“12-р хичээлийн багшийн материал: Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“12-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
12-р хичээлийн багшийн материал
Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх
Их Эзэн бидэнд баяр баяслаар дүүрэн, мөнхийн гэрлэлтийг үүсгэхэд туслахыг хүсдэг. Бошиглолын зөвлөгөө, Есүс Христийн сургаал, үлгэр жишээг ашиглан суралцагчид одоогийн эсвэл ирээдүйн гэрлэлтээ тэтгэн дэмжих арга замуудыг олж нээнэ. Мөн суралцагчдыг ханьтайгаа итгэлтэйгээр нэгдэн нийлэх арга замуудыг тодорхойлоход урина.
Заах зөвлөмж
Бид Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар гэрлэлтээ тэтгэн дэмжиж чадна.
Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг чанга уншихад урь. Дараа нь цөөн суралцагчийг аз жаргалтайгаар гэрлэсэн өөрсдийн мэддэг хосын үлгэр жишээнээс хуваалцахад урь.
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрд удирдагч томил. Бүлэг бүрд доорх тараах материалын нэг хувийг өгөөд, зааврыг хамтдаа уншиж, улмаар суралцагчдад үйл ажиллагааг гүйцэтггэх хангалттай цаг гаргаж өг. (Хэрэв цаг байвал, та бүлгүүдийг үйл ажиллагааны үеэр блогийн нийтлэл эсвэл видео бичлэг хийж, ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэхэд урьж болно.)
Бүлгүүдэд таван зарчмаа тодорхойлж мөн бичих хангалттай цаг өгсний дараа самбар дээр хамгийн чухал гурван зарчмыг бичихийг (эсвэл блогийн нийтлэл, видео бичлэгээ хуваалцахыг) тэднээс хүс. Зарчмуудаа тодорхойлсны дараа суралцагчдыг энэхүү туршлагаас юу сурч мэдсэнээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцаж байх үед суралцагчдыг үр дүнтэй, зөв зүйтэй үйлдэл хийхэд туслахын тулд дараахтай төстэй асуултууд тавьж болно.
-
Та энэ зарчим үйлдлээр хэрэгжиж байхыг хэзээ харсан бэ? Та юу ажигласан бэ?
-
Аврагчийн амьдрал, үлгэр жишээ энэхүү зарчмын талаарх таны ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж болох вэ?
-
Хэрэв та ганц бие бол аз жаргалтай гэрлэлтэд бэлтгэхэд тустай, энэхүү зарчмыг хэрэгжүүлэх ямар арга замууд байна вэ?
-
Хэрэв та гэрлэсэн бол энэхүү зарчмыг гэрлэлтдээ хэрэгжүүлэх нь хэрхэн илүү аз жаргал руу хөтөлж байна вэ?
Утга учиртай яриа өрнүүлсний дараа, аз жаргалтай гэрлэлтэд бэлтгэх эсвэл гэрлэлтээ илүү сайн хөгжүүлэхийн тулд хийх тодорхой үйлдлүүдийг бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.
Эхнэр, нөхрүүд нэг нэгэнтэйгээ нэгдэн нийлдэг.
Ах нар бид дэлхийгээр аялахдаа заримдаа сэтгэл түгшээсэн үзэгдлийг олж хардаг. Саяхны нэг нислэгийн үеэр би нэгэн эхнэр, нөхөр хоёрын хойно суусан юм. Эхнэр нь нөхөртөө хайртай нь илт байлаа. Түүнийг хүзүүгээ илэх үед хуримын бөгж нь харагдаж байв. Тэр түүнийг налж, толгойгоо мөрөн дээр нь тавьж, нөхрөөсөө халуун дотно байдлыг хүсэж байлаа.
