“10-р хичээлийн багшийн материал: Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“10-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
10-р хичээлийн багшийн материал
Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ
“Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ[нд]” (Сургаал ба Гэрээ 131:2) орж, үүнийг сахих нь өргөмжлөлд амин чухал юм. Энэхүү хичээлээр суралцагчид гэрлэлтийн гэрээний мөнхийн ач холбогдлыг мөн яагаад мөнхийн гэрлэлт рүү тэмүүлэх ёстой талаар тайлбарлах боломжтой байх болно. Мөн тэд гэрлэлтийн гэрээнд орж, сахихын тулд юу хийж чадах талаараа бодох болно.
Заах зөвлөмж
Мөнхийн гэрлэлт бол Бурхантай хамтрах хамтын ажиллагаа юм.
Цөөн суралцагчийг ариун сүмд лацдан холбогдсон хэн нэгэнтэй ярилцаад, юу сурч мэдсэнээ хуваалцахад урих замаар хичээлийг эхлүүлж болно (бэлтгэх материалын 1-р хэсэг дээрх урилгыг үзнэ үү). (Тайлбар: Хичээлээс хэд хоногийн өмнө нэг эсвэл хоёр суралцагчтай холбоо барьж, ярилцлагаас сурсан зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхийг хүсэж болно.)
Та суралцагчдаас гэрлэлтийн гэрээ эсвэл гэрлэлтийн лацдан холбох ёслолын талаар асуух зүйл байгаа эсэхийг асууж болно. (Хичээлийн агуулгыг суралцагчдын тавьсан асуултуудад тулгуурлан тохируулан өөрчлөх талаар бодож үз. Суралцагчдын асуултуудад хариулах хариултууд нь ариун сүмийн ариун нандин байдлыг хүндэтгэж байхад анхаар.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Парли П.Праттын гэрлэлт мөнхөд үргэлжилж болох талаар анх суралцах үед нь төрж байсан мэдрэмжээ дүрсэлсэн дараах мэдэгдлийг хамт унш.
Хайрт эхнэр минь энэ амьдралд болон үүрд мөнхөд надтай хамт байх боломжтойг би [Иосеф Смитээс] олж мэдсэн. … Би түүнээс бид эдгээр хайрыг хөгжүүлж, мөнхөд өсөж хөгжин, дээшлэх болно гэдгийг сурч мэдсэн бөгөөд бид мөнхөд нэгдсэний дүнд үр удам маань тэнгэрийн одод эсвэл тэнгисийн эргийн элс шиг олон байх болно гэдгийг сурсан. … Би өмнө нь хайрладаг байсан ч яагаад гэдгээ мэддэггүй байв. Харин одоо би цэвэр ариунаар, өндөрлөгт хүрсэн, өргөмжлөлийн мэдрэмжээр хайрлах боллоо. (Autobiography of Parley P. Pratt, хянан тохиолдуулсан Бага Парли П.Пратт. [1938], 297–298)
-
Гэрлэлт мөнх байж болно гэдгийг мэдэх нь хэрхэн энэ амьдрал дахь бидний сонголт, мэдрэмжид нөлөөлөх вэ?
Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг хамт уншаад, мөнхийн гэрлэлтийн тухай Иосеф Смитийн заасан нэмэлт үнэнийг олж мэд. Дараа нь та суралцагчдаас энэхүү хэсгээс юу тэдэнд чухал санагдсаныг асууж болно. Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг авахад мөнхийн гэрлэлт шаардлагатай гэсэнтэй адил үнэнийг тэд тодорхойлж болно. Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсон тэд мөнхийн өсөлттэй байна.
-
Бэлтгэх материалын 1-р хэсгээс сурч мэдсэн зүйлээс харахад, гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь Абрахам, Сара хоёртой хэрхэн холбогдож байна вэ? (Их Эзэн Абрахам, Сара хоёрт энэ гайхалтай амлалтыг өгсөн, тэр дундаа тэдэнд мөнхийн өсөлттэй байхыг [үр удам нь мөнхөд өснө] амласан гэдгийг ойлгоход суралцагчдад туслах талаар бод.)
-
Гэрлэлтийн гэрээ нь биднийг тэнгэрлэг эцэг эхтэйгээ адил болох боломжийг хэрхэн олгож байна вэ?
Гэрлэлтийн гэрээ бүхий харилцааг дүрсэлж буй дараах зургийг үзүүл. Ахлагч Дэвид А.Бэднар энэ бүдүүвч зургийн талаар юу заасныг тайлбарлахыг суралцагчдаас хүс (бэлтгэх материалын 1-р хэсгийг үзнэ үү.)
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүл. “Ариун сүмийн гэрлэлт нь зөвхөн эхнэр, нөхөр хоёрын дунд байдаг төдийгүй энэ нь Бурхантай хамтардаг [Матай 19:6-г үзнэ үү]” (“Селестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108).
