн тусалж болох вэ? (Бэлтгэх материалын “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсэгт эш татсан ахлагч Брайн К.Тэйлорын хэлсэн үгийг жишээ болгон уншихад суралцагчдыг урьж болно.)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Тиймээс өөрсдийнхөө хэн болохыг мэдэж ав гэдэг нь миний өгөх эхний зөвлөмж юм. Тэнгэрлэг Эцэгээсээ Есүс Христийн нэрээр таны тухай болон таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг асуугаарай. Хэрэв та чин сэтгэлээсээ хүсэж асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. Тийм мэдрэмжийг сайтар тэмдэглэж аваад, ойр ойрхон эргэн харж байх хэрэгтэй. Тэгээд тэдгээрийг яг таг дагаж мөрдөөрэй. (“Жинхэнэ мянган жилийнхэн мэт зогс,” Лиахона, 2016 оны 10-р сар, 49).

Их Эзэнд тэднээр өөрсдийн болон бусдын бурханлаг мөн чанарын талаар ойлгохын тулд цаашид хийлгэх юу байгаа тухай чимээгүй бодож тунгаах хэдэн минутыг суралцагчдад өг. Та тэднийг ерөнхийлөгч Нэлсоны зөвлөснөөр, хувьдаа залбирч мөн одоо болон ирээдүйд хүлээн авах сүнслэг өдөөлтөө тэмдэглэж авахад урамшуулж болно.

Бидний хүн нэг бүр бурханлаг хувь тавилантай.

Самбар дээр харуулсан гэр бүлийн тунхагт “мөн хувь тавилан” гэсэн үгийг нэмнэ үү.

Нэг суралцагчийг Ром 8:16–17-г чанга уншихад урь. Дагаж уншаад, төлөөлөгч Паул бидний бурханлаг хувь тавилангийн талаар юу заасныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Энэхүү судар Тэнгэр дэх Эцэг болон Аврагч бидний төлөө юу хүсдэг талаар юу зааж байна вэ? (Шаардлагатай бол “Христийн хамтран залгамжлагчид” гэж юу гэсэн үг болохыг ойлгоход суралцагчдад тусал. (Тайлбарыг бэлтгэх материалын 3-р хэсгээс үзнэ үү.)

Та хичээл эхлэхээс өмнө нэг суралцагчийг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн үгийн талаар төрсөн сэтгэгдлээ дүгнэн, хуваалцахад бэлэн байхад урьж болно.

Дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодох цаг гаргаж, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд тэднийг урамшуул.

  • Бурханлаг мөн чанар, хувь тавилангийн талаарх таны мэдлэг одоо хийж байгаа сонголтыг тань хэрхэн тодорхойлох вэ?

  • Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үг хөлд орж буй хүүхэд шиг гуйвсан алхаагаа харах өнцгийг тань хэрхэн өөрчилсөн бэ? Та ямар арга замаар үргэлжлүүлэн урагш ахихад туслахад Их Эзэнийг урьж болох вэ?

Цөөн суралцагчийг энэ хичээлээс юу сурч мэдсэн талаарх бодол, гэрчлэлээ хуваалцахад урь.

Та өөрийн бурханлаг мөн чанар, хувь тавилангийн талаар мэдсэнээр амьдралдаа гарсан өөрчлөлтийг хуваалцан, хичээлээ төгсгөж болно. Суралцагчдыг өөрсдийн болон бусдын хэн болохыг санаж, өөрсдөдөө болон бусдад үүний дагуу үйлдэхээ санах арга замуудыг олоход тусал.

Дараагийн хичээлээр

Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хэрхэн багтаж байгаа талаар асуухыг бодож үз. Суралцагчдыг Бурханы гэр бүлд зориулсан агуу төлөвлөгөөг судлах үедээ өөрсдийн амьдралын төлөвлөгөөнд гэр бүл нь хэрхэн гол төв болж байгаа талаар бодоход урамшуул.