Нөхөр нь эсрэгээрээ түүний байдлыг огт хайхрахгүй байв. Тэр цахим тоглоомд бүх анхаарлаа хандуулж байсан. Нислэгийн туршид түүний анхаарал төхөөрөмждөө нам төвлөрсөн байв. Тэр нэг ч удаа эхнэр лүүгээ харсангүй, бас түүнтэй яриагүйгээр үл барам эхнэр нь хайрлуулахыг хүсэж байгааг ч анзаарсангүй.
Түүний анзааргагүй байдал намайг “Нүдээ нээ, залуу минь! Харахгүй байна уу? Анхаарал халамж тавь! Эхнэр чинь чамд хайртай! Чи түүнд хэрэгтэй байна!” гэж хашхирмаар санагдахад хүргэсэн.
Би тэдний талаар өөр юу ч мэдэхгүй. Тэр явдлаас хойш би тэднийг хараагүй. Магадгүй би дэмий зовсон байх. Магадгүй энэ залуу өөрсдийнх нь төлөө миний санаа зовниж буйг мэдсэн бол энэ мэт сонирхолтой тоглоомыг хэрхэн тоглохоо мэддэггүй намайг өрөвдөх байсан биз. (“Nurturing Marriage,” 36)
-
Энэ нөхцөлд нөхрийнх нь зан авирт ямар асуудал байна вэ?
-
Хосууд бие биетэйгээ холбогдож, гэрлэлтээ тэтгэж дэмжихэд ямар зүйлс саад болж болох вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:22-ыг чанга уншихад урь. Эхнэр нөхрүүд бие биеэ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, нэг нэгэнтэйгээ нэгдэн нийлэх ёстой гэдгийг онцол. Энэхүү зарчмын талаарх тэдний ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах дараах асуултуудаас нэг эсвэл илүү олныг хариулахад урьж болно.
-
Өөр хэнтэй ч биш, харин зөвхөн эхнэр, нөхөртэйгөө нэгдэн нийлэх ёстой гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Сургаал ба Гэрээ 42:22.) (Та бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын үгийг дахин уншиж болно.) Яагаад нэгдэн нийлэх нь хайрын илэрхийлэл вэ?
-
Ямар өөр арга замуудаар гэрлэлтийн үнэнч (ханьдаа үнэнч байх) байдал бэрхшээлтэй тулгарч болох вэ? Хосууд гэрлэлтийн аливаа үнэнч бус байдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалж болох вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Л.Витни Клэйтон болон ерөнхийлөгч Нэлсоны үгийг эргэн харахад урьж болно.)
-
Гэрлэсэн хосууд гэрлэлтээ хэрхэн зөв зохистой тэтгэн дэмжиж, гэрлэлтдээ бүхнээ зориулахын сацуу хувийн сонирхлоо тэнцвэртэй байлгаж, үүнд орон зай гаргаж өгч болох вэ?
Суралцагчдад бэлтгэх материалын 3-р хэсэгт тунгаан бодохыг урьсан, дараах асуултуудад хариулсан хариултаа бичиж тэмдэглэх цаг гаргаж өг.
-
Ирээдүйн ханьтайгаа нэгдэн нийлэхэд илүү сайн бэлтгэхэд эсвэл хэрэв гэрлэсэн бол ханьтайгаа илүү бүрэн нэгдэн нийлэхэд одоо юуг өөрчлөх хэрэгтэй байна вэ?
Энэ хичээлийг төгсгөхдөө, хамгийн сайнаараа хичээх үед маань баяр баясгалантай, мөнхийн гэрлэлт бий болгоход тусалдаг Их Эзэний хүсэл, чадамжийг гэрчил.
Дараагийн хичээлээр
Бэлгийн харьцааны сайхан, ариун нандин бэлгийн тухай өгүүлэх дараагийн хичээлийн бэлтгэх материалыг залбирч байгаад судлахад суралцагчдыг урь. Энэхүү бэлгийн тухай мөн үүнийг хэрхэн хамгаалах талаар илэн далангүй, хүндэтгэлтэйгээр ярилцах бэлтгэлтэйгээр хичээлдээ ирэхэд суралцагчдыг урамшуул.