-
Энэ үнэнийг ойлгох нь эхнэр, нөхрөө сонгох сонголтод хэрхэн нөлөөлөх вэ?
Хэрэв ангийн суралцагчдаас нэг эсвэл түүнээс олон хүн ариун сүмд лацдан холбогдсон бол тэднээс ариун сүмд лацдан холбогдсон талаарх мэдрэмжээ мөн энэхүү гэрээ тэдний хувьд ямар утга учиртай болох талаар ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй байгаа эсэхийг асууж болно. (Та хичээл эхлэхээс өмнө эдгээр суралцагчаас асууж болох ба ингэснээр тэд хариултаа бэлдэх цагтай байх болно.)
Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгсиийг үзүүлээд, хамтдаа унш.
Мөнхийн талаас нь харахыг би та бүхэнд зөвлөж байна. Ирээдүйн гэрлэлт тань ариун сүмийн гэрлэлт байхад анхаар. Гэрлэлтийн тань өдөр шиг сэтгэлд үүрд хоногшим аятай сайхан, ариун нандин үе байдаггүй шүү дээ. Чухам гэрлэх үедээ л та селестиел баяр хөөрийг амсдаг билээ. Болгоомжтой бай! Уруу таталт энэхүү адислалыг тань бүү дээрэмдэг. (“Whom Shall I Marry?,” New Era, 2004 оны 10-р сар, 6)
-
Яагаад мөнхийн гэрлэлтийн талаарх сургаал нь баяр баясал, хайрын гүнзгий мэдрэмжүүдийг авчирч болох вэ?
Яагаад мөн хэрхэн тэд мөнхийн гэрлэлтийн төлөө хичээж байгаагаа илэрхийлэх хүсэлтэй байгааг нь ангийн суралцагчдаас асуухыг бод.
Гэрээнүүддээ үнэнч байгаа хүмүүст гэрлэлт мөнхийн байх боломжтой.
Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд дагалдах тараах материалын нэг хувийг өг. Жишээнүүдийг уншаад, асуултуудыг хамтдаа авч хэлэлцэхийг бүлгүүдэд зааварчил.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчийг бүлгийн хэлэлцүүлгийн үеэр сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Суралцагчдыг сэтгэгдлээ хуваалцах үед та тэдний дурдсан хэдэн үнэнийг самбар дээр бичихийг хүсэж болно. Эдгээр үнэн нь дараахтай төстэй байж болно. Бидний гэрлэлт зөвхөн Бурханы эрх мэдлээр гүйцэтгэгдсэн тохиолдолд мөн хэрэв бид гэрлэлтийн гэрээгээ сахих юм бол гэрлэлт мөнхийн байж чадна. Ариун Сүнс (Амлалтын Ариун Сүнс) Эцэгт гэрлэлтийн гэрээндээ үнэнч байгаа байдлыг маань гэрчлэх болно. Аврагч амлалт, гэрээнүүдээ сахихын төгс үлгэр жишээ юм.
Мөнхийн гэрлэлттэй болох найдвар хүн бүрд байгаа талаар гэрчил. Аврагчийн ачаар бидний хүн нэг бүр наманчилж, өршөөгдөж, Түүнтэй ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих боломжтой болсон. Хэрэв итгэлтэй байвал энэ амьдралд гэрлэх боломжгүй хүмүүс мөнх амьдралд ханьтайгаа лацдан холбогдож чадна гэдгийг суралцагчдад сануул.
Дараах асуултуудыг үзүүлээд, нэгийг нь сонгож, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.
-
Ариун сүмд гэрлэхийн тулд би амлалтаа хэрхэн биелүүлж байгаа вэ? Энэхүү амлалтаа дэмжихийн тулд би ямар сонголт хийж чадах вэ?
-
Бид гэрээнүүдээ сахихдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн илүү сайн дагаж чадах вэ? Би гэрээнүүд байгуулж, сахихад Түүний хүчийг хэрхэн ашиглаж болох вэ?
Энэхүү хичээл дээр хэлэлцсэн үнэнийг гэрчилж, мэдэрч, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд суралцагчдыг урьснаар хичээлээ төгсгө.
Дараагийн хичээлээр
Дараагийн хичээлийн бэлтгэх материалыг судлахад суралцагчдыг урамшуул. Тунгаан бодох дараах асуултуудыг суралцагчдад өг.
-
Мөнхийн ханиа олох хичээл зүтгэлд маань (эсвэл гэрлэсэн хүмүүс мөнхийн харилцааг үүсгэхэд) Их Эзэн ямар арга замаар надад тусалж байна вэ?
-
Би ханиа мөн өөрийгөө Христийнхтэй адил ямар зан чанартай байгаасай гэж хамгийн их хүсдэг вэ?